| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/03401/И |
| Дугаар | 210/МА2025/00151 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/00151
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04650 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т хол*******ох,
Гэм хорын хохиролд 13,545,000 тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Даатгуулагч ******* нь 2023 оны 03 сарын 07-ны өдөр манай ******* ХХК-тай №230400-2959 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан Тоёота ланд круйзер/Toyota land cruiser/ 300 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан.
1.2. 2023 оны 04 сарын 29-ний өдөр насанд хүрээгүй иргэн ******* нь ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт даатгуулагч *******ийн эзэмшлийн ******* .улсын дугаартай хар өнгийн Тоёота ланд круйзер/Toyota land cruiser/ 300 маркийн автомашиныг иртэй зүйлээр тойруулан зурж гэмтээн хохирол учруулсан үйлдлийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 17.8.1-т зааснаар *******дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар *******г татан хууль ёсны төлөөлөгчөөр ээж *******ийг оролцуулан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 25 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
1.3. Даатгуулагч *******өд нийт 13,545,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хол*******ох байгууллагуудын баримтаар тогтоогдсон тул манай компанийн зүгээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар даатгуулагч *******өд учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлсөн.
1.4. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон Даатгалын гэрээнд заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй хол*******он гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг, мөн Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэсний дагуу гэм хорын хохирлыг буруутай этгээдийн хууль ёсны төлөөлөгч болох *******ээс 13,545,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Миний хүү ******* 2023 оны 04 сарын 29-ний өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зурж гэмтээсэн гэсэн асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудагдаж шалгагдсан.
2.2. Цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө хохирлын төлбөрийг дэндүү өндөр гаргуулсан байна, дараа нь Даатгалын компани манайхаас нэхэмжлэх юм бол би хүлээн зөвшөөрөхгүй, тэр зурсан зураас нь 13,000,000 төгрөг хүрэх хэмжээний зураас мөн үү үгүй юу би мэдэхгүй байна... гэж мэдүүлж байсан. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийлгэе гэж хүсэлт гаргаж байсан. Прокурорын шийдвэрийн дагуу хохирлыг дахин тогтоохоор шинжээч томилсон боловч 2023 оны 06 сарын 23-ны өдөр Үнэлгээний ******* ХХК-аас гэмтлээ зассан тул хохирлыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн гээд дахин үнэлгээ тогтоох боломжгүй гэж мэдэгдсэн.
2.3. Энэ хугацаанд тус машиныг зогсоол дээр байх үед нь бичлэг хийж авсан бөгөөд тус бичлэг зургийг нь засварын газар үзүүлэхэд машинаа аваад ир 1,5-2,0 сая төгрөг болно 1 деталь 100-250 мянган төгрөг орчимд засагдана гэж байсан. Өөрөөр хэлбэл машины гадна зурсан зураас нь машины их биеийн зурагдсан өнгөн давхаргаас шалтгаалан төлбөр мөнгө нь гарна гэж засварчид тайлбарлаж байсан.
2.4. Гэтэл ******* ХХК нь ******* ******* ХХК-тай даатгалын асуудлаар Хамтран ажиллах гэрээ байгуулан, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд давуу байдал олгон даатгалын тохиолдлыг хуульд нийцүүлэн шалгаж тогтоохгүйгээр буюу маргаантай асуудал эрүүгийн журмаар шалгаж дуусаагүй, автомашины хохирлын хэмжээ тодорхой болоогүй байхад даатгуулагч *******өд даатгалын нөхөн төлбөрийг төлсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
2.5. Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдолд тус нөхөн төлбөрийг өгөх ёстой эсэхийг нягталж шалгаагүй, ******* .улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч ******* нь машины сэв зураасыг бүтэн будгаар арилгана, үүнд 11,000,000 төгрөг зарцуулна гэсэн үнэлгээний тайланг үндэслэн даатгалын тохиолдлоор учирсан хохирлыг илт үндэслэлгүйгээр нэмэгдүүлж авсан бөгөөд түүнд хяналт тавих ёстой ******* ХХК зохих ёсоор Даатгалын тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүйгээр төлбөрийг даатгуулагчид төлснөөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
2.6. Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлын хэмжээг бууруулах боломжтой байгааг шүүх анхаарч өгнө үү. Бидний зүгээс 3,500,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга:
Нэхэмжлэлийн шаардлага өндөр байна. Хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 3,500,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийн хооронд нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох боломжтой байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 514 дүгээр зүйлийн 514.1,-д зааснаар хариуцагч *******ээс 6,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,440,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжпэгч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 225,675 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 117,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай уялдаа холбоогүй, хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судлахгүйгээр хэрэгт хамааралгүй хуулийн зүйл заалт сонгож буруу дүгнэлт гаргаж хохирлыг тогтоон багасгаж шийдвэрлэсэн байна.
5.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардсан 13,545,000 төгрөгийн хохирлын хэмжээг багасах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд ******* ******* ХХК-ийн үнэлгээний тайлангаас илүүтэйгээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 25 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдсон хохирлын хэмжээ болох 12,880,000 төгрөгийг бодитой гэж үзээд 12,880,000 төгрөгийн 50 хувь болох 6,440,000 төгрөгийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д хариуцан төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ гэжээ.
5.3. Энэхүү дүгнэлт огт үндэслэлгүй буруу дүгнэлт бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар өгсөн ******* ******* ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ бодит үнэлгээ биш буруу тайлан гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй байхад хохирлын үнэлгээ тогтоох эрх бүхий байгууллага биш Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 сарын 04-ний өдрийн дүгнэлтэнд бичигдсэн 12,880,000 төгрөгийг бодит үнэлгээ гэж тогтоосон нь ойлгомжгүй байна.
5.4. Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 50 хувиар багасаж байгаа нь үндэслэлгүй байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байхыг шаардаж байна. Харин даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдалд даатгуулагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Нөгөөтэйгүүр, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилждэг.
5.5. Гэтэл даатгагч буюу нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлсөн хэмжээгээр буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг шаардаж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дахь хэсгийг буруу тайлбарлаж, даатгалын нөхөн төлбөрийг 50 хувиар багасгаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04650 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Энэ хэрэг өмнө нь эрүүгийн журмаар шалгагдаж байснаараа бусад даатгалын хэргээс онцлогтой. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүх бүрэлдэхүүнтэйгээр, хол*******ох нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн.
6.2. Тодруулбал, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бүрэн дүүрэн нотлогдоогүй бөгөөд ийнхүү бүрэн нотлогдоогүй байх тохиолдолд хохирлын хэмжээ болох 13,000,000 төгрөгийг төлсөн гэж үздэг. Үүнийг хэрэгт авагдсан эрүүгийн шүүхийн журмаар гаргасан баримтуудаас харж болох бөгөөд тухайн хэрэгт миний бие өмгөөлөгчөөр оролцож байсан ба хэргийн гол үндэслэл болж буй ******* ******* ХХК-ийн хохирлын үнэлгээг тогтоосон нь үндэслэлгүй байна гэж дахин шинжээч томилсон боловч анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан ******* ХХК нь тухайн үнэлгээг дахин хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр дахин шинжээч томилох боломжгүй байсан.
6.3. Тиймээс энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тохиолдолд буюу эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий хохирлыг төлсөн байдаг. Гэтэл хохирлын хэмжээ гэх 11,300,000 төгрөг нь будагны ажлын хөлс байсан.
Түүнчлэн энэ хэрэг нь эрүүгийн журмаар удаан хугацааны турш ажиллагаа хийгдсэний үндсэн дээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Харин иргэний журмаар нөхцөл байдлыг тогтооё гэж нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй.
6.4. Бодит байдал дээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Учир нь тухайн хэрэг маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад буюу гэмт хэргийг шалгаж байгаа гэдгийг мэдсээр байж даатгалын нөхөн төлбөрийг өгч байгаа тохиолдол нь хохирогчийн буруутай үйлдэл байна гэж үзэж болохоор нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т хол*******уулан гэм хорын хохиролд 13,545,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... 4,000,000 төгрөгийг төлөх-ийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХХК нь *******тэй 2023 оны 03 сарын 07-ны өдөр 230400-2959 дугаар Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* .улсын дугаартай Тоёота ланд круйзер /Toyota land cruiser/ 300 маркийн автомашиныг 1 жилийн хугацаатай даатгуулж, даатгалын төлбөрийг төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгохоор харилцан тохиролцсон; /хх-16-18/
3.2. ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 04 сарын 29-ний өдөр иргэн *******ийн эзэмшлийн ******* .улсын дугаартай Тоёота ланд круйзер /Toyota land cruiser/ 300 маркийн автомашиныг ******* нь иртэй зүйлээр тойруулан зурж гэмтээн 13,510,000 төгрөгийн хохирол учруулсан;
3.3. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 25 дугаар Прокурорын тогтоолоор ******* нь ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон; /хх-175-176/
3.4. Нэхэмжлэгч байгууллага нь ******* ******* ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 13,510,000 төгрөг, угаалгын зардал 35,000 төгрөг, нийт 13,545,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 26-ны өдөр даатгуулагч *******өд даатгалын нөхөн төлбөрт төлсөн байна. /хх-14-15/
4. Нэхэмжлэгч нь Г.Чинтөгстэй 2023 оны 03 сарын 07-ны өдөр 230400-2959 дугаар Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 9.5-д зааснаар даатгуулагчид хохирлыг хууль буюу гэрээнд зааснаар нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс шаардаж байгаа нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгах тул 2013 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн одоо 11 настай *******гийн хууль ёсны төлөөлөгч *******ээс хохирол шаардаж байгаа нь үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
5. Анхан шатны шүүх хариуцагч *******ээс 6,440,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэхгүй.
6. Нэхэмжлэгч ******* ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 6,440,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст яллагдагч *******д хол*******ох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд бүрдүүлэх баримт бүрдээгүй байхад даатгалын нөхөн төлбөрийг *******өд олгосон нь Даатгалын гэрээний 6.14.4-д заасныг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас үнэлгээ дахин тогтоолгохоор ******* ХХК-ийг томилсон ба ******* ХХК-ийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 117/023 дугаар албан бичгээр ... ******* .улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувьд одоогийн байдлаар засварлагдсан, хохирлын биет байдалд үзлэг хийх боломжгүй байгаа тул тогтоолын дагуу үнэлгээ хийгдэх боломжгүй байна гэсэн хариуг өгчээ.
Хэрэв, нэхэмжлэгч байгууллага нь 2023 оны 05 сарын 26-ны өдөр даатгуулагч *******өд даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй байсан бол дахин үнэлгээ тогтоож, хохирлын хэмжээг тогтоолгох боломжтой байсан гэж үзнэ.
******* ХХК нь шаардах эрхийг шилжүүлэн авч, буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг шаардаж байгаа боловч даатгалын гэрээнд зааснаар цагдаагийн байгууллагад даатгалын тохиолдлыг шалгагдаж байхад даатгалын нөхөн төлбөрийг шилжүүлснээр даатгалын зүйлийн үнэлгээг тогтоох боломжийг хязгаарласан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
Түүнчлэн, анхан шатны шүүх ******* ******* ХХК-ийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн дүгнэлтэд дурдсан шууд ажлын хөлс 12,880,000 төгрөгөөр хохирлын үнэлгээг тооцсон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР