| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2024/00639/И |
| Дугаар | 208/МА2025/00005 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 208/МА2025/00005
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дугаар шийдвэртэй
Хариуцагч Н.*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 5,100,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Н.******* нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
... Миний бие нь Н.*******тай өмнө нь танилын харьцаатай байж байгаад 2019 онд БНСУ-аас ирээд хамтран амьдрах болсон. Гэтэл амьдрах хугацаанд Н.*******ын өмнөх эхнэр ******* нь намайг байнгын дарамталдаг байдлаас болж 2021 оноос тусдаа амьдрах болсон. Тухайн үед надад 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан КИА маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба Н.******* нь өөрийн дүүд зарж өгнө гэж хэлээд авсан боловч мөнгийг надад шилжүүлээгүй. Тухайн үед Н.*******тай холбогдоход зараагүй гэж хэлсэн учраас итгээд хүлээж байсан. Гэтэл 2024 онд 6 сард миний машин нь Өмнөговь аймагт байгаа болох нь надад ирсэн торгуулийн хуудас ирснээр мэдсэн. Энэ талаар лавлахад Н.******* нь өөрийн дүү *******даа энэ машиныг зарсан байсан. Миний зүгээс тухайн машиныг зарах болохоороо нэр нь шилжих ёстой учраас над руу ярих байх гэж бодсон боловч шилжээгүйгээр будад худалдсан байна.
Миний зүгээс Ашид билгүүн ХХК-иар өөрийн машинд үнэлгээ хийлгэхэд 2024.07 дугаар сарын байдлаар 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Өмнө нь энэ машиныг БНСУ-аас оруулж ирж байсан ба тухайн үеийн 10,000,000 төгрөг бол их хэмжээний мөнгө байсан. Одоо үнэлгээний байгууллага 5,000,000 төгрөгөөр үнэлсэн. Миний машиныг Н.******* 2021 онд зарна гэж авч үлдэхэд арай илүү үнэлгээтэй байх байсан. Гэтэл одоо харин миний итгэлийг алдаж машиныг зарж борлуулчхаад мөнгө шилжүүлэхгүй байгаад гомдолтой байна.Иймд машины үнэ болох 5,000,000 төгрөг, ашид билгүүний үнэлгээ хийлгэсэн 100,000 нийт 5,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
... Миний бие нэхэмжлэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: 2019 оноос 2021 оны хооронд хамтран амьдрах хугацаанд КIA Carens маркийн ******* УНЭ машиныг зармаар байна гэхлээр нь өөрийн дүү болох Н.*******д зарж өгсөн. Мөнгө төгрөгөө өгч авалцахад нь би өөрийн биеэр хажууд нь байсан. Манай дүү Н.******* нь тухайн машиныг унаж байх хугацаанд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгоё гэж олон удаа хэлсэн боловч З.******* нь гэрчилгээг солиулаагүй дараа болъё гэж байсаар дараагийн хүн рүү зарагдсан.
Авсан хүн нь мөн өөрийн машинаа өөрийн нэр дээр болгомоор байна гээд надад хэлэхээр нь З.*******тай утсаар холбож өгсөн. Хэрвээ мөнгийг нь өгөөгүй байсан бол тухайн үед нь асуудлаа шийдэх байсан. Манай дүү, дүүгийн эхнэр, З.******* бид 4 хамт сууж байгаад манай дүү З.*******ад бэлэн өгсөн. Би дундаас нь 1000 төгрөг ч аваагүй. Одоо 4,5 жилийн дараа гэнэт ийм асуудал гаргах болсон нь надаас мөнгө салгах санаатай гэж бодож байна гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.
1.Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн Киа маркийн ******* улсын дугаартай автомашиныг /одоо ч эзэмшилд нь байгаа/ хариуцагч Э.*******т үлдээсэн ба хариуцагч нь өөрийн дүү Н.*******д худалдсан байна. Өөрөөр хэлбэл Н.******* нь шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр уг машиныг худалдаж авсан дээр маргаан байхгүй юм. Харин Н.******* нь уг машиныг Ш.*******т худалдсан мөн энэ талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд маргаан гараагүй байна.
Гагцхүү хариуцагч Н.******* нь өөрийн төрсөн дүүд машиныг худалдчихаад мөнгийг нь нэхэмжлэгчид шилжүүлээгүй асуудалд маргаан үүссэн байна. Гэтэл анхан шатны шүүх дээрхи үйл баримтанд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч З.******* болон Ш.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж шууд утгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Ш.*******ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд машиныг нэхэмжлэгчийн дүү Н.*******гээс 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан ба гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр байсан учраас нотариатаар орж гэрээ хийсэн гэсэн байна. Тухайн худалдах, худалдан авах гэрээг 2.000.000 төгрөгөөр хийсэн ба уг мөнгийг Ш.******* нь нэхэмжлэгчид өгөөгүй ба Н.*******д 3.500.000 төгрөг өгсөн байна. Энэ асуудалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Хэрвээ Ш.******* болон З.******* нарын хооронд хийгдсэн гэрээ үндэслэлтэй гэж үзвэл тухайн мөнгийг Ш.******* нь нэхэмжлэгчид өгөөгүй эсэх дээр дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч нь тухайн машиныг Ш.*******т зарсан гэх Н.*******тэй ямар нэгэн холбоо байхгүй ба гагцхүү тухайн үед хамт амьдарч байсан Н.*******т машинаа үлдээсэн юм. Н.******* нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... уг машиныг өөрийн ах ******* болон З.******* нараас 4.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг өөрийн ахдаа болон шүүхэд өгөөгүй байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн машиныг хариуцагчид итгэмжлэн хариуцуулсан ба Н.*******тэй ямар нэгэн байдлаар тохирсон, худалдсан, эсхүл бусдад худалдах эрхийг олгоогүй байхад шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй юм. Н.*******тай хамтын амьдралтай байсан. Н.******* нь миний машиныг зараад өгнө гээд авч үлдсэн. Гэтэл машиныг зараагүй байгаа гээд байсан боловч өөрийн төрсөн дүү Н.*******д худалдаж Н.******* нь Өмнөговьд байдаг ******* гэдэг хүнд цааш нь худалдсан юм билээ. Үүнийг миний нэр дээр машины торгууль ирснээр мэдсэн. Нэгэнт машин зарагдсан тул *******т машины гэрчилгээг шилжүүлж өгөх зорилгоор гэрээ хийсэн. Машиныг Н.******* дүүдээ зарчхаад мөнгийг нь надад бэлэн өгсөн гэж худлаа мэдүүлж байна. Мөнгө авсан бол би нэхэхгүй байсан гэв.
Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Надад машинаа зарна гээд үлдээсэн нь үнэн. З.******* бид хоёр хамт миний төрсөн дүү Н.*******д машиныг 3,500,000 төгрөгөөр худалдаж мөнгийг бэлнээр нь З.******* хүлээн авсан. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Гэтэл одоо машины үнийг төлөөгүй аваагүй гэж шүүхэд хандаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж бодож байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй З.*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан автомашин худалдсны төлбөр 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч З.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
3. Нэхэмжлэгч З.******* болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ хэргийн үйл баримт болон талуудын хооронд үүссэн маргаанд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарласан байна.
4.Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, харин нэхэмжлэгч З.******* иргэн Ш.******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Хэдийгээр анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн маргаан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн маргаанд зохих дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
5.Хэргийг судлан үзвэл:
Зохигчид нь хамтын амьдралтай байсан ба хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдрахаар болж нэхэмжлэгч З.******* нь өөрийн өмчлөлийн Киа Carens маркийн УНЭ ******* улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.*******ын эзэмшилд үлдээж, автомашиныг бусдад худалдаж үнийг нь шилжүүлэх талаар тохиролцсон байна.
Энэхүү тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгч З.*******ын өмчлөлийн Киа Carens маркийн УНЭ ******* улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.*******ын төрсөн дүү Н.******* худалдан авснаар өөрийн эзэмшилдээ авч ашиглаж байгаад улмаар иргэн Ш.*******т худалдаж автомашиныг түүний эзэмшилд шилжүүлсэн, өнөөдрийн байдлаар тухай автомашин нь иргэн Ш.*******ийн эзэмшилд байгаа, Ш.******* нь автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийн тулд нэхэмжлэгч З.*******тай автомашин худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
6.Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч З.******* нь өөрийн өмчлөлийн автомашиныг бусдад худалдах үүргийг хариуцагч Н.*******т өгч түүний эзэмшилд автомашинаа шилжүүлсэн, хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу автомашиныг өөрийн эзэмшилд авснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т заасан Даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
7.Нэхэмжлэгч З.*******ын өмчлөлийн Киа Carens маркийн УНЭ ******* улсын дугаартай автомашиныг бусдад худалдсан талаар зохигчид маргаагүй.
Харин нэхэмжлэгч З.******* нь автомашин худалдсан мөнгөө аваагүй тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй гэдэг бол хариуцагч Н.******* нь З.******* нь өөрөө автомашинаа миний дүү болох Н.*******д худалдаж мөнгийг нь бэлнээр авсан тул автомашины үнийг би төлөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч З.******* өөрийн автомашиныг Н.*******д худалдсан тухай баримт авагдаагүй бөгөөд хариуцагч Н.******* нь З.******* машинаа миний төрсөн дүү Н.*******д 3,500,000 төгрөгөөр өөрөө худалдаж мөнгийг нь бэлнээр авсан гэсэн татгалзлаа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т зааснаар хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч З.*******ын өмнөөс хөрөнгийг худалдан мөнгийг нь нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үүргээ биелүүлэх буюу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.
Хариуцагч Н.******* нь хэлцлийн дагуу нэхэмжлэгч З.*******ын өмнө хүлээсэн автомашиныг худалдаж үнийг нь шилжүүлэх үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрхүү үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар Киа Carens маркийн УНЭ ******* улсын дугаартай автомашиныг худалдсан үнийг хариуцагчаас гаргуулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
8.Нэхэмжлэгч З.******* нь автомашиныг үнийг зах зээлийн ханшаар тооцон 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн Киа Carens маркийн УНЭ ******* улсын дугаартай автомашиныг гэрч Н.******* нь 3,500,000 төгрөгөөр худалдан авсан, Н.******* нь цааш нь иргэн Ш.*******т 3,500,000 төгрөгөөр худалдсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх баримтуудыг үндэслэн автомашины үнийг тодорхойлж хариуцагч Н.*******аас автомашины үнэ 3,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
9. Монгол Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан бага үнийн дүнтэй нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээр заасан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч ердийн журмаар хянан шийдвэрлэхээр иргэний хэрэг үүсгэж, ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан атлаа хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ удирдлага болгох Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэх атал тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх заалтыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хольж шийдвэрлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан байна.
Анхан шатны шүүх хэргийн зохигчдод тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулсан, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар зохигчдын эрх ашиг ноцтой зөрчигдөөгүй зэрэг байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн гэж дүгнэн хууль хэрэглээний алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэлээ.
Цаашид анхан шатны шүүх нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан болон ердийн журмаар шийдвэрлэх эсэх талаар зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай байгааг анхааруулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 399 дүгээр зүйлийн 399.1-т зааснаар хариуцагч Н.*******аас 3,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг:
3 дахь заалтыг:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.ДАВААРЕНЧИН