Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 871

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                            

Улсын яллагч Э.Намуун,

Хохирогч Д.Жавзанпагма, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 1906 02321 0901 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Э, 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 87 дугаар байрны 6-30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар Е82072571,

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Жавзанпагматай маргалдаж улмаар түүний чих рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт нийт 364.600 төгрөг өгсөн” гэв.

Хохирогч Д.Жавзанпагма шүүх хуралдаанд: “03 дугаар сарын 18-ны өдөр Натур худалдааны төвийн зам дээр өглөөнөөс авхуулаад Эрдэнэмөнх 6-7 удаа залгаад би хагалгаанд орох гэж байна уулзъя гээд байсан. Тэгэхлээр нь би уулзах сонирхол алга байна уулзах ямар ч шаардлага байхгүй ээ. Үнэхээр хагалгаанд орох юм бол зүс таних юм байна очиж нэг аяга хоол цай өгч болно гэж хэлсэн. Тэгээд би Натурын энд явж байна гэхэд эрдэнэмөнх манай гэрийн ойролцоо байгаа юм байна уулзъя гэсэн. Тэгээд удалгүй Э хүүхдээ дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд намайг хүргээд өгөөч гэж хэлэхэд нь би амжихгүй хүргэж өгч чадахгүй нь гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд орох гэж байгаа бол миний зүгээс чамд тус болох юу байна гэж хэлэхэд надад юу ч хэлээгүй тэр хооронд нэг хүүхэдтэй хүн ирээд Саруултэнгэр рүү хүрэх гэсэн юмаа эгчээ та хүргээд өгөөч хүүхэд уйлаад болохгүй байнаа гэхээр нь би манай хүүхдийн сургууль тэрний ойролцоо байдаг юмаа гээд суу гэж хэлээд суулгаад явах гэсэн чинь Э за за гээд эргээд явчлаа гэж ойлгосон чинь яг хөдлөх гэж байхад намайг нүүр лүү цохиж хүзүүнд байсан гинжийг тас татаад аваад явахаар нь хүүе гээд эргэсэн чинь өөдөөс тас гэтэл алгадсан. Би чихээ дараад юу болоод яагаад байгаа юм бэ гэж хэлээд уурлахад энэ хүн гинжийг минь аваад цаашаа явж байсан юм. Чи ямар солиотой хүн бэ, хүний юмыг улаан цагаан дээрэм хийгээд хүн зодож байдаг чи хэн юм бэ гээд би энэ хүн миний гинжийг гартаа бариад явж байхад нь буцаан ухрахад энэ хүн эргэж надтай хэрэлдэж маргалдаад чи байж байхад яадаг юм бэ гэхээр нь би чамтай байж байх алба байхгүй үнэхээр хагалгаанд орох гэж байгаа хүн бол тэрийгээ хэлж болохгүй ямар санаа зорилго агуулж ингэж хүнийг зоддог байна. Шүүгдэгч урьд нь намайг хэл амаар доромжилж хэзээ нэгэн цагт чамайг чадна аа гэж хэлж байсан. Ийм учраас би энэ хүнээс холдох арга хэмжээ авч байсан. Тэр замын гол дээр маргалдаад орилоод байхаар нь би утсаа гаргаад цагдаа дуудсан. Тэгэхэд энэ хүн миний утсыг цохин зам гараад зугатаасан.  Тэгээд чи ямар шулуундаа гарсан хүн бэ гэж хэлээд, араас нь гүйж очоод замын нөгөө талд гарчаад миний утсыг өг гэж хэлэхэд дайрч байгаа юм. Надаас нэг удаа уучлалт гуйж байгаагүй, энэ хүн хохирлын мөнгийг гаргаад өгөх боломж байсан. Би эмчилгээний үндсэн зардал хагалгааны 2.500.000 төгрөг, бусад зардал нийлээд 2.923.000 төгрөг гарсан. Энэ хүнээс би энэ хохирлоо төлүүлж авмаар байна. Мөн өмгөөлөгчийнхээ зардлаа би нэхэмжилмээр байна. Хагалгааны дараа дахин эмчилгээний зардал гарах юм байна. Тэрийг бас гаргуулмаар байна. Би маш гомдолтой байна” гэв.

            Хохирогч  Д.Жавзанпагма мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "..машинаа хөдөлгөөд явах үед онх онгорхой байхад замын хажуу талд зогсож байсан М.Э гараа оруулж ирээд миний баруун талын чих рүү нэг удаа алгадаад миний хүзүүнд зүүлттэй байсан мөнгөн тольтой гинжийг татаад таслаад авахаар нь би гинжээ сугалж аваад машинаа эргүүлээд зогсоод түүнээс яагаад байгаа юм бэ гэхэд тэр залуу яасан юм бэ гээд хэл амаар доромжлоод миний хүзүүний тольтой кулоныг аваагүй гээд байхаар нь би цагдаа дуудах гээд дуудлага өгөөд байж байтал Э миний утсыг булааж аваагүй надтай хэрүүл хийгээд зогсож байгаад цагдаагаас миний утас руу залгахад тэр миний утсаар яриад байхаар нь М.Э-ийг машинд суулгаад цагдаа руу дагуулаад явья гэхэд тэр машины дотроос явж байтал үсрээд буусан юм" гэх мэдүүлэг /хх 5-6/,

            Яллагдагч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "..Жавзанпагмын гэрт нь очихоор машинтай манай гэрийн үүднээс хөдөлсөн. Натурын тэнд ирээд бид хоёр хоорондоо муудалцсан гэхдээ би одоо ямар шалтгааны улмаас муудалцсанаа санахгүй байна. Би Жавзанпагматай муудалцаад хүзүүнд нь байсан гинжийг нь татаад тасалчихсан юм. Тухайн үед би Жавзанпагмын гинжийг таслах үедээ түүний чих үү гараараа нэг цохисон. Гинжийг тасалсны дараа Жавзанпагма надаас гинжинд байсан мөнгөн толь алга болсон байна гээд надаас мөнгөн толь нэхээд амайг цагдаад аваачиж өгнө гэж хэлсэн. Уг нь Жавзанпагма бид хоёр тэр үедээ влэрээд учраа олсон байсан юм. Жавзанпагма намайг цагдаа дуудаж өгнө гээд байхаар нь би эхнэр Ариунсувдыг дуудсан бөгөөд манай эхнэр Ариунсувд ирээд Жавзанпагматай уулзаж тасарсан гинж болон мөнгөн толийг Мөнгөн завьяагаас авч өгч хохирлыг нь барагдуулна гэж хэлээд салсан" гэх мэдүүлэг /хх 28-29/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4602 дугаартай дүгнэлт:

1. Д.Жавзанпагмын биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун дунд чихний архаг үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна"

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх-ийн 10/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-18/, Баянзүрх дүүригийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 3/, хохирлын баримт /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

            Шүүгдэгч М.Э нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Жавзанпагматай маргалдаж улмаар түүний чих рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

            Хохирогч Д.Жавзанпагмын: "..машинаа хөдөлгөөд явах үед онх онгорхой байхад замын хажуу талд зогсож байсан М.Э гараа оруулж ирээд миний баруун талын чих рүү нэг удаа алгадаад миний хүзүүнд зүүлттэй байсан мөнгөн тольтой гинжийг татаад таслаад авахаар нь би гинжээ сугалж аваад машинаа эргүүлээд зогсоод түүнээс яагаад байгаа юм бэ гэхэд тэр залуу яасан юм бэ гээд хэл амаар доромжлоод миний хүзүүний тольтой кулоныг аваагүй гээд байхаар нь би цагдаа дуудах гээд дуудлага өгөөд байж байтал Эрдэнэмөнх миний утсыг булааж аваагүй надтай хэрүүл хийгээд зогсож байгаад цагдаагаас миний утас руу залгахад тэр миний утсаар яриад байхаар нь М.Э-ийг машинд суулгаад цагдаа руу дагуулаад явья гэхэд тэр машины дотроос явж байтал үсрээд буусан юм" гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Жавзанпагма нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 2.923.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 1.266.080 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Д.Жавзанпагма нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ цаашид эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Э-өөс нийт 1.266.080 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Жавзанпагмад олгосугай.

7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР