Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0950/З |
Дугаар | 221/МА2020/0069 |
Огноо | 2020-01-29 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2020/0069
“МкБ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн төлөөлөгч Х.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч улсын байцаагч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “МкБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “МкБ” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0295613 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 181.500.000.00 төгрөгийн торгуулиас 180.000.000.00 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох 1.500.000.00 төгрөгийн торгуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч улсын байцаагч Ж.Н, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар давж заалдах гомдолдоо: “...татварын улсын байцаагчид олгогдсон томилолтын дагуу нэхэмжлэгчийн анхан шатны баримтад үндэслэн шалгалтыг хийж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу 2017 онд 400000000 төгрөгийн хөрөнгөтэй “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ТТ-12 тайлангийн маягт буюу “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан орлогын албан татвар”-ын тайлангаар тайлагнаж, 120000000 төгрөгийг суутгагчийн үүргийн дагуу суутган авч, төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн 1.1-д зааснаар шийтгэлийн хуудас бичсэн. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.3, 41.4-т зааснаар чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаарх төсөвт тусгагдаггүй болно. Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0295613 дугаартай шийтгэлийн хуудсаар “МкБ” ХХК-ийг “...татвар ногдох орлогоо тайлагнаагүй, төлөөгүй төлбөрийн баримт олгоогүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 6.5 дахь хэсэгт заасны дагуу 37 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохиролд 120 000 000 төгрөг, нөхөн төлбөрт 24 000 000 төгрөг, нийт 181 500 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, гомдол гаргагч хуулийн этгээдээс “төлбөрийн баримт олгоогүй” гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрсөн, харин “татвар ногдох эрх борлуулсны 400 000 000 төгрөгийн орлогоо тайлагнаагүй, төлөөгүй” гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.2-т “эрх борлуулсны орлого” гэж зааснаар компани өөрийн эзэмшиж байсан эрхийг хэн нэгэнд борлуулж, орлого олсон тохиолдолд тухайн орлогод татвар ногдуулахаар зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Х ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Ж нь “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр “Х ББСБ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНСУ-ын иргэн ЛКШ-т /“МкБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч/ бэлэглэж, тус компанийн хувьцаанд ноогдох эрхээ түүнд шилжүүлэн өгсөн байна. Ийнхүү “Х ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 252 дугаар тушаалаар “Х ББСБ” ХХК-ийн оноосон нэрийг “МкБ” ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрсөн үйл баримтууд тогтоогдож байна.
Үүнээс үзвэл, компанийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээгээр “Х ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж, тухайн хуулийн этгээдийн нэрийг “МкБ” ХХК болгон өөрчилснөөр “МкБ” ХХК ямар нэг орлого олсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, “МкБ” ХХК нь өөрийн эзэмшиж байсан эрхийг хэн нэгэнд борлуулж, ямар нэг орлого олоогүй байх тул гомдол гаргагч хуулийн этгээдийг татвар ногдох орлогоо тайлагнаагүй, холбогдох татвараа төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй.
Гэтэл хариуцагч нь дээрх үйл баримтыг буруу дүгнэж, гомдол гаргагч “МкБ” ХХК-ийг эрх борлуулж, орлого олсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан” гэж зааснаар шийтгэл оногдуулж, төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гомдол гаргагч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Хариуцагчийн “...төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаарх төсөвт тусгагддаггүй” гэх гомдлын тухайд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар төрийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгохоор зохицуулсан байдаг тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. Үүнтэй холбогдуулан анхан шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ хариуцагчаас 35100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, зүй нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох ёстой юм.
Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан, мөн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 6.5-д заасныг баримтлан” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагч “МкБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч Ж.Н, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН