Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00188

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/04816 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

54,425,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******, ******* бид хоёр 2013 онд танилцаж, 2014 оноос хойш хамтран амьдарсан. Бидний хамт амьдрах хугацаанд хүү ******* 2016 оны 07 сарын 05-ны өдөр, хүү ******* 2020 оны 02 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод тус тус төрсөн. 2022 оны 7 сараас хойш таарч тохирохгүй тусдаа амьдрах болсон ба 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/01377 дугаар шийдвэрээр хүүхдүүдийн асрамжийг өөрт үлдээж, *******оос cap бүр тэжээн тэтгүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон.

1.2. Хамт амьдарч байх хугацаандаа ******* ХХК-тай 2022 оны 02 сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний ээж *******гийн өмчлөлийн, *******байр, ******* тоот орон сууцыг барьцаалсан. Тухайн үед ******* бизнес эрхлэх зорилгоор уг зээлийг авахуулсан.

1.3. Тусдаа амьдарснаас хойш уг зээлийг ******* сайн дураараа төлж байсан боловч 2024 оноос эхлэн зээл төлбөрийг төлөхгүй хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. ******* ХХК-аас 2024 оны 01 сараас зээлийн төлбөрийг төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргалаа, байрыг чинь битүүмжлэн хураана гэсэн тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн, *******байр, ******* тоот орон сууцыг худалдан борлуулж, зээлийг бүрэн төлж дуусгасан.

1.4. ******* нь ******* ХХК-аас зээлсэн 45,000,000 төгрөгөөр том оврын автомашин авсан бөгөөд, уг автомашиныг түрээслэн орлого олдог болсон. *******ийн хувиа хичээсэн хариуцлагагүй байдлын улмаас бид орох оронгүй болж зээлээс зээлийн хооронд өр төлж, эрүүл мэнд болоод сэтгэл санаагаараа хохирч амьдарч байна.

1.5. Дээрх зээлийн гэрээний дагуу авсан мөнгөн хөрөнгийг *******т шилжүүлсэн бөгөөд дансны хуулгаар нийт 54,425,800 төгрөг өгсөн болох нь нотлогддог. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 54,425,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын 20,301,698 төгрөгөөс татгалзаж байгаа тул хариуцагчаас 43,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******аас 3 удаагийн үйлдлээр 43,150,000 төгрөгийг аваагүй. *******наас *******, ******* хоёр зээл авсан. С.Ганзориг нь *******ын дансаар зээлийг төлж байсан нь дансны хуулгаар нотлогдох болно.

2.2. Чиргүүлний мөнгөөр ******* нь машин авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 43,150,800/дөчин гурван сая нэг зуун тавин мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан нэхэмжпэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан 20,301,698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 430,079 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Нэхэмжлэгч ******* .... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн үндэслэл шаардлагаа нотлохоор *******, ******* нарын *******наас зээл авсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, барьцааны зүйл болох орон сууцыг худалдан борлуулсан Худалдах, худалдан авах гэрээ, *******ны зээлийг орон сууц худалдсаны дараа хаасан болох нь зээлийн дансны хуулга, *******, ******* нар нь зээл авсан мөнгөн хөрөнгөөр том оврын машин авсан болох нь гэрчийн мэдүүлэг, ******* уг том оврын машиндаа чиргүүл авахаар *******ын дүү *******ээс 45,000,000 төгрөг шилжүүлэн авсан дансны хуулга зэргийг гаргаж өгсөн ба уг баримтуудаар нотлогддог.

4.2. ******* нь *******аар *******наас бизнесийн зээл авахуулсны дараа буюу 3-4 сарын дараа гэр бүлийн маргаан үүсгэж, *******т гар хүрч, гэр бүлийн харилцаагаа тасалж, уг зээлийн төлбөрийг төлөхөө болсноор ******* нь өөрийн орон сууцаа бусдад худалдан борлуулж, уг зээлийн төлбөрийг төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар ******* нь 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш ээж ******* болон 3 хүүхдээ дагуулаад түрээсийн байранд амьдарч байна.

4.3. Анхан шатны шүүх ******* нь *******ын данс руу /зээл/ гэх агуулгаар ... нийт нийт 22,806,000 төгрөгийг *******ийн дансны хуулгаар нотлогдож байна гэж дүгнэхдээ 2022 оны 12 сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэлх цаг хугацааны дансны хуулгыг хамруулан дүгнэсэн. Гэтэл *******, ******* нар нь *******наас 2022 оны 02 сарын 17-ны өдөр зээл авсан.

4.4. *******наас 45,000,000 төгрөгийн зээл аваад cap бүр 1,678,637 төгрөг төлөхөөр байхад ******* нь cap бүр уг мөнгөн дүнгээ ч төлөхгүй зарим cap огт зээл, хүүгийн төлөлт хийхгүй, зарим сард 600,000 төгрөг, сард 736,000 төгрөг гэх байдлаар төлж банкинд асуудал үүсгэж байсан болох нь *******ийн дансны хуулгаар нотлогдож байгаа. Ийм нөхцөл байдал байсан учраас арга буюу ******* барьцаа хөрөнгө болох орон сууцыг худалдан борлуулсан. Энэ нөхцөл байдлын ард *******гийн эрх ашиг маш их хөндөгдөж байгаа.

4.5. Анхан шатны шүүх ... 2022 оны 05 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг /lexus ее abaarai/ гэх агуулгаар тус тус шилжүүлсэн болох *******ийн дансны хуулгаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

4.6. Уг 25,000,000 төгрөгийн асуудал тусдаа яригдах бөгөөд Лексус/lexus/ гэх автомашиныг мөн л банкны зээлээр авч байсан, мөнгөний эх үүсвэр нь *******наас авсан 45,000,000 төгрөгийн зээлд хамааралгүй тусдаа асуудал гэдгийг шүүх хуралдаан дээр тодруулсан бол манай зүгээс баримт гаргаж маргах байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн байдлаар тодруулаагүй байж, хэрэгт хамааралтай мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

4.7. Дээрхээс дүгнэвэл талуудын хэн аль нь *******наас зээл авсан талаар маргаагүй, уг зээлийн мөнгөн хөрөнгөөр ******* нь том оврын автомашин авсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа, уг зээлийг төлөх төлөлтөөс эхлээд талуудын хооронд маргаан үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай талаар удаа дараа хэлж байсан. Тухай бүрт ******* хариуцагч ******* руу шилжүүлсэн мөнгөө авмаар байгаа талаараа тайлбарладаг байсан.

5.2. Нэхэмжлэгч *******ийн данс руу мөнгө шилжүүлж байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн гэдэг боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй. *******наас зээл авсан талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар маргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 54,425,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 43,150,800 төгрөг болгож багасгасан.

3. Нэхэмжлэгч нь ... С.Ганзоригтой хамтын амьдралтай байх хугацаандаа ******* ХХК-аас 45,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хамтран зээлж авсан ба уг зээлийг *******т шилжүүлсэн. Миний бие зээлийг ээжтэйгээ хамтран өмчилдөг байрыг худалдан зарж төлсөн тул уг зээлийн төлбөр 43,150,800 төгрөгийг гаргуулна. гэж, хариуцагч нь ... *******аас 2022 оны 02 сарын 27-ны өдөр 13,860,000 төгрөг, 2022 оны 03 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 06-ны өдөр 14,290,800 төгрөг, нийт 43,150,800 төгрөгийг аваагүй. *******наас авсан зээлийг төлж байсан, төлөхдөө *******ын дансруу шилжүүлэн төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж тус тус тайлбарласан.

 

4. Анхан шатны шүүх зохигч талууд ******* ХХК-аас 45,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хамтран зээлж авсан үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Түүнчлэн, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч ******* нь хаасан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5.1. Нэхэмжлэгч талаас ******* ХХК-аас авсан зээлийн гэрээ, түүний эргэн төлөлтийн хуваарийг нотлох баримтаар гаргасан ба үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 15,430,943 төгрөг, нийт 60,430,943 төгрөг байна.

 

5.2. Анхан шатны шүүх хариуцагч *******оос *******т шилжүүлсэн мөнгийг гүйлгээний утгаар нь ялгасан атлаа зээлийн гэрээний үүргийг бүрэн дуусгавар болгосон агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

*******оос ... зээл ... гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тооцож үзэхэд нийт 21,306,000 төгрөг шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зохигчдыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх ба хамтран үүрэг гүйцэтгэгч нар зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцна.

 

5.3. Зээлийн гэрээний үүрэг 60,430,943 төгрөгийг тэнцүү хэмжээгээр үзэхэд нэг зээлдэгчид ногдох хэмжээ нь 30,215,471 төгрөг байна.

Хариуцагч *******ийн хариуцах үүрэг 30,215,471 төгрөгөөс төлсөн төлбөр 21,306,000 төгрөгийг хасаж тооцоход 8,909,471 төгрөг төлөх үүргийг хүлээнэ.

 

5.4. Зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч нь зээлийн төлөгдөөгүй хэсгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/04816 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******оос 8,909,471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,240,529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 430,079 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 157,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР