Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 5570

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Метробизнес төв, 609 тоо хаягт байрлах Мөнгөн зоос кредит ББСБ /рд:5374189/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, американ дэнж, 44/2 байр, 53 тоот хаягт оршин суух Тайхар овогт Цэрэндамбын Амарсанаа /рд:ХВ81060271/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99,600,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал О.Гэрэл, хариуцагч Ц.Амарсанаа, түүний өмгөөлөгч С.Үлэмж, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Хариуцагч Ц.Амарсанаа нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай компаниас өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалуулж, газар худалдан авах зорилгоор 50,000,000.00 төгрөгийн зээлийг 1 /нэг/ жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн.

 

            Талууд энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Ү-2204031979 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж, 104 дүгээр байрны 5 тоот хаягт орших 86.96 м,кв талбайтай орон сууцыг барьцаалахаар тохирч, зохих ёсоор бүртгүүлж, баталгаажуулсан.

 

            Зээлдэгч Ц.Амарсанаа нь зээлийг авсан өдрөөс хойш нийтдээ 14,000,000.00 төгрөгийн хүү төлсөн бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан болно.

 

            Мөнгөн зоос кредит ББСБ-ын зүгээс гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш Ц.Амарсанаад зээлийг яаралтай төлөх талаар удаа дараа сануулахад тэрээр, бидэнд хугацаа өгөөч, удахгүй төлнө, орон сууцаа зараад төлнө гэх зэргээр худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

 

            Иймд, хариуцагч Ц.Амарсанаагаас үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, зээлийн хүү 49,600,000.00 төгрөг, нийт 99,600,000.00 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шийдвэрт тусгаж өгнө үү, бид нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэхгүй” гэв.

 

             Хариуцагч Ц.Амарсанаа болон түүний өмгөөлөгч С.Үлэмж нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Зээлдэгч Ц.Амарсанаа нь нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-иас өмнө нь хэд хэдэн удаа зээл авч, буцаан төлж байсан.

 

Тэрээр 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус компаниас 30,000,000.00 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээгээр 10,000,000.00 төгрөгийг 4 хувийн хүүтэй тус тус зээлсэн.

 

            Одоо энэхүү нэхэмжилж буй 50,000,000.00 төгрөгийн зээлийн хувьд урьд өмнө олгосон зээлийн үлдэгдэл төлбөрүүд нэмэгдсэн дүнгээр гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

            Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 50,000,000.00 төгрөгийг бодитоор өгсөн үйл баримт бий болоогүй тул зээлийн харилцаа үүсээгүй.

 

            Анх Ц.Амарсанаа нь Мөнгөн зоос кредит ББСБ-иас 30,000,000.00 төгрөгийн зээл авахад сарын хүүг 3 хувиар тогтоосон бол нэмэлт гэрээгээр 10,000,000.00 төгрөгийн зээл олгохдоо сарын хүүг 4 хувь болгосон нь энэхүү зээл үндсэндээ 50,000,000.00 төгрөгийн зээлийн эхлэл гэдгийг тодорхой илэрхийлж байна.

 

            Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 1.5, 1.7-д тус тус зааснаар зээлдэгч Ц.Амарсанаа нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч ямар ч график хуваарь гэж зүйл байхгүй, түүний төлсөн 14,000,000.00 төгрөгийг шууд зээлийн хүүнд суутгаж авсан нь ойлгомжгүй, учир дутагдалтай зүйл болсон.

 

            Мөн хариуцагч Ц.Амарсанаа хамгийн сүүлд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000.00 төгрөг төлснөөс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй, зээлийг эргэн төлөх санхүүгийн байдал илт муудсан байхад зээлдүүлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-ын зүгээс зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахгүй удсан, ийнхүү хүүг зогсоохгүй байснаараа зээлдэгчид дарамт учруулсан байх тул шүүхээс үүнийг анхаарахыг хүсье.

 

            Холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан журмын дагуу бол энэхүү зээл төлөгдөхгүй удсан тохиолдолд зээлдүүлэгч талаас нэн яаралтай зээлийг төлүүлэх арга хэмжээ авах ёстой байсан атал шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хойшлуулж, хүүг их хэмжээгээр тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Иймд, шүүхээс олгосон зээл, буцаан төлсөн зээл болон хүү зэргийг харгалзан үзэж зохих ёсоор шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

 

           

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ нь хариуцагч Ц.Амарсанаад холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99,600,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Ц.Амарсанаагаас 74,526,027.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,073,972.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Ц.Амарсанаатай Зээлийн гэрээ байгуулж, түүнд 50,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ.

 

Зохигчид энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар зээлдэгч Ц.Амарсанаагийн өмчлөлийн Ү-2204031979 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж, 104 дүгээр байрны 5 тоот хаягт орших 86.96 м,кв талбайтай орон сууцыг барьцаалахаар Барьцааны гэрээ байгуулжээ.

 

Монгол Улсын Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйл, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Хэрэгт авагдсан Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 12/8989 тоот лавлагаанаас үзвэл зохигчдын хооронд байгуулсан Барьцааны гэрээ зохих ёсоор бүртгэгдсэн байх тул уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Хариуцагч Ц.Амарсанаа шүүх хуралдаанд талуудын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ болон 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн нэмэлт гэрээний үргэлжлэл, 50,000,000.00 төгрөгийг бодитоор өгсөн, авсан үйл баримт байхгүй тул тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж мэтгэлцэж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ц.Амарсанаа нь 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-тай Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000.00 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн бол 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, нэмж 10,000,000.00 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр нийт 40,000,000.00 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зээлжээ.

 

Шүүх хуралдаанд зохигчид дээр дурьдсан Зээлийн гэрээний дагуу нийт 40,000,000.00 төгрөгийн зээлийг өгсөн, авсан талаар маргадаггүй ба хэрэгт авагдсан бэлэн мөнгөн орлогын баримтаас үзвэл хариуцагч Ц.Амарсанаа тус 40,000,000.00 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан байна.

 

Түүнчлэн хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар зээлдэгч Ц.Амарсанаа нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нийт 50,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү 50,000,000.00 төгрөгийг Голомт банкин дээр очиж бэлнээр хүлээн авсан, тухайн зээлээр газар худалдан авах гэсэн боловч тодорхой шалтгааны улмаас аваагүй тул зээлийг өөр зүйлд зарцуулсан гэж тус тус мэдүүлсэн.

 

Иймд, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ болон хариуцагч Ц.Амарсанаа нарын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч Ц.Амарсанаагийн өмчлөлд 50,000,000.00 төгрөг шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ц.Амарсанаа нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ ёсоор 50,000,000.00 төгрөгийн зээлийг 1 /нэг/ жилийн хугацаанд ашиглаж, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээж, энэ хугацаанд нийт 14,000,000.00 төгрөгийг буцаан төлжээ.

 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5, 1.7-д тус тус зааснаар зээлдэгч Ц.Амарсанаа зээлийг зохих хуваарийн дагуу төлж дуусгах ёстой байсан ажээ.

 

Гэвч тэдгээрийн хооронд зээлийг эргэн төлөх хуваарийн талаар аливаа тохиролцоо байхгүй байх тул энэхүү зээлийг сар бүр тогтмол хэмжээгээр төлөгдөж дуусах эсхүл үндсэн зээлийг зээлийн хугацаа дуусах өдөр бүрэн төлж барагдуулах зээл эсэх нь тус тус тодорхой бус байх тул Зээлийн гэрээний хугацаанд Ц.Амарсанаагаас төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох эсхүл зээлийн хүүнд суутган тооцох эсэхийг талуудын гаргасан баримтаар тогтоох шаардлагатай болов.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Голомт банкин дах Мөнгөн зоос кредит ББСБ-ын харилцах дансны хуулга, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн болон 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаас тус тус үзвэл хариуцагч Ц.Амарсанаа нь 14,000,000.00 төгрөгийг зээлийн хүүнд төлжээ.

 

Иймд, зээлдэгч Ц.Амарсанаагийн үндсэн зээлийн үлдэгдлийг 50,000,000.00 төгрөг гэж тооцох нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор зээлдэгч Ц.Амарсанаа нь зээлийг хүүгийн хамт хуваарийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

 

Гэтэл хариуцагч Ц.Амарсанаа энэ хугацаанд нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-нд 14,000,000.00 төгрөгийн хүү төлсөн хэдий ч тэрээр Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчиж, үндсэн зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч Ц.Амарсанаа нь үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан эсэх талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Амарсанаагаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй ба хариуцагч нь нэгэнт үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх нь зүй ёсны болно.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тус тус зааснаар зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр зээлдэгч Ц.Амарсанаагийн зээл төлөх хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дууссан боловч тэрээр зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш зээлийг төлөх хүртлэх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Гэвч зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд тус гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдлын талаар зохицуулсан ба 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, гэрээнд заасан үндсэн зээл, хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн болон төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн хяналтын явцад зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар, барьцаа хөрөнгийн чанар муудсан зэрэг тохиолдолд гэрээг цуцлахаар заажээ.

 

Түүнчлэн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар зээлдүүлэгч олгосон зээлийн ашиглалтыг шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэн төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, зээлийг хугацаанаас өмнө төлөхийг шаардах ажиллагааг явуулах ёстой ажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Ц.Амарсанаа 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000.00 төгрөгийн зээлийн хүү төлж, үүнээс хойш аливаа төлбөр төлөхгүй өнөөдрийг хүрсэн ба 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болон 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус тус зээлдүүлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-нд хандаж, зээлийг эргэн төлөх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж өгөхийг хүсч байжээ.

 

Монгол банкны Ерөнхийлөгч болон Сангийн сайд нарын хамтран баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ц.Амарсанаагийн зээл нь чанаргүй зээлийн ангилалд хамрагджээ.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Ц.Амарсанаагийн энэхүү зээл нь зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй удсан зээл бөгөөд дээр дурьдснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, төлүүлэх ажиллагаа явуулах шаардлагатай зээлийн ангилалд багтсан байна.

 

Гэтэл зээлдүүлэгч Мөнгөн зоос кредит ББСБ нь ийнхүү 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн аливаа эргэн төлөлт хийгдээгүй, зээлдэгч Ц.Амарсанаагийн зүгээс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа олгох хүсэлт өгсөн атлаа тус хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй байхад зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй нь нөгөө талдаа нэгэнт төлөгдөх эсэх нь найдваргүй болсон зээлийн хүү үргэлжлэн тооцогдож, ингэснээрээ зээлдэгч Ц.Амарсанаад их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус байна.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй юм.

 

Хэдийгээр зээлдэгч Ц.Амарсанаа нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үр дагавар үүссэн байхад зээлдүүлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-ын зүгээс зээлийг төлүүлэх талаар гэрээ болон хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүйгээс нөгөө талдаа тэгш бус байдал бий болсон байна.

 

Иймд, зээлдэгч Ц.Амарсанаагийн зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн өдрийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоох нь шударга бөгөөд энэ хүртлэх хугацааны зээлийн хүүг үндсэн зээлийн хамт гаргуулах нь зүйтэй юм.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч Ц.Амарсанаагаас үндсэн зээл 50,000,000.00 төгрөг, зээлийг ашигласан 19 сар, 8 хоногийн хүү 38,526,027.36 төгрөгөөс өмнө түүний төлсөн 14,000,000.00 төгрөгийн хүүг хасч, 24,526,027.36 төгрөгийн хүү, нийт 74,526,027.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,073,972.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Амарсанаагаас 74,526,027.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,073,972.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Ц.Амарсанаа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж, 104 дүгээр байрны 5 тоот хаягт орших 86.96 м,кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 болон 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Амарсанаагаас 530,580.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАНДАЛБАЯР