Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/00121

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04769 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******тэй 2022 оны 06 сарын 29-ний өдөр 0731 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 17,900,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүү тооцож, хэрэв хугацаа хэтэрвэл хоногийн 0,3 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.

1.2. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй ба дээрх гэрээний дагуу сарын 10 хувийн хүү болох 1,790,000 төгрөгөөс 2022 оны 08 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 790,000 төгрөгийн хүүг төлөөгүй тул хоногийн 0,3 хувийн алданги болох 53,700 төгрөгийг 516 хоногоор тооцоход 27,709,200 төгрөг болж байх бөгөөд үндсэн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 8,950,000 төгрөгөөр тооцон 27,566,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.3. Мөн талууд 2022 оны 07 сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүү тооцож, хэрэв хугацаа хэтэрвэл хоногийн 0,3 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг бичгээр байгуулан хариуцагчийн ХААН банкны ******* тоот дансаар 2 удаа хуваан шилжүүлж, 1,400,000 төгрөгийг бэлнээр өгч, мөнгө хүлээн авсан баримт үйлдэн, гэрээг байгуулсан.

1.4. ******* нь мөн уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй ба зээлийн хүүнд 700,000 төгрөг төлөхөөс 2022 оны 07 сарын 31-ний өдөр 560,000 төгрөгийг төлсөн. Дээрх гэрээний дагуу төлөх ёстой хүүгийн үлдэгдэл 140,000 төгрөг, хоногийн 0,3 хувийн алданги болох 21,000 төгрөгийг 486 хоногоор тооцоход 10,206,000 төгрөг болж байх бөгөөд үндсэн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 3,500,000 төгрөгөөр тооцон 10,640,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.Иймд дээрх 2 зээлийн гэрээний дагуу хариуцагч *******ээс нийт 38,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* болон манай эхнэр ******* нарын хооронд 2024 оны 01 сарын 23-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ байдаг. Уг гэрээгээр 159,181,000 төгрөгийг *******т эхнэр ******* төлчихсөн, уг төлсөн мөнгөн дүнд *******тай байгуулсан миний зээлийн гэрээний мөнгөн дүн орчихсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. Миний бие дээрх гэрээний оролцогч биш учраас нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд энэ хүсэлтийг хэзээ шүүхэд гаргах талаар мэдэхгүй байсан. Дээрх эвлэрлийн гэрээнд миний авсан зээлийн гэрээгээр авсан 17,900,000 төгрөг, 7,000,000 төгрөг багтсан талаар тодорхой тусгасан. Иймд *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 23,900,000 төгрөг, хүү 1,930,000 төгрөг, алданги 11,950,000 төгрөг, нийт 37,780,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 346,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нотлох баримт гаргуулах хүсэлт хангаагүй, мэтгэлцэх зарчим хангаагүй, өмгөөлөх авах эрхээр хангаагүй. Учир нь манай эхнэр болох ******* *******тай 2022 оны 09 сарын 15-ны өдөр 1779 дугаар Зээлийн гэрээ хийж өөрийн өмчлөлийн *******тоот, 3 өрөө орон сууцыг 2022 оны 09 сарын 15-ны өдрийн гэрээ хийхдээ ******* нь нөхрийнхөө авсан мөнгө болох 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 0731 дугаар зээлийн гэрээний төлбөр 17,900,000 төгрөг мөн 2022 оны 07 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 7,000,000 төгрөгийг нэмж, нийт 131,660,000 төгрөгийг хугацаа тохирч эвлэрсэн ба бид уг төлбөрийг төлж дуусгасан атал тухайн үед амаар тохирсноо мартан давхардуулж надаас дээрх 38,280,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь зүйд бус гэж үзэж байна.

4.2. Мөн миний бие өмгөөлөгч авах хүсэлт болон нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй. Иймд тус шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээс дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Талуудад шүүх хуралдаан эхлэхээс өмнө талуудад шинээр гаргах нотлох баримт, хүсэлт гаргахтай холбоотой эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Тэгэхээр нотлох баримт гаргах боломжоор хангаагүй гэдэг нь үндэслэлгүй. Мөн өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй ба энэ талаар шүүгч асуусан.

5.2. Хариуцагч зээлийн маргаан шийдвэрлэгдсэн гэж тайлбарласан. Хариуцагчийн тайлбарлаж буй зээл нь *******тэй холбоотой өөр төрлийн зээлийн гэрээнд гарсан шүүхийн шийдвэр бөгөөд энэ шүүх хуралдаанд холбоогүй. Энэ шүүх хуралдаан нь *******тэй холбоотой зээлийн гэрээнд нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... эхнэр *******ээр дамжуулан төлсөн ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Талуудын хооронд 2022 оны 06 сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нь 17,900,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөхөөр тохиролцсон;

 

3.2. Талуудын хооронд 2022 оны 07 сарын 10-ны өдөр ******* нь 6,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь зээлийг гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөхөөр тохиролцсон;

 

3.3. Талуудын хооронд 2022 оны 08 сарын 10-ны өдөр ******* нь 1,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь зээлийг гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөхөөр тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэлтэй дүгнэлт өгчээ.

 

Зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар хариуцагч нь хүсэл зоригийг илэрхийлсэн бичвэрийг үйлдсэн тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчаас 2022 оны 06 сарын 29-ний өдөр Зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн гэрээний үндсэн үүргийг 16,900,000 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн.

 

5.1. Харин, анхан шатны шүүх 2022 оны 06 сарын 29-ний өдрийн зээлиийн гэрээний 3.3 ... 1 сарын 4 хувийн хүүтэй гэж тохиролцсон байхад уг гэрээний ар талд гараар бичсэн бичвэрт зээлийн хүү 10 хувь гэж хариуцагч бичсэнийг үндэслэн зээлийн гэрээний хүүг 10 хувиар тооцсон нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг шууд үгийн утгаар тайлбарлавал талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүг 4 хувиар тохиролцсон гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 1 сарын хугацаатай тул 17,900,000 төгрөгийн 4 хувиар хүү тооцоход 716,000 төгрөгийн хүүгийн үүрэг үүссэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 06 сарын 29-ний өдөр Зээлийн гэрээний үндсэн зээл 16,900,000 төгрөг, зээлийн хүү 716,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэг 17,616,000 төгрөг гэж үзнэ.

 

5.2. Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж тохиролцжээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул 17,616,000 төгрөгийн тал хувиар буюу алданги 8,808,000 төгрөгийн алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Талуудын хооронд 2022 оны 07 сарын 10-ны өдөр ******* нь 6,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 29-ний өдөр Зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг нэг нөхцлөөр буюу 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

 

6.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хүү нэг сарын 10 хувиар тохиролцсон хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байхад зээлийн хүүг 10 хувиар тооцсон алдаа гаргасныг залруулна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүүгийн хэмжээг талуудын хооронд байгуулсан 2022 оны 06 сарын 29-ний өдөр Зээлийн гэрээний нэгэн адил 4 хувиар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэг 7,000,000 төгрөгийн 4 хувиар хүү тооцоход 280,000 төгрөг бөгөөд зээлийн үндсэн үүрэг 7,280,000 төгрөг гэж үзнэ. Үүнээс зээлийн гэрээний үүрэгт төлсөн 560,000 төгрөгийг хасаж тооцоход 6,720,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

6.2. Талуудын хооронд бичгээр ... 0,3 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан байх тул нэхэмжлэгч нь алданги 3,360,000 төгрөг шаардах эрхтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 36,444,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цагаанбаатарт олгож, нэхэмжлэлээс 1,836,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс зээлийн хүүг багасгаж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан өөрчлөлт оруулна.

 

8. Хариуцагчийн дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

8.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 сарын 02-ны өдөр гардаж авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.

 

Хариуцагч нь ... эхнэр ******* болон нэхэмжлэгч Ц.Цагаанбаатар нарын зээлийн маргаанд 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 00540 тоот Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар төлсөн зээлийг давхардуулан шаардсан. *******т 169,000,000 төгрөг төлсөн ... гэсэн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнм 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

8.2. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 00540 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай-г баримтаар гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх үндэслэл нь өөрөө гаргах боломжгүй баримт хамаарна.

 

Гэтэл, хариуцагч нь ... эхнэр *******тэй хамт амьдарч байгаа гэж тайлбарлах атлаа ... өөр хэргийн шийдвэрийг гаргах боломжгүй гэсэн тайлбар үндэслэлгүй ба уг захирамжийг өөрөө гаргах боломжтой гэж үзнэ.

 

8.3. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод нийт 10 сарын хугацаанд хүсэлт гаргах, нотлох баримт шүүхийн журмаар бүрдүүлэх боломжтой байсан ба нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

8.4. Анхан шатны шүүх хариуцагч нь шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгч талаас гаргасан баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийн хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04769 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 36,444,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,836,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 346,850 ... гэснийг ... 340,170 ... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР