Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 124

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Өт холбогдох эрүүгийн 1814006570153 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт                                                                                                             

Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, Д.Ө

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 30-15 тоотод Д.Уыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Өын мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би хотоос Баянхонгор сумын 6 дугаар баг 30-15 тоотод байх гэртээ ирэхэд ээж надад танай эгч чинь үр хүүхдээ орхиод тэнээд гэртээ ирж хонохгүй яваад байх юм гэж хэлсэн. Тэр үед би эгч Д.Ут хандаж чи хөгшин хүүхэн байж болиоч битгий тэнээд бай гэхэд чамд хамаагүй чи гар зайл гэж хэлээд ширээн дээр байсан зүйлийг миний өөдөөс авч шидсэн, би эхээрээ тэжээлгэж олон жил явлаа мөрөөрөө яв гэж хэлэхэд намайг доромжилоод миний уур хүрч тэсэлгүй хоёр удаа хацарт нь алгадсан тэгээд би гарч явсан. Би баруун хацар орчимд гараараа хоёр удаа алгадсан мөн надаас зуурч зулгааж байхдаа гэрийн довжоо руу нүүрээрээ унасан тухайн үед надаас зуураад байхад нь би тавиулах гэж дагтарахад унасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 /

Хохирогч Д.Уын мөрдөн байцаалтад өгсөн

 … 2018 оны 11 сарын 14-ний өдөр би гэртээ байж байхад манай дүү Д.Ө гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд манай ээж дүүг согтуу байж машин уналаа гээд машиных нь түлхүүрийг авсан чинь ээжийг цохих гээд түлхүүрээ авна гээд дайраад байхаар нь би хажуу талаас нь чи согтуу байж ээжийгээ яах гээд байгаа гэхэд янхан банзал минь би чамайг алаад өгье гээд над руу дайрч байгаад намайг зодож эхэлсэн. Намайг зодож байхдаа нүүр, цээж гэдэс рүү зөндөөн өшиглөсөн намайг нилээн удаан зодсон...Хажуу талаас нь ээж салгах гээд дийлэхгүй байсан, над руу түлээний дөрвөлж авч шидээд үсдэж чирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /

Насанд хүрээгүй гэрч Э.Угийн мөрдөн байцаалтад өгсөн

...Д.Ө нь Д.Уын эгчийн толгой руу нь өшиглөөд хөл гар луу нь элэг рүү өшиглөөд бас гараараа цохиод байсан тэгээд зуухны таг аваад цохиж гэж байгаад буцаад газар тавьсан. Тэгээд Д.У эгчийн амнаас цус гараад байсан. Бас толгой дээр нь хөлөөрөө дэвсээд байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 29- 30/,

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн

1. Д.Уын бие тархи доргилт, 2 нүдний дээд зовхи, дух, хацар, бугалга, шуу, нуруунд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зовхи, дух, хамар, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 06-07 / зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 41/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 50-54/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 73/, шүүгдэгч Д.Өын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.03.22-ны өдрийн №2/230 тоот тодорхойлолт / хх-ийн 57 /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 58/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 30-15 тоотод Д.Уыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Д.Өын ... хоёр удаа хацарт нь алгадсан, мөн надаас зуурч зулгааж байхдаа гэрийн довжоо руу нүүрээрээ унасан тухайн үед надаас зуураад байхад нь би тавиулах гэж дугтарахад унасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 /

хохирогч Д.Уын       …намайг зодож байхдаа нүүр, цээж гэдэс рүү зөндөөн өшиглөсөн намайг нилээн удаан зодсон... над руу түлээний дөрвөлж авч шидээд үсдэж чирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 20- 22

насанд хүрээгүй гэрч Э.Угийн … Д.У эгчийн толгой руу нь өшиглөөд хөл гар луу нь элэг рүү өшиглөөд бас гараараа цохиод байсан, ..эгчийн амнаас цус гараад байсан, бас толгой дээр нь хөлөөрөө дэвсээд байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 702 дугаартай ... Д.Уын бие тархи доргилт, 2 нүдний дээд зовхи, дух, хацар, бугалга, шуу, нуруунд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зовхи, дух, хамар, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 06-07 /, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоодож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Өыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Өыг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Д.У нь Д.Өын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Ө нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ө нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.У... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 75/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Өыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Өын эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Өсхөбаяр буцаан олгож , шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Өыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Өт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Д.Өын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Өт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Өт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.