Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00015

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох "Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж Хурлын дарга Ж.Самбаллхүндэв, хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд, С.Энхзаяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Түнэл-Илч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Хурлын дарга Ж.Самбаллхүндэв шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоол хүчинтэй байхад Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоол гарч Монгол Улсын засаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “Ж”, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн Түнэл-Илч орон нутгийн өмчит үйлдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, компанийн дүрмийг хавсралтаар батлан компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2017 оны 01 дүгээр сард багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулахыг үүрэг болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтуудыг зөрчиж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шилжүүлснээ 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/191 тоотоор сумын Хурлын даргад хүргүүлснээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Түнэл-Илч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг баталсан.

Түнэл-Илч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь дүрмийнхээ хүрээнд:

1.Сумын төвийн төвлөрсөн дулаан халаалтын асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйгээр хангах

2.Сумын барилга байгууламжийн дотор монтаж засвар үйлчилгээг хариуцах, Булаг багийн хэрэглэгчдийг цэвэр усаар хангах, бохир ус зөөвөрлөх

3.Сумын иргэдийн ундны цэвэр усыг тасралтгүй хангах

4.Булаг багийн орчны бохирдол, хог цэвэрлэгээний асуудлыг шийдвэрлэх, хогийн төв цэгийг тэмдэгжүүлсэн хэмжээнд байлгах

5.Сумын төв гудамжны гэрэлтүүлгийг тогтмол ажиллагаатай байлгах

6.Орон нутгийн мал өвөлжилтийн бэлтгэл ажил хангахад тогтмол оролцох

7.Ахуйн үйлчилгээний үйл ажиллагааг тогтмол явуулах зэрэг суманд зайлшгүй шаардлагатай ажил үүргийг хүлээн ажиллаж тайлангаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллах зэрэг үүрэг чиглэл хүлээсэн байгууллага юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоол батлагдсанаар Түнэл-Илч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хариуцан хийж гүйцэтгэж байсан дээрх ажлууд орхигдож төрийн үйлчилгээ эзэнгүйдэж, орон нутгийн иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт явуулсан боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/35 тоот албан бичгээр уг шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсэн болно.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

... Түнэл сумын уурын зуух 1980-аад оны сүүлээр ашиглалтад орсон боловч 1990-ээд оны эхэн үеэс үйл ажиллагаа нь зогссон. 2007 онд шугам сүлжээ, уурын зуухаа сэргээн ашиглалтад оруулсанаар үйл ажиллагаагаа дахин явуулж эхлээд 10 жил болж байгаа. Энэ хугацаанд өөрсдийн ашгаар нэхэмжлэлд дурдагдсан нийтийн үйлчилгээний олон ажлуудыг хавсарч хийж явсан. Цэвэр усаар хангах, хогийн цэвэрлэгээ, сумын төвийн гэрэлтүүлэг, ахуйн үйлчилгээ, халуун усны үйлчилгээ зэргийг явуулж байсан. Түнэл сумын дэд станц, халаалтын зуухыг хүлээж авах комиссийг 1994 онд байгуулж, эзэнтэй болгож тухайн үед сумын Засаг даргын захирамж гараад хариуцуулаад явж байсан. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтад уурын зуух нь сумын өмч биш аймгийн өмч гэж тусгайлан заасан зүйл байхгүй. Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийгэм эдийн засгийнхаа асуудлыг сумандаа шийдээд явах эрх зүйн үндэс нь бүрэн бий. Миний хувьд илт хууль бус шийдвэр гаргачихаад түүнийхээ хойноос явж байна гэж ойлгохгүй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэр гарсан гэсэн утгатай 2011 оны 1/191 тоот албан бичгийг нэхэмжлэлд хавсаргасан байгаа. Тэр албан бичигт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцээд тухайн суманд эрхийг шилжүүлсэн гэсэн байдаг. Энэ албан тоотыг бусад сумууд ч хүлээж аваад түүний дагуу шийдвэрээ гаргаад хүчин төгөлдөр мөрдөөд явж байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Хурлын дарга Л.Төмөрбаатарын хэлсэн үгэнд нь яригдсан боловч хэлэлцсэн асуудалд ороогүй. Тэр хуралдаанаас шийдвэр гараагүй ...” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан тайлбартаа: “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болгоогүй, өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн шийдвэр гараагүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/191 албан бичгээр зөвхөн аж ахуйн зохион байгуулалт хийх тухай санал хүргүүлсэн нь өмчлөгчийн албан ёсны шийдвэр биш юм. Учир нь өмчлөгчийн албан ёсны эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид хэрэгжүүлэх хууль ёсны эрхтэй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дангаараа өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлсэн шийдвэр гаргах эрхгүй юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын нийтлэг бүрэн эрхэд өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх тухай дурдаагүй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна” гэж заасан.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж Төрийн болон орон нутгийн өмчтэй байх хуулийг батлан гаргасан билээ. Энэхүү хуулийн дагуу Улсын өмчлөлд байсан бүх өмч төрийн өмчид бүртгэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасны дагуу тухайн үеийн төрийн нийтийн өмч нь бүгд төрийн өмчид бүртгэлтэй, Монгол Улсын Их хурлаас захиран зарцуулах эрхтэй байсан болно.

Монгол Улсын Их хурлаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж 1999 оны 29 дүгээр тогтоолоор Түнэл сумын уурын зуухны барилга, тоног төхөөрөмж Хөвсгөл аймгийн өмчлөлд шилжсэн болно. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу ард иргэдээ төлөөлөн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлж байгаа болно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон болно.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтыг зөрчөөгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргасан тул Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Самбаллхүндэвийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд, С.Энхзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны  өдрийн 104 дүгээр тогтоолоор “Түнэл-Илч” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байсныг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зохион байгуулалтын хэлбэрийг өөрчилсөн. Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг хөндөөгүй. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эдгээр компаниудыг компанийн сайн засаглалаар хөгжүүлнэ гэж тусгаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр батлуулсан. Түнэл-Илч ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны хэлбэрийг хөндөөгүй, эрхэлж байсан үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явж байгаа. Компанийн хэлбэрээр шинэчлэн зохион байгуулагдсан учраас дүрэмд нь бусад үйл ажиллагаа гэж оруулж өгсөн.

Нэхэмжлэгч өөрөө шаардах эрхтэй этгээд мөн юм уу гэдэг асуудал яригдана. Ямар нэгэн байдлаар хууль бус шийдвэр гаргачихаад хууль ёсны өмчлөгчөөс шаардах эрхтэй гээд шүүхээр маргаан үүсгээд яваад байгаа нь хэр зохимжтой юм бэ. Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмчлөгчийн эрхийг эдлэхгүй. Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэд халдаж шийдвэр гаргасан. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дулаан, уурын зуухны талаар санал гомдлыг авч, менежментийн өөрчлөлтийг хийе гэсэн зорилтыг тавьсны үндсэн дээр захиргааны байгууллага яг энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх захиргааны шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид эхлээд 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар бүхий 7 сумын удирдлага, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бүгд байсан боловч нэг ч санал гаргаагүй.

УИХ-ын 29 дугаар тогтоолоор Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгийг Хөвсгөл аймгийн өмчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас цэвэр усаар хангах, сумын төвийн гэрэлтүүлэг, халуун усыг ажиллагаатай байлгах зэрэг асуудал дүрэмд нь тусгагдчихсан байгаа. Түнэл-Илч ХХК нь цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг эрхэлнэ. Бусад үйл ажиллагааг мөн эрхлэхээр оруулж өгсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд Ж.Лхагважав дарга өөрийн биеэр оролцож яг энэ асуудлыг ярьсан. Хогийн асуудлаа яах вэ гэхэд хогийн асуудлаа аваад ажиллуул гэсэн шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал албан ёсоор өгсөн. Цэвэр усаар хангах, сумын төвийн гэрэлтүүлэг, худаг, халуун усны үйлчилгээтэй холбоотойгоор аймгийн зүгээс ямар нэгэн байдлаар эдгээр үйл ажиллагааг зогсоо гэсэн шийдвэр өгөөгүй. 1 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцүүлэг зохион байгуулаад компанийн урьд эрхэлж байсан энэ үйл ажиллагааг цааш явуулах нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа цэвэр ус, гэрэлтүүлгийн асуудлыг хууль, дүрэмдээ тусгаад компанийн гүйцэтгэх удирдлага бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх боломжтой. Халуун ус, хогийн асуудлыг бусад үйл ажиллагаандаа нийцүүлээд явуул гэсэн чиглэлийг өгсөн.

Орон нутгийн хөгжлийн санд хуваарилж өгсөн мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд хог цэвэрлэгээ, гудамжны гэрэлтүүлэг, зам даваа засварлах, орчны тохижилт, иргэдийн усан хангамж гэх мэт зүйлд зарцуулна гэж тодорхой заасан. Орон нутгийн хөгжлийн сангаас суманд хуваарилж байгаа мөнгөөр нийтлэг үйлчилгээний ажлуудыг хийх учиртай. Гэхдээ өнөөдөр тавьж байгаа сумын удирдлагын шийдвэр, санал хүсэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн засаг захиргаа хүлээж аваад компаниас энэ үйл ажиллагааг салгаагүй. Ер нь төлөөлөн удирдах зөвлөл төсөв батлаад өгч байгаа бол энэ төсвийн хүрээний дотор үйл ажиллагаагаа явуулж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Түнэл-Илч ХХК-д элэгдэл хорогдлын шимтгэл баталчихсан байгаа. Үүгээр юу хийхээ мэдэхгүй байна гэдэг бол компанийн удирдлага үүргээ ойлгоогүйн илрэл. Халуун ус, худаг, гэрэлтүүлэг, хогийн машин гэх мэт үндсэн хөрөнгүүд Түнэл-Илч ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа бол тэдгээрт шаардагдах засвар үйлчилгээг хийх боломжтой, компанийн төсөвт элэгдлийн зардлыг суулгаж өгсөн төдийгүй Түнэл суманд орон нутгийн хөгжлийн санд 9 сая төгрөгийн зардал хуваарилсан тул нийтлэг үйлчилгээ орхигдож, иргэд хохирсон гэж үзэх үндэслэлгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг Хөвсгөл аймгийн 24 сумдад адилхан хуваарилсан боловч ганцхан Түнэл сумын хувьд энэ асуудлыг далимдуулан нийтлэг үйлчилгээ тасалдахад хүрлээ гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Гүүрний хувьд ярихад Түнэл сумаас нэг л хүсэлт ирсэн. Тэр нь аймгийн Засаг даргад Хасагийн давааг засаж өгөөч гэснээс биш сумын төвд байгаа гүүр эвдэрчихсэн, ард иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байна гэх санал дүгнэлт ирээгүй. Бид ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэж өгдөг. Өнөөдөр сумын зүгээс хүсэлтээ тавиагүй байж шүүхэд орж ирээд ийм зүйл яриад байгааг буруу гэж үзэж байна ...” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Түнэл-Илч хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан тайлбартаа болон Түнэл-Илч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Лхагважав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай байгууллага нь Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Түнэл-Илч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нэртэйгээр байгуулагдаж дүрэм батлагдсан. Үйл ажиллагааны чиглэлд сумын барилга, обьектуудын дотор монтажийн засвар үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх, сумын хэмжээнд хөдөөгийн багуудын гүний худгийн засварын асуудал, албан хаагчдыг байр сууцаар хангах, гудамжны гэрэлтүүлгийг тогтмол ажиллагаатай байлгах, хөрөнгө оруулалтаар хийгдсэн гүүрний асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тусгасан. Манай байгууллага нь энэ чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа үе шат төлөвлөгөөтэйгээр Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж ирсэн.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оныс12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Түнэл-Илч хязгаарлагдмал хариуцлагатай компани болон зохион байгуулалтын хэлбэрийг өөрчилж, дүрэм батлагдсан. Энэ дүрмийн үйл ажиллагааны чиглэлд дулаан үйлдвэрлэх, түгээх, борлуулах, өөрийн өмчлөлд байх дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг дуудлагаар төлбөртэйгээр гүйцэтгэх зэрэг тусгагдсан. Түнэл-Илч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хийгдэж байсан ажлууд гүйцэтгэх боломжгүй болсон тул гуравдагч этгээдийн хувиар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээгүй гэж байгаа боловч 2016 онд манайх 29 сая төгрөгийн үнэ бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн зуух тавьж зуухаа шинэчилсэн. Урд нь хийж байсан ажлуудаа одоо хийхгүй байгаа. Учир нь компанийн дүрэмд хог цэвэрлэгээ, ахуйн үйлчилгээ, гүүрний засварын ажил тусгагдаагүй” гэжээ.

Шүүх хэргийн оролцогч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа боловч нэхэмжлэгч Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 1994 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаар захирамжаар[1] сумдад ажиллаж байгаа дизель станц, халаалтын зуухыг 1994 оны 8 дугаар сарын 1-ний дотор тухайн сумдын Засаг даргын Тамгын газрын мэдэлд балансаас балансад шилжүүлэн өгөхийг Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт даалгасан ажээ. Улмаар Монгол Улсын Түлш, эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргааны 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр тушаалаар[2] хөдөөгийн эрчим хүчний салбараас дизель станц, халаалтын зуухны үндсэн ба эргэлтийн хөрөнгийг нь сумдын Тамгын газарт хүлээлгэн өгсөн актыг үндэслэн балансаас балансад шилжүүлсэн байна.

Ийнхүү Түнэл сумын уурын зуух, халаалтын систем Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын харъяанд 1994 онд очсоны дараа Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор 41814,0 мянган төгрөгийн хөрөнгө бүхий Түнэл сумын Засаг даргын Тамгын газрыг төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлжээ. Сумын Засаг даргын Тамгын газрын балансад байсан уурын зуух, халаалтын системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2007 онд шинэчилж, үйл ажиллагааг нь сэргээн явуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор[3] Түнэл сумын нэгдсэн халаалтыг хариуцан үйл ажиллагаа явуулж буй уурын зуухны өмч хөрөнгийг Хөвсгөл Дулаан ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үйл ажиллагааг нь мэргэжлийн хүрээнд нэгтгэж ажиллахыг аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавт зөвшөөрсөн ба энэхүү тогтоол 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүчинтэй[4] байжээ.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоол[5] гарсны дараа нэгдсэн халаалт, уурын зуухтай сумдын удирдлагуудаас гаргасан нэгдсэн халаалт, нийтлэг үйлчилгээ эрхлэх аж ахуйн тооцоотой орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахтай холбоотой саналыг үндэслэн орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах эрхийг тухайн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд шилжүүлсэн тухай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/191 тоот албан бичгийг[6] сумдад хүргүүлсэн аж. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Пүрвээ дээрх бичгээр орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэснийг Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад мэдэгдээд хууль, журмын хүрээнд орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, хуулийн этгээд байгуулсан шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, өмчийн бүртгэл, захирлыг томилсон шийдвэр, сумын Засаг даргаас захиралтай байгуулсан гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг бүрдүүлж Орон нутгийн өмчийн албанд ирүүлэхийг үүрэг болгожээ.

Гэвч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн үед 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолоо хүчингүй болгоогүй, Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрийн өмчлөлийн эрхийг шилжүүлж, нэгдсэн халаалт, уурын зуух, нийтлэг үйлчилгээ эрхлэх аж ахуйн тооцоотой орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах эрхийг шилжүүлсэн тогтоол гаргаагүй[7] ажээ.

Эдгээр үйл баримтууд нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Б.Пүрвээгийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/120 тоот албан бичиг, хэргийн материалд авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг...-ийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”ж”...-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар  Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болох ...”, 18 дугаар зүйлийн 18.1.1.”ж”-д “орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах” онцгой бүрэн эрхийг эдлэхээр тус тус заасан байна.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-т зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байх ба мөн хуулийн 77 дугаар зүйлийн 2-ын 4-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхтэй юм.

Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор өмчлөлд нь шилжиж ирсэн хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж, орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах эрхийг эдэлнэ.

Хурлын дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталж, 25.2-т зааснаар Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурна. Өөрөөр хэлбэл Хурал болон Хурлын Тэргүүлэгчид нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага бөгөөд шийдвэрээ олонхийн саналаар тогтоол хэлбэрээр гаргадаг.

Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Пүрвээгийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/191 тоот албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолтой адилтган үзэх боломжгүй ба Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн өмчлөлийн эрхийг Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд шилжүүлж, нэгдсэн халаалт, уурын зуух, нийтлэг үйлчилгээ эрхлэх аж ахуйн тооцоотой орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах эрхийг олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Түнэл-Илч орон нутгийн өмчит үйлдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зохион байгуулалтын хэлбэрийг өөрчилж, компанийн дүрмийг баталж, компанийн удирдах зөвлөлийн гишүүдийг батлуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, энэ тогтоол гаргасантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 2-ын 4-т заасныг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байна.

Иймд нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтыг зөрчиж сумын Хурлын бүрэн эрхэд халдсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж дүрэм батлах тухай” 26 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 104 дүгээр тогтоол баталсан нь хууль бус байна” хэмээн маргаж байгаад дараах тайлбар өгөх нь зүйтэй байна.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Пүрвээгийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/191 тоот албан бичгийг үндэслэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж дүрэм батлах тухай” 26 дугаар тогтоол баталсан нь захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд илт хууль бус захиргааны акт байна. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу ямар нэгэн эрх зүйн үр дагаварт хүргэдэггүй онцлогтой.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “Түнэл-Илч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хариуцан хийж гүйцэтгэж байсан нийтлэг үйлчилгээ орхигдож, төрийн үйлчилгээ эзэнгүйдэж, орон нутгийн иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна” хэмээн маргаж байгаа.

Түнэл сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/92 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын балансад байсан үндсэн хөрөнгийг Түнэл-Илч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлсэн бөгөөд үүнд халуун усны байр, сумын төвийн худаг, хар усны гүүр, ахуйн үйлчилгээний байр, гудамжны гэрэлтүүлэг, ЗИЛ-130 машин, бага оврын трактор, хогийн машин, эрчим хүчний контор, ногооны зоорь зэрэг багтжээ. Эдгээр үндсэн хөрөнгө нь одоо Түнэл-Илч ХХК-ийн балансад бүртгэлтэй болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлүүдээр тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдын шүүх хуралдаанд гаргасан “Халуун ус, худаг, гэрэлтүүлэг, хогийн машин гэх мэт үндсэн хөрөнгүүд Түнэл-Илч ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа бол тэдгээрт шаардагдах засвар, үйлчилгээг хийх боломжтой, компанийн төсөвт элэгдлийн зардлыг суулгаж өгсөн төдийгүй Түнэл суманд орон нутгийн хөгжлийн санд 9 сая төгрөгийн зардал хуваарилсан тул нийтлэг үйлчилгээ орхигдож, иргэд хохирсон гэж үзэх үндэслэлгүй” гэх тайлбар болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Түнэл-Илч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эрхлэн гүйцэтгэж байсан ажлуудыг орхигдуулсан, сумын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж сумдад уурын зуухны үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг компанийн засаглалын хэлбэрт шилжүүлэх талаар хэлэлцэж байсан ба уг хуралдаанд Түнэл сумын Засаг дарга, Хурлын дарга нар оролцсон байгааг дурдах нь зүйтэй байна. Мөн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компани болон өөрчлөн байгуулахдаа урьд нь хэрэгжүүлж байсан үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нь өөрчлөөгүй, компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа худаг, гэрэлтүүлэг, халуун ус, гүүрний засвар зэрэг нийтлэг үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой байгаа зэргээс үзэхэд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ... 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалт ...” гэж буруу бичсэн байна. Гэхдээ энэ алдаа нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй техникийн шинжтэй алдаа байна гэж үзлээ. Техникийн шинжтэй алдааны улмаас хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл өөрчлөгдөхөөргүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3.”ж”, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-ын 4-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн "Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 60-61 дүгээр хуудас

[2] Хэргийн 63 дугаар хуудас

[3] Хэргийн 5, 24 дүгээр хуудас

[4] Хэргийн 4, 23 дугаар хуудас

[5] Хэргийн 5, 24 дүгээр хуудас

[6] Хэргийн 6 дугаар хуудас

[7] Хэргийн 23 дугаар хуудас