| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2102001660115 |
| Дугаар | 90 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 90
Л.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Т.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 346 дугаар магадлалтай, Л.Б-д холбогдох 2102001660115 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Т.Золбоо нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, Х овогт Л-ийн Б.
Шүүгдэгч Л.Б нь Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд албан үүргээ гүйцэтгэх явцдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэж заасан хориглосон хэм хэмжээ болон, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3-т “Зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ. 2.3.2. Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй”, 5.1-д “...биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно”, 5.11-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3,000,000 төрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар, 3,000,001 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасныг тус тус зөрчин Г.И-ны “Э” ХХК-ийн нэр дээр Монгол Улсад импортлон оруулж ирсэн автомашин доторх барааг гаалийн хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг ашиглан тус бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эсвэл арилжааны шинж чанартай аль нь болохыг шалгаж тогтоон, татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой албаны үүргээ хэрэгжүүлэхгүйн тулд Г.И-аас 100,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Б-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байх тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдахаар хуульчлагдсан. Гэтэл эрүүгийн 2102001660115 дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дээрх хуулийг ноцтой зөрчиж явуулсан байдаг.
1.Л.Б-ийн гаалийн татвар хураамж төл гэсэн хууль ёсны шаардлагыг зөвхөн Г.И-ны зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, үндэслэлээ Гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хэмээж байх боловч хахууль шаардсан гэх үйлдлийг огт нотолж тогтоогоогүй, түүнийг гэм буруутай эсэхийг хангалттай нотолж тогтоогоогүй атлаа ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг зөрчиж байна.
2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг прокурор сунгаж явуулахаар хуульчилсан байх боловч хугацаа сунгаагүй тасарсан хугацаанд зөвшөөрөлгүй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж тухайн хугацаанд цугларсан нотлох баримтаар ял халдааж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 2021 оны 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаа сунгасан. Үүнээс 1 сарын хугацаа хэтрүүлэн 2021 оны 05 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгасан, үүнээс хойш 16 хоног хугацаа хэтрүүлэн 2021 оны 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагааг хууль зөрчин явуулсан. Дээрх хугацаанд цугларсан нотлох баримт нь нотлох баримтад тооцох үндэслэлгүй болох нь харагдаж байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх тасарсан хугацаанд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт явуулах хугацаа 1 cap” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
3.Миний үйлчлүүлэгч Л.Б-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж гэрчийн мэдүүлэг авсан. Энэ талаар шүүгдэгч, өмгөөлөгч нар маргасаар байхад хоёр шатны шүүх нотлох баримтаар тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл болно.
4.Үзлэг хийх үндэслэл, журмыг хууль зөрчиж явуулсан. Үзлэгийг мөрдөгч биш дүгнэлт гаргах шинжээч байгаа газарт нь очиж үзлэг хийн бэхжүүлж авсан нь эрхгүй этгээд байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Шинжээч үзлэг хийж бэхжүүлж авсны дараа мөрдөгч дахин уг ажиллагааг явуулсан байдаг. Мөн шийтгэх тогтоолын үндэслэх хэсгийн 22-р тал /хх-82/-д шүүхээс “Хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 02, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр ... Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.2 ... гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд хамаарах нь нотлогдсон” гэсэн боловч хэргийн 61 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд “2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ХУД-ийн 0-р хороо, Токио тауэр 0 давхар 0 тоотод үзлэг хийсэн ... наклад, диск, коньяк, виски, виног хэрэглэчихсэн. Үнэлгээ нь 420,720 төгрөг” гэсэнтэй зөрчилдсөн дүгнэлт хийжээ. Гэтэл мөрдөн байцаагчаас шинжээчид үзлэг хийх эд зүйл шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шинжээч нь мөрдөгчийн тогтоолд заагаагүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан мөрдөгчөөс үзлэг хийлгэх эд зүйлийг шилжүүлээгүй байх тул шинжээчийн хийсэн үзлэг хууль бус ажиллагаа болохыг анхаараагүй байна.
5.Хэрэгт хамааралтай бүхий л байдлыг шалган тогтоогоогүй. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын гаалийн газрын харьяа “Т” дахь гаалийн хяналтын бүсэд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И гэгч Америкийн нэгдсэн улсад амьдардаг Х.А-ын илгээсэн “Лексус Ар Икс” LX-350 загварын авто машиныг улсын хилээр оруулах гаалийн хяналт шалгалтыг дан ганц Л.Б биш, Гаалийн ахлах байцаагч Г.Б хамт хийж гүйцэтгэн гаалийн байцаагчдаа үүрэг даалгавар өгч бүрдүүлэлтийг дуусгасан ба энэ талаар хэлсээр байхад огт шалгаж тогтоогоогүй байна. Гаалийн улсын ахлах байцаагч Г.Б нь Гаалийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.4-т “Гаалийн мэдүүлгийн дагуу бараанд гаалийн хяналт, шалгалт хийгдсэн”, 71.1.5-д “Энэ хуулийн 71.1.4-т заасны дагуу хийсэн хяналт, шалгалтаар зөрчил илрээгүй бол барааг мэдүүлэгчид нь олгоно” гэж заасныг, Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2016 оны А/048 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, үүргийн хуваарийн 9-д “Гаалийн хяналтын бүсийн журам, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам ... Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам ... болон бусад гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах” гэж заасныг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И-ны гаалийн бүрдүүлэлтийг хууль зүйн дагуу шийдвэрлэсэн гэдгийг баталж гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгосон байдаг. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтаа дүгнэхдээ дээрх хууль тогтоомжийг зөрчин цуглуулсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн талаараа заагаагүй байх бөгөөд гэрч И.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Тэр өдөр бид 2 зэрэгцээд сууж байсан. И гэдэг залуу масктай байсан учир царайг нь сайн мэдэхгүй байна. Б байцаагч татвар төлүүлэх зүйл яриад хоорондоо маргалдаж байсан. Татвар төлнө, төлөхгүй гэж яриад байсан. Тэгээд би ковидын үе учраас хойшоо зогс, зайнаас харьц гэж хэлсэн...” гэх тодорхой мэдүүлэг, мөн гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “мөнгө нэхсэн гэдэг асуудал огт яриагүй” гэх мэдүүлэг байхад зөвхөн И-ны мэдүүлэг болон түүнээс сүүлд сонссон гэх Х.А-ын мэдүүлэгт үндэслэн шийдвэрээ гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол болон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Золбоо хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол оролцогч хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэснийг үндэслэн уг гомдлыг гаргаж байна ... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.
1.Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсний дагуу Л.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хууль зүйн шинжийг агуулж байж гэмт хэрэгт тооцох үндэслэл бүрдэнэ. Шийтгэх тогтоолын 24 дэх талд “дээрх гэмт хэргийн “Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд” гэх объектив талын шинж нь нийтийн албан тушаалтан хууль тогтоомж, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатай огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ойлголт” хэмээн тайлбарласан байна. Гэвч ийнхүү тайлбарлахдаа Л.Б нь ямар хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний аль заалтаар бий болгосон үүргийг зөрчсөн талаар шүүх огт дурдаагүй байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” хэмээн заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Хэрэв Л.Б “Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд” хэмээн үзэж байгаа бол түүнд хууль ёсны дагуу оногдуулсан үүрэг үүссэн байх ёстой. Энэхүү үүрэг нь тодорхой хууль, дүрэм, журам, байгууллага, албан тушаалтны шийдвэрт тусгагдсан байх ёстой бөгөөд энэ хуульд үндэслэх зарчмын баталгаа болдог. Гэтэл Л.Б ямар ч хууль, дүрэм, журамд заагаагүй, мөн ямар үүрэг зөрчсөн нь тодорхой болоогүй нөхцөл байдалд ял оногдуулжээ. Энэ байдлаас давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” нөхцөлийг үүсгэж байна.
2.Мөрдөн байцаалтын явцад Л.Б-ийн Үндсэн хуульд заасан эрх ноцтойгоор зөрчигдсөн. Хэргийн 1 дэх хавтасны 33-35, 36-40 талд байгаа гэрчийн мэдүүлэг байгаа. Өөрийг нь яллаж байгаа хэргийг өөрөөр нь нотлуулж байгаа байдлыг шууд үүсгэж байна. Энэхүү байдлыг анхан шатны шүүхийн шийдвэрийн 17 дахь талд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатай” гэж дүгнэсэн.
Дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бүх хууль зүйн үндэслэл, мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул хүчингүй болгож өгнө үү.
3.Өмгөөлөгч би давж заалдах шатны шүүхэд ... мөрдөн байцаалтын хугацаа тасарсан талаар гомдол гаргасан билээ. Гэвч давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр 04-нөөс 05 дугаар сарын 04-нийг хүртэл хугацаа тасарсан тухай тайлбарласан атлаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын хугацаа тасарсан эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлийг бий болгож байна. Иймд шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Л.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Л.Б намайг гэм буруутайд тооцсон Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/346 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Миний бие төрийн албанд 36 дахь жилдээ ажиллаж тэтгэвэрт гарч байгаа... Мөрдөгч болон шүүхэд удаа дараа “машин дотор байсан 8 камер шинэ байна, 100,000 орчим төгрөгийн татвар ноогдох байх гаалийн мэдүүлэг бич” гэж шаардлага тавих үед гаалийн ахлах байцаагч Г.Б нь надад хандаж “Америкаас хүн ярилаа. Тэнд амьдардаг бөгөөд өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан эд зүйл юм гэнэ, шуурхай явуул” гэсэн. Тэгээд гаалийн бүсээс гаргах зөвшөөрөл ахлах байцаагч олгож тухайн бараа гаалийн бүсээс гарсан. Ийм л үйл баримт болсон. Гэтэл намайг гэм буруутай гэсэн үндэслэлгүй шийтгэх тогтоол гарч нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оноосон. Давж заалдах шатны шүүх “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын зөрчил тогтоогдоогүй болно” гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15, 9.2, 9.6, 9.7, 16.11, 23.1, 30.7 дугаар зүйл, Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн байхад анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчсөн.
Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Э” ХХК-ийн нэрээр бүрдүүлэлт хийж... Г.И руу явуулахдаа өөрийнхөө хувийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл болох 1 ширхэг 55 инчийн “Самсунг” телевизор /эвдэрхий/, 1 багц камер, 6 буйдангийн хуучин дэр эдгээр зүйлийг явуулсан...” гэж мэдүүлсэн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ” гэж заасны дагуу гаалийн бүрдүүлэлтийг компаниар хийсэн нөхцөлд иргэний хувийн хэрэглээний зүйл гэсэн ойлголт үйлчлэхгүй. Мөн хэргийн 43 дахь талд “Э” ХХК-ийн захирал гэх Х.А нь “...одоо бол гадаад худалдааны чиглэлээр АНУ-аас автомашин, электрон бараа, гоо сайхны бараа импортоор оруулж Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг...” гэсэн мэдүүлэг өгсөн байх бөгөөд Г.И нь тухайн компанийг төлөөлж гаальтай харилцаж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь юм. Энэ нөхцөлд “зорчигчийн хувийн бараа гэж үзэхгүй гаальд зохих журмын дагуу мэдүүл” гэсэн Л.Б-ийн шаардлага хууль ёсны бөгөөд тухайн үйл явцад дээд албан тушаалтан гаалийн улсын ахлах байцаагч Г.Б амаар үүрэг өгч тухайн барааг гаалийн хилээр нэвтрүүлсэн нь төрийн албан хаагчийн хувьд захирах захирагдах ёсны дагуу хууль биелүүлсэн байгааг анхаарсангүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйл 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэсний дагуу мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т “оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч” гэж заасныг прокурор, шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл оролцогч тул бусад оролцогч гэж үзэхгүй бөгөөд хууль ёсны байх зарчим буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг шууд зөрчсөн байна.
Мөн шийтгэх тогтоолын үндэслэх хэсгийн 22 дугаар талд “Хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 02, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд дээр Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.2 гэсэн заалтад хамаарах гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд хамаарах нь нотлогдсон” гэсэн нь хэргийн 61 дүгээр талд авагдсан Шинжээчийн дүгнэлтэд “2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ХУД-ийн 0 дүгээр хороо, Токио тауэр, 0 давхар, 0 тоотод үзлэг хийсэн ...наклад, диск, коньяк, виски, виног хэрэглэчихсэн, үнэлгээ нь 420,720 төгрөг” гэсэнтэй зөрчилдсөн дүгнэлт боллоо.
Мөрдөн байцаагчаас шинжээчид үзлэг хийх эд зүйл шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй байхад шинжээч нь мөрдөгчийн тогтоолд заагаагүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шинжилгээний байгууллага нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, түүнд үзлэг, үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай алба мөн” гэж заасныг зөрчиж шинжээчийн хийсэн үзлэг хийсэн нь хууль бус ажиллагаа болохыг анхаараагүй байна. Мөн тухайн шинжээчийн үзлэг хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлд заасан хөндлөнгийн гэрч оролцуулаагүй тул энэ зүйлийн 1-д “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна” гэсэн заалт хэрэгжээгүй болохыг шүүх анхаарсангүй. Мөн мөрдөгч 00-00 УБТ дугаартай приус-20 автомашинд үзлэг хийсэн эхэлсэн цаг байхгүй, дууссан цаг нь 18:53 гэж, хөндлөнгийн гэрч байхгүй... зөвхөн Г.И гарын үсэг зурж, 6 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн Чингэлтэй дүүрэг /хороо байхгүй/ 0 дугаар байрны хойд талд гэсэн бөгөөд энэ хэргийн газрын үзлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7-д заасан хөндлөнгийн гэрч байхгүй байхад нотлох баримтаас хасах шийдвэр гаргалгүй, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм. Өөрөөр хэлбэл, хэргийн 14 дүгээр талд авагдсан баримт нь дээрх хуулийн 9.7 дугаар зүйлийн 1-д “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна” заасныг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно”, мөн зүйлийн 1.1-д “үзлэг хийх” гэж заасан. Гэтэл гомдол мэдээлэл 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэх хяналтын карт байх бөгөөд 5 хоногийн хугацаанд үзлэг хийгээгүй хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт тул нотлох чадвараа алдсан.
Хэргийн 9 дүгээр талд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн санал байх бөгөөд мөрдөн шалгах хугацааг 2021 оны 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 14 хоногоор сунгах санал гаргасан бол хэргийн 9 дүгээр талын арын нүүрэнд албаны даргын тогтоолд 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сунгасан. Хэргийн 10 дугаар талд 2021 оны 05 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 04-нийг хүртэл сунгасан байна. Хэргийн 11 дүгээр талд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн саналд 2021 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 28-ныг хүртэл сунгах санал гаргажээ. Хэргийн 12-13 дахь талд прокурор Б.М мөрдөн байцаалт явуулах хугацааг 2021 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 28-ныг хүртэл нэг дэх удаа сунгасан. Үүнээс үзэхэд 2021 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05 дугаар сарын 04-нийг хүртэл, 2021 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд мөрдөн шалгах хугацаа тасарч, мөрдөгч прокуророос хэргийн шалгах хугацааг сунгуулах зөвшөөрөл аваагүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.8-д “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах хугацааг сунгах”, 11.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулиар тогтоосон хугацааг энэ хуульд заасан журмаар сунгаж болно”, мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д “Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх, прокурор хэтэрсэн хугацааг сэргээх тухай шийдвэр гаргана” гэсэн заалт огт хэрэгжээгүй бөгөөд энэ хугацаанаас хойш бүрдүүлсэн бүх баримт хууль зөрчин цуглуулсан нотолгооны чадвараа мөн алдсан тул яллах дүгнэлт, шийтгэх тогтоолын үндэслэл болохгүй.
Мөрдөгч Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглоно” гэснийг зөрчин намайг гэмт хэрэг хийсэн гэж өөрөөр минь нотлуулах мэдүүлэг 2 удаа авч ашигласан.
“Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2-т заасан заалтыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасныг хэрэгжүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл, хуульд “Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх, прокурор хэтэрсэн хугацааг сэргээх тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн байхад хуулийн шаардлага хангахгүй нотлох баримтад үндэслэсэн тул ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч Л.Б нь иргэн Г.И-ны Монгол Улсад импортлон оруулж ирсэн автомашин дотор байсан барааг хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг нь ашиглан тус барааг хянах, шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн төлөө Г.И-аас 100,000 төгрөг өгөхийг шаардсан нь гэрч Г.И-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2 удаагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гаалийн байцаагч татвар төлөх ёстой гэж хэлээгүй, би бол татвар төлөх юм байна гэж ойлгоод яаж татвараа төлөх вэ гэж асуух гээд байж байтал “Чи надад 100,000 төгрөг өгөөд энэ бараагаа аваад гарчих, тэгэхгүй бол бүрдүүлэлт хийнэ гээд заваарсан юм болно шүү дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Х.А-ын “Г.И гаалийн байцаагч 100,000 төгрөг нэхээд байна, яах вэ гэж асууж байсан” талаар гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Б-ын “гаалийн улсын байцаагч хувийн хэрэглээний эд зүйлд хамаарах эсэхийг шалгалтаар тогтоож, тогтоогдвол Маягт-2 загварын дагуу татвар ногдуулах, эсхүл гаалийн бүрдүүлэлт хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын даргын “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Хахууль авах гэмт хэрэг нь хор уршиг, үр дагавар шаардахгүйгээр хахууль авсан, эсхүл шаардсанаар төгсдөг гэмт хэрэг юм. Шүүгдэгч барааг нягтлан хянах, шалгах үүргээ биелүүлээгүйн хариуд хахууль шаардсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон.Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, шүүхээс хэргийг хэлэлцэхэд саад болсон болон хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Т.Золбоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтан Л.Б нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа Г.И-ны “Э” ХХК-ийн нэр дээр гаалийн хилээр оруулж ирсэн автомашин дотор байсан Х.А-ын гэх барааг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эсхүл арилжааны шинж чанартай аль нь болохыг шалгаж тогтоон, татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой албаны үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Г.И-аас 100,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтооход шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж, яллах ба өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоох учиртай.
Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийх явцдаа автомашин дотор гаальд мэдүүлээгүй бараа байгааг шалгаж илрүүлсэн байна.
Дээрх тохиолдолд гаалийн байцаагч нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3-т “Зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ. 2.3.2. Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй”, 5.1-д “... биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно”, 5.11-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3,000,000 төрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас /Маягт №2/-аар, 3,000,001 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасны дагуу гаалийн бүрдүүлэлт хийх үүрэгтэй байхад шүүгдэгч Л.Б хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө хахууль өгөхийг шаардсан болох нь гэрч Г.И-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хоёр удаагийн мэдүүлэг, түүнээс энэ хэргийн талаар сонсож мэдсэн гэрч Х.А-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтойн дээр цогц байдлаар нь авч үзвэл шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо шүүх хэргийн талаар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч И.Х, Г.Б нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар дурджээ.
Гэрч Г.Б нь Америкийн Нэгдсэн Улсаас утсаар холбогдсон Х.А-ын гомдлын дагуу тухайн барааг хурдан шуурхай шийдвэрлэх үүрэг, чиглэл өгсөн болохоо мэдүүлсэн байх тул уг мэдүүлэг шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдолгүй байна.
Гэрч И.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И болон гаалийн байцаагч Л.Б нарын хооронд ямар харилцаа болсон талаар мэдэхгүй байна ... Гаалийн гадаа талбайд болсон асуудлыг нөгөө байцаагч мэдэх боломжгүй ...” гэж мэдүүлсэн /Хэргийн 2-р хавтасны 66-р тал / бол шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө “... бид хоёр зэрэгцээд сууж байсан ... татвар төлүүлэх зүйл яриад хоорондоо маргалдаад байсан. Ковидын үе учраас зайнаас харьц, хойшоо зогс гэж хэлсэн ...” гэж мэдүүлжээ. /Хэргийн 3-р хавтасны 50-р тал/
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байгаа бол шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй нотлох баримтын талаар дүгнэлт хийх үүрэгтэй. Энэхүү шаардлагыг зөрчсөн шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж хүчингүй болгоно.
Шүүгдэгч Л.Б-ийн хахууль шаардсан үйлдэл нь гаалийн хяналтын талбайд болсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байхад гэрч И.Х гаалийн байгууллагын албан өрөөнд болсон асуудлыг мэдүүлснээс гадна мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгтэй холбоотой мэдэх зүйл байхгүй талаарх мэдүүлгээ үгүйсгэж шүүх хуралдаанд татвар төлөх асуудлаар маргалдаж байсныг гэрчилсэн байх тул уг гэрчийн мэдүүлэг үнэн зөв болох нь эргэлзээтэйн дээр шүүхийн дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий нотлох баримт биш байна.
Давж заалдах шатны шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал, 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2021 оны 05 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 сараар сунгаж, хэрэг бүртгэлтийн хугацааны дотор буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын хугацааг мөн өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сараар сунгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1, 30.12 дугаар зүйлийн 1, 3, 4, 31.1 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. /Хэргийн 1-р хавтасны 1, 7, 10, 13-р тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч гаалийн хяналт, шалгалтад хамрагдаагүй гэх бараанд үзлэг хийн, эд мөрийн баримтаар хураан аваагүй атлаа бараанд ногдох татварын талаар шинжилгээ хийлгэсэн, мөрдөгчөөс ирүүлээгүй объектод шинжээч үзлэг хийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийн зарим хэсгийг буюу хариулт 1, 2-ыг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна.
Мөн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэлд дурдсанаар Л.Б гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон байхад гэрчээр байцаалт авсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил мөн боловч түүний гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, түүний гэм бурууд үндэслэл бүхий эргэлзээ үүсээгүй, хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээхээр хяналтын шатны шүүхээс тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 346 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Т.Золбоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ