Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/0063

 

С.Д-ын нэхэмжлэлтэй,

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                    П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:                 Д.Мөнхтуяа  

Шүүгчид:                                      Д.Батбаатар

                                                         Х.Батсүрэн                        

Илтгэгч шүүгч:                          М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0026 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0182 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0154 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:... 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн *** дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э-гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”

2.Хэргийн нөхцөл байдал: Д.Б-, С.Д- нар 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд Д.Б- нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Канад Улсад нас баржээ. Харин Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн *** дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э-гийн эцгээр Д.Б-ыг тогтоож, төрсний бүртгэлд эх Б-ийн Г, эцэг Д-ийн Б- гэж бүртгэгдсэн байх бөгөөд тухайн бүртгэлийн талаар хэргийн оролцогчид маргаж байна.

2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... С.Д- нь талийгаач Д.Б-тай хамт амьдарч байсан хугацаандаа Б.Э- гэх охин төрсөн талаар огт мэдээгүй, Д.Б-ыг нас барсны дараа оршин суух хаягт Б.Э- гэх хүүхдийн нэмж бүртгэсэн бүртгэлийг мэдсэнээр тухайн хүүхдийг олж мэдсэн, Б.Э- нь талийгаачийн хүүхэд биш, тухайн үед бүртгэлийн байгууллага ямар баримт бичгийг үндэслэн уг бүртгэл хийсэн болохыг тодруулж, уг бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй ...” гэж тодорхойлон, “2005 онд захиргааны байгууллага буюу улсын бүртгэгч нь хууль бус, хуурамч гарын үсэг бүхий баримтыг үндэслэн бүртгэл хийсэн, 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 266 гэх гараар бичсэн дугаарыг *** дугаар болгож засан эцэг тогтоох тухай өргөдлийг үндэслэн бүртгэсэн байдаг, тухайн өргөдөлд талийгаач өөрөө гарын үсэг зураагүй, нэрээ Д.Б- гэж дармалаар бичсэн зөрүүтэй байдал тогтоогдож байна, 1990-ээд оноос хойш ажил хэргийн болон хувийнхаа бүхий л баримт бичигт ганцхан гарын үсгийг өдөр тутамдаа байнга ашиглаж байсан, энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоно  ...” гэж маргасан. 

2.2.Хариуцагчаас “... эцэг эхийн хамтран гаргасан өргөдлийг үндэслэн эцэг тогтоосны бүртгэл хөтөлж, Б.Э-г иргэн Д.Б-аар эцэг тогтоож бүртгэсэн, уг бүртгэлийг хуульд заасан нотлох баримтын дагуу бүртгэсэн, ХААТР анкет, журнал дээр Д.Б-ын гарын үсэг дармалдсан байдлыг хуурамч гэсэн нь үндэслэлгүй, өөрийн биеэр ирсэн тохиолдолд Д.Б-аар овоглоно, хэрэв ирээгүй байсан бол эхээр нь овоглоно, өргөдөл дээр албан ёсны, баталгаат гарын үсгээ зурна гэсэн дүрэм, журам байхгүй ...”  гэх;

2.3.Гуравдагч этгээдээс “... талийгаач Д.Б-, Б.Г нар нь хамтран амьдрахаар болж, 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Э-г төрүүлсэн, талийгаач нь улсын бүртгэлийн байгууллагад өөрөө 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр очиж, Б.Э-г өөрөөрөө овоглож, төрсний гэрчилгээг нь авсан, энэ нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн, 2005 оноос хойш Д.Б- нь миний хүүхэд биш гэж огт маргаж байгаагүй, Д.Б-аар овоглосон асуудалд, энэ бүртгэлийг хийлгэж байх явцад С.Д-ын ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэгч С.Д-ын хувьд Б.Э-гийн талаар огт мэдэхгүй, гэнэт гарч ирсэн талаар ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, 1999 оны Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5, 22 дугаар зүйлийн 22.1, 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, 11.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 2018 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... бүртгэл нь мөн тухайн үедээ хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон заалтыг зөрчөөгүй, ... хариуцагч иргэний бүртгэлийн байгууллага эцэг, эхийн хамтран гаргаж буй өргөдөл дэх гарын үсгийг мөн бишийг баталж тогтоох шаардлагагүй, хуулиар хүлээсэн ийм үүрэг байхгүй, ... маргаан бүхий бүртгэлийг хөтлөх үед хүүхдийн эцэг мөн, биш талаар маргаан гарч байсан нь мөн нотлогдохгүй, ... Захиргааны байгууллагаас хууль зөрчиж бүртгээгүй учраас нэхэмжлэгчид захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх байхгүй, ... нэхэмжлэгчийн зөрчигдөж болзошгүй эрх тогтоогдохгүй, ... Хүн, ам өрхийн бүртгэлийн талаар тусгайлан маргаагүй, ... хариуцагч ... чиг үүргээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй ...” талаар дүгнэжээ.  

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

5.Гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.М, өмгөөлөгч Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0154 дүгээр тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.“... Нэг.Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэн. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т ... дурдсан ба журам, хуулийг зөв дүгнэн тайлбарласан.

6.1.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 3.5-д “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2005 оны бүртгэлтэй маргаж байгаа. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний бүртгэл хөтлөх журмыг дурдсан байдаг. Журам нь www.legalinfo.mn сайтад байхгүй, хариуцагчаас нотлох баримтаар ирүүлээгүй учир тус журмыг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч уг журам нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй...” гэж хуулийг буруу хэрэглэж дүгнэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь илтэд нэхэмжлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг үл хүндэтгэсэн гэж үзэхээр байна. Уг журам нь эрх зүйн акт бөгөөд шүүхээс заавал хариуцагчаас нотлох баримтаар гаргуулж шийдвэрлэх шаардлагагүй ба журмыг аваагүй гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй.

6.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу захиргааны хууль тогтоомжийн бүрдэл хэсэгт багтаж байгаа Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам нь эрх зүйн мэдээллийн санд байршсан болон байршаагүйгээс үл шалтгаалаад давж заалдах шатны шүүх нь “хуульд үндэслэх” зарчмыг баримталж шийдвэр гаргах учиртай. Монголын эрх зүйн эх толь бичигт хууль тогтоомж гэдэг нь хууль тогтоох байгууллагаас хууль батлан гаргах замаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн аргын нэг, нийгмийн харилцааг бүхэлд нь буюу алив нэгэн төрлийг зохицуулсан хууль тогтоомжуудын цогц. Монгол Улсад хууль тогтоомжид “Үндсэн хууль, хуулиуд, Монгол Улсын Олон улсын гэрээ, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг хамаарагдана” гэж нэр томьёолон тайлбарласан байна.

6.3.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдаагүй хэдий ч уг журмыг шүүх нотлох баримтаар бүрдүүлэх шаардлагагүй ба хэрэглэгдэх хууль тогтоомжийг давж заалдах шатны шүүх нь нотлох баримт гэж үнэлж байгаа нь үндэслэлгүй. Хууль зүй дотоод хэргийн яамнаас эрх зүйн журмын нэгдсэн бүртгэлээс уг журмыг гаргуулах бүрэн боломжтой байсан ба зохигчдын зүгээс шүүхийн хэрэглэх хууль тогтоомжийг нотлох баримтаар болгон бэлдэх үүрэг хүлээхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

6.4.Хоёр.С.Д-ын эрх ашиг хөндөгдөөгүй, Б.Э-гийн эрх ашиг хөндөгдсөн талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаас үзэхэд нэхэмжлэгч С.Д- нь ... 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э-гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш бөгөөд уг бүртгэлийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, ... хуулиар олгогдсон эрх, ашиг зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Дээрх бүртгэл хийгдсэний улмаас талийгаач Д- Б-, Б-ын Э- нарын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Б.Э-г төрснөөс хойш 16 жилийн дараа Д.Б- нас барсан бөгөөд нас барахаас өмнө эцэг тогтоох өргөдөл, төрсний бүртгэлийн талаар маргаагүй, гомдол гаргаагүй, захиргааны акт хүчин төгөлдөр байгаа, ... талийгаач Д.Б- нь ... бүртгэлийг хүчингүй болгуулах шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг С.Д-т олгоогүй, энэ талаарх гэрээслэлийг үлдээгээгүй байна.

6.5.Гурав.Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн тухайд: ... Тухайн үед үйлчилж байсан 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 нь одоогийн буюу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлан мөрдөгдөж буй хуулийн “1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3” гэж өөрчлөгдсөн ба дээрх тогтоолд (Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 178 дугаар тогтоолын хянавал хэсэгт) томьёолсноор байгаа болно.

6.6.Дөрөв.Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу маргаан бүхий актад гомдол гаргах эрх бүхий этгээд нь С.Д- биш харин дээрх хугацаанд Д.Б- нь гомдол гаргах зохицуулалттай байна. С.Д-ын маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй бөгөөд түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа. Мөн мэдэх боломжтой буюу уг актын талаар мэдэж байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа.

6.7.Тав.Шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэх талаар: Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талийгаач Д.Б- нь гарын үсгээ янз бүрээр зурдаг байсан ба нас барсан хүний гарын үсгийг харьцуулан тогтоох боломжгүй, энэ нь хэрэгт ач холбогдолтой биш. Харьцуулсан гарын үсгийн шинжилгээг хийхэд гарын үсгийн шинжилгээ хийж байгаа этгээдийн гарын үсгийн хэвийг албадан болон чөлөөт загварыг шүүх шинжилгээний байгууллага руу явуулж шинжээчийн дүгнэлт гардаг журмыг зөрчиж байна. Мөн Б.Э-гийн эх Б.Гээс үйл баримтын талаар асууж тайлбар аваагүй, Б.М, Б.Г нарыг гэрчээр асуулгаагүй зэрэг үндэслэлээр буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, эдгээр гэрчийг асуугаагүй нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг буцаахад нөлөөлөх ач холбогдолтой биш бөгөөд харин ч анхан шатны шүүхийн шийдвэрийг батлах ач холбогдолтой. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7.Нэхэмжлэгч хариуцагч нараас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

9.Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-гийн “талийгаач Д.Б-ын гарын үсэг бүхий баримтуудад шинжээч томилуулах”-ыг хүссэн хүсэлтийг, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М-ын “Б.М, Б.Г нарыг гэрчээр асуулгах, Б.Э-г Б.М-тай удам төрлийн холбоо хамааралтай болохыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус тус хянан хэлэлцээд “… шинжээч томилуулах болон удам төрлийн холбоотойг тогтоолгох хүсэлтүүдийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй, харин гэрч асуулгах хүсэлт нь бүртгэл хууль ёсны эсэхэд хамааралгүй талаар” тус тус дүгнэлт хийж шийдвэрлэжээ[1].

11.Энэхүү шүүгчийн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж зааснаар хэргийн оролцогчид гомдол гаргаагүй байна.

12.Нөгөөтээгүүр, Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны 221/ТМ2024/0407 дугаар тэмдэглэлд: нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт баримтуудыг заасан. Тухайн баримтуудтай нэхэмжлэгчээс тийм баримт байгаагүй гэж маргасан зүйл байхгүй, ... гол маргаад байгаа зүйл нь хууль, журамд зааснаар эцэг, эх нь хамтраад өргөдөл гаргах ёстой. Өргөдөл дээр байгаа гарын үсэг нь Д.Б- гэж дармалаар бичсэн нь түүний гарын үсэг биш, ... тухайн хүн өөрөө гаргаагүй өргөдөлд үндэслэгдэн гарсан бүртгэл учраас хүчингүй болгож өгнө үү ...”[2] гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хүүхэд мөн эсэх нь иргэний шүүхээр шийдвэрлэгдэх асуудал, уг асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс маргах эрх байхгүй, учир нь хөндлөнгийн этгээд юм ...”[3] гэх, нэхэмжлэгчээс “... Би Д- Б-ын Э- гэх хүүхдийг 2022 оны 08 дугаар сард мэдсэн, ... Бидний зүгээс хүүхэд нь мөн эсэхэд маргах эрхгүй, гуравдагч этгээдийн зүгээс боломжтой гэж хуульчид хэлсэн ...”[4] гэх болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... шүүгч шүүх хуралдаан дээр Б.Гийг асуухгүй, та нар хүсэлт гаргаагүй гээд гэрчээр асуугаагүй, ... Нэхэмжлэгч С.Д- нь эцэг нь мөн эсэх талаар маргадаггүй, зөвхөн бүртгэлтэй холбогдуулан маргаад байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь бид бүртгэлийг хүчингүй болгосноор Б.Мгийн эцэг биш болохгүй гэж хэлдэг. Канад Улсын деклараци дээрх Д.Б-ын гарын үсэг нь дармалаар бичигдсэн байдаг ...”[5] гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

13.Үүнээс үзэхэд, 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э-г талийгаач Д.Б-ын төрсөн охин мөн эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн дугаарт түүний эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэл үнэн зөв, хууль ёсны дагуу хийгдсэн эсэх асуудлаар маргаж байх тул давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

14.Гэтэл “... гуравдагч этгээд Б.Э-гийн эх Б.Гээс үйл баримтын талаар асууж тайлбар аваагүй, ... шинжээчийн дүгнэлт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүдийг шүүх хуралдаанаар хэлэлцээд захирамж гаргахдаа Үндэслэх хэсэгтээ дүгнэсэн байх боловч Захирамжлах хэсэгтээ хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан ...” гэх байдлаар шаардлагагүй баримтыг дурдаж, “анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу байна.

15.Хоёр. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан “... Уг журам нь эрх зүйн акт, ... захиргааны хууль тогтоомжийн бүрдэл хэсэгт багтаж байгаа Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам нь эрх зүйн мэдээллийн санд байршсан болон байршаагүйгээс үл шалтгаалаад давж заалдах шатны шүүх нь “хуульд үндэслэх” зарчмыг баримталж шийдвэр гаргах учиртай, ... хавтас хэрэгт нотлох баримтаар авагдаагүй хэдий ч уг журмыг шүүх нотлох баримтаар бүрдүүлэх шаардлагагүй ба хэрэглэгдэх хууль тогтоомжийг давж заалдах шатны шүүх нь нотлох баримт гэж үнэлж байгаа нь үндэслэлгүй ...” гэх гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ”; Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэжээ.

17.Хэргийн оролцогчдоос 2005 онд төрсөн Б.Э-гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн талаар маргах бөгөөд тухайн үед Хууль зүйн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам” нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, нийтэд илэрхий, хэм хэмжээний акт байна.

18.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Иргэний бүртгэл хөтлөх журмыг хэрэгт нотлох баримтаар аваагүй, давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй /Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болон бусад сайтуудад байршуулаагүй, хайлтад гарч ирээгүй/” гэж дүгнэн, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болгосон нь буруу.

19.Өөрөөр хэлбэл, дээрх хэм хэмжээний акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасанд хамааралгүй болно.

20.Иймд, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0182 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

           

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА  

            ШҮҮГЧИД                                                                  Д.БАТБААТАР

               Х.БАТСҮРЭН

               М.БАТСУУРЬ

 

 

 

 

[1]1 хх-ийн 199 дэх тал. “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2023/10411 дүгээр шүүгчийн захирамж.

[2] 2 хх-ийн 43 дугаар тал.

[3] 2 хх-ийн 48 дугаар тал.

[4] 2 хх-ийн 45, 48 дугаар тал.

[5] 2 хх-ийн 46 дугаар тал.