Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч Н.А, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Н.А,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой,  Төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М овогт Б.Х нарт холбогдох эрүүгийн 19200001440091 тоот хэргийг 2019 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь Н.А-той бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б караокены гадаа Б.Б-тэй маргалдаж улмаар зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.А нь  Б.Х-тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б караокены гадаа Б.Б-тэй маргалдаж улмаар зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч байсан. Уг мэдүүлэг үнэн зөв. Б-н бие гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 640,450 төгрөгийг өнөөдөр төлж барагдуулсан...“ гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...”  гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 05 дугаар сарын 19-ний 23 цагийн үед Дорноговь аймгин Замын-Үүд сумын Сүлд багт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй караокед очсон. Тэнд манай дүү ажилладаг болохоор хамт жоохон байх гэж очсон. Ингээд жоохон дуулж 2 лааз пиво уусан. Тэгээд 01 цагийн үед дүүтэйгээ гадаа гарсан ба гадаа Х, А, 2 үл таних эрэгтэй хүнтэй маргаад зогсож байсан. Би дүүтэйгээ зүгээр зогсож байтал Х юун хэрэгт дуртай юм бэ, юугаа хараад байгаа юм бэ, чи илүү ш дээ энэ тэр гээд над руу хэлээд нэг удаа алгадаад авсан. Би яагаад байгаа юм бэ гээд Х-г түлхсэн чинь хажуунаас А миний толгой руу гараараа нэг удаа цохиод үсдээд доош дарсан. Тэгтэл Х намайг бас толгой руу цохиод А-той нийлж үсдээд газар унагаасан. Тэгж байхдаа Х миний толгой руу цохиж өшиглөх зэрэг үйлдлийг маш олон удаа хийсэн. Би зөрүүлээд А-г үсдсэн. Энэ үед бид гурвыг салгах гэж манай дүү М, Х, А хоёрын найз Г нар оролдоод дийлэхгүй байсан. Тэгтэл хамгаалагч нар ирж салгасан. Би салчихаад кароакед ороод хувцасаа янзалж байтал гаднаас Х орж ирээд над руу нэг агсарч чи хууль мэдэх үү энэ тэр гэж хэрүүл өдөж байгаад намайг дахиад нэг удаа алгадсан. Бас хамгаалагч нар Х-г салгаад аваад гарсан. Энэний дараа цагдаа нар ирээд бид нарыг цагдаа руу авч явсан. Х, А 2 яагаад намайг зодсоныг ойлгохгүй байна. Би тэр хоёртой караокед ч байхад гадаа ч байхад нэг ч зүйл яриагүй. Хэлж байгаагаар нь хүнтэй маргаж байхад нь хажуугаас нь хэрэгт дурлаад яриаг нь сонсоод байна гэж л зодсон юм шиг байгаа юм. Би тэдний хэрүүлийг ердөө сонссоогүй. Маргалдаад хэрэлдээд л байсан. Тэр үед Х, А нар согтуу байсан. Тийм ч болоод эрүүлжүүлэхэд орсон. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулна.Толгой бага зэрэг хөндүүртэй байгаа. Ер нь толгой өвдөөд байгаа. Би зодуулснаасаа болоод эмчилгээнд ойролцоогоор 600,000 орчим төгрөгийг зарцуулаад байгаа. Энэ мөнгөө Х, А нараас гаргуулах хүсэлтэй байгаа. Би баримтуудаа нэгтгэж байгаад авчирч өгч хэрэгт хавсаргуулна. Намайг зодчихоод Х, А хоёр надтай уулзаагүй. Цагдаа дээр байхдаа Х нь чи мөнгөнөөс болоод ингээд байгаа биздээ гэж байна лээ... Хохирол 640,500 төгрөг өгсөн. Би Г салонд маникур хийдэг түрээс төлж суудаг энэ хэргээс болж би 9 хоног ажлаа хийж чадаагүй өдөрт дунджаар 50,000 төгрөг олдог 450,000 төгрөгийг нэхэмжилж байна... Хэрвээ гаргах боломж байхгүй гэвэл иргэний журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэж өгнө үү...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Замын-үүдийн ‘’Б ” караокед зөөгчийн ажил хийдэг. 2019 оны 05 дугаар сарын 19-нд мөн ажлаа хийгээд байж байхад манай үеэл Б 23 цагийн үед ирж суусан. Х, А нар 21 цаг өнгөрч байхад манайд бас орж ирж үйчлүүлсэн. 01 цагийн үед Х гар утсаа барменд үлдээгээд  маргааш ирээд авчихъя гээд гарсан байсан. Би тэр үед үеэл Б-тэй гадаа гарч салхилсан. Караокены хажууд хашаан дотор Б бид хоёр тамхи татаад зогсож байхад хажууд Х, А нар танихгүй 2 залуутай маргаад согтуурхаад байсан. Тэгээд Б бид хоёрыг зүгээр зогсож байтал Х ирснээ юу хийгээд зогсож байгаа юм бэ гээд шууд Б-г шууд алгадаж үсдээд эхэлсэн. Х бас давхар Б-г үсдээд тэр хоёр доороо хийгээд газар унасан. Би Г-н хамт салгах гээд чадахгүй байсан. А Б-г үсдээд дарчихсан байхад Х босож байгаад тойрч ирээд Б-н нүүр лүү өшиглөөд байсан. Арай гэж салгаад босготол Х дахиж ирээд Б-г татаад газар унагасан. Энэ үед хамгаалагч нар ирж салгасан. Б тэднээс салаад кароакед байж байтал Х орж ирээд хэрүүл өдөж сүүлдээ дахиад Б-н нүүрэнд нэгээс хоёр удаа цохиод авсан. Бас хамгаалагч нар орж салгаад цагдаа руу авч явсан. Х, А хоёр яагаад Б рүү дайрч зодсоныг ойлгоогүй. Ямар ч шалтгаангүйгээр Б-г зодсон. Тэд хоорондоо огт харьцаагүй, үг ч солиогүй байсан. Тэгтэл Б рүү дайраад зодоод эхэлсэн. Камерийн бичлэг дээр тод харагдаж байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

2019 оны 05 сарын 20-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-33/,

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг компьютер томографийн кабинет шинжилгээ /хх-34/,

Б.Б гэж хаягласан Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн35-37/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн “1. Б.Б-н биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун хөхний дээд хэсгийн ус хуралт, толгойн баруун чамархай, дух, баруун, зүүн нүдний зовхи зөөлөн эдийн хаван хавдартай, хамрын нуруу, эрүү, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/0276 тоот дүгнэлт /хх-ийн 38-39/,

Шүүгдэгч Б.Х-г 2019 оны 05 сарын 20-ны өдөр эрүүлжүүлсэн тухай “эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл” /хх-ийн 58/,

Шүүгдэгч Н.А-г 2019 оны 05 сарын 20-ны өдөр эрүүлжүүлсэн тухай “эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл” /хх-ийн 75/,

Шүүгдэгч Б.Х нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 65/,

Шүүгдэгч Н.А нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 77/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Б.Х, Н.А нар нь 2019 оны 05 сарын 19-нөөс 20-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б караокены гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-г гадаа тамхи татаад байж байхад нь алгадаж үснээс нь зулгааж, нүүр лүү нь өшиглөсөн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Х, Н.А нарыг бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б караокены гадаа Б.Б-тэй маргалдаж улмаар зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Х, Н.А нар нь бүлэглэн Б.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нар болон  хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Х, Н.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Х, Н.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х, Н.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б нь энэ хэргийн улмаас 9 хоног ажлаа хийж чадаагүй, өдөрт дундажаар 50,000 төгрөг олдог байсан гэж 450,000 төгрөг нэхэмжилж олсон орлогоо өдөр болгон дансандаа хийдэг байсан гэж Х банкны дансны хуулга нотлох баримтаар өгсөн боловч уг баримтаар хохирол гаргах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.А, М овогт Б.Х нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н.А, М овогт Б.Х нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.Х нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.А, Б.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэгийг хэрэгт хавсаргасугай.

6. Хохирогч Б.Б нь энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н