| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/01527/И |
| Дугаар | 210/МА2025/00186 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00186
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04645 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
14,450,718 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2023 оны 03 сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* ХХК-д бэлэн бүтээгдэхүүний няравын албан тушаалд ажилласан.
1.2. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар бэлэн бүтээгдэхүүний нярав нь 1. Импортоор болон өөрийн үйлдвэрээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг анхан шатны баримтын дагуу бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах; 2. Үйлдвэрээс гарсан гологдол бэлэн бүтээгдэхүүнийг баримтын дагуу олгож, тогтоосон үнийн тушаалын дагуу борлуулж, борлуулалтын орлогыг кассын няравт тушаах; 3. Ачилт, зарлагын падаан, DIP болон шаардах хуудсын дагуу холбогдох ажилтанд бэлэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх; 4. Тогтоосон хугацаанд тооллогыг хариуцсан нягтлан бодогчтой хамтран хийж, тайлан бэлтгэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.3. Бэлэн бүтээгдэхүүний нярав ажил олгогчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь *******тай байгуулсан 2023 оны 03 сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-нд тухайн ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай зохицуулсан.
1.4. Энэхүү гэрээний 7.3 дахь хэсэгт ... гэрээний үйлчлэх хугацаанд болон гэрээг цуцлах үед ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгууллагаас олгосон эд хөрөнгийг үрэгдүүлж гэмтээн ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээж, хохирлыг төлж барагдуулан компанийг хохиролгүй болгоно гэж заасан.
1.5. ******* нь дээр дурдсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 сарын 30-ны өдрийн хооронд 2,525,420 төгрөг, 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 7,507,020 төгрөг, нийт 10,032,440 төгрөгийн үнэ бүхий бэлэн бүтээгдэхүүнийг дутаасан.
1.6. Мөн компанийн дотоод ажилчдад худалдан борлуулдаг ундааны 3,653,100 төгрөгийн орлогыг хувийн дансандаа авсан бөгөөд компанийн данс руу шилжүүлээгүй. Дээрх нөхцөл байдал тус компанийн бэлэн бүтээгдэхүүний тооцооллын задаргаа болон тооллогын хуудсаар хариуцагчаас нийт 13,585,540 төгрөгийн авлагатай болох нь тогтоогдсон. Иймд *******ын гарт олгох цалин 1,304,122 төгрөгийг авлагаас хассан тул үлдэгдэл 12,381,418 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 2,069,300 төгрөгөөр нэмэгдүүлж байх тул нийт 14,450,718 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Агуулахын бүрэн бүтэн байдал болон бараа материалын дутагдалгүй хадгалах, хамгаалах нөхцөл хангалтгүй. Бараа материалыг миний бие хариуцдаг боловч агуулахад өөр агуулахын бараа хамт хадгалдаг тул агуулах түгжээд явах боломжгүй, өдөр цайны цаг, хагас бүтэн сайн, амралтын өдрөөр амарч байхад агуулах онгойлгож бараа материал оруулж гаргах хөдөлгөөн их хийгддэг. Түүнчлэн эд хариуцагч болох намайг амарч байх хугацаанд миний хяналтгүй бараа шилжилт хөдөлгөөн хийдэг байсан. Уг асуудлыг удаа дараа агуулахын санхүүгийн ахлах н.*******ид мэдэгдсэн боловч арга хэмжээ авч өгөөгүй.
2.2. Мөн нягтлан, нярав нь 1 программ хэрэглэдэггүй нягтлангууд санхүүгийн Diamond программ ашигладаг ч нярвууд зүгээр л Excel программ дээр бараагаа шивдэг. Шивсэн барааны орлого, зарлагыг эд хариуцагч надаас гадна Агуулах-1 нярав, нягтлан, агуулахын менежер, IT-******* гэх мэт 4-өөс дээш хүн засах боломжтой байдаг. Түүнчлэн агуулахаас түгээлтэнд гарч буй барааны баримтыг хэвлэж өгдөг ажилтан нь хүний нөөцийн арын хаалгаар чадваргүй хүн авснаас 1 ажилтны падааныг давхар хэвлэх алдааг удаа дараа гаргаж байсан. Энэ нь эд материал дутах үндэслэл юм.
2.3. ******* ХХК санхүүгийн албаны ажилчдад худалдан борлуулдаг ундааг тооллого хийж 3,000,000-4,000,000 төгрөгийн бараа дутуу байгааг тоолж баримтаар өгсөн боловч арга хэмжээ авч өгөөгүй бөгөөд эд хариуцагч надад албан ёсоор тооллого хийж хүлээлгэж өгөөгүй. Эд хариуцагч миний бие хувийн дансаар авсан орлогыг компани руу шилжүүлье гэдэг ч дансаар авдаггүй зөвхөн кассаар дамжуулж бэлэн мөнгөөр авдаг гэсэн тул компаний кассаар дамжуулан тушаадаг байсан. Энэ талаар тухай бүр Ерөнхий нягтлан болон н.******* нягтланд хэлж мэдэгдэж байсан.
2.4. Манай агуулахын нийт 4 ажилтан илүү цаг нэмэгдэл өгөлгүй оройгоор ажиллуулдаг үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас 2023 оны 05 сарын 04-ний өдөр удирдлагаас дуудан өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гар гэсэн ёс зүйгүй шаардлага тавьсан тул ажлаас чөлөөлөх өргөдлөө өгч, ажлаа хүлээлцэхээр нягтлангуудын хамт тооллого хийсэн. Тооллого хийсэн хуудсыг нэг хувь үйлдсэн ба надад хяналт тавих боломж олгоогүй, тооллогын хуудсан дээр гарын үсэг зуруулаагүй. Миний бие тооллогын хуудсыг өөрчилж өөр хуудсан дээр хуулсан явдалтай санал нийлэхгүй байгаа тул тооллогын хуудсан дээр гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 14,450,718 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэпгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,053 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ******* нь Ажлын байрны тодорхойлолт-д заасан үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүлээн авсан бүтээгдэхүүнээс нийт 10,032,440 төгрөгийн үнэ бүхий бэлэн бүтээгдэхүүнийг дутаасан.
4.2. Мөн 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 05-ны өдрийн хугацаанд компанийн дотоод ажилчдад худалдан борлуулдаг нийт 7,555,400 төгрөгийн режект ундааг хүлээн авснаас 2023 оны 04 сарын 12-ны өдөр 385,000 төгрөг, 2023 оны 04 сарын 19-ний өдөр 268,000 төгрөг, 2023 оны 04 сарын 27-ны өдөр 1,180,000 төгрөг, нийт 1,833,000 төгрөгийг бэлнээр тус компанийн кассын няравт тушааж, 5,722,400 төгрөг үлдсэн. Ийнхүү нийт 15,754,840 төгрөгөөс хариуцагч *******ын гарт олгох цалин 1,304,122 төгрөгийг хассан тул ******* нь тус компанид нийт 14,450,718 төгрөгийн бэлэн бүтээгдэхүүнийг дутуу хүлээлгэж өгсөн. Эдгээр үйл баримт нь хэрэгт цугларсан баримтуудаар тус тус нотлогдсон.
4.3. ******* ХХК нь хариуцагчтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г үндэслэж, уг гэрээний хавсралт болох Ажлын байрны тодорхойлолт-д заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй нь холбоотойгоор тухай бүр бэлэн бүтээгдэхүүнийг хариуцагчид шилжүүлж байсан. Хариуцагч нь 2023 оны 05 сарын 05-ны өдөр Агуулах 2-т хийсэн тооллогоос хойш ажилдаа эргэж ирээгүйн улмаас талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д тус тус заасны дагуу дээрх 14,450,718 төгрөгийн үнэ бүхий бэлэн бүтээгдэхүүнийг ******* ХХК-д буцаан өгөх үүрэгтэй байсан ч уг үүргээ биелүүлээгүй.
4.4. Иймд нэгдүгээрт, талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон; хоёрдугаарт, ******* ХХК нь хариуцагчид эрхэлсэн ажил үүрэгтэй нь холбогдуулан тухай бүр бэлэн бүтээгдэхүүнийг баримтын дагуу хүлээлгэн өгсөн /энэ талаар талууд маргаагүй/ тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасны дагуу дээрх хөрөнгийг хариуцагч *******ас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
4.5. Хариуцагч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй ажил үүргээ орхиж явсны улмаас ******* ХХК-д нийт 14,450,718 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу дээрх хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
4.6. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч тал намайг өөрийн хүсэлтээр ажлаа хаяж явсан гэж байна. Ажлын цаг 17 цагт дуусах ёстой. Гэтэл 2023 оны 05 сарын 04-ний өдөр оройн 19 цаг хүртэл ажилласан. Гэвч 19 цагаас контейнер бууна, илүү цагаар ажилла гэхэд тухайн үед ажиллаж байсан хүмүүс ... илүү цагаар ажиллахгүй гээд оройн 19 цагт тарцгаасан. Маргааш өглөө ажилдаа ирэхэд хүний нөөцөөс ... яагаад өчигдөр орой илүү цагаар ажиллаагүй вэ гэхэд би ... илүү цагаар ажиллаа гээд илүү цагаар ажилласан цалин өгдөггүй учраас ажиллаагүй гэж хэлэхэд ... тэгвэл өөрийн хүсэлтээр өргөдлөө бичээд ажлаасаа гар гэсний дагуу надтай хамт нийт 4 хүн ажлаас гарах өргөдлөө бичсэн.
5.2. Тухайн өдрийн өглөө 9 цагаас оройн 17 цаг хүртэл агуулахын барааг тоолж дуусаад тооллогын хуудаст гарын үсэг зурах гэтэл нягтлан бодогч оффис руу орж шалгах зүйл байна гээд тооллогын хуудсыг аваад явчихсан. Би тооллогын хуудаст гарын үсэг гарын үсэг зурах гээд цаг орчим хүлээгээд нягтлангаасаа ... болж байна уу гэж асуухад ... арай болоогүй байна гэж хэлсэн. Ингээд хэсэг хүлээлгэж байгаад хүний нөөцийн ажилтан тооллогын хуудаст гарын үсэг зуруулах гэхэд надад сэжигтэй санагдсан.
5.3. Агуулахын барааг тоолж дууссаны дараа тооллогын хуудсыг өөрчлөхгүйгээр шууд гарын үсэг зуруулах ёстой. Гэтэл миний тооллогын хуудсыг нягтлан бодогч авч яваад өөр цаасан дээр хуулж бичсэн байсан. Үүнээс үүдэн би тооллогын хуудаст гарын үсэг зурахаас татгалзсан. 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ажилчдад зардаг режект 2023 оны 05 сарын 05-ны өдөр бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд нэг ширхэг ч ундаа тоолж хүлээж авсан талаарх баримт байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 14,450,718 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2,069,300 төгрөгөөр багасгасан бол хариуцагч нь нэхэмжлэлээс 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны бараа бүтээгдэхүүний дутагдал 2,525,420 төгрөгийг зөвшөөрсөн байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 03 сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* нь нэхэмжлэгч байгууллагад 2023 оны 03 сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нярав-ын албан тушаалд ажилласан үйл баримтыг зөв тогтоосон байна.
4. Нэхэмжлэгч байгууллага нь ... 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг хүртэл хугацааны дутаасан бараа бүтээгдэхүүний үнэ 7,507,020 төгрөг, компанийн дотоод ажилчдад худалдан борлуулсан ундааны мөнгө 2,348,978 төгрөгийг хувийн дансаараа авч, байгууллагад тушаагаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч нь ... 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны бараа бүтээгдэхүүний дутагдал 2,525,420 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин 2023 оны 05 сарын 05-ны өдрийн тооллогын дахин хуулбарлан засварласан тул зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.
5. Анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийг буруу тайлбарлан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тусад нь байгуулаагүй тул шаардах эрхгүй гэсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тохиролцсон гэсэн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтантай ажил олгогч харилцан тохиролцож, тухайн ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.3 дахь хэсэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг тохиролцсон гэж үзэх тул нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй.
6. Анхан шатны шүүх ... 2023.05.01-2023.05.05-ны өдрийн хооронд 480,236 ширхэг байхаас 475,415 гарсан, 5,696 бэлэн бүтээгдэхүүн дутаж, 875 ширхэг бараа илүүдсэн, 2023.04.01-2023.05.04-ний өдрийн хооронд режект/reject/ ундааг хүлээлгэн өгсөн баримтаар, агуулахад байгаа режест/reject/ ундаа дутсан, хариуцагч нь Агуулах №2 тооллого-ын хуудас 2023.05.05 гэх баримтад гарын үсэг зурахаас татгалзаж, ажлаа орхин явсан зэрэг үйл баримтаар хариуцагч нь нийт 14,450,718 төгрөгийн бэлэн бүтээгдэхүүнийг дутуу хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байна гэсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно. гэж заажээ.
Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтаны гэм бурууг эрх бүхий байгууллага болон дотоод хяналт шалгалтаар тогтоосон байхыг шаардах ба аливаа хохирол учруулсан тохиолдолд хэний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан болохыг урьдчилан тогтоосон байхыг шаардана.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч *******ын эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, мөн дотоод хяналт шалгалтаар тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
6.2. Нэхэмжлэгч талаас шүүхэд 2023 оны 05 сарын 05-ны өдрийн Агуулах №2-ын тооллогын хуудас баримтыг нэхэмжлэлийг нотлох зорилгоор гаргасан ба уг баримтын огноо, болон зарим бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ засвартай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.
6.3. Нэхэмжлэгч байгууллага нь эд хөрөнгийн хохирлын хэмжээ болон *******ын гэм бурууг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэсэн зохицуулалт нь шаардах эрхийг тодорхойлохгүй.
Харин, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т зааснаар ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
8. Хариуцагч *******ын зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2,525,420 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04645 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******ас 2,525,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,925,298 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 55,357 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
С.ЭНХБАЯР