Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02

 

                                                                                                   М.У, Н.С нарт

 холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ж.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 214 дүгээр цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаар магадлалтай, М.У, Н.С нарт холбогдох 1916001400034 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Билэгсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, У.

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, С.

 

М.У нь нийтийн албан тушаалтан буюу Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хөрс” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр М.Б-иар дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

  Н.С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр  багийн нутаг дэвсгэрт “Хөрс” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Уд 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд М.Б-иар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Н.С, М.У нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Хяналтын шатны шүүхэд Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Билэгсайхан бичсэн эсэргүүцэлдээ “... шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд эргэлзээгүй тогтооно” гэж заасан тул шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэх ёсгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.С, М.У нарын үйлдэл нотлогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэсэн.

Гэвч анхан шатны шүүх прокуророос яллагдагч М.У, Н.С нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж, эргэлзээ үүссэн талаараа огт дурдаагүй.

Тухайлбал М.У-ийг цагаатгах талын нотлох баримтад М.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэн эргэлзээтэй хэмээн дүгнэсэн атлаа түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлээгүйгээр барахгүй авлигын мөнгийг М.Уд өгсөн талаар Н.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг хэрхэн ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг дурдаагүй юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгнийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр болжээ.

Хахууль өгөгч хахууль өгсөн талаараа тогтвортой мэдүүлсэн, түүний хахуулийн мөнгийг өөрийн данснаас авсан, улмаар М.Б-иар дамжуулан өгсөн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дан ганц М.У мэдүүлэгт үндэслэж эргэлзээтэй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Түүнчлэн Н.С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэрт “Хөрс” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м2 талбай бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах ашиг сонирхол байсан, М.У нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авах талаар санал гаргасан буюу хахууль өгөгч, авагч нарын хооронд үүссэн харилцан ашиг сонирхлын нэгдэл үүссэн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар нэгэнт тогтоогдсон.

Хахууль авах, өгөх гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд хахууль авч, өгч байгааг шууд нотолсон гэрчийн мэдүүлэг хэрэгт цуглараагүй нь гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Мөн цагаатгах тогтоолд улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлтийг няцаан үгүйсгэхдээ хэрэгт цугларсан ямар нотлох баримтуудаар няцааж байгаа, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаараа дурдаагүйн дээр мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, улмаар прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг “чухал шаардлагатай биш баримтууд” гэж үзсэн талаараа дүгнэлтүүд хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангахгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан атал шүүхээс “чухал шаардлагатай биш баримтууд” гэж үнэлсэн нь өрөөсгөл болжээ.

Дээрх байдлуудаар шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох хэрэгт гарсан шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлүүдэд бүрэн хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “... анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тус тус дүгнэсэн боловч хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нөхцөл байдал үүссэн гээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг тодорхой заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 82 дугаартай магадлалд хийсэн дүгнэлтээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлүүд бүрэн тогтоогдсон гэж үзсэн атлаа анхан шатны шүүхийн илт үндэслэлгүй шийдвэрийг хэвээр үлдэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг алдагдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завшуулах нөхцөл байдал бий болж Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчим алдагдахад хүрч байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг хүчингүй болсонд тооцсон боловч мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана” эрх хэмжээ, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн заалт тус тус хүчин төгөлдөр байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх хууль зүйн боломжтой гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/214 дугаартай цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ДШМ/82 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш хэлсэн саналдаа “... өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Учир нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар миний үйлчлүүлэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн. Мөрдөгч, прокурорын зүгээс хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр нотлох үүрэгтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлууд эргэлзээгүй нотлогдсон байхыг шаардана. Прокурорын эсэргүүцэлд Н.С, М.Б нарын мэдүүлгээр М.У-н үйлдэл тогтоогдсон байхад няцаасан үндэслэлээ заагаагүй гэх үндэслэлийг бичдэг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд Н.С, М.Б нарын мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогддоггүй. М.Б “09 дүгээр сард Н.Соос 1 боодол мөнгө авч М.Уд өгсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл “Н.С 05 дугаар сард 2 боодол мөнгө өгсөн” гэж гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг зөрүүтэй байдлаар мэдүүлдэг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан хугацаа, хохирлын дүн эргэлзээтэй байдлаар авагдсан. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх эргэлзээг арилгуулахаар хэргийг прокурорт буцааснаас хойш шүүгдэгч Н.Соос нэг удаа мэдүүлэг авснаас өөр ажиллагаа хийгдээгүй. Н.С мэдүүлэхдээ “тухайн хугацааг санахгүй  байна” гэдэг. Тэгэхээр эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн. Өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.У хэлсэн саналдаа “... тухайн үед би мерит зарчмаар албан тушаал ахиад явж байсан. Тухайн үеийн орон нутгийн удирдлагуудтай санал нийлдэггүй, шударга талдаа хүн байсан. Ерөнхийдөө намайг 2020 оны сонгууль болох гэж байхад энэ хэрэгт холбогдуулсан. Мөнгө авсан гээд байгаа М.Б нь хаачсан юм бэ, газрын гэрчилгээ гаргадаг Засаг дарга нь миний оронд байх ёстой юм биш үү. Би улс төрийн нөхцөл байдлаас болж Говь-Алтай аймагт ямар нэр хүндгүй болсон учир ажлаасаа шахалтаар гарсан. Өнөөдөр ямар ч ажил хийх боломжгүй 3 жил шүүхээр дамжиж явна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 Прокурор Б.Ууганбаатар шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Прокуророос шүүгдэгч М.У, Н.С нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн яллах талын нотлох баримтыг хэрэгт авагдсан ямар баримтаар үгүйсгэгдэж, эргэлзээ төрүүлж байгааг дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн боловч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголгүй хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба прокурорын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 214 дүгээр цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүгүй хэрэглэсэн мэт боловч хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөрүүтэй дүгнэснээс гадна давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

     Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлах замаар тогтоох үүрэгтэй болно.       

 

М.У-ийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 5 дугаар сард тус аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын өрөөнд “Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр багын нутаг дэвсгэрт 762 м.кв талбай буүхий ахуйн зориулалтаар эзэмших газрын гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгнө” гэж М.Б-иар дамжуулж Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

 

Н.С нь М.Б-иар дамжуулж нийтийн албан тушаалтан М.Уд 1.500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хэргийн оролцогчоос шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан үндэслэлээр  Орхон аймаг дахь сум дундын шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ “... шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэх ёсгүй тул эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал  ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу Н.С, М.У нарын үйлдлийг нотлогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж" шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Орхон аймгийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “... хахууль өгөгчийн ашиг сонирхол гэдэг нь өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгох гэсэн гэмт санаа зорилго байдаг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, тодруулбал Н.С нь ахуйн зориулалтаар эзэмших газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах ашиг сонирхол байсан эсэх, мөнгийг өөрийн данснаас авч Б-иар дамжуулан М.Уд өгсөн тухай мэдүүлэг, Н.Сын өгсөн мөнгийг М.Уд өгсөн талаарх гэрч Батсуурийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй, ... шүүгдэгчийг цагаатгах болсон нотлох баримтын агуулга, улсын яллагчийн дүгнэлт ... няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэж заасныг зөрчсөн ба цагаатгах тогтоол нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй боловч 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нөхцөл байдал үүссэн” гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд анхан шатны шүүхээс илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн мөртлөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хяналтын шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 214 дүгээр цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаар магадлалын тус тус хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

             ШҮҮГЧ                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                  Б.ЦОГТ

                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН