Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0027

 

“М-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э нарыг  оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0792 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “М-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0792 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 5 дугаар зүйлийн 5.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.21, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-Э” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулж гаргасан “М-Э” ХХК-ийн эзэмшил газраас “нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа” гэх үндэслэлээр хууль бусаар хассан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийг “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “М-Э” ХХК-ийн “...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний  урд байрлах газрыг эзэмших” тухай 2017 оны 10 дугаар сарын 17, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг тус тус баримтлан “газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... нэхэмжлэгч нь уг актыг мэдсэн атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тухайн цаг хугацаанд гомдол нэхэмжлэл гаргаж маргаагүй, шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна” гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу  үндэслэлээ тайлбарлан маргасан.

Өөрөөр  хэлбэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, хууль заасан үндэслэл бүрдээгүй байхад 21400 мкв газраас хасч 17970 м.кв болгосон нь илт хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл болж байна. Учир нь газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах захирамжаар газар эзэмшигчийн өмнө нь эзэмшиж байсан эзэмшил талбайг баталгаажуулдаг бөгөөд хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад газраас хассан нь хуульч биш хүн харсан ч илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс төмөр замын өмчлөлтэй холбоотой Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэн явж байгаа бөгөөд уг асуудлаар захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хэрэгт авагдсан.

Мөн хэрэгт 1999 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хавсаргасан бөгөөд 2001 онд “Ч О” ХХК-аас тухайн газрыг худалдан авах үед төмөр замын өмчлөл болон гэрчилгээн дээр тусгагдсан объектууд нь тус компанийн өмчлөлд авагдсан байсан ба 1999 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шинэчлэгдэн өөр этгээдэд олгогдсон эсэх талаарх нотлох баримтыг шүүх цуглуулж, бэхжүүлээгүй атлаа дээрх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гуравдагч этгээд “Б” ХХК нь дээрх маргаан бүхий газарт байрлах төмөр замын салаа зам, бараа ачиж буулгах бетонон тавцан, төмөр бетонон гадна хашаа, авто пүү зэрэг эд хөрөнгийн өмчлөгч болох нь цэргийн ангиудын эд хөрөнгийг борлуулах асуудлыг зохицуулах Оросын талын эрх бүхий байгууллага болох “Спецвнештехника” компанийн 8434-36С дугаартай хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ ... баримтуудаар тус тус тогтоогдож байна” гэсэн агуулгаардүгнэжээ.

Дээрх баримтыг гуравдагч этгээдийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас тус баримтыг нотлох баримтаар хасах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлттэй холбогдуулан шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, харин гуравдагч этгээдийг орчуулсан баримтынхаа эх хувийг шүүхэд ирүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл хэрэг хэлэлцэж эхлэх үед тухайн баримт хэрэгт авагдаагүй байсан бөгөөд шүүх зөвхөн орчуулгын баримтыг дурдаад өнгөрсөн.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж заасны дагуу орчуулгын уг баримт нь нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй байтал ийнхүү дүгнэлт өгч байгаа нь учир дутагдалтай байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 онд “Б” ХХК-д олгосон захиргааны акттай маргаж байгаа бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт “Б” ХХК-ийн өмнө нь эзэмшиж байсан газрын хэмжээг шинээр нэмэгдүүлэн эзэмших эрх олгосон 15,753 м.кв газартай давхцуулсан үйл баримт байхгүй байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газартай 15,753 м.кв газар бүхэлдээ давхцаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Нөгөөтэйгүүр 2018 онд шинээр газар эзэмших эрх зүйн харилцаа үүсч байгаа бөгөөд тус харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулах хууль зүйн үндэслэлтэй, мөн хариуцагч нь маргаан бүхий А/954 тоот захирамжийг гаргахдаа 2002 оны Газрын тухай хуулийн зүйл, заалтад үндэслэснийг анхаарах нь зүйтэй.

            Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг холбогдох хяналтын байгууллага батална” гэж заажээ.

           Уг хуулийн заалтын дагуу батлагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/79 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Хүнсний үйлдвэрт мөрдөх эрүү ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.5-д “Тээврийн хэрэгслийн явах зам, орох, гарах  хаалганууд нь түүхий эд ба бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх болон ажиллагсдын явах замтай давхцахгүй технологийн урсгалын  дагуу байна” гэж заасны дагуу “М-Э” ХХК-ийн эцсийн бүтээгдэхүүнээ зөөвөрлөдөг хэсэг нь манай компанийн газрын хойд талд байрлах маргаан бүхий газар бөгөөд тус газраар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ зөөвөрлөдөг байсантай хэргийн оролцогчид маргадаггүй. Манай компани өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд маргаан бүхий газар болон түүн дээр байрлах төмөр замыг зайлшгүй ашиглах шаардлагатай. М-Эод гаргахын тулд зайлшгүй төмөр зам ашиглагдана, ямар хууль, журамд нийцүүлэн манай хойд талд байрлах маргаан бүхий газрыг орц, гарц хаасан гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа үндэслэлийг шүүх хангалттай нотолж, тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна” гэсэн зохицуулалтын дагуу төмөр замын зурвас газар өөрөө нийтээр ашиглагдахаар зохицуулагдсан тул нийтийн эзэмшил талбай байх ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргасан ч шүүх үүнийг үгүйсгэж дүгнэлт өгөөгүй байна.

Газрын тухай хуулийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.3-т “зам, шугам сүлжээний газар”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна” гэж заасан.

Маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн талбай мөн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн түүхчилсэн лавлагаа, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, НӨХГ-ын 2014 оны 5/36 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 тоот захирамж зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Дээр дурдсан зохицуулалтыг зөрчиж, хууль бусаар “Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь нийтийн эзэмшлийн зам, талбайг ашиглах эрхийг маань ноцтой зөрчиж байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдүүд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу тухайн газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарладаг. Мөн маргаан бүхий А/954 тоот захирамжид Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4-д заасныг үндэслэлээ болгосон байна.

Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 тоот тогтоолын 1.3-т “инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “зам, шугам сүлжээний газар” хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд нийтийн эзэмшлийн зам, талбайд газар эзэмших эрх олгох хуулийн заалт байхгүй байтал шүүх хариуцагч, гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Нэхэмжлэгчийн зүгээс “... 2017  оны 10 дугаар сарын 17, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч байгууллага, албан тушаалтан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх энэ талаар шүүхийн шийдвэртээ дүгнэсэн байдаг.

Дээрх хуульд заасан журамд нийцүүлэн “М-Э” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна гэж дүгнэсэнд нь гомдолтой байна.     Нэхэмжлэгчийн зүгээс “маргаан бүхий газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Тус нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу гаргасан ба шүүхээс захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн агуулгаар дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргийг шүүхэд хүлээлгэсэн байна.

Мөн шүүхийн мэтгэлцээний явцад ч даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс хангалттай тайлбарлаж, маргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн төрлүүдэд бүрэн нийцсэн.

Нөгөөтэйгүүр Газрын тухай хуульд газрыг албадан чөлөөлөх эрх, үүргийг “Газрын алба, тухайн шатны Засаг даргад олгосон боловч газар зохион байгуулалтын албаны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээргүй” гэж шүүх дүгнэсэн нь хуулийг явцууруулсан алдаатай дүгнэлт байна.

Захиргааны хэргийн шүүх тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой процесс алдаануудыг гаргасан бөгөөд дараах байдлаар дурдах нь зүйтэй. Үүнд:

А/. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Гэтэл шүүх нэхэмжлэгч талд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулаагүй бөгөөд, энэ талаар холбогдох баримтад гарын үсэг зуруулаагүй.

Б/. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчилсөн.

Гэтэл шүүх хэргийн бусад оролцогчид буюу хариуцагч, гуравдагч этгээдүүдэд нэхэмжлэлийн хувийг хууль журамд нийцүүлэн гардуулаагүй бөгөөд хариу тайлбарыг бичгээр авалгүйгээр хуралдаанаар хэлэлцээд явсан.

В/. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан.Гэтэл шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны дүгнэлтийг нотлох баримт цуглуулах үүргийнхээ цуглуулж, бэхжүүлээгүй.

Г/. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан.

Гэтэл шүүх Нийслэлийн Засаг даргын А/954 тоот захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тоот тогтоолыг нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанаар тус баримтыг шинжлэн судлаагүй.

Д/. “Б” ХХК-ийн 2018 онд гаргасан хүсэлтийг тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг асуудлаар маргаж, хууль зүйн үндэслэлийг тайлбарласан.Гэтэл анхан шатны шүүх уг маргаж байгаа үндэслэлээр шүүхийн шийдвэртээ тусгаагүй байгааг анхаарах нь ач холбогдолтой.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0792 тоот шийдвэрээр нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/923 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Б” ХХК нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэгж талбарын 136008/0010 дугаар бүхий талбайд 28359 м.кв газар эзэмшиж байсныг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар газрын хэмжээг 15753 м.кв талбайгаар нэмэгдүүлж, нийт 44112 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “М-Э” ХХК-иас “...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар манай компанийн ашиглаж байсан 21400 м.кв газраас 17970 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг зам шугам сүлжээний газарт хамаарч байгаа гэх үндэслэлээр эзэмшил газраас хасаж, нийтийн эдэлбэр газарт хамааруулсан учраас манайх тус газрыг компанийн үйл ажиллагаа явуулахад орц, гарцаар ашиглаж байсан, гэтэл нийтийн эдэлбэр газар гэж манайхаас хассан газраа Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/954 дүгээр захирамжаар “Б” ХХК-д эзэмшүүлэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, ....маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргахад “нийтийн эдэлбэр газар” гэх хариуг өгсөн, мөн 2017, 2018 онд хүсэлт гаргахад хариу өгөөгүй хэрнээ газар эзэмшихэд тавигдах тэгш байдлын зарчмыг зөрчиж ийм шийдвэр гаргасан, ...уг газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарах учраас газар дээр байрлах “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлнэ” гэж,

Мөн ““М-Э” ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа гэх үндэслэлээр хууль бусаар хассан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх, “М-Э” ХХК-ийн “....Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн өртөөний урд байрлах газрыг эзэмших тухай” 2017 оны 07 дугаар сарын 17, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага тус тус гарган маргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчаас “...маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгүүд нь “Б” ХХК-ийн өмчлөлд байсан учраас доорх газрыг нь түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ийнхүү эзэмшүүлж буй нь газрыг шинээр эзэмшүүлсэн явдал биш газар эзэмших эрхийг нь баталгаажуулж буй хэлбэр юм, ...нийтийн эдэлбэр газарт хамааруулахаар шийдвэрлэсэн тухайд дээр нь үл хөдлөх эд хөрөнгүүд байсан учраас “М-Э” ХХК-ийн газраас хассан” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй төдийгүй маргааны үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр “...маргаан бүхий газар дээр байрлах хөрөнгө, төмөр зам нь “Б” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэдэгт маргаагүй, ... хариуцагчаас Газрын тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд хуулийн этгээдийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийн доорх газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь .... шинээр газар эзэмших эрх олгосон гэж үзэхгүй, ...дагнасан хэрэглээний төмөр зам бүхий этгээдэд уг замын шугам байрлаж буй газрыг эзэмшүүлсэн нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой байна” гэх зэрэг дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт гуравдагч этгээд “Б” ХХК-ийн маргаан бүхий газар /15753 м.кв талбай/ дээр байрлах төмөр замуудыг эзэмших эрхтэй эсэхийг болон түүний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд[1] нь яг ямар ямар хөрөнгүүд болох, тухайн газрын аль хэсэгт, ямар хэмжээтэй газрыг эзлэн байрлаж байгаа болохыг нотолсон баримт байхгүй, үүнтэй холбогдуулан хэрэв гуравдагч этгээд уг төмөр замыг эзэмших эрхтэй байх тохиолдолд 15753 м.кв газар бүхэлдээ дагнасан хэрэглээний төмөр замын зурваст хамаарах эсэх, мөн гуравдагч этгээдэд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй байх тул шүүхээс энэ талаарх нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэн тогтоосноор маргааны үйл баримтыг дүгнэх, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/954 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэх боломж бүрдэхээр байна.  

Иймд анхан шатны шүүхээс дараах үйл баримтыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

1. Нийслэлийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар “М-Э” ХХК нь 21400 м.кв талбай бүхий газар ашиглах эрхтэй байсныг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 17970 м.кв газрыг нь эзэмшүүлсэн, үлдэх 3430 м.кв газрыг ямар үндэслэлээр хассан болох нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчээс “...нийтийн эдэлбэр газарт хамаарах газрыг манайд эзэмшүүлэх боломжгүй үндэслэлээр газрын хэмжээг хассан гэж тухайн үед захиргаанаас тайлбарласан” гэж, хариуцагчаас “...уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгүүд байсан учраас нэхэмжлэгчид эзэмшүүлээгүй” гэж зөрүүтэй тайлбарлажээ.

Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/36 тоот “М-Э” ХХК-д хандсан албан бичигт “...газрын талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай танай хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дэргэдэх “Техникийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас /Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй. Эс зөвшөөрөв/ дүгнэлт гарсан байна. Иймд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна[2]” гэсэн хариуг өгч байжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа ямар үндэслэлээр 3430 м.кв газрыг хассан болохыг тогтоох, холбогдох баримтыг цуглуулах, шаардлагатай бол бичиг баримтад үзлэг хийх, мөн маргаж буй уг 3430 м.кв газарт гуравдагч этгээдийн өмчлөлийн ямар үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж байгаа эсэх нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай.

Учир нь дээрх үйл баримт тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн ““М-Э” ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа гэх үндэслэлээр хууль бусаар хассан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад дүгнэлт хийх боломжгүй байна.

2. Хэрэгт авагдсан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 дүгээр тушаалаар “Б” ХХК-ийн дагнасан хэрэглээний 2-р салбар замд тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний хугацааг нь сунгасан, харин Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190 дүгээр тушаалаар “Б” ХХК нь дагнасан хэрэглээний 1-р салбар замд тээврийн аюулгүй байдалтай холбоотой гэрчилгээг шинээр авах хүсэлт ирүүлсний дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг шинээр олгожээ.

Иймд дээрх 1, 2 дугаар төмөр зам нь хэзээнээс “Б” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох, эхнээсээ чухам аль зам нь өмчлөлд нь бүртгэгдсэн байсныг тодруулах нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/954 тоот захирамжийн холбогдох хэсэгт дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Хэдийгээр төмөр замын өмчлөлтэй холбогдуулан талууд маргаагүй боловч доорх газрыг нь эзэмших эрхтэй эсэх асуудлаар маргаж байгааг дурдах нь зүйтэй.

3. Хариуцагч нийслэлийн Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 15753 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн үндэслэлээ “... маргаан бүхий газар дээр “Б” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болон төмөр зам байрлаж байсан учраас доорх газрыг нь эзэмшүүлсэн” гэж тайлбарлажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий газар дээр байрлах автопүү, дэд станц гэх мэт гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газар нь хэдэн м.кв талбайг эзэлж байгаа, төмөр замын зурвас нь ямар хэмжээний талбайг хамарч байгааг тодруулж, гуравдагч этгээдэд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн эсэхийг тогтоосны эцэст дүгнэлт хийх нь зүйтэй.

Түүнчлэн хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15392 дугаартай гэрчилгээнд бичигдсэнээр “Б” ХХК нь “...барааны агуулах, төмөр замын барилга, автопүү, дэд өртөө бусад инженерийн байгууламж”-ийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, үүнээс үзэхэд маргаан бүхий газар дээр байрлах ямар, ямар үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээд өмчлөх эрхтэй болох нь тодорхойгүй байх тул 1999 оны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахдаа “Б” ХХК-ийн гарган өгсөн баримтуудыг улсын бүртгэлийн хувийн хэргээс шалгаж тодруулах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр Анхан шатны шүүхээс “...маргаан бүхий газарт байрлах төмөр замын салаа зам, бараа ачиж буулгах бетонон тавцан, төмөр бетонон гадна хашаа, автопүү зэрэг эд хөрөнгийн өмчлөгч болох нь цэргийн ангиудын эд хөрөнгийг борлуулах асуудлыг зохицуулах Оросын талын эрх бүхий байгууллага болох “Спецвнештехника” компанийн 8434-36С дугаартай хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, “Ч о” ХХК-ийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тодорхойлолт ...-оор тогтоогдоно” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрх нь хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх тул “...цэргийн ангиудын эд хөрөнгийг борлуулах асуудлыг зохицуулах Оросын талын эрх бүхий байгууллага болох “Спецвнештехника” компанийн 8434-36С дугаартай хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний орчуулга гэх баримт, “Ч о” ХХК-ийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тодорхойлолт” зэрэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг шууд нотлохгүй тул “....үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн” гэж маргаж буй энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримтуудыг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэх, ингэхдээ бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох ёстой.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс маргаан бүхий газар дээр байрлаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй болохоо нотлох зорилгоор гаргаж өгсөн “...цэргийн ангиудын эд хөрөнгийг борлуулах асуудлыг зохицуулах Оросын талын эрх бүхий байгууллага болох “Спецвнештехника” компанийн 8434-36С дугаартай хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ” гэх баримтын зөвхөн Монгол хэл дээрх орчуулгын гэх баримтыг хавсаргасан байх бөгөөд эх баримт буюу Орос хэл дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдаагүй байх тул холбогдох баримтуудыг шаардлага хангуулан цуглуулах нь зүйтэй.

Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэгш эрхтэй талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах тул нэхэмжлэгч тус орчуулгын баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэн зөв болох нь тогтоогдохгүй гэж маргаж байгаа энэ тохиолдолд мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс нэхэмжлэгчид дээрх баримтыг няцаах, баримтад холбогдуулан тайлбар гаргах эрхээ эдлэх боломжийг олгох нь зүйтэй.

5. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол уг газрыг чөлөөлөх арга хэмжээ авах нь Засаг даргын үүрэг байна.

Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд холбогдуулан “газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “....маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарах байтал гуравдагч этгээд нь зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө барьсан тул хариуцагч нараар чөлөөлүүлэхийг даалгуулах” гэж тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, уг шаардлагад дүгнэлт хийлгүйгээр захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн дээрх шаардлагыг тодруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь “даалгах” шаардлага гаргасан атлаа хариуцагч нарын яг ямар эс үйлдэхүй эсхүл хууль бус татгалзалтай холбогдуулан маргаж байгаагаа тайлбарлаагүй байхад шүүх үүнийг огт тодруулаагүй төдийгүй энэ асуудлаар өмнө нь захиргааны байгууллагад хандаж байсан эсэх нь ч тодорхойгүй үлджээ.

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр зохицуулсан тул газар дээр үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй нь газар эзэмших эрх шууд үүсгэнэ гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд  өмнө нь маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр, гэрээний үндсэн дээр,  эзэмшиж, ашиглаж байгаагүй, нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар анх удаа газар эзэмших эрхийг шинээр олж авсан байх тул “....газар эзэмших эрхийг хариуцагчаас баталгаажуулсан нь шинээр газар эзэмших эрх олгох журмыг зөрчсөн гэж үзэхгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй,

Иймд гуравдагч этгээд нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшсэн эсэх үйл баримтыг тогтоож, мөн хэрэгт А/954 дүгээр захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/4 дүгээр тогтоол авагдаагүй байх тул үүнийг цуглуулсны үндсэн дээр холбогдох дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Ийнхүү анхан шатны шүүхээс дээр дурдсанаар хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4,  121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0792 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 


[1] Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15392 дугаартай гэрчилгээ

[2] 1-р хавтасны 98 дугаар тал