| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/02106/И |
| Дугаар | 210/МА2025/00203 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00203
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04251 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******ийн ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* байрны хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******, нарт 30,000,000 төгрөгийг төлөхөөр, хариуцагч ******* тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөс өөрийн нэрийг хасуулах үндэслэл заан тохирч талууд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулан ******* дүүргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04418 дугаар захирамжаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
******* нь дээрх эвлэрлийн гэрээний үндэслэл болсон 30,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл *******, нарт төлөхгүй байгаа бөгөөд ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан орон сууцны өмчлөгчөөс *******ын нэрийг хасуулах талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Хоёр тал харилцан үүрэг хүлээсэн бөгөөд ******* нь 30,000,000 төгрөгийг төлбөл ******* нь хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулахад бэлэн тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхэд шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт 30,000,000 төгрөг гаргуулан *******т олгох тухай заагаагүй гэсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04418 дугаартай захирамжаар ******* нь *******, нар 30,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталсан гэсэн боловч ямар нэгэн төлбөр мөнгөний асуудлыг бол шийдвэрлээгүй. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний 3.1, 3.2-т ХЗХ-д төлбөрийг төлж барагдуулна гэсэн бөгөөд ******* гэдэг хүнд төлж барагдуулна гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын өмнө хууль болон гэрээгээр ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээгээгүй. Хэрэв ******* нь ХЗХ-оос зээл авсан бол зээлийн хүүгийн хамт төлж барагдуулах нь түүний үндсэн зээлийн үүрэг бөгөөд тухай зээлийг ******* аваагүй, ашиглаагүй, *******ын өмнөөс төлж барагдуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч *******ээс 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2023.11.20-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-ээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т 30,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй байхад хууль болон гэрээнд заагаагүй мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч *******д ногдуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон албан бичгийн агуулгаас үзэхэд 2023.11.12-ны өдрийн байдлаар *******, нар нь ХЗХ-оос зээлсэн мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байжээ.
Гэтэл *******, нар 2023.11.12-ны өдрийн байдлаар бүрэн төлөгдсөн байсан 30,000,000 төгрөгийг *******ээр төлүүлэхээр 2023.11.20-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-ний 3.1 дэх тусгасан нь үндэслэлгүй болсон байна.
Гэтэл анхан шатны шүүх зээлдэгч *******, нарын зээлдүүлэгч ХЗХ-оос зээлж, улмаар бүрэн төлж барагдуулсан байсан 30,000,000 төгрөгийг хариуцагч *******ээр төлүүлэх болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд,тухай дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.23-ны өдрийн 183/ШШ2024/04251 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 30,000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.
3.1 Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтаар ******* нь ******* дүүрэг, 15 дугаар хороо, *******, байр, хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******, нарт бэлэглэсэн хэдий ч бэлэг хүлээн авагч нар тухайн орон сууцыг бэлэглэлийн гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй учир бэлэглэгч тэрээр бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.2 Мөн нь /*******ийн төрсөн охин/ *******, нарт холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.
3.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол, хариуцагч *******, нар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.ийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
3.4 Улмаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04418 дугаар захирамжаар дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс *******ыг хасаж, Б.ийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 8-9/
4. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар *******, нар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хадгаламж, зээлийн хоршооноос 25,000,000 төгрөгийн зээл авахдаа үүргийн гүйцэтгэлийг хангахаар энэхүү орон сууцыг барьцаалуулсан байсан учир орон сууцыг барьцаанаас чөлөөлөх ажлыг *******, *******, нар хамтран хэрэгжүүлж, зээлийн үлдэгдэл 31,500,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг ******* төлөх, илүү гарсан төлбөрийг *******, нар төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 6-7/
Гэтэл хэрэгт цугларсан нолох баримт болох хадгаламж, зээлийн хоршооны 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 23/12 тоот албан бичгийг үзвэл *******, нар 25,000,000 төгрөгийн зээлийг төлсөн тул дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөх хүсэлтийг харьяа улсын бүртгэлийн байгууллагад өгчээ. /х.х-ийн 22/
Тодруулбал, зохигч нарыг эвлэрлийн гэрээ байгуулахаас өмнө *******, нар өөрсдийн авсан зээлээ төлж дуусгасан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
Анхан шатны шүүх хадгаламж, зээлийн хоршооны өмнө хүлээсэн *******, нарын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад үүнийг анхаараагүй байна.
5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар зээлдэгч *******, нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг хүлээнэ.
Хэдийгээр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр ******* нь 30,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч шүүхийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид энэ талаар тухайлан заагаагүй учир хариуцагчийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дүгнэхгүй.
Нөгөө талаар ******* нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн 234 дүгээр зүйлийн 234.1-д Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж тус тус зааснаар хадгаламж, зээлийн хоршооны өмнө баталгаа гаргагч болон өрийг шилжүүлэн авсан этгээдийн хувиар 30,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй.
6. Зохигчид гагцхүү дээр дурдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр зээлдүүлэгч хадгаламж, зээлийн хоршооноос зээлдэгч *******, нарын авсан зээлийг төлөхөөр ийнхүү эвлэрлийн гэрээгээр тохирсон боловч нэгэнт зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байсан буюу оршин байгаагүй тул эвлэрлийн гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй.
Анхан шатны шүүх хариуцагч *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04251 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан хариуцагч *******д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР