Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0426/З |
Дугаар | 001/ХТ2024/0055 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2024/0055
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын
Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын
байцаагч Ц.Б, Б.Б нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0029 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0161 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0153 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“С” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Б.Б нарт холбогдуулан “... улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-2122******* дугаар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Татварын хяналт шалгалт хийх 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2122501545 дугаартай томилолтын дагуу татвар төлөгч “С” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хамрах хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын /“Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-хэсэгчилсэн”/ хяналт шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс /ажлын 22 хоног/ хийж гүйцэтгэхээр болжээ.
2.1.Татварын хяналт шалгалт хийх талаар “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Б-гийн ***********@gmail.com цахим хаягт 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл хүргүүлжээ.
2.2.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Б.Б нарын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-2122******* дугаар нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 42.1, 79.1, 79.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1., Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 167,118,633.42 төгрөгийн нөхөн татвар, 50,135,590.02 төгрөгийн торгууль, 31,852,479.01 төгрөгийн алданги, нийт 249,106,702.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
2.3.“С” ХХК-аас дээрх актыг эс зөвшөөрч Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолоор: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.2.1, 47.3, 47.7-д заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 7,069,361,,676.37 төгрөгийн зөрчилд 167,118,633.42 төгрөгийн нөхөн татвар, 50,135,590.02 төгрөгийн торгууль, 31,852,479.01 төгрөгийн алданги, нийт 249,106,702.45 төгрөгийн төлбөр ногдуулснаас 13,899,238.78 төгрөгийн нөхөн татвар, 4,169,771.63 төгрөгийн торгууль, 2,759,350.71 төгрөгийн алданги, нийт 20,828,361.13 төгрөгийн төлбөрийг бууруулж, 153,219,394.64 төгрөгийн нөхөн татвар, 45,965,818.39 төгрөгийн торгууль, 29,093,128.30 төгрөгийн алданги, нийт 228,278,341.32 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилжээ.
3.Нэхэмжлэгчээс “... Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасан хяналтын шалгалтын талаар татвар төлөгчид мэдэгдэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.6-д заасан зарчмуудыг хангаагүй хууль бус захиргааны акт гаргасан, Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт нь аж ахуй нэгжүүдэд давхар татвар ногдуулсан, маргаан дагуулж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр тогтоол гарч, уг нэмэлт өөрчлөлт хүчингүй болж, Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тул 2019 оны 03 сараас хойш АМНАТ дээр давхар татвар төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хууль, журамд хэд хэдэн өөрчлөлтүүд орж АМНАТ төлөгчийн талаар хууль тогтоогчид бодитойгоор тодорхойлж чадаагүй, тусгайлсан журам батлагдаж гараагүй хэдий ч АМНАТ, НӨАТ багтсан үнээр уурхайн амнаас нүүрс худалдан авч экспортолсон, нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрч төлбөл НӨАТ-тэй үнээр уурхайн амнаас худалдан авсан манай дотоодын компани БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдээс (НӨАТ-гүй) илүү үнээр авчхаад уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн байгаа АМНАТ дээр нэмж давхардуулсан АМНАТ төлөх нь компанид алдагдалтай ...” гэж,
4.Хариуцагчаас “... Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.3.1-д зааснаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй цахим хаягт 2022.05.31-ний өдөр томилолтыг илгээж мэдэгдсэн, татвар төлөгчөөс 2022.06.07-ны өдөр хүлээн авсан талаар хариу ирсэн;
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2019.03.26-ны өдрийн/ хуулийн дагуу “С” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сард экспортод гаргасан 16,870.69 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн, нэмэлт төлбөрийг тооцож ногдуулахдаа тус компанийн төлбөл зохих нийт АМНАТ-өөс дотоодын зах зээлээс худалдан авсан гэрээний дүнгээр өмнөх шатанд төлсөн АМНАТ-ийг хасаж татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн нөхөн татварыг ногдуулсан, Ашигт малтмалын тухай хуулийн 2019.03.26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцийн 2019.10.30-ны өдрийн тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, Улсын Их Хурлаас 2019.11.22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2019.10.30-ны өдрөөс 11.25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019.11.22-ны өдөр баталсан хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах АМНАТ-ийг тооцож улсын төсөвт төлнө, Ашигт малтмал экспортолсон этгээд гэж заасны дагуу 2019.03.26-ны өдөр батлан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2019.10.30-ны өдөр гарах хүртэл хучин төгөлдөр болохыг, уг тогтоол гарсан өдрөөс хойш 2019.11.22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу АМНАТ-ийг тасралтгүй тооцох зохицуулалттай гэж үзсэн;
-Дотоодын зах зээлээс 2021 онд 213.45 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 7-д заасан үнэ, 2019.9.4-ний өдрийн 342 дугаар, 2019.12.25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журамд заасан зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг баримтлан АМНАТ-ийг тооцож тайлагнах үүргээ биелүүлээгүй, мөн дотоодын зах зээлээс худалдан авч экспортод гаргасан коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5, 11-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг тайлагнаагүй байсан;
-Татварын удирдлагын нэгдсэн системээс гаалийн мэдээ, татвар төлөгчийн ирүүлсэн Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэн 213.45 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг 59 ам.доллар буюу тухайн зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнэ 223.36 ам.долларыг баримтлан зөрүү 164.36 ам.долларт ногдох 99,949,394.58 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7, 47.1.2, 47.2.1, 47.3.3-т зааснаар төлбөр ногдуулсан;
-Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2019.11.22-ны өдөр өөрчлөн найруулсан/-ийн 47.17.Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн Үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно; Боловсруулаагүй нүүрсэнд тн тутамд зах зээлийн үнийн түвшин /ам.доллароор/ 25-50 хүртэл-1.00, 50-75 хүртэл- 2.00, 75-100 хүртэл-3.00” байна гэж заасны дагуу төлбөр ногдуулсан, хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь заалтад заасан зарчмын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэн хуульд нийцүүлэн гаргасан” гэж тус тус тайлбарлан маргажээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт /Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт /Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.3.6, 12 дугаар зүйлийн 12.2, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 7.3, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-2122******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0029 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... “С” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-2122*********** дугаар нөхөн ногдуулалтын актын нийт 7.069.361.676.37 төгрөгийн зөрчлөөс 2019 онд хамаарах 3.137.860.114.32 төгрөгийн зөрчилд холбогдох /нөхөн татвар, торгууль, алданги/ хэсгийг хүчингүй болгож, үлдэх 3.931.501.562.05 төгрөгийн зөрчилд холбогдох /нөхөн татвар, торгууль, алданги/ хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0153 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 161 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасныг үндэслэн дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
8.1.... Манай “С” ХХК-ийн зүгээс, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дээрх зөрчлөөс 2021 оны 213.45 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс 99,949,394.58 төгрөгийн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, харин дээрх зөрчлөөс үлдэх 2019 оны 5, 6, 7, 9-р сард БНХАУ-д экспортолсон нийт 3,137,860,114.32 төгрөгийн зөрчилд холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр болон нэмэлт төлбөр, дотоодод борлуулахдаа 593,742,658.57 төгрөгийн зөрчилд холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эс зөвшөөрч маргадаг.
8.2.Гэтэл давж заалдах шатны шүүхээс, маргаан бүхий захиргааны актаас 2019 оны 5, 6, 7, 9-р сард БНХАУ-д экспортолсон нийт 3,137,860,114.32 төгрөгийн зөрчилд холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/ хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн боловч үлдэх 2019 оны 5, 6, 7, 9-р сард БНХАУ-д экспортолсон нийт 3,137,860,114.32 төгрөгийн зөрчилд холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр, дотоодод борлуулахдаа 593,742,658.57 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчилд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй.
8.3.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн өмнөх зохицуулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ ашигт малтмал ашигласны төлбөр төлөгч байсан бол хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдүүд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тусгасан нь үндэслэлгүйгээр давхар татвар ногдуулах нөхцөл байдал үүссэн учраас Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болсон бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ашигт малтмалын нөөц ашигласан этгээд АМНАТ төлөгч биш, харин энэ хугацаанаас хойш ашигт малтмалын нөөц ашигласан этгээд АМНАТ төлөгч байхаар хуульчилсан байна.
8.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон мөн хуулийн холбогдох 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгож улмаар Улсын Их Хурлаас холбогдох хуулийн заалтыг өөрчлөн найруулж, хуулийн 47.4 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.
8.5.“С” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хуулийн этгээд биш бөгөөд хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий захиргааны актаар манай компанийг АМНАТ-н тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж 2019 онд БНХАУ-д экспортолсон нийт 3,137,860,114.32 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр 117,669,754.29 төгрөг /нөхөн татвар, торгууль, алданги/-ийн акт ногдуулсан нь, мөн маргаан бүхий актаар хуулийн 47.4 дэх заалт буюу хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж нэмэлт төлбөр 94,135,803 төгрөг /нөхөн татвар, торгууль, алданги/-ийн акт ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
8.6.Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актаар манай компанийг АМНАТ-н тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгч гэж 2019 онд дотоодод борлуулсан 593,742,658.57 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 22,265,349.68 төгрөг /нөхөн татвар, торгууль, алданги/-ийн акт ногдуулсан нь дээрх үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүхээс энэ талаарх дүгнэлтийг өгөлгүй, маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
8.7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0161 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн 1-рт: БНХАУ-д экспортолсон нийт 3,137,860,114.32 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр 94,135,803 төгрөг /нөхөн татвар, торгууль, алданги/-ийн, 2-рт: 2019 онд дотоодод борлуулсан 593,742,658.57 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 22,265,349.68 төгрөг /нөхөн татвар, торгууль, алданги/-ийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9.Хариуцагч Ц.Б, Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 161 дүгээр магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг баримтлан дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
9.1.“С” ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дорнод аймгийн Халхгол сумын Алтан нэртэй газарт 4735.24 гектар талбайг хамарсан ХV-018645 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй.
9.2.“С” ХХК нь 2019 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-г 2019 онд үйл ажиллагаа явуулаагүй “х”-ээр тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн системээр нотлогддог. “С” ХХК нь 2019 оны 5-9 саруудад экспортолсон нийт 16,870,7 тонн коксжих чанаргүй боловсруулаагүй нүүрсийг БНХАУ руу экспортлохдоо АМНАТ төлөөгүйд татварын улсын байцаагч нар нь хуулийн хариуцлага хүлээлгэж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
9.3.Татвар ногдох зүйлийг Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт “хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, мөн Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу дээрх 2019 оны 5-9 саруудад экспортолсон нийт 16,870,7 тонн коксжих чанаргүй боловсруулаагүй нүүрсийг БНХАУ руу экспортолсон нь Ашигт малтмалын тухай хууль /2006 он болон 2019 он/ 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.2.1, 47.3.3, 47.4, 47.5-т заасны дагуу үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулсан.
9.4.Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсгийн 4.9 болон 4.10-т “2019 оны 5, 6, 7, 9 саруудад ашигт малтмалын нөөцийг экспортод гаргасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд ингэж дүгнэхдээ Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолыг үндэслэж дүгнэж буй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т хуульчилсан. Дээрх шүүхийн шийдвэр нь тээвэрлэгч компанийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж албан татвар нөхөн ногдуулсан байсан гэтэл манай маргааны зүйл нь тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд коксжих чанаргүй боловсруулаагүй нүүрсийг БНХАУ руу экспортолсон үйлдэл.
9.5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0029 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1-3.29 дэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг тайлбарласан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
9.6.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0161 дүгээр магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А-ээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 161 дүгээр магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
10.1.Нэг.Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах үндэслэл: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0029 дүгээр шийдвэрээр татварын улсын байцаагчид нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 161 дүгээр магадлалаар хуулийг илтэд буруугаар тайлбарлаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж тогтоосон төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцэхгүй бөгөөд хууль хэрэглээний зөрүү үүсгэж байна.
10.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т зааснаар ашигт малтмал, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон. Үндсэн хуульд заасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн дотоодод хийж буй борлуулалтыг борлуулалтын үнээр гадаад улсад экспортолж буй экспортын борлуулалтыг “зах зээлийн үнэ”-ээр борлуулах зохицуулалттай байсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд зөвхөн дотоодын борлуулалт хийж өөрийн нэрээр гадаад улсад экспортын борлуулалт хийлгүйгээр дамжуулан борлуулагчаар экспортын борлуулалт хийлгэж байгалийн баялгийг ашигласны төлбөрийг багаар төлөх, байгалийн баялгийг үнэгүйдүүлж байсан.
10.3.Улсын Их Хурлаас дээрх хуулийн хийдлийг арилгах үүднээс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа ашигт малтмалыг ашигласан, түүний үр өгөөжийг хүртэж буй этгээдэд хамааруулан давхардуулан ногдуулахгүй байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон. Энэхүү өөрчлөлтөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээр хязгаарлагдахгүй болсон ба тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дотоодын борлуулалтын үнээр худалдан авч гадаад улсад дотоодоос худалдан авсан үнээс өндөр үнээр экспортын борлуулалт хийсэн этгээдэд зөвхөн тухайн үнийн зөрүүд ногдох хэсгээр төлбөр төлүүлэхээр хуульчилсан.
10.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгээр тус хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь нийтэд илэрхий.
10.5.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр “Хууль, ...бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл хэсэг, заалт. хүчингүй болно”, 6 дахь хэсгээр “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар Улсын Их Хурлаас дээрх хуулийг дахин батлахдаа “ашигт малтмал экспортолсон этгээд” төлбөр төлөгч байхаар дахин агуулгаар баталсан.
10.6.Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх агуулгад дүгнэлт хийгээгүй бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нийцээгүй хууль,... Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврыг асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй” гэж заасныг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийг “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн. Тодруулбал, нэмэлт өөрчлөлт оруулж хүчингүй болсон хууль болон дахин батлагдсан хуулийн аль алинаар ашигт малтмалыг экспортод гаргасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байгааг анхаарсангүй.
10.7.Харин хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан 2019 оны 05 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд л төлбөр төлөгч байна гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
10.8.Товчоор дүгнэвэл, Ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран гадаад улсад экспортлох боломжтой байгаа энэ нөхцөлд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн талбайгаас олборлож борлуулсан этгээдэд хамааралтай гэж үзвэл тусгай зөвшөөрөлтэй этгээд дотоодод борлуулаад 2.5 хувиар төлбөр төлөх, харин тусгай зөвшөөрөлгүй дамжуулан борлуулагч нь экспортлоход төлбөр үүсэхгүй гэж үзвэл олон улсын зах зээлийн үнэ яригдах боломжгүй болж татварын суурийг бууруулах боломж үүсэхийг анхаарч үзнэ үү.
10.9.Хоёр.Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэл: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолд хуулийн тус зүйл, заалтыг тайлбарласан байх тул Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна” гэж иш татаж дүгнэжээ.
10.10.Улсын дээд шүүхийн тогтоолыг иш татан хэрэглэж болох хэдий ч тухайн маргааны бодит үйл явдалд анхаарал хандуулаагүйн улмаас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахад агуулгын хувьд дахин батлагдаагүй “худалдахаар ачуулсан” этгээдэд холбоотой шийдвэр байхад маргаан бүхий тохиолдолд шууд адилтган дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
10.11.Нэхэмжлэгч компанийн тухайд ашигт малтмалыг олборлосон болон түүнийг худалдах, худалдан авах гэрээний харилцаанд “худалдагч” эсхүл “худалдан авагч”-ийн эрх үүргийг хүлээж оролцсон болохыг ялгаагүй.
10.12.Иймд дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 161 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
11.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
12.Нэхэмжлэгч “С” ХХК нь ******* аймгийн Х******сумын ******* нэртэй газарт ******** гектар талбайг хамарсан XV-0****** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд маргааны тохиолдолд 2019 онд (5, 6, 7, 9 сард) дотоодоос нүүрс худалдан авч, экспортод гаргах үйл ажиллагааг эрхэлсэн байна.
13.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хамрах хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-2122******* дугаар нөхөн ногдуулалтын актаар 167,118,633.42 төгрөгийн нөхөн татвар, 50,135,590.02 төгрөгийн торгууль, 31,852,479.01 төгрөгийн алданги, нийт 249,106,702.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
14.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт “С” ХХК нь дотоодоос коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс худалдан авч 2019 оны 5, 6, 7, 9 дугаар саруудад экспортод гаргахдаа ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй; 2019 оны 5, 6, 7, 9 сард борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй; 2021 оны 10 сард коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсний борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй; 2019 онд дотоодод коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг борлуулахдаа борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тайлагнаагүйг тус тус Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан зөрчилд тооцсон байна.
15.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг бууруулж өөрчлөн, нийт 228,278,341.32 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
Хууль хэрэглээний хувьд:
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэх,
16.2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр хуульчилсан.
17.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар[1] тус хуулийн 47.1 дэх хэсгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх этгээдийн хүрээг өргөтгөж, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчлөн найруулсан байна.
18.Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр дээрх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож; Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хэсгийг хүчингүй болгосон бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тогтоожээ.
19.Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбогдох зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2024/0046 дугаар тогтоолд[2] тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна. Үүнд:
19.1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Хууль, ... Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, ... бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно” гэж заасан байх тул маргаан бүхий цаг хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэхээр байна. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь эрх зүйн зөрчилгүй.
19.2.Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэж зааснаас үзвэл сүүлд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн хүчингүй болсон хууль анх батлагдсан цагаасаа авхуулан үйлчлэлээ алдах нь гагцхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдолд хамаарахаар байна. Иймд татвараа үнэн зөв суутгаж тайлагнаагүйгээс татварын хууль тогтоомжид үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан хэргийн хувьд дээрх зохицуулалт хамааралгүй.
19.3.Түүнчлэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээд ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар хуульчлахтай зэрэгцэн татвар давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс бүтээгдэхүүн (боловсруулаагүй нүүрс)-ий ашигт малтмалын баяжуулалтын шат дамжлагад татвар давхардуулан ногдуулахгүй байх агуулгыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д хуульчилж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус зүйлд татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт, тайланг баримтлан өмнө нь ногдуулсан татварыг хасаж тооцох агуулгыг нэмэлтээр тусгаж өгсөн талаар ... тус тус Улсын дээд шүүхээс тайлбарлан хэрэглэжээ.
20.Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу 2019 оны 5, 6, 7, 9 сард дотоодоос коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс худалдан авч, экспортод худалдан борлуулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (үндсэн, нэмэлт)-ийг тооцон төлөх буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч (экспортод гаргасан этгээд) байхаар хуульд заасан нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ашигт малтмалын нөөц ашигласан этгээд АМНАТ төлөгч биш, харин энэ хугацаанаас хойш ашигт малтмалын нөөц ашигласан этгээд АМНАТ төлөгч байхаар хуульчилсан, ... хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн акт ногдуулсан нь үндэслэлгүй ...” гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.
21.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийг “2019 онд ашигт малтмалыг худалдан борлуулаагүй гэж тайлагнасан боловч 2019 оны 5, 6, 7, 9 сард дотоодоос 16,870 тонн нүүрс худалдан авч экспортод борлуулж, үүнд ногдох татвараа тайлагнаагүй” нь нотлогдсон; ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (татвар)-ийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамааран худалдан авч, экспортод гаргах үйл ажиллагаа явуулсан этгээдэд ч хамаарна; АМНАТ-ийг давхардуулан төлөх үр дагавар үүсэхгүй талаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
22.Харин давж заалдах шатны шүүх “... 2019 оны 05 дугаар сараас 09 сарын хугацаанд ашигт малтмалын нөөцийг экспортлосон харилцаанд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэрэглэгдэх хууль зүйн үндэслэлгүй, ... нэхэмжлэгч тухайн хугацаанд улсын хилээр тээвэрлэн гаргасан нүүрсний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 47 дугаар тогтоолд хуулийн тус зүйл, заалтыг тайлбарласан, ... маргаан бүхий актын 2019 онд хамаарах зөрчилд холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэж дүгнэн, маргаан бүхий актын 2019 онд холбогдох хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
23.Учир нь дээрх Улсын дээд шүүхийн тогтоолоор “ашигт малтмалын нөөцийг тээвэрлэсэн этгээд”-ийн хувьд төлбөр төлөгч мөн эсэх асуудлаар Ашигт малтмалын тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь энэхүү маргаанд хамааралгүй, энэ талаарх хариуцагч нараас гаргасан хяналтын гомдол үндэслэлтэй.
24.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... манай “С” ХХК-ийн зүгээс, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр 2021 оны 213.45 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс 99,949,394.58 төгрөгийн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, харин зөрчлөөс үлдэх 2019 оны 5, 6, 7, 9-р сард БНХАУ-д экспортолсон нийт 3,137,860,114.32 төгрөгийн зөрчилд холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр болон нэмэлт төлбөр, дотоодод борлуулахдаа 593,742,658.57 төгрөгийн зөрчилд холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эс зөвшөөрч маргадаг” гэж дурдсан тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2019 оны татварын ногдуулалтад холбогдох Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудын хууль хэрэглээний хүрээнд дүгнэлт хийсэн болно.
25.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0161 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН