Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 123

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000340134 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын Баянхонгор аймгийн суманд төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, аав, ээж, ах дүүгийн хамт Б.Ж

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ж нь 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 15 нас 3 сар 07 хоногтой буюу 16 нас хүрээгүй иргэн П.Отэй Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутагт 2017 оны 06-07 сарын үед бэлгийн харьцаанд орж П.Оийг жирэмсэн болсны улмаас 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр П.О Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үр хөндүүлж арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2016 оны 05 дугаар сард цэргээс халагдаж ирэхэд 2016 оны намар манайх Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой 4 дүгээр багийн Жаргалант гэх газарт нутаглаж байхад П.Оийнх манайхтай саахалт, манай аавын төрсөн дүүгийн малыг малладаг байсан. Тэр үеэс П.О бид хоёр бие биенийгээ мэддэг болсон бөгөөд 2017 оноос эхэлж үерхсэн. Тэгээд бид хоёр үерхэж байгаад 2017 оны 10 дугаар сарын үеэс бид хоёр холбоогоо тасалсан ... П.О бид хоёр 2017 оны 06 дугаар сарын 07-ны үед байх тэдний гэрт нь 2-3 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Учир нь тухайн үед манайхны ургийн баяр болж байсан болохоор тухайн цаг хугацааг санаж байгаа юм. П.Оийн эцэг эхийг нь аймгийн төв явчихсан байхад гэрт нь бэлгийн харьцаанд орсон. Тэгэхдээ 2 удаад нь бэлгэвч хэрэглэсэн. Харин нэг удаад нь хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. Би П.Оийг үр хөндүүлсэн талаар мэдээгүй. Харин жирэмсэн болсоныг нь мэдсэн. 2017 оны 08 дугаар сарын үеэр санагдаж байна. П.Оийн ээж Мөнхцацрал над руу утсаар яриад П.О чамаас жирэмсэн болсон байна гэхээр нь би түүнд ямар нэгэн зүйл хэлээгүй. Мөн манай эцэг эхэд хэлсэн байсан. Тэгэхээр нь би дараа нь П.Отэй утсаар ярьсан чинь тэрээр би чамаас жирэмсэн болсон байсан, тэгээд чамаас айгаад хэлээгүй юм гэсэн. Бид хоёр бэлгийн харьцаанд ороход би 20 настай, П.О 16 настай байсан. Миний хувьд П.От ямар нэгэн хүч хэрэглээгүй. Бид хоёр үерхэж байсан болохоор сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 52- 54 /

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч П.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс би саахал айлын Б.Ж гэх залуутай үерхэж эхэлсэн. Тухайн үед манайх Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг Жаргантын гол гэх газар нутаглаж байсан бөгөөд Б.Жгийнх манайхтай саахалт нутаглаж байсан. Тэгээд бид хоёр жил гаран үерхсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Ж бид хоёр манай гэрт, эцэг эхийг эзэнгүй үед 1 удаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. Тэгээд би түүнээс хойш ойролцоогоор 14 хоногийн дараанаас хоол идэх гэсэн чинь дотор муухайраад байсан. Тэгтэл манай төрсөн эгч П.Эрдэнэсувд намайг жирэмсэн болсон байна гэж мэдсэн. Тэгээд түүнээс хойш 1 сар гарангийн дараа П. Эрдэнэсувд эгч ээжид хэлээд ээж мэдээд сургууль соёлоо төгсөөгүй, нас чинь бага байна гээд ээж бид хоёр ярилцаад аймгийн төвд ирж Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт үр хөндүүлсэн. Намайг үр хөндүүлэхэд эмч нь 09-10 хоногтой жирэмсэн болсон байна гэж хэлж байсан. Б.Ж бид хоёр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж үерхээд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр буюу яг нэг жилийн дараа 1 удаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. Тэр үед Б.Ж 21 настай, би өөрөө 15 настай байсан. Б.Ж нь надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй. Бид хоёр тухайн үед үерхэж байсан болохоор сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон.. намайг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 28-30/

Арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... П.Оийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үр хөндүүлсэнийг мэдэж байгаа. Манай охин П.О нь саахалт айлын Б.Ж гэх залуутай үерхдэг гэдгийг нь би мэддэг байсан. 2017 оны 08 дугаар сарын эхээр охин П.О нь хоол ундаа идэж уухгүй, ааш зан нь өөрчлөгдөөд, сарын тэмдэг нь ирэхгүй байгаа бололтой байхаар нь түүнийг жирэмсэн болсныг мэдсэн. Тэгээд охинтойгоо ярилцаад нас бага, сургууль соёлоо төгсөөгүй, эрт хүүхэд төрүүлээд яахав гээд үр хөндүүлсэн юм. Б.Ж гэх залуугаас жирэмсэн болсон. Түүнээс өөр хүнтэй уулзаж учирч байгаагүй. Тухайн үед хоорондоо үерхэж байсан болохоор бэлгийн харьцаанд орсон гэж ярьж байсан. Б.Жтэй би энэ талаар уулзаж ярилцаагүй. Тэрээр намайг хараад л зугтаачихдаг байсан. Б.Ж цэргийн алба хаагаад ирчихсэн байсан, манай охин П.О нь 15 настай байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 33-35 /

Гэрч Т.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн

 ... Би П.Оийн 250 дугаартай үр хөндөлтийн түүхтэй танилцлаа. П.О нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 09-10 долоо хоногтой жирэмсэн ирээд хүсээгүй жирэмсэлт, нөхөргүй, сурагч үр хөндүүлэх хүсэлтэй гээд үр хөндүүлсэн байна. Үр хөндөлтийг би хийсэн байна. Тухайн үед П.О нь үр хөндүүлэхдээ 15 настай байсан байна ... П.О нь сүүлийн сарын тэмдэг 2017 оны 06 дугаар сарын 20-нд ирсэн байх тул 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн хооронд жирэмсэн болсон гэж онолын хувьд үзнэ. Гэвч тухайн хүний сарын тэмдэгийн мөчлөгөөс хамаарч ойролцоогоор 3 хүртэл хоног наашаа, цаашаа хэлбэлзэх магадлалтай. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 148 дугаартай тушаалд 13 недель /13 долоо хоног/ хүртэл жирэмсэн хүн өөрөө хүсвэл эмнэлгийн үр хөндөлт хийлгэж болно гэж заасан байдаг. Тиймээс 13 недель /13 долоо хоног/ хүртэл жирэмсэн хүн өөрөө хүссэн тохиолдолд үр хөндөлтийг хийдэг ... гэх мэдүүлэг / хх-ийн 36-38

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, арван зургаан насанд хүрээгүй хохирогч П.Оийн иргэний үнэмлэхний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 20, 21/, арван зургаан насанд хүрээгүй хохирогч П.Оийн эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн баримтууд /хх-ийн 13-19/, шүүгдэгч Б.Жгийн нас тоолсон тэмдэглэл, иргэний мэдээлэл /хх-ийн 23-24, 25/, шүүгдэгч Б.Жгийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4-р багийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55, 60/, депозит дансны хуулгууд /хх-ийн 63-66/, шүүгдэгч Б.Жгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 69/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, арван зургаан насанд хүрээгүй хохирогч, түүнийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ж нь 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 15 нас 3 сар 07 хоногтой буюу 16 нас хүрээгүй иргэн П.Отэй Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутагт 2017 оны 06, 07 дугаар сарын үед бэлгийн харьцаанд орж П.Оийг жирэмсэн болгосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Ж нь 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 15 нас 3 сар 07 хоногтой буюу 16 нас хүрээгүй иргэн П.Отэй Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутагт 2017 оны 06, 07 сарын үед бэлгийн харьцаанд орж П.Оийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Жгийн ... П.О бид хоёр 2017 оны 06 дугаар сарын 07-ны үед байх тэдний гэрт нь 2-3 удаа бэлгийн харьцаанд орж байсан,....2 удаад нь бэлгэвч хэрэглэсэн., нэг удаад нь хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. Би П.Оийг үр хөндүүлсэн талаар мэдээгүй, жирэмсэн болсоныг нь мэдсэн,...П.От ямар нэгэн хүч хэрэглээгүй. Бид хоёр үерхэж байсан болохоор сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон ... гэх мэдүүлэг / ххийн 52- 54 /

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч П.Оийн ... 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Ж бид хоёр 1 удаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон ... Намайг үр хөндүүлэхэд эмч нь 09-10 хоногтой жирэмсэн болсон байна гэж хэлж байсан. Б.Ж бид хоёр эхэлж үерхээд нэг жилийн дараа 1 удаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. Б.Ж нь надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 28-30/

Арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхцацралын             ... П.О нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үр хөндүүлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 33-35 /

Гэрч Т.Цгийн ... П.О нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 09-10 долоо хоногтой жирэмсэн ирээд хүсээгүй жирэмсэлт, нөхөргүй, сурагч үр хөндүүлэх хүсэлтэй гээд үр хөндүүлсэн байна. Үр хөндөлтийг би хийсэн, П.О нь үр хөндүүлэхдээ 15 настай байсан байна... гэх мэдүүлэг / хх-ийн 36-38 / , нас тоолсон тэмдэглэл, үр хөндөлтийн түүх зэрэг бичгийн нтлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Жгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг жил, сар, хоног, цаг, минутаар тогтоох ба тухайн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 2018 оны 07дугаар сарын хооронд үйлдэгдсэн талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

 Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дуг аар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүхээс шүүгдэгч Б.Жг хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч П.О, түүний хуулийн ёсны төлөөлөгч П.Мөнхцацрал нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Жд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Жг хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Жг зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Жд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Жд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.