| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/01562/И |
| Дугаар | 210/МА2025/00119 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/00119
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/05536 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 465,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* дугаар байрны 706 тоот хаягт байршилтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тус хаягт оршин суудаг
1.2. 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 17-18 цагийн үед дээд давхрын 806 тоот айлын гал тогооны өрөөнд ус алдаж улмаар манай гэрийн гал тогооны болон ариун цэврийн өрөө, унтлагын өрөөний тааз, ханаар ус нэвчиж миний өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулсан.
1.3. Уг хохирлын хэмжээг тогтоолгохоор орон сууц хариуцсан контор болох ******* ******* ХХК-д хандаж техникийн комиссын дүгнэлтийг гаргуулсан ба дүгнэлтээр манай гэрийн том өрөө, унтлагын өрөө, 00-ын өрөөний тааз норсон, эмульс ховхорсон гэж тогтоож өгсөн.
1.4. Мөн ******* ******* ХХК-ийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн ДХХ-124-0043 дугаартай *******ний тайлангаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг 423,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь *******ний компаниар ******* гаргуулахдаа үйлчилгээний хөлсөнд 42,000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нараас нийт 465,900 төгрөгийг гаргуулж, надад олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга:
Ус алдсан үндэслэлгүй, өмгөөлөгч авч хэргийг шийдвэрлүүлнэ гэжээ.
3. Хариуцагч ******* хариу тайлбар гаргаагүй болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 465,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 14,627 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 13551 дугаар Хүсэлт шийдвэрлэж, хариуцагчийг солих тухай захирамжаар *******, ******* нарыг хариуцагчаар татсан хугацаанаас хойш анхан шатны шүүхээс 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 13:30 цагт *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласан.
5.3. Гэвч зохигчид уг шүүх хуралдаанд танхимаар оролцох гээд шүүхийн байранд ирсэн боловч хэрэг хуваарилагдсан шүүгчийн өмнөх шүүх хуралдаан үргэлжилж байгаа, товоор хойшилж байна гээд дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 10:00 цагт товлосон. Уг шүүх хуралдаан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа *******гийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаантай давхацсан. Шүүхээс *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2024 оны 10 сарын 29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдэж, баримтад гарын үсэг зуруулсан.
5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно., 25 дугаар зүйлийн 25.1.3-т ... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй гэж хуульчилсан. Шударга ёсны зарчмын дагуу эхэлж зарлагдсан шүүх хуралдаандаа суусан бөгөөд энэхүү хүсэлтээ дээрх хуульд заасны дагуу хэргийн материалд авагдсан хурал хойшлуулах хүсэлтээ нотлох баримтын хамт хавсаргаж *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гаргаж өгсөн байгаа. Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүй татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.5. Мөн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад яагаад хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийж чадаагүй байдаг.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд нийт 465,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ... ус алдсан үндэслэлгүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан, харин хариуцагч ******* нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хариу тайлбар ирүүлээгүй.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. 2023 оны 10 сарын 20-ны өдөр 806 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас 706 тоот орон сууцанд 423,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь ******* ******* ХХК-ийн техникийн комиссын дүгнэлт, ******* ******* ХХК-ийн *******ний тайлангаар тогтоогдсон;
3.2. ******* байр, 706 тоот орон сууцны өмчлөгч *******, мөн байрны 806 тоот орон сууцны өмчлөгч нь ******* бөгөөд уг орон сууцанд *******ын охин ******* амьдардаг байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... ус алдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан ... үйл баримтад маргаагүй. Харин хохирлын ******* маргааны зүйл болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирлын ******* тогтоолгох тухай хүсэлт гаргаж байгаагүй, мөн энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй тул анхан шатны шүүх ******* ******* ХХК-ийн *******ний тайланд дурдсан 423,900 төгрөгийн хэмжээгээр хохирлын *******г тогтоосон нь үндэслэлтэй байна.
Хариуцагч ******* нь ... ус алдсан үндэслэлгүй ... гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
5. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас 465,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгч гэм буруутай тул хохирлыг төлөх ёстой гэсэн дүгнэлтийг харгалзсан нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.8 дахь хэсэгт нийцсэн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зурахдаа өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан талаар мэдэгдээгүй байна.
Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/05536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР