Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 825

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, 

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, Т.Т нарт тус тус холбогдох эрүүгийн 1906 01904 0830 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.Г, 1994 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 1, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Замчины 5-25 тоотод оршин суух хаягтай, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 580 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.Т, 1988 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймаг Шаамар сум Дэлгэрхааны 1 дүгээр багийн 1-6 тоотод оршин суух хаягтай, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 

Шүүгдэгч Б.Г, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар  сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Эмийн ургамлын 4-10 тоот Сайн тавилгын үйлдвэрийн хашаанд байдаг грашийн хаалгаар нууцаар нэвтрэн орж 162 метр кабелын утсыг хууль бусаар хулгайлан авч 777.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр галт тэрэгний буудал дээр буугаад нэг газар ажил хийнэ, мөн би Төв аймаг руу очиж машин зарна, тэрнийхээ мөнгөнөөс би мөнгө өгнө гэж хэлсэн. Би Т-д тэр кабелийг чи өмнө нь авч зарж байсан шдээ гэж хэлэхэд тэр кабель хэрэггүй хэлсэн. Тэгээд бид хоёр манаач ах нартай суугаад хоол унд идээд юм ууж байхад, Т эгчээсээ 10.000 төгрөг аваад архи авч өгсөн. Тэгээд түүнийг уучихаад Самбуу ах дээшээ Т хоёр дэлгүүр яваад 0,75 граммын архи авч ирсэн. Түүнийг уугаад Самбуу ах согтсон учир Батзориг гэрэл унтраасан. Т гарчихаад орж ирэхэд гэрэл ирсэн. Гэрэл ирэхэд Батзориг буцаж орж ирсэн. Тэгээд намайг машин дууд гэж хэлэхээр нь би машин дуудсан. Т гарч ирэхдээ кабелын утас авсан байна гэж мэдсэн. Би тэнд архи уугаад сууж байсан” гэв.

Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Г бид хоёр Сэлэнгээс Улаанбаатар хотын галт тэрэгний буудал дээр буусан. Би Г-д 150.000 төгрөгийн өглөгтэй байсан. Би тэр өрөө өгч чадаагүй байсан. Би Г-д гэртээ харьж бай, маргааш өглөө хорооллын эцэст нийтийн байранд цахилгааны мантаж хийх ажил байгаа очиж тэр ажлыг хийчихээд мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Г би эхнэр дээрээ очиход намайг чамаас мөнгө авчихаад үрэн таран хийсэн байна гээд надад уурлана гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи надтай цуг хороолол яваад ажил хийе. Тэгээд би маргааш өглөө 15 цагаас өмнө доод тал нь чамд 100.000 төгрөг өгнө гэж хэлсэн.  Г надаар тэр гражид байдаг кабель хэрэгтэй байдаг юм уу гэж асуусан. Би урьд нь Сайн тавилгад ажиллаж байсан. Би тэгэхээр нь яг ойрын хугацаанд гражид байгаа кабелийн утас захиралд хэрэг болохгүй байх гэхдээ хүний юм хэрэгггүй байна гэж байхгүй байхаа гэж хэлсэн. Г хоёулаа Нарантуул дээр тэр кабелийг аваад зарчихъя. Би урьд нь Нарантуул дээр кабел өгч байсан юм  гэж хэлсэн. Тэгээд би тийм зүйл хийгээд яах вэ найз нь маргааш 15 цагаас өмнө 100.000 төгрөгийг нь өгчихнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хороолол руу алхаж яваад замдаа нэгж аваад хороолол руу ярьсан чинь би техникийн нөхцөл гараагүй байгаа ганц хоёр хоног хойшлуулъя гэж хэлсэн. Тэгээд яг мөнгөний гарц харагдахгүй болохоор Г-д  хоёулаа тэр кабелийг очоод авчихъя гэж хэлсэн. Ер нь бол хэрэггүй дээ хоёулаа хэд хоног тэсчихъе гэж хэлэхэд Г би машин тэргийг нь зохицуулчихна, Батзоригоор камер энэ тэрийг нь унтраалчихна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр явахаар болоод офицер дээрээс Налайхын унаанд суугаад эмийн ургамал дээр буугаад хажуу талд байдаг дэлгүүрээс архи аваад, очиход хоёр хамгаалагч байхгүй байсан. Тэгээд ороход Г гэрэл унтраасан. Бид хоёр 2 манаачийг хүлээж байгаад уулзаад манаач ахад архиа өгч, хоол унд идсэн. Манаач Даваасамбуу ах дахин гаднах дэлгүүрээс архи авч уусан. Тэгээд байж байхад Г Батзоригийг ерөнхий шийдийг унтраачих гэж хэлсэн. Энэ хооронд Г Самбуу ахын утаснаас жолоочийг дуудсан байсан. Тэгэхэд Батзориг 5 минут болоогүй гараад шийдийг унтраасан. Чи ороод утсаа үүрээд гараад ир гэж хэлсэн. Удалгүй дуудсан цайвар ногоон өнгийн приус 10 маркийн машинтай хүн ирсэн. Би граж руу орсон, тэр завсар граж хоёрын хооронд ойролцоогоор 40-өөд метр байдаг юм. Тэр хооронд үүрч хашаагаар гарах гэж байгаад унагаачихсан. Тэгээд бид хоёр гараад явсан. Гадаа машин руу үүрсэн. Нөгөө жолооч ахтай яриад хороололд нэг шийд мантажлах айлыг гуйгаад би хонох газар байхгүй байна гэж хэлээд тэнд хоноод маргааш өглөө нь танил найзаа дуудаад хороооллоос цагаан өнгийн аксенттэй Нарантуул зах руу очиж 243.000 төгрөгөөр зарсан. Надад манай хадам ээжийн карт байсан. Тэгээд хадам ээжийн данс руу 250.000 төгрөг орж ирсэн. Би Нарантуулын хажуу талын мангасын ам гэдэг газрын хажуу талын Төрийн банкнаас бэлнээр 130.000 төгрөг авсан одоо би ингээд Сэлэнгэ явах гэж байгаа учраас мөд Ган-эрдэнэ, Батзориг хоёртоо уулзахгүй удах учраас гээд ганц хараа архи, том коло, 2 хайрцаг тамхи авсан. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Онон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайд ажиллаж байсан цахилгаанчин Т.Т хулгай хийсэн. Т.Т-ын утас руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь эхнэрийн дугаар руу нь залгахад миний дугаарыг мэдээд авахгүй байхаар нь мессеж бичсэн манай цахилгааны утасыг авчирч өг яагаад хулгай хийсэн юм бэ гэж бичсэн. Т.Т би танайд зөндөө ажил хийж өгсөн биздээ гэж хариу мессеж бичсэн байна... Сайн тавилга ХХК-ийн менежер Д.Бүжинлхам надад хэлэхдээ гэж хэлсэн тухайн үед би тэр кабелын талаар сайн мэдэхгүй байсан болхоор тэгэж хэлсэн. Тэр кабелийн утас манай Хандгайт зуслангийн байрлуу уулын бэлээс уулын оройд байдаг Зуслангийн байшинд тог татаж байсан кабелын утас юм байна лээ..." гэх мэдүүлэг /хх 3-4, 6-7/,

Гэрч Д.Бүжинлхам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ". . .2019 оны 03 дугаар сарын 15-ны өглөө ажил дээр ирээд 13 цагийн үед камерийн бичлэг шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 13-ны 23 цаг 10 минутын үед манай компанид цахилгаанчин хийдэг байсан Т.Т нь манай харуулын байранд орж ирээд тухайн өдрийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Даваасамбуу. Батзориг гэдэг 2 харуулд архи авч өгч согтоогоод үйлдвэрийн хашаанд байдаг засварын грашд байсан цахилгаан 350 метр кабелын утсыг хяналтын камерыг унтрааж байгаад хулгай хийж авсан байсан 23 цагаас 15 минут орчим тогийг шийдээр нь унтрааж байгаад авсан. . Манай захирал Б.Онон ярихдаа 350 метр кабелийн утас байсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх 12/,

Гэрч Д.Цэдэнбал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: " . . 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нарантуул зах дээр барилгын материал цахилгааны кабел борлуулах хэсэг дээр ажиллаа хийж байсан. 11 цагийн үед зүс танихгүй 2 залуу над дээр ирээд хөнгөн цагаан голтой сип 16, 4 жилтэй 300 метрийн урттай кабель байна Сэлэнгэ аймгаас авчирсан өөрөө хэрэглэж байсан гэж ярьж байсан. Тэгээд тэр хоёр залууг дагаад хойд талын хашааны онгорхой хэсгээр гараад Төрийн банкны үүдэн дээр жижиг тэрэгний багажны хэсэгт хийчихсэн байсан. Би очоод үзсэн чинь 162 метр сип-16 А жилтэй агаарын хуучийн хэрэглэж байсан кабель байсан 1 метрийг 1500 төгрөгөөр бодож авсан..."  гэх мэдүүлэг /хх 14-15/,

Гэрч Ц.Даваасамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Т, Г хоёр хараа нэртэй 0.5 грамын архитай орж ирсэн. Тэр архыг уугаад 22 цагийн үед Сайн тавилга үйлдвэрийн замын хойд талын дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 грамын архи авсан харуулын байрандаа бид 4 хувааж уусан би согтоод сүүлд авсан архинаас ууж чадаагүй унтчихсан..." гэх мэдүүлэг /хх 16/ гэх мэдүүлэг,

Гэрч А.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Даваасамбуу ахыг үйлдвэрийн дотор байдаг амралтын өрөөнд унтуулчихаад эргэж ирэхэд Т тохиргоо нь хийчихсэн гэрлээ одоо асаачих гэхээр нь би унтраасан гэрлээ очиж асаасан тэгэхэд үүдний гэрэл нь зүгээр болчихсон байсан. Т, Г хоёр бид хоёр одоо явлаа хоёр ах сайхан амраарай гээд явсан. Тэр үед кабелийн утас хулгайд алдсаныг би мэдээгүй 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрийн камер шүүгээд мэдсэн гэсэн..."  гэх мэдүүлэг /хх 16/,

Яллагдагч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Т.Т хүмүүсээс мөнгө асуусан чинь тэр нь бүтээгүй тэгэхээр би чи урьд нь авч байсан үйлвэрт байгаа кабелын утаснаас авч мөнгө болгож өг гэсэн тэгсэн чинь Т.Т за тэгье хоёулаа очье гэсэн тэгээд төмөр замын багзал дээрээс хамт Сайн тавилга Сайн буйдан ХХК-ийн үйлдвэрлүү явсан. Үйлдвзрийн урд талын хүнсний дэлгүүрээс 0.75 грамын архи авсан. Хоёр харуултай дөрвүүлээ хувааж уусан. Самбуу ах согтоод унтаад өгсөн бид гурав архиа хувааж уусан. Т.Т Батзори гэрэлийг ингэж унтраадаг гэж зааж өгсөн. Батзориг Самбуу ахыг үйлдвэрт оруулж унтуулахаар явсан. Минутын дараа үйлдвэрийн гэрэл унтарсан Т.Т харуулын байрнаас гараад явсан. Т.Т хэсэг байж байгаад орж ирэзд болчихлоо явья тэндээс гараад такси барисан. Маргааш нь Нарантуул худалдааны төв дээр очиж зарсан 162 метр кабелын утас байсан. Тэр ахад 250.000 төгрөгөөр зарсан..." гэх мэдүүлэг /хх 44/,

Яллагдагч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...150.000 төгрөг нэхсэн надад мөнгө байхгүй байсан болохоор Б.Ган-Эрдэнэд өнгө өгч чадаагүй, хамт цахилгааны ажил хийе ажлын хөлсөө аваад маргааш 100.000 өгье гэж 3-4 хэлсэн. Тэгсэн чинь Б.Г надаас ажил дээр байгаа кабелын утас хэрэгтэй юм уу гэж асуусан тэгэхээр нь хүний кабелын утсыг би мэдэхгүй шдээ гэж хэлсэн ярилцаж байгаад Сайн тавилга ХХК-д очиж кабелын утасыг авахаар тохирч очсон замаасаа 0.5 грамын хараа нэртэй архи аваад харуулын байрлуу орсон. Даваасамбуу ах согтоод унтчихсан Батзориг надад гадна самбарын гэрэл унтарчихаад асахгүй байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би наад шийдийг чинь 2-3 кноп дараад асаачихна гэж хэлсэн Ган-Эрдэнэ үйлдвэрийн тогийг унтраасан тэгсэн чинь Г намайг чи тэр кабелын утасыг аваад ир гэсэн тэгэхээр нь би хэсэг дургуйцаж байгаад граш дотор байсан кабелын утсыг очиж авсан авахдаа грашийн баруун талын засвараар явж авсан буцаж тэр завсараар явж гарсан..."  гэх мэдүүлэг /хх 47-48/, Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 19-23/, Хөрөнгийн үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ын 2018 ны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30/04 дугаартай дүгнэлт /XX 25/, Хохирогч Ононгийн хүсэлт /хх 94/, шүүгдэгч Т.Т-ын хувийн байдлыг тогтоосон баримт /хх 104-106/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78, 80/ тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Г, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар  сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Эмийн ургамлын 4-10 тоот Сайн тавилгын үйлдвэрийн хашаанд байдаг грашийн хаалгаар нууцаар нэвтрэн орж 162 метр кабелын утсыг хууль бусаар хулгайлан авч 777.600 төгрөгний хохирол учруулсан болох нь,

Хохирогч Б.Ононгийн: “...Манайд ажиллаж байсан цахилгаанчин Т.Т хулгай хийсэн. Т.Түвшинжаргалын утас руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь эхнэрийн дугаар руу нь залгахад миний дугаарыг мэдээд авахгүй байхаар нь мессеж бичсэн манай цахилгааны утасыг авчирч өг яагаад хулгай хийсэн юм бэ гэж бичсэн. Т.Т би танайд зөндөө ажил хийж өгсөн биздээ гэж хариу мессеж бичсэн байна... " гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Бүжинлхамын: "...2019 оны 03 дугаар сарын 15-ны өглөө ажил дээр ирээд 13 цагийн үед камерийн бичлэг шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 13-ны 23 цаг 10 минутын үед манай компанид цахилгаанчин хийдэг байсан Т.Т нь манай харуулын байранд орж ирээд тухайн өдрийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Даваасамбуу, Батзориг гэдэг 2 харуулд архи авч өгч согтоогоод үйлдвэрийн хашаанд байдаг засварын грашд байсан цахилгаан 350 метр кабелын утсыг хяналтын камерыг унтрааж байгаад хулгай хийж авсан байсан 23 цагаас 15 минут орчим тогийг шийдээр нь унтрааж байгаад авсан. . Манай захирал Б.Онон ярихдаа 350 метр кабелийн утас байсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Цэдэнбалын: "…2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нарантуул зах дээр барилгын материал цахилгааны кабел борлуулах хэсэг дээр ажиллаа хийж байсан. 11 цагийн үед зүс танихгүй 2 залуу над дээр ирээд хөнгөн цагаан голтой сип 16,4 жилтэй 300 метрийн урттай кабель байна Сэлэнгэ аймгаас авчирсан өөрөө хэрэглэж байсан гэж ярьж байсан. Тэгээд тэр хоёр залууг дагаад хойд талын хашааны онгорхой хэсгээр гараад Төрийн банкны үүдэн дээр жижиг тэрэгний багажны хэсэгт хийчихсэн байсан. Би очоод үзсэн чинь 162 метр сип-16 А жилтэй агаарын хуучийн хэрэглэж байсан кабель байсан 1 метрийг 1500 төгрөгөөр бодож авсан..."  гэсэн мэдүүлэг /хх 14-15/ гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г Т.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г Т.Т нарыг хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Г Т.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Г, Т.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Г Т.Т нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.Г Т.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г Т.Т нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г Т.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР