| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0419/Э |
| Дугаар | 426 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Х.Еркебулан,
Хохирогч Н.Батням,
Шүүгдэгч Г.Л/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн ‘рокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Л-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, электрон тоног төхөөрөмж засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх Г.Л,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Л нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Би-Би Роял" паб үйлчилгээний газарт үйлчлүүлсэн хохирогч Н.Батнямыг "зүй бус харьцсан" хэмээн пивоны шилээр нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Л нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.Л холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Би-Би Роял" паб үйлчилгээний газарт үйлчлүүлсэн хохирогч Н.Батнямыг "зүй бус харьцсан" хэмээн пивоны шилээр нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулж хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Л нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Н.Батнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Л гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын 14-ний орой хүүхдийн 100-д байдаг пабад найзуудтайгаа сууж байсан. Би Н.Батням дээр очоод гал асуухад “гал байхгүй, өөрт чинь гал байгаа юм биш үү” гэхээр нь халаасандаа үзтэл миний халаасанд гал байсан. Тэгээд маргаан үүсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Батням мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хангай гэдэг найзтайгаа уулзаад пабад шар айраг уугаад сууж байхад Г.Лирээд “гал, тамхи” асуусан. Тэгээд маргаан үүсээд цаашаа болооч гээд түлхэхэд зөрүүлээд нэг юмаар цохих шиг болсон. Би доошоо тонгойгоод суусан. Тэгээд Г.Лалга болсон байсан. Миний үүдэн 2 шүд хугарсан. Манай найз тэр хавиар хайгаад олоогүй. Тухайн үед цагдаа дуудсан байсан тул цагдаа хүрч ирсэн. Хавтаст хэрэгт өгсөн баримтын дагуу 352.000 төгрөгийг Г.Лтөлж барагдуулсан. Цаашид 1.300.000 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ. Үүнийгээ нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 1809038610231 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Батнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 08 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би-Би роял” нэртэй пабд өөрийн найз болох Хангайн хамт сууж байхад танихгүй нэг залуу ирээд “гал байна уу, тамхи байна уу ?” гээд асуугаад байхаар нь би “гал байхгүй, тамхи байхгүй” гэж хэлтэл манай найзын тамхинаас авъя гээд гуйгаад байхаар нь чадахгүй гэж маргаан үүсгэсэн. Тэгээд би тэр залууг заамдаж нэг удаа цохитол зөрүүлээд миний эрүүний доороос өлгөөд уруул руу шилээр цохьсон ...Эмчилгээний зардал одоогоор 270.000 төгрөг гарсан. Мөн 80.000 төгрөгөөр шүдний хэв хийлгэсэн бөгөөд нийт 350.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Цаашид шүдэндээ шаазан бүрээс хийлгэнэ. ...1.300.000 төгрөг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-13, 45 дугаар хуудас/,
Гэрч З.Хангайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр өдөр хоёр найзтайгаа юм уугаад суух байхад нэг залуу ирээд Н.Батнямтай юм яриад байсан. Гал байна уу гэж асуучихаад өөрийнхөө халааснаас тамхи гаргаж ирсэн. Манай хоёр “чи галтай байж гал асуудаг хэн юм бэ” гээд маргалдаад байхаар нь “больцгоо” гэж хэлээд ноолийн өрөө орчихоод ирсэн чинь Н.Батням буйдан дээр хойшоо саваад унасан байсан. Н.Батням “миний шүд уначихлаа” гэхээр нь харсан чинь нөгөө залуу байхгүй байсан. ...30 минутын дараа нөгөө залуу ороод ирчихсэн байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Н.Батнямын биед баруун, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх 10552 дугаар дүгнэлт /хх-ийн дугаар хуудас/,
Эрүүгийн 1809038610231 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Ял шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Л үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Г.Л үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнхцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Г.Л цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 470.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Лнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Лнь хохирогч Н.Батнямын эмчилгээний зардалд 360.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Н.Батням 2 шүдний бүрээс хийлгэхэд 1.300.000 төгрөг төлөхөөр тооцоолол хийгджээ. Хохирогч Н.Батням нь энэхүү эмчилгээг хийлгээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Лнь 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Л-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Л цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 470.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Лнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Лнь энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Лнь хохирогч Н.Батнямын эмчилгээний зардалд 360.000 төгрөг нөхөн төлснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Батням нь 1.300.000 төгрөгийн эмчилгээ хийлгээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ