| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/01340/И |
| Дугаар | 210/МА2025/00152 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/00152
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04804 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,717,942 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК 2019 оны 01 сарын 15-ны өдөр №NC06/19/0028 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ******* ХХК болон ******* ******* хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай байгуулсан.
1.2. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь тус хотхоны орон сууц болон орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, цахилгаан, ариутгал, хог, лифт болон гаднах харуул хамгаалалт зэрэг үйлчилгээг хариуцах болсоноос гадна ******* ******* СӨХ-ийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон.
Дээрх үйл үйлчилгээтэй төлбөр, зардлыг орон сууц өмчлөгчдөөс авах төлүүлэн авах эрхийг мөн гэрээгээр олгосон.
1.3. ******* ******* хотхоны ******* дугаар байрны 505 тоот орон сууцны оршин суугч хариуцагч ******* нь 2019 оны 03 сарын 22-ны өдөр байр хүлээлгэн өгөх комиссын актаар байрыг хүлээн авсан байдаг.
1.4. Хариуцагч нь манай компанийн үзүүлсэн үйлчилгээний СӨХ-ны төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн байх тул 2022 оны 01 сараас 2024 оны 01 сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөр 2,717,942 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Манай гэр бүл 2019 оноос одоог хүртэл ******* ******* хотхонд оршин сууж байгаа бөгөөд ******* ХХК гэх байгууллага анх контор буюу ус дулаан хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж гарден ******* хотхонд байрладаг байсан бөгөөд албан ёсны нэр нь ашиглалтын өмнөх захиргаа гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан.
2.2. ******* ХХК гэж нэхэмжилж байгаа дүн нь зөвхөн конторын ус, дулааны төлбөр биш бөгөөд энэ дүнд мөн СӨХ-ны үйл ажиллагаа гэсэн төлбөр байгаа. Нэхэмжлэгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу ******* Сити хотхоны оршин суугчдын бүх нийтийн хурлаар байгуулагдаагүй.
Бидэнтэй ямар нэг СӨХ-тэй холбоотой гэрээ байгуулаагүй. СӨХ хэмээн нэхэмжилж байгаа төлбөрийг оршин суугчдын хурлаар батлаагүй.
2.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.2 дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 7.2.4 удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасан.
2.4. Гэвч ******* ХХК нь ямар ч хурал хийгээгүй байж СӨХ-ны үйл ажиллагаа явуулж буй мэт хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч *******ос сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,717,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58.437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хэдэн оноос шаардаж байгаа ньтодорхойгүй, ... 2,717,942 төгрөг СӨХ-ны мөнгө үү эсвэл ус, дулааны төлбөр эсэх нь тодорхойгүй, ... СӨХ-ноос эрх шилжүүлж авсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй ... гэсэнтэй санал нийлэхгүй байна.
4.2. Манай компанийн зүгээс сууц өмчлөгч *******д холбогдуулан 2019-2020 оны онд үүссэн СӨХ-ны төлбөр 2,717,942 төгрөгийн үлдэгдлийг 2022 оноос хойш хариуцагч төлөөгүй байсныг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд СӨХ-оос уг эрхийг шилжүүлэн авсан болох нь хэргийн авагдсан 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-нд зааснаар нотлогдож байгаа болно.
4.3. Түүнчлэн хариуцагч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Иймд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлтэй болох нь тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,717,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 01 сараас 2024 оны 01 сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,717,942 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019-2020 оны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гэж тайлбарласан байна.
Дээрх тайлбараас үзэхэд ******* ******* хотхоны ******* дугаар байрны 505 тоот орон сууцанд ногдох ямар хугацааны төлбөр шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.
3.2. Нэхэмжлэгч байгууллага нь зөвхөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал шаардаж байгаа эсэх, эсхүл цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөрийн хамт шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.
3.3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримтаар ******* ******* хотхоны ******* дугаар байрны 505 тоот орон сууцанд нэг сард ногдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын тооцоолол, түүний задаргаа хэрэгт авагдаагүй байгаагаас маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн хариу тайлбар дутуу бичигдсэн техник алдаа гаргасан болохыг дурдав.
5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04804 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,437 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР