| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/05551/и |
| Дугаар | 5551 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 5551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Нисэх 2б байр, 8 тоот хаягт оршин суух Ноёхон овогт Ганбаатарын Хулан /рд:ХБ81062063/-гийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар байрны 6.1 байр, 8 тоот хаягт оршин суух Санжаабаатарын Батбаяр //рд:ЧС76032411/-т холбогдох,
4,103,115.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Хулан, хариуцагч С.Батбаяр, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Г.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Т.Халиунаагийн хүсэлтээр Хас банк ХХК-иас өөрийн нэр дээр 10,000,000.00 төгрөгийн зээл авч, 3,400,000.00 төгрөгийг тэр өдрөө түүнд бэлнээр өгсөн юм.
Ингээд Т.Халиунаа нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө над руу утсаар ярьж, үлдэх 6,600,000.00 төгрөгийг яаралтай авмаар байна, Голомт банк дахь 1105082350 тоот данс руу шилжүүл гэсний дагуу миний бие тухайн данс руу шилжүүлсэн.
Т.Халиунаа нь 2015 оны 06 дугаар сар хүртэл энэхүү зээлийн төлбөрийг төлж байгаад гэнэт зогсоосон нь намайг хүндрэлтэй байдалд оруулсан.
Би, Т.Халиунаатай ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, энэхүү данс нь түүний нөхөр С.Батбаярын данс, одоо надад 4,103,111.35 төгрөгийг С.Батбаяраас авах л боломж байгаа.
Учир нь, Т.Халиунаа Япон улс руу явчихсан, энэ талаар түүнтэй холбогдох гэж хичээсэн боловч тэрээр надтай холбогдохгүй байгаа ба хариуцагч С.Батбаяр ч Япон улс руу явахыг үгүйсгэхгүй.
Өнөөдрийн байдлаар энэхүү зээл нь муудсан учраас цаашид миний нэр дээр аливаа зээл олгоход сөрөг үр дагавар үүсээд байна.
Энэхүү зээлийг Т.Халиунаа анх надаар банкнаас авахуулахдаа нөхөр С.Батбаярын хамт 8 хувийн зээл авах гэж байгаа тул урьдчилгаа 30 хувийг төлөхөд ашиглана гэж байсан юм.
Т.Халиунаа болон түүний хүүхэд нь одоо Япон улсад амьдардаг бөгөөд 6,600,000.00 төгрөгийг С.Батбаяр нь эхнэртээ өгсөн гэдэг боловч тэрээр дээр дурьдснаар 8 хувийн хүүтэй зээл авсан ч юм уу эсхүл өөр зүйлд зарцуулсан ч юм уу мэдэхгүй.
Иймд, хариуцагч С.Батбаяраас 4,103,111.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч С.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Г.Хулан гэж хүнийг танихгүй, манай эхнэртэй хамт ажиллаж байсан гэдгийг л мэднэ.
Одоогоор би, эхнэр Т.Халиунаатай холбогдоогүй, бидний хооронд гэр бүлийн асуудал өнгөрсөн жилээс хойш үүсээд шийдэгдээгүй байна.
Миний дансанд 6,600,000.00 төгрөг хаанаас, хэнээс орж ирснийг би мэдээгүй, Т.Халиунааг л хүнээс авах ёстой мөнгөө авч байна гэж ойлгоод түүнд өгсөн, надад энэ талаар ямар ч мэдэх зүйл алга.
Нэхэмжлэгчийн яриад байгаа 10,000,000.00 төгрөгтэй холбоотой асуудал бол Г.Хулан болон Т.Халиунаа нарын хоорондын тохиролцоо учраас надад ямар ч хамаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Хулан нь хариуцагч С.Батбаярт холбогдуулан 4,103,115.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч С.Батбаяраас 4,103,111.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Хуланд олгохоор шийдвэрлэв.
Зохигчдын гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч Г.Хулан нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хас банк ХХК-иас 10,000,000.00 төгрөгийн зээлийг өөрийн нэр дээр авч, 3,400,000.00 төгрөгийг Т.Халиунаад өгч, үлдэх 6,600,000.00 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч С.Батбаярын Голомт банк дахь 1105082350 тоот дугаартай данс руу шилжүүлжээ.
Хариуцагч С.Батбаяр нь дээр дурьдсан 1105082350 тоот дугаартай дансыг өөрийн эзэмшлийн данс мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, уг 6,600,000.00 төгрөгийг эхнэр Т.Халиунаад өгсөн гэж тайлбарлаж буй боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.
Нэхэмжлэгч Г.Хулангийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тэрбээр 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан энэхүү 10,000,000.00 төгрөгийн зээлээс 3,400,000.00 төгрөгийг Т.Халиунаад өгсөн бол харин үлдэх 6,600,000.00 төгрөгийг хариуцагч С.Батбаярын данс руу шилжүүлсэн гэх үйл баримтын талаар зохигчид маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч С.Батбаярыг энэхүү 6,600,000.00 төгрөгийг Т.Халиунаад өгсөн эсэх нь тодорхой бус өөр зүйлд зарцуулсан эсхүл 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахад ашигласан гэж мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Батбаяр нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн дансанд 6,600,000.00 төгрөгийн орлого орсныг хүлээн зөвшөөрсөн ба үүнийг эхнэр Т.Халиунаад өгсөн гэдгээ нотлохгүй байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г.Хулан болон хариуцагч С.Батбаяр нарын хооронд аливаа төлбөр тооцоо буюу 6,600,000.00 төгрөгтэй холбоотой урьд өмнө үүссэн гэрээний болон гэрээний бус харилцаа байхгүй ажээ.
Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заажээ.
Энэ нь, хэн нэгэн этгээд өөрийн хүсэл зоригийн дагуу хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил, өмчлөл үүсгэх бөгөөд дээр дурьдснаар ийнхүү эд хөрөнгийг гэрээ, хэлэлцээр болон хуульд заасан үндэслэлээр аваагүй тохиолдолд уг эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрх түүнд үүсэхгүй юм.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр өөрийн нэрийн өмнөөс Хас банк ХХК-иас авсан зээлийг Т.Халиунаад шилжүүлэх ёстой байсан боловч түүний нөхөр С.Батбаярын дансанд шилжүүлсэн, хариуцагч С.Батбаяр нь уг 6,600,000.00 төгрөгийг эхнэртээ өгсөн гэдгээ баримтаар нотлохгүй байх тул Т.Халиунааг 6,600,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Хулан нь Т.Халиунаад өгөх ёстой 6,600,000.00 төгрөгийг түүнийг хүлээн авах эрх бүхий этгээдэд биш харин энэ талаар гэрээ, хэлэлцээр байгуулаагүй өөр этгээд болох С.Батбаярт шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 429.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэжээ.
Нэгэнт хариуцагч С.Батбаяр болон нэхэмжлэгч Г.Хулан нарын хооронд энэ төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч нь тодорхой гэрээ, хэлэлцээргүй буюу хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагч С.Батбаярт хөрөнгө шилжүүлсэн байх тул тэрээр тухайн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Батбаяраас 4,103,111.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР