Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2025/00006

 

Л.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШШ2024/00443 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.*******,

Хариуцагч Н.*******, Д.******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, ******* *******ын *******, ******* хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 63,4га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Л.*******ийн нэр дээр шилжүүлэх тухай

Хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар /цахим/ нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

...Би 2020 онд Н.*******д газрын эрх шилжүүлэх итгэмжлэл хийж өгөөгүй, зөвхөн миний нэр дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр ногоон тэжээл авах л эрх өгсөн. Надад ингэж л тайлбарлаж гарын үсэг зуруулсан. Мөн тэр итгэмжлэл гэх зүйлийг нотариатын эрхтэй хүн дээр ч хийгээгүй. Газрын , Н.******* 2 л байж байгаад тэгж тайлбарлаад л зуруулсан. Би учрыг нь тэгж л ойлгосон. Иймд 2020.04.21-ний өдрийн Итгэмжлэл гэх зүйлийг Н.******* намайг хуурч мэхэлж зуруулсан, өөрөөр хэлбэл хууран мэхэлж надтай хэлцэл хийсэн, мөн энэ хэлцлийн агуулгын би ноцтой төөрөгдсөн учир энэ итгэмжлэл нь миний хүсэл зоригийн илэрхийлэл биш юм. Иймд Н.*******ын намайг хууран мэхэлж зуруулсан итгэмжлэл гэх зүйлийг үндэслэн Н.******* нь өөрийн аав Д.******* рүү миний 63.4 га газрыг шилжүүлж авсан тул энэхүү хэлцэл нь ч хүчин төгөлдөр бус бөгөөд Д.******* нь уг газрын хууль бус эзэмшигч юм.

Иймд бусдын хууль бус эзэмшлээс би өөрийн эзэмшлийн газраа гаргуулж, эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Иймд 2020.04.21-ны өдрийн Л.*******, Н.******* нарын хооронд хийгдсэн "Итгэмжлэл" гэх нэртэй итгэмжлэлээр төлөөлүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн ******* *******ын *******, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 63,4 га газрын эзэмшигчээр Л.******* намайг тогтоон хариуцагч Д.*******д уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр рүү шилжүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... нэхэмжлэлийн тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. ...Баянгол сумын засаг даргын тамгын газарт 2009 оноос би байгаль хамгаалагчаар анх ажилд орсон юм. Тэгээд би байгаль хамгаалагчаар ажиллах явцдаа энэ 63,4 га газар энэ пойлийг хараад авах талаас нь хөөцөлдөж эхэлсэн юм. Тэгээд 2012, 2013 оноос эхлээд манай энэ пойлийн хажуу талд манай хадлангийн талбай байдаг юм. Тэгээд хадлангийн талбай руугаа явах замаараа л энэ пойлийг хараад энэ ерөөсөө хүн амьтан юм тарьдаггүй олон жил өнжчихсөн, тийм атаршчихсан пойль байгаад байдаг юм. Тэгээд би 2014, 2015 оны хавьцаа би газрын даамалтай уулзсан юм. Тэгээд энд ийм пойль байна. Ерөөсөө хүн эзэмшиж ашиглахгүй, юм тарихгүй байгаад байна. Би энийг авбал яаж авах вэ гэхэд энэ пойль ерөнхийдөө Сүмбэр сумын нутагт ордог юм. Төв аймгийн Сүмбэр сумын нутагт ордог учраас чи авах боломжгүй гэсэн. Би өөрөө энийг хөөцөлдөөд байршил тогтоогчоор эцсийн цэг тавиад Баянгол сумын нутагт орж байна гэдгийг нь өөрөө олж тогтоосон. Тэгээд уг талбайг авахаар хөөцөлдөөд явж байхад 2018 онд сумын иргэдийн хурлын тогтоол гарсан. Давуу эрхээр 18, 19 хүнд энэ газар эзэмшүүлэх тогтоол хамгийн сүүлд нь энэ ******* гэдэг хүн байсан. Тэгээд би энэ ******* гэдэг хүнтэй уулзаад би энэ газрыг авах гэсэн юм, таны нэр дээр авчхаад буцаагаад би өөр дээрээ шилжүүлээд авчихъя. Тэгээд та бид нэг нутгийн улсууд та надаа тусал, би танд чадах чинээгээрээ туслах юм байвал дэмжиж тусалъя гэж ярилцаад тохирсон. Тэгээд 2018 оны 11 сард ******* дээр сумын засаг даргын захирамж гарсан юм. Энэ 64 га газрыг авахад би зохих журмын дагуу бүхий л зүйлийг нь хөөцөлдөөд өөрөө кадастрын зургийг нь хийлгээд бүх л юмаа би өөрөө л хийсэн. ******* ах тухайн үед бараг надаа юу өгснөө ч бараг тэр үед мартсан уу яасан. Тэгээд юу ч хөөцөлдөөгүй. Тэгээд би 2019 онд энэ газрыг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах талаар ярилцах гэж гэрт нь очиж ******* ахтай уулзаад би энэ газраа таны нэр дээрээс шилжүүлж авъя. Хоёулаа нотариат оръё гээд би цуг нотариат ороод шилжүүлж авсан. Бүх зүйл нь хуулийн дагуу л хийгдсэн... гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШШ2024/00443 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******оос хариуцагч Н.*******д олгосон 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, ******* *******ын *******, ******* тоотод байрлах 63.4 га газрын эзэмшигчээр тогтоолгож, хариуцагч Д.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШШ2024/00443 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч Н.******* итгэмжлэлийг авахдаа намайг хуурч мэхэлж авсан ба өөрийн эцэг Д.*******д тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн гэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх 2020.04.21-ний өдрийн Н.*******д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхдээ хэлцэлд дурдагдсан агуулгыг хууль хэрэглээний хувьд буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлийг Н.*******д олгохдоо бусдад газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхийг олгоогүй байгааг анхаарч үзээгүй байна.

Маргаан бүхий итгэмжлэлд... дугаартай ******* бүртгэлийн дугаартай Баянгол сумын 1-р баг,******* *******ад байрлах 63.4 га газрыг миний өмнөөс ашиглах, эрх шилжүүлэх үйлдэл хийхийг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн газрыг ашиглах түүнтэй холбоотой эрхийг бусдад шилжүүлэх эрхийг олгосон байна.

Харин газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхийг олгоогүй буюу хуульд зааснаар эзэмших эрхийг шилжүүлэх талаар нэг ч утга агуулга ороогүй байна. Хуульд зааснаар газар эзэмшигч нь тухайн газраа бусдад ашиглуулах, түрээслэх, шилжүүлэх гэх мэт эрхтэй ба энэ эрхээ бусдаар дамжуулан итгэмжлэлээр гүйцэтгүүлж буй нөхцөлд аль эрхийг эдлүүлэх талаар тодорхой тусгах ёстой. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх, 44 дүгээр зүйлд газар ашиглуулах талаархи ерөнхий зохицуулалтыг тусгаж өгсөн ба 38 дугаар зүйлийн 38.1-т...газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно...гэж заажээ.

Үүнээс үзвэл хариуцагч Н.******* нь газрыг бусдад ашиглуулах үйлдлийг нэхэмжлэгчийн өмнөөс хийнэ төөрөгдөлд оруулан улмаар өөрийн аавд шилжүүлсэн байна. Талуудын хооронд байгуулсан аливаа гэрээ, хэлцэл итгэмжлэл нь түүнд тусгасан агуулга, хүсэл зоригийн илэрхийллийн хүрээнд явагдах ба хэрвээ нэхэмжлэгч Л.******* нь өөрийн эзэмшлийн газраа бусдад хуулийн дагуу шилжүүлж буй тохиолдолд заавал шилжигдэж байгаа этгээдийн /хариуцагч Д.*******/ хүүд итгэмжлэл олгохгүйгээр өөрөө шилжүүлэх бүрэн эрх зүйн чадамжтай юм.

2. Энэ итгэмжлэл нь нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөл оруулж, хууран мэхэлсэн шинжийг агуулсан гэдгийг хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...маргаан бүхий газар нь Сүмбэр суманд ордог учраас чи авах боломжгүй гэж газрын даамал нь хэлсэн учраас уг газрыг авахаар хөөцөлдөөд явж байхад 2018 онд сумын иргэдийн хурлын тогтоол гарсан. Давуу эрхээр 18,19 хүнд газар эзэмшүүлэх тогтоол гарсан ба хамгийн сүүлд ******* гэдэг хүн байсан. Би ******* гэдэг хүнтэй уулзаад би энэ газрыг авах гэсэн юм, таны нэр дээр авчхаад буцаагаад би өөр дээрээ шилжүүлээд авчихъя, би танд чадахаараа тусалъя гэж ярилцаад тохирсон гэдэг тайлбараас үзэхэд анхнаасаа энэ газрыг *******ийг ямар нэгэн аргаар зохион байгуулалттайгаар төөрөгдөлд оруулж байсан нь харагдаж байна.

Хэрвээ миний үйлчлүүлэгч Д.*******д газраа шилжүүлж байгаа бол шууд шилжүүлэхгүй дунд нь яагаад хүүхдэд нь итгэмжлэл олгоод байна вэ?. Эд нар гэр нь ойрхон хүмүүс. Хол байдаг хүмүүс биш. Итгэмжлэлийг олгохдоо шууд аавд нь өгөхгүй дунд нь хүү нь итгэмжлэл аваад байгаа юм. Ямар зорилготой хүү нь аавдаа шилжүүлэхийн тулд итгэмжлэл аваад байна вэ. Үүнд нэг нотлох баримт байгаа. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Ямар худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэхээр хүү нь аавдаа уг газрыг 10,000,000 төгрөгөөр зарчихсан байгаа юм. Өнөөдөр эзэмшлийн газрыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдахгүй. Хүний өмчлөлд байгаа газрыг л худалдана уу гэхээс төрийн өмчлөлд байгаа газрыг худалдахгүй. 10,000,000 төгрөгийг дансаар буюу бэлэн бусаар авчихсан. 10,000,000 төгрөгийн тохиролцоон дээр авсан гэдэг дээр ямар нэгэн маргаан байдаггүй. Н.******* анхнаасаа манай үйлчлүүлэгчийг ашиглаж итгэмжлэл хийлгээд давхар аавыгаа хуураад бусдад эрх шилжүүлэхгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийж дахиж зараад, дахин бусдад шилжүүлэх гээд гэрээ хийчхэж байгаа юм. Үүнийг шүүх дүгнэхдээ 10,000,000 төгрөгийг төлөөлөгчид олгоогүйг дурдах нь зүйтэй гээд явчихсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ гээд байгаа нь миний үйлчлүүлэгч анх уг газрыг авахдаа газрын даамалтай хийсэн гэрээ байдаг. Хариуцагч тухайн үед хөдөө аж ахуйн мэргэжилтэн байсан. Шүүхэд мэдүүлэг, тайлбар өгөхдөө дандаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд яваад байна. Би уг газрыг анх хөдөө аж ахуйн мэргэжилтэн байхдаа хараад авах гээд газрын даамалтай харьцтал газрын даамал та болохгүй. Боломжтой хүнийг ол гэж хэлсэн. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйлийг удаа дараа өөрөө ярьдаг. Н.******* Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар энэ хүний эрх ашгийн төлөө итгэмжлэл хийсэн гэдэг боловч нэхэмжлэгчид ямар ч ашиг байхгүй. Нэхэмжлэгч уг итгэмжлэлийг хийж өгснөөр нэг төгрөг ч аваагүй. Харин Н.******* 10,000,000 төгрөгтэй, төрсөн аав нь газартай үлдчихэж байна. Төлөөлөгчийн эрх, үүргийг зөрчиж итгэмжлэлийг өөрт ашигтай байдлаар ашигласан. Анхнаасаа уг газрыг авах зохион байгуулалтаар үйл ажиллагаа явагдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийг тайлбарлах гэдэг нь хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Бусад төрлийн агуулгыг харахаар бусдад хөрөнгөө шилжүүлье гэсэн нэг ч утга агуулга байхгүй. Эзэмшүүлэх эрхээ шилжүүлье гэсэн утга агуулга байхгүй. Утга агуулгыг харахаар ашиглах эрх шилжүүлэх гээд хуулинд байхгүй үгтэй. Үүгээр төөрөгдүүлж хүний газрыг авчихсан. Гэрчилсэн нотариат нь цуг ажилладаг. Үүрэг гүйцэтгэгч нотариатыг гэрчээр асуулгачхаж байгаа юм. Үүрэг гүйцэтгэгч нотариатыг шүүх шийдвэрийн гол үндэслэл болгосон. Нотариатыг асуухдаа юу гэсэн бэ гэхээр би энэ хүнд бүх зүйлийг тайлбарлаж өгсөн гэхдээ ашиглах эрхийг тайлбарлаж өгсөн гэж байгаа юм. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.******* нь хөнгөлөлттэй ногоон тэжээлийн зээл авах зориулалтаар миний эзэмшлийн газрыг ашиглах талаар тайлбарлан итгэмжлэл хийлгэж авсан. Гэтэл өөрийн аавын нэр дээр бүр шилжүүлэн авсан талаар сүүлд мэдсэн. Би газраа буцаан авах талаар өөртэй нь уулзаж ярилцаад дийлэхгүй болохоор арга буюу цагдаа шүүхэд хандсан юм. Надад анх танилцуулахдаа би өөрөө хөөцөлдөж байж газрыг авч өгсөн гэж тодорхой хэмжээнд л ашиглуулаач гэж хүссэн болохоор нь зөвшөөрсөн. Түүнээс газраа худалдсан бусдад шилжүүлсэн зүйл огт байхгүй тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.******* нь 2020 онд газрыг шилжүүлж өгөөгүй, зөвхөн миний нэр дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр ногоон тэжээл авах эрх өгсөн. Иймд тухайн өдрийн итгэмжлэлийг Н.******* нь намайг хууран мэхэлж хэлцэл хийсэн. Итгэмжлэлийн талаар ноцтой төөрөгдсөн учраас миний хүсэл зоригийн илэрхийлэл биш гэж тайлбарладаг.

Давж заалдах гомдол дээр өмгөөлөгч нь мөн ингэж маргадаг. Гэтэл Н.******* нь маргаан бүхий газар нь өөрийнх нь хадлангийн талбайн урд байдаг учраас олон жилийн турш харж, судалж явсан байдаг. Тухайн газрыг Сүмбэр сумын нутаг дэвсгэрт орно гэж газрын даамал нь Н.*******д хэлсэн байдаг. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсанаар Л.******* нь төөрөгдөлд орж хийсэн зүйл байхгүй. Сүүлд учир нь тайлагдсан байдаг. Сүмбэр сумын иргэн тухайн газрыг урд өмнө нь эзэмшиж байсан. Газрын цэгээс харвал яалт ч үгүй Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах учраас Н.******* GPS тавьж үзсэн. Баянгол сумын нутаг дэвсгэрт байсан учраас Н.******* тухайн газрыг хөөцөлдөж авсан байдаг.

Хөөцөлдөж авахдаа кадастрын зураг, үнэлгээг өөрөө хийлгэсэн байдаг. Л.******* энэ талаар мэдэхгүй. Өөрийнхөө нэр дээр авахын тулд заавал аж ахуй нэгж байгуулах шаардлагатай болсон. Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох журам батлагдсан байсан. Ойр дотно гэдгээрээ түүнд хүсэлт тавьсан. Би уг газрыг авах гэсэн юм аа. Би уг газрыг таны нэр дээр аваад дараа нь өөрийнхөө нэр дээр авч болох уу? гэхэд болно гэдэг. Харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний нэр дээр газрын гэрчилгээг гаргуулж авсан. Тухайн газрыг газрын гэрчилгээгээ өөрөө аваагүй. Газрын төлбөрийг нэг удаа ч төлж байгаагүй. Л.******* нь өчнөөн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж явсан. Дараа нь шилжүүлж авахаа тохиролцсон байдаг. Дахин нэг асуудал байна. Тухайн газрыг Л.******* гуай авсан боловч газрын гэрчилгээгээ өөрөө ч аваагүй. Газрын төлбөрийг нэг ч удаа төлж байгаагүй. Кадастрын зураглалыг хийлгээгүй. Бүх зүйлийг Н.******* өөрөө хийлгэсэн. Ингээд тохиролцсоныхоо дагуу итгэмжлэл хийлгэсэн.

Ингээд 2024 оноос хойш Цагдаагийн байгууллагад хандаад болохгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаад яваад байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байгаа юм. Тухайлбал ногоон тэжээлийн гэрээ дээр гарын үсэг зуруулна гэж хуурч мэхэлсэн гээд байгаа юм. Гэтэл ногоон тэжээлээр ахмад тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр огт олгогддоггүй. Хаанаас ч авч болно. Ганцхан олгодог зүйл нь юу вэ гэхээр улаан буудайн үрийг л олгодог. Тэгэхээр ногоон тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авна гэж гарын үсэг зуруулсан гэдэг нь огт үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдахад Л.******* мэдүүлэг өгсөн байдаг. Л.******* гуайд огт газар байгаагүй. Газрын гэрчилгээг аваад тухайн газрыг зориулалтын дагуу 3 жил ашиглаагүй гэж хурааж байгаа. Газрын төлбөр тооцоо төлөөгүй гэж хурааж байгаа. Тэгтэл Л.******* ашигласан ч зүйл байхгүй ба тухайн газар очиж үзээгүй. Анхнаасаа Л.*******ид санал тавьж зөвшөөрсөн. Ийм л процесс явагдсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаад байгаа гол асуудал 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Л.*******ийн Н.*******д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д зааснаар итгэмжлэл олгогдсон. Итгэмжлэлийн агуулга нь нэгдүгээрт газрыг ашиглах буюу үйл ажиллагаа явуулах эрхийг олгочихсон байгаа. Газрын эрхийг шилжүүлэх агуулгатай хэлцэл байгаа. Ашиглах гээд таслал аваад эрх шилжүүлэх гэж заасан. Тодорхой бичсэн байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасныг үндэслэн 3 жилийн хугацаанд итгэмжлэл олгочихсон. Зөвхөн ашиглах эрхийг шилжүүлэх гэж итгэмжлэлд заагаагүй. Л.******* гуайд ямар эрх байна гэхээр газрыг эзэмших эрх нь байгаад байгаа юм. Эзэмших эрхийг шилжүүлж чадахгүй байгаа ойлголт яваад байгаа юм. Хэлцэл нь бодитойгоор хийгдчихсэн хэлцэл байгаа. Үйл ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангачихсан. Бусдын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, хэрхэн нээлттэй ил тод байх зарчим хангагдчихсан. Төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулчихсан. Нэхэмжлэгч тал юу гэж яриад байна гэхээр таслал байхгүй гээд байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-д зааснаар шаардах эрх дууссан хойно шаардлага гаргасан байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.******* гуай энэ газраа өөрөө хөөцөлдөж аваагүй би хөөцөлдөж байж авсан. Тэр үед би мал аж ахуйн мэргэжилтэн байсан. Өөрөө надад эрх шилжүүлэх тухай итгэмжлэл хийж өгсөн түүний дагуу шилжүүлж авсан. Эрх шилжүүлэх гэдэг нь тухайн газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрхийг надад олгосон. Ашиглах гэдэг нь 4 сараас хойш тариагаа тарьж эхэлсэн. Түүнтэй холбоотой тухайн газрыг ашиглана. Дээрээс нь эзэмших эрхтэй холбоотой шилжүүлэх эрхийг надад олгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Л.*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх талуудын хооронд үүссэн хэргийн үйл баримт болон хэрэг авагдсан нотлох баримтад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Хэргийн судлан үзвэл:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан газрыг маань ашиглахаар тохиролцон итгэмжлэл хийлгэж авсан атлаа тухайн итгэмжлэлийг ашиглан өөрийн эцэг Д.*******д газрыг эзэмших эрхийг шилжүүлж намайг хуурч төөрөгдөлд оруулсан байх тул 2020.04.21-ний өдрийн Н.*******д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч Н.******* тухайн газрыг би өөрөө хөөцөлдөж байж Л.******* гуайд эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн. Л.******* гуайтай тохиролцоод надад газраа ашиглах, эрхээ бусдад шилжүүлэх эрхийг итгэмжлэлээр олгосон, энэ итгэмжлэлийн дагуу өөрийн аав болох *******д газрыг нь шилжүүлсэн. Газрыг эзэмшилдээ авснаас хойш газрын төлбөрийг төлж үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн газар нь атаршсан чулуу ихтэй газар байсныг бид тордож өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийг огт хуураагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4.Хэрэгт авагдсан баримтаар:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 61 дугаартай тогтоолоор Газар тариалангийн салбарт олон жил ажиллаж байсан түүнчлэн одоо ажиллаж байгаа сумын тариаланч ногоочин 18 өрхөд Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Тус тогтоолын дагуу Баянгол сумын засаг даргын 2018 оны 11 сарын 03-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар иргэн Л.*******ид тус сумын Хараа 1 дүгээр баг, ******* *******ын өвөрт байрлах 63.4 га газрыг тариалангийн газрын зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмших эрхийг олгосон байна.

Дээрхи засаг даргын захирамжийн дагуу 2019 оны 07 сарын 02-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 04310-2019/09126 дугаартай гэрээ байгуулж улмаар дугаартай гэрчилгээ олгож, түүний газар эзэмших эрхийг улсын бүртгэлд ******* бүртгэлийн дугаар бүртгэн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч Л.******* нь 2020 оны 07 сарын 02-ны өдөр *******гийн *******д ... дугаартай, ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ад байрлах 63,4 га газрыг миний өмнөөс ашиглах эрх шилжүүлэх үйлдэл хийх эрхийг гэсэн агуулга бүхий итгэмжлэл олгосон байна.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлээр 2020 оны 09 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс өөрийн эцэг болох Д.*******тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж дугаартай, ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ад байрлах 63,4га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдах,

2020 оны 10 сарын 21-ны өдөр дугаартай, ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ын өвөрт байрлах 63,4га газрын эзэмших эрхийг өөрийн төрсөн эцэг болох Д.*******гийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч Л.*******ийн нэрийн өмнөөс байгуулсан байна.

Ийнхүү иргэн Д.*******гийн эзэмшилд шилжүүлэх тухай 2020 оны 10 сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/228 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг иргэн Д.*******гийн эзэмшилд шилжүүлж, өнөөдрийг хүртэл тухайн газрыг Д.******* нь эзэмшиж газар дээр тариалалт хийж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс газар ашиглана гэчхээд өөрийн аавдаа газрыг шилжүүлсэн нь хууль бус гэж маргаснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэгч шүүхэд ханджээ.

5.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэлцэл хүчин төгөлдөр бус тул өөрийн эзэмшлийн газрыг буцаан авах гэж тодорхойлсон боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь итгэмжлэлээр өөрт нь олгоогүй үйлдлийг хийж, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй түүний газар эзэмших эрхийг шилжүүлж бусадтай гэрээ байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл тул хэлцлийн үр дагаврыг арилгуулах гэж тодорхойлсон бөгөөд энэхүү шаардлага нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: нэхэмжлэгч Л.******* нь өөрийн газар тариалангийн зориулалт бүхий 64,3 га эзэмшлийн газрыг ашиглуулах эрх шилжүүлэх итгэмжлэлийг 2020 оны 07 сарын 02-ны өдөр хариуцагч Н.*******ын хүсэлтийн дагуу түүнд олгожээ.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл олгосон шалтгаанаа хариуцагч Н.******* нь таны эзэмшлийн газрыг ашиглан Тариалан эрхлэх дэмжих сангаас ногоон тэжээлийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэсэн юм, та надад газраа ашиглуулах эрхийг итгэмжлэлээр өгчих гэсэн хүсэлтийн дагуу 2020 оны 07 сарын 02-ны өдөр итгэмжлэл олгосон гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбар нь хэргийн 23 талд авагдсан Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний ар талд бичигдсэн гэрчилгээний тэмдэглэл хэсэгт Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөтөл Хөдөө аж ахуйг дэмжих сангаас тус тус зээлийн барьцаанд газар эзэмших эрхээ барьцаалсан тухай тэмдэглэл болон хариуцагч Н.*******ын шүүхэд гаргасан ...Л.******* нь газрыг эзэмшилдээ авснаас хойш газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, ...тухайн газрыг хөөцөлдөж байж би шийдүүлсэн,... би атаршсан, маш их чулуутай газрыг цэвэрлэж боловсруулж тухайн газар дээр тариалалт хийсээр ирсэн... гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд дээрх баримтаар зохигчдын хооронд газар ашиглуулах тухай хэлцэл хийгдэж, хэлцлийн дагуу нэхэмжлэгч Л.******* түүний газрыг ашиглаж байгаад улмаар хариуцагч Н.*******д газар ашиглах эрх шилжүүлэх итгэмжлэл олгосон болох нь тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчээс өөрт нь олгосон газар ашиглах эрх шилжүүлэх тухай итгэмжлэлийг ашиглан

-2020 оны 09 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс өөрийн эцэг болох Д.*******тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж дугаартай, ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ад байрлах 63,4га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдах,

-2020 оны 10 сарын 21-ний өдөр дугаартай, ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ын өвөрт байрлах 63,4га газрын эзэмших эрхийг өөрийн төрсөн эцэг болох Д.*******гийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч Л.*******ийн нэрийн өмнөөс тус тус байгуулж, өөрт итгэмжлэлээр олгогдоогүй эрхийг эдэлсэн болох нь тогтоогдож байх тул дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн буюу нэхэмжлэгч Л.*******ийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэлээ.

6.Хариуцагч Н.******* нь татгалзлаа нэхэмжлэгч Л.******* нь өөрийн өмнөөс ашиглах, эрх шилжүүлэх үйлдэл хийх итгэмжлэлийг олгосон гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан 2020 оны 07 сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх үйлдэл хийх эрхийг олгоогүй, зөвхөн ашиглах эрх олгосон гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Л.******* нь газрыг ашиглахдаа итгэмжлэл хэрэгтэй талаар тодорхой хэмжээгээр төөрөлдсөн, хариуцагчид олгож буй итгэмжлэлийнхээ агуулгыг ойлгоогүй байдал нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...маргаан бүхий газар нь Сүмбэр суманд ордог учраас чи авах боломжгүй гэж газрын даамал нь хэлсэн учраас уг газрыг авахаар хөөцөлдөөд явж байхад 2018 онд сумын иргэдийн хурлын тогтоол гарсан. Давуу эрхээр 18,19 хүнд газар эзэмшүүлэх тогтоол гарсан ба хамгийн сүүлд ******* гэдэг хүн байсан. Би ******* гэдэг хүнтэй уулзаад би энэ газрыг авах гэсэн юм, таны нэр дээр авчхаад буцаагаад би өөр дээрээ шилжүүлээд авчихъя, би танд чадахаараа тусалъя гэж ярилцаад тохирсон ... гэсэн тайлбараас харагдаж байна.

7. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөгч Н.******* төлөөлүүлэгч Л.*******ийн түүнд олгосон эрх хэмжээний хүрээнд түүний эрх ашгийн үүднээс төлөөллийг шударгаар, үнэн зөвөөр гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл Н.******* нь итгэмжлэлээр олгосон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаар төлөөлөгчөөс өөрт нь олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, төлөөлүүлэгчийн газар эзэмших эрхэд халдсан үйлдэл хийсэн нь анхнаасаа хууль зөрчсөн байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн нэрийн өмнөөс хариуцагч Н.*******ын бусадтай хийсэн хэлцэл болох

-2020 оны 09 сарын 10-ны өдөр иргэн Д.*******тэй байгуулсан дугаартай, ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ад байрлах 63,4га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ,

-2020 оны 10 сарын 21-ний өдөр Д.*******гийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ нь тус тус зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Мөн, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу 2020 оны 10 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Л.*******оос иргэн Д.*******д үнэ төлбөргүй шилжүүлсэн Иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй, ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ын өвөр -1 ******* байрлах, нэгж талбарын ******* дугаар 63,4 га газрыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8.Талуудын хооронд байгуулсан аливаа гэрээ, хэлцэл итгэмжлэл нь түүнд тусгасан агуулга, хүсэл зоригийн илэрхийллийн хүрээнд явагдах бөгөөд энэхүү итгэмжлэлд заагдсан үйлдлийг зөрчиж хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр байх бөгөөд ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх учрыг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШШ2024/00443 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, газрын тухай хуулийн 38.1, 38.4-т заасныг баримтлан -2020 оны 09 сарын 10-ны өдөр иргэн Д.*******тэй байгуулсан дугаартай, ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ад байрлах 63,4га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ,

-2020 оны 10 сарын 21-ны өдөр Д.*******гийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Л.*******оос иргэн Д.*******д үнэ төлбөргүй шилжүүлсэн Иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй , ******* бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг ******* *******ын өвөр -1 ******* байрлах, нэгж талбарын ******* дугаар 63,4га газрыг нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Г.ДАВААРЕНЧИН