| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2022/00908/И |
| Дугаар | 208/МА2025/00001 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 208/МА2025/00001
******* ******* ХХК, Б.******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ******* ХХК, Б.******* нар,
Хариуцагч Монгол Улсын төрд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, прокурор Р.Мягмардорж нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
... Манай ******* ******* ХХК болон захирал Б.******* миний биед хууль бус мод бэлтгэсэн гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 02-р сард эрүүгийн хэрэг үүсгэн улмаар 2018 оны 06-р сарын 14-ний Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 127 тоот яллах дүгнэлтээр миний бие болон ******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оруулсан. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10-р сарын 23-ны өдөр 2018/ЩЦТ/216 тоот цагаатгах тогтоолоор надад болон ******* ******* ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хууль цаазын зөвлөх Д.Нямдэлэг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр дахин давахын шүүх хуралдаан болж 2018 оны 12-р сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүх 2018/ДШМ/83 тоот магадлалаар анхан шатны эрүүгийн шүүхэд буцаасан байдаг. Миний бие үүнийг үл зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргасан. 2019 оны 02-р сарын 20-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд 82 тоот тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Иймд миний бие болон ******* ******* ХХК эрүүгийн хэрэг үүсгүүлэн 3 шатны шүүхээр явахдаа сэтгэл санаа, эд материал, компанийн орлого, мөн нэр хүндээрээ үлэмж хохирлоо. Иймд төрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2.2-д тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан, 2.3-д тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол арилгах нэхэмжлэлийн шаардлага үүсгэхээр зохицуулж өгчээ. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлд Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх гэдэгт 1.1-т хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 1.2-т хуулийн этгээдийн орлого хэмээн тодорхойлсон байна. Миний бие болон ******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заасан байна.
Мөн ******* ******* ХХК-д тулгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20,000 нэгжээс 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн үлэмж хэмжээний торгуулийн ялд унагаж, компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар байжээ. Мөн энэ Эрүүгийн хуулийн улмаас манай ******* ******* ХХК-д нэг жил модны хуваарь олгоогүй таг зогссон. Орлогогүй болгосон гэсэн үг.
Иймээс Б.******* миний бие болон ******* ******* ХХК-ийн хохирол нь миний нэр төр, сэтгэл санаа, олох байсан орлого, эд материалын хохиролд 100,000,000 төгрөг, ******* ******* ХХК-ийн нэг жилийн орлогогүй байсны олох ёстой ашиг 100,000,000 төгрөг нийт 200,000,000 төгрөгийг Б.******* миний бие болон ******* ******* ХХК төрөөс нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9-д хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө. Монгол Улсын Дээд шүүхийн ...хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тайлбарт Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.9-д заасан үндэслэлээр гэм буруутай албан тушаалтнаас хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл энэ хуулийн мөн зүйл болон Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1.3, 1.7-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэснийг үндэслэн Улсын тэмдэгтийн хураамжийг энэхүү нэхэмжлэлд төлөхгүй юм байна.
Б.******* миний бие ******* ******* ХХК-ийн 70 хувийг эзэмшигч мөн тул Монгол Улсын компанийн тухай хуульд зааснаар саналын эрхийн дагуу дангаараа шийдвэр гаргах эрх эдэлнэ нэхэмжлэл гаргах, учирсан хохирлоо арилгах хууль зүйн үндэслэлтэй тул өөрийн болоод Хүдэртэй ******* ХХК-н үүсгэсэн эрүүгийн хэрэгт хязгааргүй хохирол учирсан тул зайлшгүй нэхэмжлэлээ гаргаж хохирлоо барагдуулах болно. Нэг удаа бус 2018 онд, 2013 онд 2019 онд надад болон Хүдэртэй ******* ХХК-д эрүү үүсгэж удаан хугацаагаар шалгагдаж аж амьдрал, нэр хүнд сэтгэл санаагаар хохирсон. Миний ажил төрлөөр Хүдэр сумын цагдаад 14 хоногоор шалгагдах, үүний улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох үзэгдэл үргэлжилсээр байна. Мөн Хүдэр суманд эрүүдүүлж явсаар байгаад хүмүүс солиотой, Ноён солиот гэж хочилсон байгаа юм. Энэ киноны гол дүр нь. Мөн цагдаагаар хэлмэгдэж сүүлдээ эрүүл бус болж жүжиглэж байгаад амиа авардаг. Энэ дүрийн хочийг намайг цагдаагаар яваад байгаа болохоор надад өгсөн байна. Үүнийг нотолж шүүхэд нэр төрөө сэргээлгэх, үнэлж хохирлоо барагдуулна.
Олон удаагийн эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсаны улмаас 2008 онд сууж байсан эхнэр салж, ажил, төрөлгүй болсон. Хэдэн модноос болж Цагдаа, прокурорынхон хахууль өгөөгүй гэж намайг яллаж, адаг сүүлд нь амьдралгүй болж, хохирсон. Прокурор, цагдаагийн хийсэн ажлаас болж, бид хохирчхоод зүгээр шалгасан юм гэж яриад сууж байдаг юм байна. Нийслэлийн ерөнхий прокурорт гомдол гаргасан. Өөрийнхөө гаргасан прокурорыг дэмжээд сууж байна. Өнөөдөр улсын ерөнхий прокурорт гомдол гаргах гээд сууж байна. Энэ олон удаагийн хэлмэгдүүлсэнд Б.******* нь амьдралын идэвхтэй хүн. Ном бичиж, сэтгүүлч хийж, залуучуудын холбоонд гүйж байсан. Дандаа хүний асуудлыг үүрэх ч юм уу. Дандаа хэлмэгдэж явсан түүхээ сэтгэл санаагаар унахгүйгээр амьдрахыг хүсдэг. Гэтэл энэ болгонд хариу цохилт ирж байдаг. Би тэрбум төгрөг нэхэмжилж байгаа учир нь олон удаа хэлмэгдүүлэлт байна. Хоёрдугаарт эрүүл мэнд муудсан байна. Нэр төр ч байхгүй боллоо. Иймд Хүдэртэй ******* ХХК болон Б.******* нарын олох байсан орлогод 100,000,000 төгрөг, нэр төрийн хохиролд 300,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 300,000,000 төгрөг нийт 1.000.000.000.000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.
Хариуцагч Төрийг төлөөлж прокурор хариу тайлбартаа:
... Тус компанийн захирал Б.******* болон "******* Буян" ХХК-ыг эрүүгийн ******* дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгасан байна.
Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна. Иймээс тус компанийн захирал Б.*******ээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсаны улмаас гэм хорын хохиролд 200 сая төгрөг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хамт шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон хэргийн материалтай танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас хоёр агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж харж байна. Эхний шаардлагуудаас сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг нэхэмжил байна. Уг хэрэг нь 2 жил явж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс удаа дараа нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх шинжилгээний газар руу албан тоот хүргүүлж ажилласан. Шүүх, шинжилгээний үндэсний газраас нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол тогтоох боломжгүй байна. Учир нь энэ хэргийн хохирогч биш учраас боломжгүй байна гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн Шүүх, сэтгэц гэм судлалын газраас нэхэмжлэгч Б.******* нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна гэх дүгнэлт гарсан байдаг. Нэхэмжлэгч Б.*******гийн зүгээс эрүүдэн шүүсэн гэдэг асуудал яригддаг. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 07 дугаар сард хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гарсан байдаг. Б.*******д сэтгэцэд учирсан хохирол тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэр төрд халдсан. Ард иргэд намайг хочилж дууддаг гэдэг асуудал яригдсан байдаг. Энэ асуудлаар шүүхийн шатанд хэд хэдэн гэрчээс асуусан байдаг. Энэ хүн нь 2018 онд шалгагдахаас өмнө энэ хоч байсан. Тухайн хүний хувийн байдал шударга ярьдаг. Өөрийн зан чанартай холбоотой ингэж хочилдог гэж гэрч нар мэдүүлсэн байдаг. Дараах нэхэмжлэлийн хувьд ******* ******* ХХК нь 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаагийн хувьд прокурор болон Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар тухайн хуулийн этгээдийн эрхийг хүчингүй болгосон асуудал байдаггүй. Мөн хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан баримт хэрэгт байдаггүй. Мөн тухайн компанийн 100,000,000 төгрөгийн орлого олдог байсан гэх баримт байдаггүй. Ямар баримтыг үндэслэж 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Ямар орлого олж байсан нь мөн тодорхойгүй. Тухайн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж хариуцагчийн зүгээс харж байна. 2018 оны хэрэгт шалгагдсан үйл баримт цагаадсан хэргийг аваад үзвэл анхан шатны шүүхээс цагаадсан байдаг. Прокурор шүүхийн байгууллага бол тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлийг үнэлж шийдвэр гаргаж байгаа. Тухайн ******* ******* ХХК-д холбогдох хэрэг нь анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай зарчмыг баримталж, цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхээс дахин шинжээч томилох шийдвэр гарсан боловч тухайн хүн, хуулийн этгээдийн илүүдэл гэсэн гэх хашаанд байсан мод нь үрэгдэж, ачигдсан байсан. Дахин дүгнэлт гаргах боломжгүй гэж хэлсэн. Прокурорын байгууллагаас тухайн хүн, хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлсэн үйл баримт илтэд хууль зөрчиж, хууль бусаар цагдан хорьж шийдвэрлэсэн нөхцөл байдал байхгүй. Б.******* болон ******* ******* ХХК-д холбогдуулан шалгасан асуудал нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан хууль ёсны ажиллагаа тул 200,000,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй байна гэх тайлбарыг гаргаж байна гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 дугаартай шийдвэрээр:
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 501 дүгээр зүйлийн 501.2, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан Б.*******, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Төрд холбогдох 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
-Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай ******* ******* ХХК болон Б.******* миний биед хууль бус мод бэлтгэсэн гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 02-р сард эрүүгийн хэрэг үүсгэж энэ нь Давж заалдах Эрүүгийн хэргийн шүүх, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх 2019 оны 09-р сарын 20-ны өдөр 82 тоот тогтоолоороо хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ.
Ингээд Монгол Улсын Иргэний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруугүйн улмаас прокурор, гурван шатны шүүхээр эрүүдэн шүүлгэсний улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрх зүйн дагуу Сэлэнгэ аймаг дах Сум Дундын Иргэний Хэргийн анхан шатанд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл Сэлэнгэ аймаг дах сум Дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11-р сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 тоот шийдвэрээр Б. ******* болон ******* ******* ХХК -д холбогдох 1,000,000,000 нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Шүүхийн шатанд манай ******* ******* ХХК болон Б. ******* миний бие анх гаргаж байсан 200,000 /Хоёр зуун сая төгрөг 00 мөнгө/-ийг нэмэгдүүлж нэг тэрбум төгрөг 00 мөнгө болгосон билээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн шүүхэд зайлшгүй гаргаж өгөх сэтгэл санааны хохирлын дүгнэлт, эрүүл мэнд, бусад нотлох баримтыг гаргуулахгүйгээр шүүх хурал хойшлуулах хүсэлт хэлэлцэнэ гэж байгаад шууд шүүх хуралдаан явууллаа. Дээр нь эл хэрэг дээр би ганцаараа хүчин мөхөсдөж байгаа тул нэмж өмгөөлөгч авах шаардлага тулгарч байгаа юм.
Анхан шатны шүүх өмгөөлөгчгүйгээр, хууль эрх зүйн туслалцаа авах боломжоор хангалгүйгээр шийдвэрлэлээ. Дээр нь Шүүх шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргаж авахад холбогдох байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж байгаа юм. Тухайлбал, Шүүх шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргуулахад дээд байгууллага болох хууль зүй дотоод хэргийн яаманд хандчихсан явна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний хороонд хандлаа.
Эдгээр байгууллага хууль зүйн дагуу миний эрхийг хангахаар ажиллаж байгаа байх. Ерөөсөө манай ******* ******* ХХК болон Б.******* миний нэхэмжлэлтэй эл хэрэгт нотлох баримт, холбогдох баримт сэлт дутуу тэдгээр нь бусад төрийн байгууллагын шийдвэр, оролцоотойгоор шийдэгдэх байтал ингэж шууд хурал хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна аа.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг магадлан нотлох баримтыг хангалттай бүрдүүлэх, өмгөөлөгчөөр эрх зүйн туслалцаа авхуулах үүднээс анхан шатанд хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гомдолтой танилцсан. Уг хэрэг нь хоёр жил гаран үргэлжилсэн хэрэг. Уг хэргийг харахад нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа түдгэлзэж, нотлох баримт гаргуулахаар удаа дараа хойшилсон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа сэтгэл санааны хохирол болон компанийн олох ёстой байсан орлоготой холбоотой асуудлууд нотлох баримтаар тогтоогддоггүй. Хоёр жилийн хугацаанд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж байна. Сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гарчихсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын зэрэглэл тогтоох асуудал нь эрүүгийн хэрэгт хохирогч байх ёстой гээд албан бичгээр боломжгүй хэмээн ирчихсэн байдаг. Ажиллагаануудыг хийх боломжгүй, мөн сэтгэл санааны хохирол тогтоох боломжгүй байдаг. Компанийн олох ёстой байсан орлого нь ямар хэмжээний орлого байсан, хэрхэн яаж тэрбум төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Нэхэмжлэгчийн гол яриад байгаа асуудал нь ******* ******* ХХК-д холбогдуулж шалгасан эрүүгийн хэрэг маань эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдсан. Хууль ёсны ажиллагаа байна. Илтэд хууль бусаар шалгаж, цагдан хорьсон асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлээр цагаатгагдсан байдаг. Анхан шатны шүүхээр буцааж нэг удаа шийдвэрлэж шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах гэсэн боловч тухайн компани байхгүй нөхцөл байдлын улмаас эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас Б.******* болон ******* ******* ХХК-д холбогдох хэргийг цагаатгасан. Холбогдуулан шалгасан ажиллагаа нь хууль ёсны гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ХХК болон Б.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
3.Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон тус компанийн захирал Б.******* нь мөрдөн байцаагч прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол буюу ******* ******* ХХК-ийн олох ёстой байсан орлого 100,000,000 төгрөг, миний нэр төр, сэтгэл санаа, олох байсан орлого, эд материалын хохиролд 100,000,000 төгрөг нийт 200,000,000 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Хүдэртэй ******* ХХК болон Б.******* нарын олох байсан орлогод 100,000,000 төгрөг, нэр төрийн хохиролд 300,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 300,000,000 төгрөг нийт 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөг болгож нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Монгол Улсын төрд холбогдуулан гаргасныг Монгол улсын төрийг хуульд заасны дагуу төлөөлөн оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нь гэм хорын хохирлоо гаргуулах, шаардах эртэй боловч ******* ******* ХХК болон Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх нотлох баримт бүрэн дүүрэн бүрдээгүй байхад мөн түүний өмгөөлүүлэх эрхийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан нь түүний эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.
4. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан, найман гишүүнтэй, захирал Б.******* нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, тус компани нь мал аж ахуй, байгалийн баялаг ашиглах, жимс ногоо боловсруулах, хадгалах, мод модон эдлэл үйлдвэрлэх, гадаад дотоод худалдаа, үсчин гоо сайхны үйлчилгээ, бөөний худалдааны үйлчилгээ эрхлэх зэрэг 7 төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэл дэх бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдсон байна.
Анхан шатны шүүхээс уг хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/216 тоот цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн хуулийн 2-д заасан үндэслэлээр ******* ******* ХХК болон захирал Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар буюу хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Уг хэргийг прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Улсын Дээд Шүүхээр 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэгдэж 82 тоот тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон захирал Б.*******д эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс тус компанийн үйл ажиллагаа зогссон, тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий 7 төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн, хаасан, зогсоосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл ******* ******* ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсантай холбоотойгоор 2019 онд тус компаний байгалийн баялаг ашиглах, мод модон эдлэл үйлдвэрлэх эрхийг хязгаарласан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн түүнчлэн бусад төрлийн 5 үйл ажиллагааг зогсоосон нөхцөл байдал байхгүйн дээр Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрээр уг компанид ойн цэвэрлэгээ хийх, үйлдвэрлэлтийн оглолт хийх зөвшөөрөл олгоогүй нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасантай холбоотой гэж үзэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т ...тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн орлогыг, 1.4-д мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК болон Б.******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасны дагуу өөрт учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч Б.*******гийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох баримтуудаар нотлогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар өөрөө нотлох үүрэгтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* ХХК болон Б.******* нь мөрдөн байцаах үйл ажиллагаа, тухайн ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас олох ёстой байсан орлого ямар хэмжээгээр яаж алдагдсан, эрүүл мэнд яаж хохирсон, сэтгэл санаа ямар хэмжээгээр яаж алдагдан сэтгэл зүйн ямар эмзэгшил, эмгэг үүссэн болох зэргээ холбогдох баримтуудаар нотлон төрөөс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй ба энэ талаар хийсэн эрх зүйн дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий болж чадсан байна.
5.Хүдэртэй ******* ХХК нь найман гишүүнтэй үүсгэн байгуулагдсан, тэрээр ямар үйлдвэрлэл үйлчилгээг явуулж байсан нь нотлох баримтуудаар нотлогдоогүй, уг компани тогтмол үйл ажиллагаа явуулж жил бүр Татварын байгууллагад тайлангаа гаргаж өгч байсан баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул компани олох байсан орлого ашгаа алдсан гэдгийг шүүхээс дүгнэн үзэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.******* энэ гэмт хэрэгт шалгагдсаны улмаас нэр төр алдар хүндэд ямар хохирол учирсан, сэтгэл санааны ямар хохирол амссан, сэтгэцэд хэрхэн нөлөөлсөн эсэх, өвчин тусч эрүүл мэнд хохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч түүний сэтгэцийн эрүүл мэнд эрүүл байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан, энэ гэмт хэрэгт шалгагдах үед мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүхийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эрүүл мэнд алдагдсан гэж үзэх баримт байхгүй, нэр алдар гутаагдсан үйл баримт тогтоогдоогүй болно.
6. Давж заалдах гомдлын талаар:
Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, нотлох баримтыг хангалттай бүрдүүлэх, өмгөөлөгчөөр эрх зүйн туслалцаа авхуулах эрхийг хангаагүй тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь:
Нэхэмжлэгч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан ба иргэний хэрэгт түүний хүсэлтээр зохих ажиллагааг явуулан шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эцэслэн шийдвэрлэх хүртэл бүтэн 02 жил 25 хоногийн хугацаа өнгөрсөн ба дээрх хугацаанд нотлох баримтуудыг бүрдүүлэх, өмгөөлөгчөө сонгон авах, өмгөөлүүлэх эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах нь түүний Монгол улсын Үндсэн хуулинд заасан эрх, харин нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудаа гаргаж ирүүлэх нь түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үүрэг боловч эрх үүргийг хуульд заасан хугацааны дотор эдлэх боломжтойн дээр түүний дээрх хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэн шүүх хуралдаанаа үргэлжлүүлэн явуулсныг буруутгах боломжгүй байна.
******* ******* ХХК болон Б.*******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон үндэслэл нь Хүдэртэй ******* ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан олгогдсон зөвшөөрлийн хэмжээнээс илүү мод бэлтгэсэн байж болзошгүй гэж үзэн хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж, анхан шатны шүүхээс тухайн хуулийн этгээд болон шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт шаардлагатай бүхий л ажиллагааг явуулсан боловч гэм буруутай эсэх нь бүрэн дүүрэн нотлогдоогүй эргэлзээтэй гэж үзэн яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хуульд заасан эрхийнхээ дагуу гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй боловч түүнд учирсан хор хохирол нь мөрдөгч, прокурор, шүүхийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр тэдэнд учирсан байх шаардлагатай буюу хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж,
2-д Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ гэж,
2.3-д тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, гаргаж өгсөн баримтууд байх ба дээрх баримтуудаар ******* ******* ХХК болон Б.******* нарын алдар хүнд гутаагдсан, олох байсан ашиг орлогоо алдсан, сэтгэц, эрүүл мэнд муудсан гэх байдлыг нотолсон баримт байхгүй болохыг дурдав.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ