Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 88

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч О.Г , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г д холбогдох эрүүгийн 1915000000027 дугаартай 163/2019/0092/э индэкстэй хэргийг 2019 оны 04 дүгээх сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эмээ, ээж, ах нарын хамт Булган аймгийн ... оршин суух, Б овогт О.Г  ,  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Г  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт ******** дугаарын утсаар иргэн А.П руу залган өөрийгөө Ш.Б  гэж хэлэн төөрөгдөлд оруулж, залилж  500 000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:   

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

1915000000027 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч О.Г гийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн үед Булган аймгийн Бугат сумын төвд явж байгаад мөнгөний хэрэг гарсан тул урьд таньдаг байсан махны ченж А.П  ахын гар утасруу өөрийн ******** дугаарын утаснаас залгасан. Утсаа авахаар нь би өөрийн ах “Ш.Б  байна” гэж худал ярьж “надад 500 000 төгрөгийн хэрэг гараад байна, та үхэр авах уу?” гэж асуутал авна гэж хэлээд дансны дугаараа мессэжээр явуулчих гэсэн. Сумын төвийн дэлгүүрийн урд Н.Б  ах байхаар нь түүнээс дансны дугаарыг нь аваад А.П руу явуулсан. Удалгүй явуулсан дансны дугаарт 500 000 төгрөг ирсэн ба Хаан банкнаас уг мөнгийг Н.Б  ахаар авахуулсан. Би гэм буруугаа ойлгож ухаарсан гэм буруугийн талаар маргахгүй. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй. Өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг /хх-19 тал/

Хохирогч А.П ийн өгсөн: “Би Б  гэдэг хүнийг урьд таньдаг манай холын хамаатан. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр миний утас дугарч автал “ Би Ш.Б  байна, бага хүүхдийн бие маш муу байна, мөнгө хэрэгтэй байна, 500 000 төгрөг өгөөч, удахгүй хоёр үхэрээ зараад өгье” гэж нилээн сандрангуй хэлсэн. Тэгэхээр нь би дансаа өгчих гэж хэлсэн удалгүй ******** дугаараас Хаан банкны ************ тоот дансны дугаар ирсэн. Энэ дансны дугаарлуу 500 000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь Булган аймгийн Бугат суманд байдаг Ш.Б гийн гэрт очсон ба тэрээр эхнэр хүүхдийнхээ хамт байж байсан. Би эхнэрээс нь “өчигдөр хүүхдийн чинь бие муудсан гэсэн гайгүй юу” гэтэл тийм зүйл болоогүй гэсэн. Тэгэхээр нь Ш.Б  байна, хүүхдийн бие муудлаа гээд  надаас мөнгө авсан талаар хэлтэл эхнэр нь “мэдэхгүй” байна гэсэн. ...гэх мэдүүлэг /хх-6 тал/,

Гэрч Ш.Б н өгсөн: ... О.Г  нь манай эхнэрийн төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Би А.П аас мөнгө зээлж авсан зүйл байхгүй. О.Г  миний нэрийг барьж түүнээс 500 000 төгрөг авсан байсан.”... гэх мэдүүлэг /хх-07-08 тал/

Гэрч Н.Э ы өгсөн: ... Би О.Г д ямар нэг дансны дугаар өгөөгүй. Гэрийн унинд хавчуулсан байсан цаасан дээр бичсэн дансны дугаарыг өөрөө олоод авсан байсан.  ... Манай хадам ах Н.Б ийн данс байсан.” ... гэх мэдүүлэг /хх-11-12тал/

Гэрч Н.Б ийн өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр О.Г  нь таны дансанд мөнгө орж ирсэн үү ? ирсэн бол аваад өгөөч гэхээр нь Хаан банкны ********** тоот данснаас 499 700 төгрөгийг авч өгсөн. О.Г гаас ямар учиртай мөнгө орж ирж байгаа талаар лавлатал эмээгийн гэрийн хаалганы мөнгө байгаа юм гэсэн. ... Миний дансны дугаарыг хадам дүү Н.Э аас авсан байсан.” ... гэх мэдүүлэг /хх-13-14 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 04 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25 тал/, бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.     

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт ******** дугаарын утсаар иргэн А.П руу залган өөрийгөө Ш.Б  гэж хэлэн төөрөгдөлд оруулж 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.           

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч О.Г  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт ******** дугаарын утсаар иргэн А.П руу залган өөрийгөө Ш.Б  гэж хэлэн төөрөгдөлд оруулж 500 000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар өгсөн  мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг  хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  Хохирогч А.П ийн өгсөн:  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр миний утас дугарч автал “ Би Ш.Б  байна, бага хүүхдийн бие маш муу байна, мөнгө хэрэгтэй байна, 500 000 төгрөг өгөөч, удахгүй хоёр үхэрээ зараад өгье” гэж нилээн сандрангуй хэлсэн. Тэгэхээр нь би дансаа өгчих гэж хэлсэн удалгүй ******** дугаараас Хаан банкны ************ тоот дансны дугаар ирсэн. Энэ дансны дугаарлуу 500 000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь Булган аймгийн Бугат суманд байдаг Ш.Б гийн гэрт очсон ба тэрээр эхнэр хүүхдийнхээ хамт байж байсан. Би эхнэрээс нь “өчигдөр хүүхдийн чинь бие муудсан гэсэн гайгүй юу” гэтэл тийм зүйл болоогүй гэсэн. Тэгэхээр нь Ш.Б  байна, хүүхдийн бие муудлаа гээд  надаас мөнгө авсан талаар хэлтэл эхнэр нь “мэдэхгүй” байна гэсэн. ...гэх мэдүүлэг /хх-6 тал/,

Гэрч Ш.Б н өгсөн: ... О.Г  нь манай эхнэрийн төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Би А.П аас мөнгө зээлж авсан зүйл байхгүй. О.Г  миний нэрийг барьж түүнээс 500 000 төгрөг авсан байсан.”... гэх мэдүүлэг /хх-07-08 тал/

Гэрч Н.Э ы өгсөн: ... Би О.Г д ямар нэг дансны дугаар өгөөгүй. Гэрийн унинд хавчуулсан байсан цаасан дээр бичсэн дансны дугаарыг өөрөө олоод авсан байсан.  ... Манай хадам ах Н.Б ийн данс байсан.” ... гэх мэдүүлэг /хх-11-12тал/

Гэрч Н.Б ийн өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр О.Г  нь таны дансанд мөнгө орж ирсэн үү ? ирсэн бол аваад өгөөч гэхээр нь Хаан банкны ********** тоот данснаас 499 700 төгрөгийг авч өгсөн... гэх мэдүүлэг /хх-13-14 тал/, зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.             

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.    

Иймд хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан  байх тул шүүгдэгч О.Г г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн  авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгч О.Г  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.П т 500 000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч О.Г  нь хохирогч А.П т  500000 төгрөгийг төлж хохирогч А.П  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч О.Г д  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол болох 500000 төгрөгийг төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол болох 500000 төгрөгийг төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч О.Г  нь энэ хэрэгтэй 17 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт О.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Г г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Г гийн цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд нь оруулан  цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 255000 төгрөгийг торгох ялаас хасч 245000 төгрөгийн торгуулыг оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч О.Г д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг   хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.    

6. Шүүгдэгч  О.Г д холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл,  иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.    

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

          

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ