Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 38

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, иргэн Борогчууд овгийн Цэрэнчимэдийн Энхтүвшингийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газрын дарга З.Зоригт холбогдох,

     Гуравдагч этгээд: Иргэн Бөөгөөд овгийн Намдагийн Хишигтогтох

    “Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Урнаа, хариуцагч З.Зориг, гуравдагч этгээд Н.Хишигтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэрэнчимэд овогтой Энхтүвшин нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр зарлагдсан Өмнөговь сумын ЗДТГ-ын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтад өрсөлдөж, хамгийн өндөр оноо авч тус ажлын байранд Өмнөговь сумын ЗДТГ-ын даргын “Ажилд томилох тухай” Б/21 тоот тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай томилогдон ажилласан. Туршилтын хугацаа дуусгавар болсны дараа сумын ЗДТГ-ын даргын “Ажилд томилох тухай” Б/09 тоот тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албанд томилогдож, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Өнгөрсөн хугацаанд ЗДТГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангаж ажиллаж 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 80.9 хувьтай дүгнүүлсэн төдийгүй үүссэн гэнэтийн нөхцөл байдлуудад идэвх зүтгэл гарган хичээн ажиллаж ирсэн. Тухайлбал тус сумын нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт мялзан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хурдан шуурхай, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд тухайн өвчний халдварыг зогсоож чадсан бөгөөд улсын хэмжээнд Увс аймаг сайшаагдсан байдаг. Гэвч Өмнөговь сумын засаг дарга Р.Төмөрчөдөр өнгөрсөн хугацаанд намайг өөрийн хүсэлтээр өргөдлөө бичиж ажлаас чөлөөлөгд, чи үдээс хойш ажилд ирэх шаардлагагүй, чамайг ажлаас халсан гэх зэргээр байнга дарамталдаг байсан төдийгүй ЗДТГ-ын дарга З.Зоригт “...Энхтүвшинг ажлаас халаад, энэ хүнийг ажилд ав” гэж Н.Хишигтогтох гэж хүний материалыг өөрөө өгсөн байдаг. Мөн ЗДТГ-ын дарга З.Зоригт “Энхтүвшинг өнөөдрийн дотор ажлаас хал” гэсэн зурвасыг удаа дараа илгээж, хэлсэн байдаг. Үүнийг ЗДТГ-ын дарга З.Зориг өөрөө надад хэлж байсан. Улмаар надаас ЗДТГ-ын дарга З.Зориг “чи өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үү?, эсвэл төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдах уу? гэж асуугаад дээрх 2 янзын тушаалын төслийг танилцуулсан. Миний бие гаргасан алдаа дутагдал, зөрчил байхгүй ажлаас халагдах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд холбогдох дээд шатны байгууллага, шүүхэд гомдол гаргаж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой гэж үзсэн тул төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдах тушаалыг сонгосон юм. Ингээд ЗДТГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/03 тоот тушаалаар нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халагдсан болно /ЗДТГ-ын даргын Б/03 тоот тушаалыг хавсаргав/ Миний бие дараах үндэслэлээр ЗДТГ-ын даргын Б/03 тоот тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Уг тушаалд намайг “...албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн, иргэдтэй зүй бус харьцаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй зөрчил гаргасан талаар иргэний гомдол, сумын Засаг дарга ажлаас чөлөөлөх тухай албан тоот ирүүлсэн тул 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсугай” гэжээ. /иргэн Н.Яваахүүгийн гомдол, Р.Төмөрчөдөрийн албан бичгийг хавсаргав/ Дээрх “иргэний гомдол” гэдэг нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр хаяглагдсан Н.Яваахүү гэх хүний гомдол юм. Н.Яваахүүгийн гомдлыг 2016 оны 12 дугаар сард надад танилцуулсан бөгөөд уг гомдолд намайг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Цагаан эргийн пост дээр “...согтуу ирээд янз бүрийн ааш араншин гаргаж хэл амаар дайрч элдэв араншин гаргасан...”, “...архи ууж согтуу ирэн бусдын эрх чөлөөнд халдсан явдалд туйлын гомдолтой байна” гэжээ. Өмнөговь суманд 2016.09.01-2016.10.18-ны өдрүүдэд малын гоц халдварт мялзан өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, өндөр хариуцлагатай ажиллаж байсан үе юм. Тус хорио цээрийн дэглэмийн үеэр 7 пост байгуулагдан ажилласны нэг нь Цагаан эргийн пост байсан. Миний бие аймгийн Засаг даргын тушаалаар байгуулагдсан Бог малын гоц халдварт мялзан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг газар дээр нь зохион байгуулах аймгийн ажлын хэсгийг буцах үеэр Цагаан эргийн пост дээр очсон. Тэр өдөр тус пост дээр гомдол гаргасан иргэн Н.Яваахүү болон Баярцэцэг, аймгийн төвөөс ирж ажилласан цагдаа ахлах ахлагч С.Лхагва нар дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт, бүртгэл хийх үүрэгтэй ажиллаж байсан бөгөөд Яваахүү, Баярцэцэг нар нь намайг очих үед ариутгалын хувцсаа өмсөөгүй ажилласан, дамжин өнгөрүүлсэн зэрэг зөрчил гаргасан. Иймд миний бие ариутгалын хувцасаа өмсөж ажиллах, дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэл бүрт ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийх ёстой болохыг анхааруулж, хууль ёсны шаардлага тавьж ажилласан. Энэ нь тухайн үед гарсан малын гоц халдварт өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нэн тэргүүнд авах шаардлагатай, анхан шатны арга хэмжээ байсан. Өөрөөр хэлбэл би хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд архидан согтуурч хэн нэгэнд элдэв араншин гаргаж, хэл амаар дайрч доромжилсон явдал огт байхгүй. Үүнийг тухайн пост дээр ажилласан байсан ахлах ахлагч С.Лхагва гэрчилнэ. Н.Яваахүүгийн дээрх гомдлыг хянан шалгах ажиллагааг сумын Засаг дарга болон ЗДТГ-ын даргын хэн нь ч хийгээгүй буюу дээрх гомдолд дурдагдсан мэдээлэл үндэслэлтэй эсэхийг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй бөгөөд дээрх гомдолд дурдагдсан зөрчлийг миний бие гаргасан эсэхийг хэн ч тогтоогоогүй болно. Ийм байхад дээрх иргэний гомдлыг үндэслэн намайг зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд миний бие гомдолтой байна. Мөн түүнчлэн дээрх гомдлыг 2016.09.23-ны өдрөөр хаягласан байна. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс эхлэн сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар энэ асуудлыг мэдсэн гэсэн үг юм. Сумын Засаг дарга болон ЗДТГ-ын дарга нар намайг зөрчил гаргасан эсэхийг тогтоож, шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байна. Дээрх заалтыг хэрхэн ойлгож хэрэглэхийг Улсын Дээд Шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010.04.26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тайлбарлажээ. Тус тогтоолын 11 дэх заалтад “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно”, Энэ хэсэгт заасан “...зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн...” гэдэгт зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна. Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтаас харахад, ЗДТГ-ын дарга намайг зөрчил гаргасан гэх гомдлыг /гомдлыг сумын Засаг дарга болон ЗДТГ-ын даргын нэр дээр хаягласан/ 2016.09.23-нд хүлээн авсан буюу энэ талаар мэдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дотор буюу 2016.10.23-ны дотор сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байсан байна. Гэтэл 2016.09.23-нд гаргасан гомдлыг хүлээн авснаасаа хойш буюу мэдсэнээсээ хойш бүтэн 5 сарын дараа, дээрх гомдолд дурдагдсан зүйлс үнэн эсэхийг тогтоогоогүй мөртлөө ЗДТГ-ын дарга надад төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг зөрчсөн байна. Мөн түүнчлэн намайг ажилд томилох, хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь ЗДТГ-ын дарга юм. Сумын Засаг даргад хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж буй төрийн жинхэнэ албан хаагчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ЗДТГ-ын даргаас сахилгын шийтгэл ногдуулахыг албан бичгээр шаардах эрх хэмжээг төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль тогтоомж болон Засаг даргын эрх зүйн байдал, эрх хэмжээг тогтоосон МУ-ын ЗЗНДНТУТХуулиар олгоогүй байна. Иймд Засаг дарга Р.Төмөрчөдөрийн дээрх үйлдлийг хуулиар тогтоосон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироосон хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд миний гомдлыг хянан шийдвэрлэж, Өмнөговь сумын ЗДТГ-ын даргын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож Өмнөговь сумын ЗДТГ-ын Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын ЗДТГ-ын дарга З.Зориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасагт Мал эмнэлэг, хүнсний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Цэрэнчимэдийн Энхтүвшингээс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Мэргэжилтэн Ц.Энхтүвшинд ажлаас чөлөөлөх, халах талаар 11 сараас хойш удаа дараа албан ёсоор өрөөндөө дуудаж сонсгож ярилцаж байсан. Ингээд 2017 оны 02 сарын 23-ны өдөр өөртэй нь ярилцаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь зүйлээр 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр Б/03 тоот тушаал гаргасан. Цэцэрлэгт туслах тогооч ажилтай Н.Явуухүү нь манай байгууллагын мэргэжилтэн Ц.Энхтүвшиний талаар 2016 оны 09 сарын 23-ны өдөр сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт хаягласан гомдол бичгээр гаргаж Засаг дарга Р.Төмөрчөдөрт өгсөн байсныг 11 дүгээр сард Засаг дарга надад танилцуулсан. Энэ талаар Ц.Энхтүвшинийг өрөөндөө дуудаж гомдол дээр бичигдсэн зүйлсийг тодруулахад “Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй пост дээр хөдөлмөр хамгаалал, ариутгал хийх дэглэмж зөрчигдөж байсан тул тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цэцэрлэгийн туслах тогооч Н.Явуухүүд засаж залруулах талаар үүрэг өгсөн. Энэ талаар надтай хамт байлцсан аймгийн бүрэлдэхүүн /аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газраас ирж үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнууд/, “Бор хаг” МЭҮҮНэгжийн малын эмч Л.Дашхүү нарын албан тушаалтнууд мэднэ гэж хариулсан.” Тус суманд бог малын гоц халдварт мялзан өвчин гарсантай холбогдуулан Засгийн газрын баг ирж ажиллахдаа ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тухайн үеийн нөхцөл байдалтай танилцаж сумын онцгой комиссын бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн байдлаар шуурхай хурал хийсэн. Уг хуралд хариуцсан мэргэжлийн ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа тухай дурдаад мэргэжилтэн Ц.Энхтүвшинд хариуцлага тооцох хэрэгтэй гэж амаар мэдэгдсэн. 2017 оны 02 сарын 17-ны өдөр Намир багийн иргэдийн нийтийн хурал дээр уг багийн иргэн Сайнжаргалын Нямсамбуу нь төрийн албан хаагч Ц.Энхтүвшин ажлаа гүйцэтгэж байхдаа согтуу байсны зэрэгцээ ажил хийж байсан хүнийг дарамталж, хэл амаар дайрч муухай ааш гаргасан ийм ёс зүйгүй төрийн албан хаагчдад арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн санал гомдол гаргасан. 2017 оны 11 сараас хойш Засаг дарга Р.Төмөрчөдөр мэргэжилтэн Ц.Энхтүвшинг ажлаас халах талаар удаа дараа үүрэг өгч байсны дээр утсаар ярьж байсан. 2017 оны 01 сарын 06-ны өдрийн сумын Засаг даргын 16 дугаартай албан тоотоор 4 үндэслэл зааж 01 сарын 09-ний өдрийн дотор үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай албан бичиг ирүүлсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас мэргэжилтэн Ц.Энхтүвшинг ажлаас нь халсан шийдвэр гаргасан үнэн билээ” гэжээ.

       Гуравдагч этгээд Н.Хишигтогтох шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Намдаг овогтой Хишигтогтох миний бие нь 2012 онд Улаангом сумын цогцолбор 2-р ахлах сургууль төгсөж ХААИС-д элсэн орж суралцаж байх хугацаандаа 2014.04.17-ны өдрөөс эхлэн ХААИС-ын багш Энхманлай, МЭ-н хүрээлэнгийн мэргэжилтэн Цолмонбаатар тэргүүтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй “Үржлийн шилмэл сүрэг хоршоо” байгуулж Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймгуудад зохиомол хээлтүүлэг болон малын үүлдэр угсааг сайжруулах, үржлийн цөм сүрэг бүрдүүлж төсөл хөтөлбөрийн багтай хамтран ажилласан бөгөөд малын удмын сангаар цогц ойлголттой болж цаашид ажиллахад туршлагатай болсон билээ. Суралцах хугацаандаа богинын ба уртын дадлагын ажлыг Малын удмын сангийн төв лабораторт хийж хонины зохиомол хээлтүүлгийн ажлыг гардан зохион байгуулж ХХААХҮЯ МУСҮТ-өөс “Хүндэт тэмдэг” өргөмжлөлөөр шагнагдсан. Мөн Хэнтий аймгийн үржлийн цөм сүрэгт дагалдан мэргэжилтнээр жил гаруй ажилласан туршлагатай бөгөөд 2016.05.06 ХААИС-г бакалаврын зэрэгтэй төгсөж магистрт шалгалтгүйгээр шууд элсэн суралцах “Эрхийн бичиг”-ээр шагнагдсан амжилттайгаар уг сургуулиа төгссөн билээ. Цаашид сум орон нутагтаа ажиллаж сумынхаа малын ашиг шим, эрүүл ахуй, үүлдэр угсааг сайжруулах хүсэл зорилготой байсан тул 2016 оны 6 сард Өмнөговь сумын ЗДТГ-т төрийн албан хаагчийн анкет бөглөж, сумын Засаг дарга Р.Төмөрчөдөрт ажилласан туршлага болон бусад суралцаж байх хугацаандаа гаргасан амжилтуудынхаа талаар танилцуулсан болно. Ингээд 2017.03.13 өдрөөс Өмнөговь сумын ЗДТГ-т МЭХАБХМ-ээр түр томилогдон  ажиллаж байна” гэжээ.

      Хариуцагч Өмнөговь сумын Засаг даргын тамгын газрын дарга З.Зориг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ” Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна”  гэжээ.

    Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

      Гуравдагч этгээд Н.Хишигтогтох шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Надад ямар нэгэн санал байхгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин тус шүүхэд “Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр шаардлагыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

     Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газрын дарга З.Зориг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь хуульд харшлаагүй байна.

     Энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Н.Хишигтогтох нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар Өмнөговь сумын ЗДТГ-ын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан ажлын байранд төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцсэн иргэн ирэх хүртэлх хугацаанд түр томилогдсон байна.

       Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсний үр дагаврыг мөн шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Өмнөговь сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн Ц.Энхтүвшингээс ирүүлсэн “Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Өмнөговь сумын Засаг даргын тамгын газрын дарга З.Зориг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Ц.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох 124/2017/0025/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхтүвшингээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ОЮУНГЭРЭЛ