Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 82

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Б.Б ,

шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Х.Оюунбат,

шүүгдэгч Т.М , Г.О , Д.М  нар, тэдний өмгөөлөгч Р.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Ч.Б , мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М , Т.М , Г.О  нарт холбогдох эрүүгийн 1815000360029 дугаартай, 163/2018/0085/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х  овогт Ч.Б  ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А  овогтой Д.М  ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Бугат сумын 3 дугаа баг 6-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б  овогтой Т.М  ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн  Бугат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У  овогтой Г.О  ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны  04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Б ийг зодож Б.Б ийн гар утсыг авч 180000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

1815000360029 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Яллагдагч Ч.Б ын өгсөн: Тухайн орой би гэртээ байж байтал манай хүргэн ах Д.Э , Д.А , О.Э  нарын хамтаар гэртээ ирж гаднаа машиныхаа урд талыг янзалж байгаад архи ууж эхэлсэн. Тэгээд тэр 3 гарч яваад Д.А  ахынд очиж архи ууж байгаад гэртээ ирээд бага охин болох Э.Н ийг тэврээд гарах гэхээр нь би хүүхэд авч явж яах гээд байгаа юм бэ гээд хавсраад унагатал эргээд босоод ирэхээр нь дахиад нэг хавсарч унагаад хашааны гадна зууралдаж гараад урд талд байх худаг хүртэл зууралдаад хувцаснаас нь чирж очоод Эгчийг минь бага дээрлэхээрэй би сонссон шүү гэж хэлтэл юу сонссон гэж хэлэхээр нь та намайг мэдээгүй гэж бодоо юу гэж хэлтэл намайг хүмүүс хүнтэй явалдсан гэж яриад байгаа юм гэж хэлсэн байсан. Би Д.Э  ахад хандаад та аятайхан байгаарай би таны аясар чинь л байлгаад байгаа шүү гэж хэлсэн. Та манайд ирээд юугаар ч дутаагүй шүү гэж хэлээд буцаад явцгаасан. Тэгээд намайг гэртээ ортол машинаа асаагаад яваад өгсөн. Тэгтэл Д.А  ахынд архи ууж байгаад Эрдэнэт явна гэж гараад нуурын толгойн орчимд машин нь эвдрээд зогссон байсныг манай дүү болох Ч.Г  Ж  ахтай хамт очиж авчирсан байсан. 01 цагийн үед унтах гээд байж байтал манай хамаатны ах болох О.Э  ах гаднаас Д.Э гийн бага охин болох Э.Н ийг тэврээд ороод ирэхээр нь манай ээж О.Ц  уурлаад Гэр орондоо галаа түлээд наад хүүхдээ оруул гэхэд эргээд аваад гарахаар нь би араас нь гараад дүүг аваад эргээд гэртээ оруулж ээжийн өвөрт хийчихээд Д.Э  ахын гэрт ороод яасан юу болов гэтэл Д.Э  ах мод ачиж яваад машин эвдэрчихлээ гэхээр нь гоожин өгөөгүй байхад мод ачиж явж болохгүй би явж машиныг чинь авчирья гээд Н.М  ахыг портер машинтай нь авч очоод машиныг нь чирээд хашаанд авчирсан. Маргааш нь буюу 2018.01.08-ны орой 17 цагийн орчимд Д.Э  ах Эрдэнэт орно гээд Э  ахтай хамт яваад 2018.09.10-ны өдөр хот руу яваад эмнэлэгт хэвтсэн гэж сонсогдсон гэх мэдүүлэг /хх-46-47 тал/

Яллагдагч Ч.Б ын өгсөн: Би 2018.04.21-ний өдрийн орой 20 цагийн үед М , О , М , М  бид нар Бугат сумын Баян айраг дэлгүүрийн гадаа тааралдсан. Тэгээд М  би эмнэлэг ороод ирье та нар манайд очоод байж бай гээд явсан. Тэгээд М , О , М  бид мөнгөө нийлүүлж байгаад 2.5 литрийн Сэрүүн нэртэй 2 ширхэг пиво аваад М ийд очиж уусан. Тэгээд хоол хийж юм ярьж сууж байгаад 01 цагийн үед Эрдэнэт орох уу гэж нэг нь хэлсэн тэгэхээр нь тэгье гээд би өөрийнхөө мотоциклыг унаад хойноо  О ыг суулгаад, М  өөрийнхөө мотоциклотой ганцаараа 5 уулаа явсан. Тэгээд Бугат сумаас Эрдэнэт хот руу Их залуу гэсэн бичигтэй уулзвараар нийлээд их замаар явж байгаад аюулгүйн тойрог өнгөрөөд худалдааны гудамжны зогсоол дээр мотоциклнуудаа тавьчихаад Tiger нэртэй баарлуу орохоор бид нар очиж явтал баар хааж байсан. Тэгэхээр нь эргээд мотоцикль дээрээ очиход үл таних нэг залуу нэг эгчийг зодож байсан. Тэгэхээр нь бид мотоциклнуудаа унаж авчирч ирээд нөгөө ахыг би эмэгтэй хүнийг болиоч та гэж хэлсэн. Тэгтэл чамд ямар хамаатайн гэж хэлсэн. Тэгтэл О  салгах гээд очтол О ыг цохиод унагаачихсан. Тэгээд О  газар уначихаад босож ирээд нөгөө ахыг цохиод автал тэр ах газар унасан. Тэгээд тэр ах босоод ирэхээр нь М  очоод тэр ахын мөрөнд нь өшиглөсөн тэгтэл тэр ах хогийн сав налаад зогссон. Тэгээд тэр ах М ийг мотоцикль унаад явж байхад нь түлхээд унагаагаад биенээс нь зуурчихаад тавихгүй байсан. Тэгээд манай хэдийн нэг нь ахыг унагаагаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би мотоцикль дээрээсээ бууж очоод салгасан. Тэгээд би эргээд мотоцикль руугаа очиж явтал газар хар өнгийн андрайд гар утас байсан. Тэгэхээр нь би аваад өвөртөлчихсөн. Тэгээд мотоцикль дээр ирэхэд М  миний мотоциклны хажууд байсан. Тэгээд би хамгийн эхэнд мотоцикль унаад хойно М ийг суулгаад 50 метр хэрээтэй яваад зогссон. Удалгүй араас М  ирээд хажуугаар гараад явчихсан. Араас нь М  О  2 ирээд хажуугаар гараад явчихсан. Би нөгөө ахыг хартал босоод явчихсан. Тэгээд би цуг явсан хэдийнхээ араас нь явсан. Тэгээд би “ЖАСТ” ШТС-ын ойролцоо явж байхад миний түлш дуусаад зогссон. Тэгээд би М аас хэний гар утас бэ? гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл цагдаагийн алаг машин ирээд намайг цагдаа нар машиндаа суулгаад үлээлгэсэн. Тэгээд миний мотоциклийг ачлагийн машинаар ачаад явсан. Араас М  бид хоёрыг алаг машинд суулгаад Цагдаагийн газарт аваачсан. Тэгээд тэндээс М ыг явуулж намайг эрүүлжүүлсэн. Мотоцикль түлшгүй болоод зогсох үед би нөгөө гар утасыг М д өгчихсөн гэх мэдүүлэг /хх-07-08 тал/

Яллагдагч Д.М ийн өгсөн: Би 2018.04.20-ны хавьцаа байх би сайн санахгүй байна. Тэр үед амралтаараа ангийн найз М ийд очсон. Тэгээд тэр өдрийн орой 20 цагийн үед М , О , Б  нартай Бугат сумын Баян айраг дэлгүүрийн гадаа тааралдаж танилцсан тэр үед манай найз М ийн найз болон ах нар байсан. Тэгээд М  би эмнэлэг ороод ирье та нар манай очоод байж бай гээд явсан. Тэгээд замаасаа дэлгүүрээс 2.5 литрийн 3 ширхэг пиво аваад М ийд очиж уусан. Тэр үед хэн мөнгө гаргаж пиво авсаныг санахгүй байна. Тэгээд пиво ууж дуусч байхад М  ирсэн. Тэгээд юм ярьж сууж байгаад Эрдэнэт орох уу гэж Б  хэлэхээр нь тэгье гээд бид нар явсан. Явахдаа Б  мотоциклоо унаад хойноо М ыг суулгаад, би О тай мотоциклийг бариад хойноо О ыг суулгаад, М  өөрийн мотоцикльтой ганцаараа нийт 5 уулаа явсан. Тэгээд Бугат сумаас Эрдэнэт хот руу явсан. Тэгээд аюулгүйн тойрог өнгөрөөд Tiger нэртэй баарны ойролцоо ирээд мотоциклноос бууж шээгээд дуусаж байтал эргүүлийн алаг машин гараад ирсэн. Тэгэхээр нь бид нар мотоциклоо унаад тал тал тийшээ зугтсан. Тэгээд би аюулгүйн тойрог хавиар зугтааж байгаад эргээд зугтсан газраа иртэл Б  М , М  нар байхгүй басан. Тэр үед О  миний хойно сууж явж байсан. Тэгээд тэр хавиар хайж байгаад буцаад иртэл Б  М  М  нар нэг хүнтэй муудалцаад байж байсан. Тэгээд би мотоциклтойгоо явж очтол тэр ах өөдөөс ирсэн. Тэгэхээр нь би хажуугаар нь гарсан тэгээд зогсоод эргээд хартал М ийн мотоциклийн түлхүүрийг авах гээд булаацалдаж байсан. Тэгэхээр нь би М ийг юун хүн бэ наадахаа тавиулаач явья гэж хэлсэн. Тэгээд М  тэр хүний гарлуу нь гараараа хоёр удаа цохиод салгасан. Тэгээд тэр ах над дээр ирээд миний унаж явсан мотоциклний түлхүүрийг авах гээд булаацалдсан тэгэхээр нь гарлуу цохиж холдуулсан тэгээд мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл миний урдуур орж ирээд хааж зогссон. Тэгэхээр нь би хажуу талаар нь тойроод гарах гэтэл тэр ах өөрөө ирээд мотоцикльнд шүргүүлээд газар унасан. Би нэлээн зайтай явж байгаад эргээд хартал Б  нь тэр ахын дээр нь гарчихсан зодож байсныг харсан. Тэгээд М , Б  нар мотоциклиоо түрж асаагаад М ийн хамт ирсэн. Тэгээд бид нар Бугат сум орох гээд явж байгаад эргээд харсан Б , М  нар байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь М , О  бид 3 хэсэг хүлээж байгаад явсан. Тэгээд Бугат суманд М ийнд байж байхад М  утсаар М тэй яриад бинзен дуусаад зогсчихлоо тэгээд цагдаа нар ирээд Б ыг аваад явчихсан бас Б  нөгөө хүний утсыг нь авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь О  яваад өгсөн. Тэгээд нэг өдөр хичээл дээр сууж байхад Орхон аймгаас цагдаа нар ирээд М  бид хоёрыг аваад Орхон аймгийн цагдаагийн газарт аваачсан гэх мэдүүлэг /хх-09-10 тал/

Яллагдагч Т.М ийн өгсөн: Би сайн санахгүй байна. Ойролцоогоор 2018.04.20-ны хавьцаа байх би Бугат суманд байрлах өөрийн гэрээс арван жилийн ангийн найз М той өөрийн эзэмшлийн Harly гэх мотоцикльтой дэлгүүр орох гээд явж байтал замд Б , М , О  нар байсан. Тэгээд М  бид 2 очиж уулзсан. Тэгээд би М ийг Б , М , О  нартай хамт манайд очоод байж бай би эмнэлэг орчихоод араас чинь очьё гэж хэлээд би эмнэлэг орж ханиадны эм авчихаад гэртээ иртэл манайд М , Б , О  М  нар 2 билүү 3-н том пиво уугаад дуусчихсан байсан. Би эмнэлэг ороод эм авахад эмч нь байхгүй нэлээн хүлээж байгаад очсон. Тэгээд бид нар манайд 20 цагаас 01 цаг хүртэл юм ярьж суусан. Тэгээд 01 цагийн үед Б , Эрдэнэт явах уу гэхээр нь бид нар яасан ч яахав гээд бүгд явахаар болсон. Явахдаа би өөрийнхөө мотоцикльтой ганцаараа, Б  өөрийнхөө мотоцикльтой хойноо М ыг суулгачихсан, О ын мотоциклийг М  жолоодоод хойно нь О  суугаад нийт 5-уулаа явсан. Тэгээд Бугат сумаас гараад Эрдэнэт хотын төв зам луу Их залуу гэсэн самбартай уузвараар нийлээд Аюулгүйн тойрог өнгөрөөд худалдааны гудамжаар яваад Tiger  нэртэй баарны гадаа очоод зогссон. Тэгтэл Tiger  баарны хашааных нь гадаа үл таних нэг эрэгтэй эмэгтэй хүнийг зодоод байсан. Бид нар бүгд харчихаад яах уу гээд ярилцаж байтал Б  хөөе та болиоч гэж хэлсэн. Тэгтэл тэр ах чи дуугай бай гэж хэлсэн. Тэгтэл О  салгах гээд яваад очтол нөгөө ах О ын шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Тэгээд О  газар унасан. Тэгээд О  босож ирээд нөгөө ахыг цохиод авсан хаашаа нь цохисоныг санахгүй байна. Тэгээд Б  ах тэр ах руу очиж яваа харагдсан. Тэр үед миний унаж явсан мотоцикль унтарчих гээд байсан болохоор тэр хавиар тойроод зогсохгүй явж байсан яг юу болсныг сайн харж чадаагүй. Тэгээд тойрч байгаад иртэл нөгөө ах намайг мотоцикль дээрээс татаад унагаачихсан. Тэгээд миний урдаас ирээд хоёр мөрнөөс барьчихаад тавихгүй байсан. Тэр үед М  наадахаа тавиулаач гэхээр нь би барьж байсан хоёр гарны тохой хэсэг рүү нь тавиулах гээд 3 удаа цохисон тэгтэл тавьсан. Би гялс мотоцикль руугаа гүйгээд мотоцикль босгоод эргээд хартал нөгөө ах М ийн унаж байсан мотоиклийн үрүүлнээс нь барьчихаад тавихгүй байсан. Тэгээд нэг хартал М  мотоциклоо унаад миний хажууд ирээд явах уу гэхээр нь тэгье гээд бид хоёр нэлээн зайтай холдоод зогсоод Б , О  М  гуравыг явья гэж дуудсан. Тэгээд тэд нар мотоцикль дээрээ суугаад шууд Бугат сум орох гээд явсан. Тэгээд би “Жаст”  ШТС өнгөрөөд эргээд хартал Б  М  нар байхгүй байсан тэгэхээр нь эргээд Б , М  нар дээр очтол замын цагдаа ирчихсан байсан болохоор бид нар тэр хоёрыг хаяад Бугат суманд манайд ирсэн. Ирээд удаагүй байтал М  залгаад Б ыг аваад явчихлаа намайг үлдээчихлээ би одоо яах уу гэхээр нь наанаа чи ахындаа хоночихоо болохгүй бол би очоод авья гэж хэлсэн. Тэгтэл М  за за гэж хэлээд бас Б  нөгөө ахаас гар утсыг нь авчихсан байна гэж хэлсэн өөр юм яриагүй гэх мэдүүлэг /хх-11-12 тал/

Яллагдагч Г.О ын өгсөн: Би 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт М , Б  бид гурав мотоцикльтой явж байгаад М , М  нартай таарч уулзаад М  та нар манай гэрт очоод байж бай би араас чинь яваад очье гэж хэлсэн. Тэгээд бид нар М ийн гэрт очихоос өмнө дэлгүүрээс 2 том 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво худалдан авсан. Уг пивоо бид нар М ийн гэрт очоод ууж дуусгасан. Бид нарыг байж байхад М  нэг цаг орчимын дараа ганцаараа хүрч ирсэн. Ингээд бид нар хоорондоо юм ярьж сууж байгаад шөнийн 01 цаг болгосон. Тэгтэл Б  ах хэдүүлээ бөөнөөр Эрдэнэт орох уу баар орье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд зөвшөөрч 3 мотоцикльтой Эрдэнэт шөнийн 02 цагийн орчимд очсон. Тэгээд бид нар Эрдэнэтийн Тiger  нэртэй баарны гадаа очиход араас Б  ах дуудсан. Тэгэхээр нь би М  бид хоёр яваад очиход Б  ах нэг танихгүй ахтай заамдалцаж барьцалдаад зогсож байсан. Тэгээд би бууж очоод болиоч гээд салгах гээд тэр танихгүй ахыг бариад авсан чинь шууд намайг шанай хэсэгт гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би босч ирээд зөрүүлээд нүүрлүү нь цохиод авсан. Тэр үед газарт нэг танихгүй эгч хэвтэж байхаар нь газраас босгож ирээд хажуугийн  сандал дээр суулгаж байгаад юу болсон юм бэ гэж асуухад уйлаад юм ярихгүй байсан. Тэгээд удаа ч үгүй байж байхад Б  ах явья явья гэж хэлсэн. Ингээд бид нар мотоцикльтой сундалдаад тэр газраас явсан. Тэгээд замаар явж байхад эргүүлийн цагдаа таарч араас хөөж байхад Б  ахын мотоциклийн шатахуун дуусч эргүүлийн цагдаа нарт баригдсан. Ийм л зүйл болсон. Тэр газраас би М , М  бид гурав цаашаа мотоцикльтойгоо яваад өгсөн харин Б  М  хоёр цагдаад баригдаад үлдсэн. Тэгээд намайг шөнийн 04 цагийн орчимд гэртээ ирээд байж байхад М  надтай хамт байсан М  рүү залгаад Б  ах хүний утас авсан байна гэж хэлсэн. Ингээд би Эрдэнэт рүү М ыг очиж аваагүй. Хөдөө гэрлүүгээ өглөөний 06 цагийн орчимд явсан гэх мэдүүлэг /хх-14-15 тал/

 

Хохирогч Д.Э гийн өгсөн:...хадам дүү болох Ч.Б тай маргалдаад хашааны гадна гартал намайг хэд хэдэн удаа толгойн тус газарт цохиод 2-3-н удаа хавсарч унагасан. Би согтуу байсан учраас өөдөөс нь ямар нэгэн байдлаар эсэргүүцэж чадаагүй…, миний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаад босоод ирэхээр хавсарч унагаад байсан. Б унахдаа толгойгоороо юм мөргөж унасан бололтой өвчин орчихсон үүдэн 1 шүд хөдөлж өвчин орсон байсан…, миний тархины баруун талд цус хуралт үүсч хагалгаанд орж авахуулсан…, миний толгой их өвдөж мартамхай болсон байна. Уналт таталтын эсрэг эм тариа байнга хэрэглэж байна. Өвчин намдаах эм байнга хэрэглэж хүнд юм өргөж болохгүй хүчтэй босч, сууж болохгүй гэх мэт зовиур ихтэй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э гийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн орой бага хүүхдээ авч явахаас болж шүүгдэгч Ч.Б тай маргалдсан нь үнэн. Тухайн үед манай эхнэр, том охин хоёр хотод байсан. Бага охин маань ганцаараа байсан. Ч.Б тай маргалдах үед Э  хүүхдийг маань аваад гэрт орчихсон байсан. Ч.Б  бид хоёр худгийн хажууд очиж зууралдсан. Ч.Б  намайг 2-3 удаа хавсарч унагаасан. Тэндээс Эрдэнэт хот руу явлаа гэж гарсан нь худлаа. Харин А ы гэрт очихоор явсан. Тэгээд А ы гэрт очсон. Нуурын толгой гэх газарт явж байхад Э , А  нар байхгүй байсан. Үүнд: Б ын дүү Г  өөрөө машин барьж явсан. Замдаа явж байгаад зогсохоор нь Ж ийг утсаар дуудаж ирүүлээд цааш нь явсан. Миний толгойны зүүн талын яс нь 9 мм-ын цус хуралттай гээд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж дитан төмөр хийлгэсэн. Тухайн үед байнга эм уудаг байсан. Одоо хааяа нэг эмчийн заавраар эм ууж байгаа. Надад эмчилгээний зардал гэж 2.600.000 төгрөгийг гарсан. Одоо гомдол, саналгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Гэрч Д.А ийн...Д.Э  над дээр 18 цагийн үед Эрдэнэтээс ирэхдээ согтуу ирээд бид 2 гэрт нь очиж нэг том пиво хувааж уугаад нилээн согтсон байсан. Би гараад сууж байтал Д.Э  хэсэг байж байгаад араас орж ирээд Б  манай хүүхдийг аваад явчихлаа хойноос нь явж авчирнаа гэхээр нь “чи согтуу байгаа юм чинь тэгэлгүй яахав” гэж хэлтэл цааш яваад өгөхөөр нь би харих гээд машинаас нь буугаад алхаад явсан…, Э  маргааш нь хот яваад манай эхнэр О  рүү залгаад “би хот явж байна өчигдөр хадам дүү Б д зодуулсан” гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Гэрч Ц.У ийн...орой 22 цагийн үед гэртээ А , Э  нарын хамт очоод 3-н настай охин Н ийг авч гарах гээд байхаар нь манай дүү Ч.Б  та хүүхдээ дагуулж архи уух гэлээ одоо боль гэж хэлтэл өөдөөс нь “би хүүхдээ яах нь чамд хамаагүй” гэж хэлэхээр нь манай дүү Б  уурлаж 2 удаа хавсарч унагаад манай хүүхдийг аваад үлдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Ч.Г ийн…орой манай хүргэн ах Д.Э  архи уучихсан согтуу байх үедээ өөрийн хүүхэд болох 3-н настай охин Э.Н ийг оройн цагаар хүйтэнд авч гарах гэхэд нь манай ах Ч.Б  нь “согтуу байж хүүхэд авч явах гэлээ гэж” хэлээд хүүхдийг нь авсан байсан. Би тухайн үед гадаа машинд сууж байсан.    Тэгээд хүргэн ах Д.Э г Ч.Б  хавсраад унагаачихлаа гээд А  ах ярьж байсан..., А  ах машинд орж ирэхдээ Ч.Б  хүргэн ах Д.Э г хавсраад унагаачихлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч О.Э гийн...манай хамаатны дүү болох Ч.Б  гарч ирээд Д.Э г согтуу байж хүүхэд авч явах гэлээ гээд маргалдаад хоёулаа зууралдаж аваад хашаанаас гараад урд талд байдаг худаг хүрээд буцаад ирсэн. Тухайн үед Д.Э  надад хандаад “Ч.Б  намайг зоддог болчихсон” юм байна сая намайг цохиж зодлоо гэж хэлж байсан. Маргалдаад л чанга чанга дуугаралдаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуудас/,

Гэрч  Х.Э ын...хүргэн ах Э  Булган аймгийн Бугат сумаас орой 20 цагийн үед ирсэн. Ирэхэд ах хэвийн зүгээр сууж байсан. Тэгээд гэрч байсан жимсний дарс хийж өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байтал ах гэнэт таталт өгөөд эхэлсэн. Тэгээд шууд ухаан алдаад унасан. Эмнэлэгт үзүүлээд тархины зураг авахуулсан тархиндаа хүнд гэмтэлтэй хагалгаанд орох шаардлагатай гэж үзээд хагалгаанд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Д.С ийн…тухайн үед нь би Б  руу утсаар залгаж холбогдоход юун сүртэй юм бэ, хоёр л алгадаа биз гэж юу ч болоогүй юм шиг үл тоомсорлосон байдалтай хандсан…, Бугат суманд байж байхдаа өөрийнхөө хашаан дотор Б тай маргалдаад тэгээд миний дүүгийн тархи руу цохисон гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот дүгнэлтээр... Д.Э гийн биед баруун зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эмнэлгийн бичиг  баримт шинжилгээнүүдээс үзэхэд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 38-39 хуудас/,

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч  эмчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 566 тоот дүгнэлтээр...Д.Э гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх хуванцар цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал толгойн баруун ар хэсэг рүү гар, хөлөөр цохих, цохигдох, толгойн баруун ар хэсгээр газар унах үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 81 хуудас/,

Хохирогч Б.Б ийн өгсөн: “...бид хоёрыг маргалдаад байж байтал 6 дугаар микрийн урд талын аюулгүйн тойрог талаасаа гурван мотоцикльтой залуучууд худалдааны гудамжаар орж ирсэн. Тэр мотоцикльтой залуучууд зэрэгцэж зогсож байгаад С  бид хоёр руу гэрлээ тусгаад байсан. Тэгэхээр нь би тэр мотоцикльтой залуучууд руу яасан бэ гэж асуусан чинь нэг мотоцикль нь ойртож ирээд яадаг юм бэ гээд эрэгтэй хүн хэлээд миний нүүр рүү цохисон. Тэр үед нөгөө хоёр мотоцикльтой залуучууд нь ч гэсэн над руу шахаад байсан. Тэгж байгаад нөгөө залуучууд мотоцикль дээрээс бууж ирээд намайг тал талаас цохиж зодсон. Би зодуулж байгаад баруун тийш зугтаасан. Зугтааж байгаад хогийн сав сандал хоёрын хооронд орж зогссон. Хоёр мотоцикльтой залуу хоёр талаас ирэхээр нь нэгийг нь өшиглөх гэж байгаад өөрөө газарт унасан. Намайг босох гээд эргэх үед араас нэг мотоцикль нь ирээд миний нурууг дайрсан. Дайруулаад газар хэвтэж байсан чинь дээрээс зодож байгаад нэг залуу нь миний гарт барьсан байсан гар утсыг нь хүчээр мулталж аваад мотоциклоо унаад баруун зүгт зугтаасан. Гурван мотоцикльтой 5-6 залуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б ийн өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шөнө найзуудын хамт “Тайгер” нэртэй бааранд суусан. Энэ үед манай эхнэр бас найзуудтайгаа хамт өөр газар сууж ууж байсан. Тэгээд эхнэр бид хоёр дуусаад хамт харъяа гэж ярьсан байсан. Хэсэг хугацааны дараа манай эхнэр над руу утсаар залгаад “дуусчихлаа, чи хаана байгаан бэ?, би яваад очъё” гэж хэлээд миний байсан бааранд хүрээд ирсэн. Эхнэр маань нилээн уусан, их согтсон шинжтэй байхаар нь уур хүрээд “чи олон нийтийн газар биеэ зөв авч явсангүй, хэтрүүлж уусан байна, явъя” гэж хэлээд сугадаад баарнаас гараад явахад гуйваж дайваад явж өгөхгүй байсан. Тэр худалдааны гудамжинд сандал байвал суучих гээд байсан. Би явъя гэж хүчлээд байж байтал 3 мотоцикльтой залуу урдаас гэрлээ тусгаж давхиж тулж ирэхэд нь яасан бэ? гэж асуухад яасан ч яадаг юм гээд байсан. Гэрлээ тусгахаа болиоч, яах гээд байгаа юм бэ? гэж уурлахад нэг нь гүйж ирээд цохьсон. Тэр нь шүүгдэгч О  юм шиг байсан. Би явуулахгүй цагдаа дуудна гэж хэлээд гүйж очоод мотоциклоос нь бариад авахад тэнд байсан залуус намайг өшиглөж, цохиж, бөөнөөр нийлж зодсон. Тэгэхээр нь 50-60 метрийн зайтай байрлах хогийн савны тийшээ зугтаасан. Тэгэхэд араас мотоцикльтойгоо хаазалж ирсэн. Би хогны савны ард зогсож байтал хаазлаад ирэнгүүт нь хөлөөрөө жийх гэтэл хий жийгээд унасан. Намайг унахад бүгдээрээ нийлж зодсон. Энэ үед би гар утсаа нэг гартаа барьчихсан, хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Тэгэхэд нэг нь миний гараас чангаасаар байгаад миний утсыг авсан. Утас аваад л тэр зодоон дууссан. Тэгээд би араас нь та нар чинь яаж байгаан бэ? баригдана шүү дээ гэж орилоход яваад өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас хойш шүүгдэгч нар нэг ч удаа надад хохирол, гомдол юу байна, яах уу энэ тэр гэж утсаар залгаж, ярьж байгаагүй. Би бүр гайхаад Эрдэнэт хотод бүгдийг нь дуудаж уулзсан. Ер нь энэ хугацаанд шүүгдэгч нарын араас би өөрөө хөөцөлддөг байсан. Өнөө өглөө надад хохирлын мөнгө гэж 200000 төгрөг өгсөн. Хамгийн гол нь миний утсан дээр миний найз нөхөд, үр хүүхэд, эхнэртэйгээ авахуулсан нарийн нандин, дурсамжтай зурагнууд, бичлэгнүүд их байсан учир үүнд л харамсаж байна. Би шүүгдэгч нарт “утас яах вэ, гол нь миний утсанд байсан мемори картыг олоод өгчих” гэж хэлсэн боловч өдий болтол олж өгөөгүй. Би гомдолтой байна гэх мэдүүлэг,

Гэрч Ж.С гийн...бид хоёр маргалдаад худалдааны гудамжаар явж байсан чинь гэнэт мотоцикльтой залуучууд гарч ирээд Б тэй муудалцаад байснаа санаж байгаа  юм.  Нэг хэсэг согтсон  байсан.  Нэг ухаан орсон чинь Б  хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан. Тэгээд гэртээ харьсан. Энэ хэргийн улмаас Б ийн толгой хавдаж, баруун талын нүдний доод зовхи нь урагдсан байсан. Гар хөл нь халцарсан байсан. Маргааш өглөө нүд нь хавдаж хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 213 хуудас/,

Гэрч Б.Б гийн...баарнаас гарч яваад хөдөөний мотоцикльтой залуучуудад зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьж байна лээ..., Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 хуудас/,

Гэрч Б.Э ы "...баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б  танихгүй дугаараас залгаад хаана байна гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б  найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.М ын…2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд М , О ,  Б , М ий найз гэх нэг залуу бид 5 хамт 3 мотоцикльтой орж ирсэн. Худалдааны гудамжинд очсон чинь тухайн гудамжинд нэг ах нэг эмэгтэй хүн зодож байсан. Тэгэхээр нь бид нар 3 мотоцикльтой яваад очоод Б  ах мотоцикльноосоо буугаад шууд нөгөө ахыг зодсон. Тухайн үед араас нь бас М  болон М ий найз гэх залуучууд буугаад тэр ахыг хамт зодсон…, тэр үед Б  ах нэг гар утас дээлнийхээ өврөөс гаргаж ирсэн. Тухайн үед би хэний гар утас вэ гэж асуухад “саяны зоддог хүний гар утас” гэж хэлж байсан. Би Б  ахын мотоцикльтой хамт ард нь сууж явсан. М  ганцаараа мотоцикльтой явсан. О ын мотоцикльтой М ий найз гэх залуу би яг одоо нэрийг нь сайн мэдэхгүй байна…, миний харснаар О  хохирогч дээр түрүүлж очоод хохирогчийг цохих гэж байгаад өөрөө цохиулаад газарт унаад босч ирээд хохирогчийг нэг удаа цохиж байсан. Үүний дараа М тэй барицалдаж яваад М  хохирогчийн гар луу нь хоёр, гурван удаа цохисон. М эс салаад   хохирогч ах М той барицалдаж аваад М  түүний гар, мөр луу нь мөн цохиж байсан.  Б  ах хохирогчийг хавсарч унагаагаад дээрээс нь цохиж өшиглөөд зодож байгаад Б  ах хохирогчийн гарт байсан гар утсыг аваад эргэж ирээд бид нар зугтаасан…, О  нэг удаа хохирогч ахын нүүр рүү цохисон. Б  ах хохирогчийг цохиж унагаад дээрээс нь цохиод байсан. Харин М , М  хоёр намайг харж байхад хохирогчийн гар луу цохиод байсан…, замын цагдаа ирж байхад Б  ах цаашаа хэсэг яваад нөгөө гар утсаа шидсэн. Б  ахын авсан гар утас Самсун маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 218-219 хуудас/,

Гэрч Г.О ын...Б  нэг залуутай маргаж байсан чинь М ий найз гэх залуу нь миний мотоциклоор тухайн залууг мөргөж унагасан…, Б  ах,  М  болон  М ий  найз гэх залуу гурав зодоод байсан…, сүүлд М тай утсаар ярьсан чинь М  Б  ах нөгөө залуугийн гар утсыг нь авсан байна гэж хэлж байсан…, бид нарыг "Тайгер" баарны хойд талд зогсож байхад нэг эмэгтэй хүн орилоод хажууд нь байсан эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүнийг чирээд байсан. М  бид хоёр мотоцикльтой урд нь орж явж байгаад эргээд харсан чинь Б  орилоод байсан эмэгтэй хүний хажууд байсан эрэгтэй хүнтэй барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь эргэж очоод М  мотоциклоороо Б  ахтай барьцалдаад байсан залууг хальт шүргээд цаад талд нь зогссон. Тэгсэн чинь нөгөө ах хүрээд ирсэн. Намайг мотоциклоос буусан чинь нөгөө ах миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би газарт унасан. Босч ирээд нөгөө ахын нүүрний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон…, намайг мотоцикль дээр суух үед хохирогч ах газар хэвтэж байсан. М  хохирогчийг газар хэвтэж байхад нь нэг хоёр удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 220-222 хуудас/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 358 тоот дүгнэлтээр...Б.Б ийн биед зүүн нүдний доод зовхинд язарч урагдсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн завжинд зөөлөн эдэд 2 тооны хуралт, зүүн тохой, зүүн шилбэнд 4 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, салтын цус харвалт доод зовхины язарч урагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн завжны цус  хуралт зүүн тохой, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 235 хуудас/,

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн 2018/7-0166 тоот дүгнэлтээр…Самсунг Жи прайм маркийн гар утсыг 180000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр үнэлсэн гэх /хх-ийн 243-246 хуудас/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 1 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 51, 2-р хх-ийн 21-27 хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 58 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ын өгсөн:...надтай барьцалдаж аваад хэрэлдэж, маргалдаад салахгүй болохоор нь “та одоо яах гээд байгаа юм бэ? харанхуй, ийм хүйтэн шөнө энэ хүүхэд хөлдөнө шүү дээ” гэж хэлээд хавсарч унагаасан гэх мэдүүлэг,  хохирогч Д.Э гийн өгсөн...хадам дүү болох Ч.Б тай маргалдаад хашааны гадна гартал намайг хэд хэдэн удаа толгойн тус газарт цохиод 2-3-н удаа хавсарч унагасан. Би согтуу байсан учраас өөдөөс нь ямар нэгэн байдлаар эсэргүүцэж чадаагүй гэх мэдүүлэг, гэрч Д.А ийн өгсөн:...Э  маргааш нь манай эхнэр О  рүү залгаад “би хот явж байна өчигдөр хадам дүү Б д зодуулсан” гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг, гэрч Ц.У ийн өгсөн:...манай дүү Б  уурлаж 2 удаа хавсарч унагаад манай хүүхдийг аваад үлдсэн байсан гэх мэдүүлэг, гэрч Ч.Г ийн өгсөн…хүргэн ах Д.Э г Ч.Б  хавсраад унагаачихлаа гээд А  ах ярьж байсан гэх мэдүүлэг, гэрч О.Э гийн өгсөн...хоёулаа зууралдаж аваад хашаанаас гараад урд талд байдаг худаг хүрээд буцаад ирсэн. Тухайн үед Д.Э  надад хандаад “Ч.Б  намайг зоддог болчихсон” юм байна сая намайг цохиж зодлоо гэж хэлж байсан гэх мэдүүлэг, гэрч Х.Э ын өгсөн:...хүргэн ах Э  Булган аймгийн Бугат сумаас орой 20 цагийн үед ирсэн…, жимсний дарс хийж өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байтал ах гэнэт таталт өгөөд эхэлсэн. Тэгээд шууд ухаан алдаад унасан. Эмнэлэгт үзүүлээд тархины зураг авахуулсан тархиндаа хүнд гэмтэлтэй хагалгаанд орох шаардлагатай гэж үзээд хагалгаанд орсон гэх мэдүүлэг, гэрч Д.С ийн өгсөн:…тухайн үед нь би Б  руу утсаар залгаж холбогдоход юун сүртэй юм бэ, хоёр л алгадаа биз гэж юу ч болоогүй юм шиг үл тоомсорлосон байдалтай хандсан…, Бугат суманд байж байхдаа өөрийнхөө хашаан дотор Б тай маргалдаад тэгээд миний дүүгийн тархи руу цохисон гэсэн гэх мэдүүлэгүүд болон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот дүгнэлтээр...Д.Э гийн биед баруун зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо..., амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх , шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 566 тоот дүгнэлтээр...Д.Э гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх хуванцар цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо…, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал толгойн баруун ар хэсэг рүү гар, хөлөөр цохих, цохигдох, толгойн баруун ар хэсгээр газар унах үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэнэ…амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ч.Б  нь Д.М , Г.О , Т.М  нартай бүлэглэж хохирогч Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, улмаар түүний эд хөрөнгө болох гар утасыг   хүч хэрэглэж хууль бусаар авсан болох нь шүүгдэгч Ч.Б ын өгсөн:...зодож байхдаа одоо болно, явцгаая гэж хэлээд явах гээд мотоцикль руугаа очих замд газарт нэг гар утас хэвтэж байсныг аваад өвөртөө хийсэн. Газарт хэвтэж байхад утасны дэлгэцийн гэрэл нь ассан байсан гэх мэдүүлэг , ........хохирогч Б.Б ийн өгсөн:...намайг унахад бүгдээрээ нийлж зодсон. Энэ үед би гар утсаа нэг гартаа барьчихсан, хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Тэгэхэд нэг нь миний гараас чангаасаар байгаад миний утсыг авсан. Утас аваад л тэр зодоон дууссан гэх мэдүүлэг, гэрч А.М ын...Б  ах явж очоод унагаагаад дээрээс нь цохиод байсан. Тэгж байхдаа хохирогчийн гарнаас  Б  ах утсыг нь авсан..., цагдаа таарахад Б  ах сууж байсан газартаа хохирогч ахын гар утсыг орхисон гэх мэдүүлэг, Гэрч Ж.С гийн...бид хоёр маргалдаад худалдааны гудамжаар явж байсан чинь гэнэт мотоцикльтой залуучууд гарч ирээд Б тэй муудалцаад байснаа санаж байгаа  юм.  Нэг хэсэг согтсон  байсан.  Нэг ухаан орсон чинь Б  хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан.  Энэ хэргийн улмаас Б ийн толгой хавдаж, баруун талын нүдний доод зовхи нь урагдсан байсан. Гар хөл нь халцарсан байсан. Маргааш өглөө нүд нь хавдаж хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 213 хуудас/,

Гэрч Б.Б гийн...баарнаас гарч яваад хөдөөний мотоцикльтой залуучуудад зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьж байна лээ..., Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 хуудас/,

Гэрч Б.Э ы "...баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б  танихгүй дугаараас залгаад хаана байна гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б  найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.М ын…2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд М , О ,  Б , М ий найз гэх нэг залуу бид 5 хамт 3 мотоцикльтой орж ирсэн. Худалдааны гудамжинд очсон чинь тухайн гудамжинд нэг ах нэг эмэгтэй хүн зодож байсан. Тэгэхээр нь бид нар 3 мотоцикльтой яваад очоод Б  ах мотоцикльноосоо буугаад шууд нөгөө ахыг зодсон. Тухайн үед араас нь бас М  болон М ий найз гэх залуучууд буугаад тэр ахыг хамт зодсон.  … миний харснаар О  хохирогч дээр түрүүлж очоод хохирогчийг цохих гэж байгаад өөрөө цохиулаад газарт унаад босч ирээд хохирогчийг нэг удаа цохиж байсан. Үүний дараа М тэй барицалдаж яваад М  хохирогчийн гар луу нь хоёр, гурван удаа цохисон. М эс салаад   хохирогч ах М той барицалдаж аваад М  түүний гар, мөр луу нь мөн цохиж байсан.  Б  ах хохирогчийг хавсарч унагаагаад дээрээс нь цохиж өшиглөөд зодож байгаад Б  ах хохирогчийн гарт байсан гар утсыг аваад эргэж ирээд бид нар зугтаасан … замын цагдаа ирж байхад Б  ах цаашаа хэсэг яваад нөгөө гар утсаа шидсэн. Б  ахын авсан гар утас Самсун маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 218-219 хуудас/,

Гэрч Г.О ын...Б  нэг залуутай маргаж байсан чинь М ий найз гэх залуу нь миний мотоциклоор тухайн залууг мөргөж унагасан…, Б  ах,  М  болон  М ий  найз гэх залуу гурав зодоод байсан…, сүүлд М тай утсаар ярьсан чинь М  Б  ах нөгөө залуугийн гар утсыг нь авсан байна гэж хэлж байсан…, бид нарыг "Тайгер" баарны хойд талд зогсож байхад нэг эмэгтэй хүн орилоод хажууд нь байсан эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүнийг чирээд байсан. М  бид хоёр мотоцикльтой урд нь орж явж байгаад эргээд харсан чинь Б  орилоод байсан эмэгтэй хүний хажууд байсан эрэгтэй хүнтэй барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь эргэж очоод М  мотоциклоороо Б  ахтай барьцалдаад байсан залууг хальт шүргээд цаад талд нь зогссон. Тэгсэн чинь нөгөө ах хүрээд ирсэн. Намайг мотоциклоос буусан чинь нөгөө ах миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би газарт унасан. Босч ирээд нөгөө ахын нүүрний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон…, намайг мотоцикль дээр суух үед хохирогч ах газар хэвтэж байсан. М  хохирогчийг газар хэвтэж байхад нь нэг хоёр удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 220-222 хуудас/,

эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/7-0166 тоот дүгнэлтээр…Самсунг Жи прайм маркийн гар утсыг 180000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч  Д.М , Г.О , Т.М  нар нь Ч. Б тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Б ын...хохирогч уначихаад босож ирээд М ийн мотоциклиос зууралдаад байсан. М  мотоциклиосоо бууж ирээд өшиглөхөд унасан. Унахад нь М , О , М  бид хэд нийлж зодсон гэх, шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б ийн...намайг унахад бүгдээрээ нийлж зодсон, доошоо хараад зодуулаад хэвтэж байхад миний гарнаас гар утасыг чангаасаар байгаад аваад явсан гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.С гийн...нэг ухаан орсон чинь Б  хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан…, Б ийн толгой хавдаж, баруун талын нүдний доод зовхи нь урагдсан…, гар хөл нь халцарсан..., өглөө нүд нь хавдаж хөхөрсөн байсан гэх, гэрч Б.Б гийн...Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан гэх, гэрч Б.Э ы...худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б  танихгүй дугаараас залгаад...найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэгүүд болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 358 тоот дүгнэлтээр...Б.Б ийн биед зүүн нүдний доод зовхинд язарч урагдсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн завжинд зөөлөн эдэд 2 тооны хуралт, зүүн тохой, зүүн шилбэнд 4 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, салтын цус харвалт доод зовхины язарч урагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн завжны цус  хуралт зүүн тохой, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөөлөхгүй гэх дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 Харин тухайн үйл баримт болсон орой шүүгдэгч нар мотоцикльтой хөдөөнөөс орж ирэх үед  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд орилох, хашгирах эмэгтэй хүний дуу гарсан газарт очиход эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан ба эрэгтэй нь эмэгтэйгээ чирч гулдарч, зодож байна гэсэн шалтгаанаар  шүүгдэгч Ч.Б  бусадтай бүлэглэн хохирогч Б ийг  зодож, гарт атгаатай байсан гар  утасыг хүч хэрэглэн авсан, шүүгдэгч  Д.М , Г.О , Т.М  нар Ч.Б тай бүлэглэн хохирогч Б ийг  зодсон нөхцөл байдлыг  дүгнэхэд  шөнийн 03 цагт “худалдааны гудамжны ойролцоо байдаг  олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд хаагдсан, иргэд унтаж амарсан байх  цаг хугацаанд гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож,  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл  Олон  нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж нь бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл байдаг бол хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж нь нийтийн хэв журмыг зөрчөөгүй эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулахыг ойлгоно.

Нийтийн хэв журам зөрчсөн гэдэг нь нийгэм дэх хүмүүсийн харилцаа, олон нийтийн амгалан тайван байдал, хувь хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, олон нийтийн хэвийн үйл ажиллагаанд халдсан байдаг.

  Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар шүүгдэгч Ч.Б ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон тус тус зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б  болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар хохирогч Б.Б ийн гар утсыг газарт унасан байхад нь авсан хүч хэрэглэж бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй гэж зүйлчлэлийн талаар маргажээ.

 Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд болон  Хохирогч Б.Б ийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж өгсөн:...намайг унахад бүгдээрээ нийлж зодсон. Энэ үед би гар утсаа нэг гартаа барьчихсан, хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Тэгэхэд нэг нь миний гараас чангаасаар байгаад миний утсыг авсан. Утас аваад л тэр зодоон дууссан гэх мэдүүлэг нь гэрч А.М ын...Б  ах явж очоод унагаагаад дээрээс нь цохиод байсан. Тэгж байхдаа хохирогчийн гарнаас Б  ах гар утсыг нь аваад бид хөдөлсөн.  ... цагдаа таарахад Б  ах сууж байсан газартаа хохирогч ахын гар утсыг орхисон гэх мэдүүлэг, Гэрч Б.Б гийн...баарнаас гарч яваад хөдөөний мотоцикльтой залуучуудад зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьж байна лээ..., Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 хуудас/,

Гэрч Б.Э ы "...баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б  танихгүй дугаараас залгаад хаана байна гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б  найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар хохирогчийн гар утас газарт унасан байсныг болон хараагүй маргааш нь Ч.Б  авсан байсан талаар хамт явсан гэрч А.М аас мэдсэн талаар өгсөн мэдүүлэгүүдээр үгүйсгэгдэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,   мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт  зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх,  шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Ч.Б , Д.М , Г.О , Т.М  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгүүдэд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 180000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Э гийн эрүүл мэндэд  хүнд хохирол  учирчээ.

 Хохирогч Б.Э д төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Б д гар утасны төлбөр болон нийт 330000 төгрөг төлсөн ба эрүүл мэндэд учирсан хохирлын талаархи баримтаа тухайн үед бүрдүүлээгүй гэж мэдүүлж байгаа ба хохиролын баримтыг нөхөн бүрдүүлэх боломжгүй гэж үзэж түүний нэхэмжилж байгаа баримтгүй 570000  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ч.Б ын цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4,  36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Х  овогт Ч.Б ыг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч А  овогтой Д.М , Б  овогт Төмөрбаатар, У  овогт Г.О  нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Х  овогт Ч.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг,

шүүгдэгч А  овогтой Д.М , Б  овогт Т.М , У  овогт Г.О  нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч А  овогтой Д.М , Б  овогт Т.М , У  овогт Г.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг, 2 дахь хэсгийн  2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг тус тус  нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ын 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А  овогт Д.М , Б  овогт Т.М , У  овогт Г.О  нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын  “тохижилт үйлчилгээний ангид“ өдөрт 4 цагаас дээшгүй цагаар ажиллуулахаар тус тус тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А  овогт Д.М , Б  овогт Т.М , У  овогт Г.О  нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б ын  цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ч. Б , Д.М , Г.О , Т.М  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч Д.Э  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй 570000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ