Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1535

 

 

“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00200 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн 75 дугаар сургуульд холбогдох

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 332 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Тунгалагийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, Н.Уранбилэг нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль манай компанитай 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ХАГ-0250/15 тоот зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, U6/Ю6 маркийн нэг бүрийн үнэ 360 000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг гар утас, цэнэглэгч картны үнэ 600 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Дээрх гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу 3 сарын хугацаанд 10 ширхэг гар утасны үнэ буюу цэнэглэгч картын 600 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөг төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар 888 000 төгрөгийн үлдэгдэлтэй төлбөрөө төлөхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулиас гэрээний үлдэгдэл төлбөр 888 000 төгрөг, алданги 444 000 төгрөг, нийт 1 332 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Нийслэлийн 75 дугаар сургуулиас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 332 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36 262 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч 75 дугаар сургуулиас 36 262 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Тунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуульд холбогдох "Жи мобайл" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх заалтуудыг зөрчиж намайг хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлээгүй, эсрэг талын шаардлага тайлбар, нотлох баримттай танилцах, тайлбар өгөх эрхийг хангалгүй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн зэрэг нь тус 75 дугаар сургуулийг төлөөлж буй миний эрхийг ноцтой зөрчиж байна. 75 дугаар сургууль нь "Жи мобайл" ХХК-иас ямар нэгэн гэрээ хийж худалдах-худалдан авах үйлчилгээ хийгдээгүй бөгөөд тус сургуулийн багш, ажилтантай гэрээ байгуулан утсаа борлуулсан байдаг бөгөөд хувь хүний өмнөөс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэж хэлсээр байтал тус компаний борлуулагч хувь хүмүүстэй гэрээ байгуулчихаад авч чадахгүй болохоор байгууллагаас мөнгөө гаргуулах нэхэмжлэл гаргасныг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр мэдэж гардаж авсан. Хариу тайлбар өгөх хугацаа 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байсан боловч тухайн өдөр нь УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн өдөр таарсан бөгөөд хариу тайлбараа шүүх хуралдаанд гаргахаар өмгөөлөгчтэйгээ ярилцаж хүлээсэн боловч шүүх хуралдаан болох товыг надад мэдэгдэлгүйгээр хурлаа хийж шийдвэр гаргасан байна. Би 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл БНСУ-ын Сөүл хотын их сургуультай гэрээ байгуулахаар албан ажлаар явсан үед хурал хийж шийдвэр гарган шуудангаар явуулсныг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад уг гомдлыг гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Нийслэлийн 75 дугаар сургуульд холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 332 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд энэ эрхийг эдлүүлээгүй тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүх хариуцагчийн байгууллагын төлөөлөгчид 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдааныг хийхээр товлож, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтыг хариуцагч байгууллагын архив, бичиг хэргийн ажилтан Н.Уранбилэгт 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 05 минутанд гардуулжээ.                                                                                         

     /хх-24, 28, 30 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шүүх хэргийн материалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргалд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр танилцуулсан байх боловч хариуцагчид танилцуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймээс шүүх хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулж, талуудын мэтгэлцэх бүрэн эрх хангагдсан үед шүүх хуралдааныг товлох байтал талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэн, хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж болох нөхцөл байдал бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдээгүйгээс хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэх түүний гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 262 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ