Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2025/00007

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 149/ШШ2024/00451 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагч Т.*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,495,470 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

... Миний охин Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зам тээврийн осолд орсон. Хариуцагч Т.******* нь согтуугаар машин жолоодож яваад манай охин Д.*******г мөргөсөн юм. Д.******* нь биедээ хүнд гэмтэл авч осол болсноос хойш одоог хүртэл өвдөгний үеийн бяцралаа эмчлүүлсээр байгаа. Эдгэсэн зүйл огт байхгүй байна. Хөл нь явж болохгүй байнга таягтай явдаг учир сургууль руугаа явахдаа байнга такси хөлсөлж явдаг. 2023 оноос 2024 он хүртэлх хугацааны эмчилгээний зардал болон бусад зардалд 2.495.470 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн судлан үзэхэд эмчилгээний зардалд 649.470 төгрөг зарцуулсан байна гэж үзэж байгаа. Хүнсэнд 153.600 төгрөг, бусад зардалд 1.472.450 төгрөгийн зардал гаргасан байна. Эдгээрийг нэмэхэд 2.275.520 төгрөг болж байна. Т.******* нь 2.495.470 төгрөг нэхэмжилсний зөрүү нь 219.950 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Эмчилгээний зардлын 649.470 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. Ямар учраас 1 сая гаран төгрөгийн таксины мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Зарим өдөр 3 удаа таксигаар явсан баримтууд байгаад байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 149/ШШ2024/00451 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т.*******аас 2.495.470 /хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдан,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 54.877 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулж,

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Дагвасамдангийн *******гаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.495.470 төгрөгийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.*******д холбогдох иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнээд хариуцагч Т.*******аас 2.495.470 төгрөгийг гаргуулж Д.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн 149шш202400451 тоот шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжилсэн 2.495.470 төгрөгийн баримтыг нэг бүрчилэн түүвэрлэхэд эм тариа эмнэлгийн үйлчилгээнд 649,470 төгрөгийг,хоол хүнсэнд 153,600 төгрөгийг, таксийн үйлчилгээнд 1,472,450 төгрөгийг нийт 2,275,520 төгрөгийн баримт байгаа , баримтнаас 219,950 төгрөг илүү нэхэмжилсэн гэж тооцож хоол хүнсэнд зарцуулсан 153,600 төгрөг, илүү нэхэмжилсэн 219,950 төгрөг, таксийн үйлчилгээнд төлсөн 1,472,450 төгрөг нийт 1,846,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан боловч.

 Шүүх үндэслэх хэсэгтээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа нь эмчилгээний зардлын баримтыг хүлээн зөвшөөрнө, харин таксигаар үйлчлүүлэхэд гаргасан зардлын баримтыг зөвшөөрөхгүй, нэхэмжилж байгаа үнийн дүнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэмж тооцоход зөрүүтэй байна гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэжээ. Ямар үндэслэлээр саналыг хүлээн аваагүй нь тодорхойгүй байна. Иймд хэргийг хянаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 149/шш2024/00451 тоот шийдвэрийг хянаж 1,846,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эмчилгээний зардлын 680,000 төгрөг хуулгаар нотлогдож байгаа. Дансны хуулгаар гарсан таксины төлбөр зэргийг огтоос зөвшөөрөхгүй байгаа. Тэрийг яагаад зөвшөөрөхгүй байна гэхээр нотлогдоогүй байна гэдэг. Утсаараа гүйлгээ хийж явдаг. Өглөө сургуульдаа 7 цагт гараад явдаг хүүхэд таксины дугаарыг аваад баталгаажуулаад явах ямар ч боломж байхгүй. Нисэхээс 21-р хороолол руу явж байгаа учраас автобусанд сууж явах ямар ч боломж байхгүй. Нэг хөл нь бүхэл яс болоод эдгэчихсэн. Хөлөө нугалах боломжгүй, таксины ард суух мөн боломжгүй учир дандаа урд сууж явдаг. Сууж буухад маш их цаг зарцуулдаг учраас таксины дугаар авч, жолоочтой нь ярилцах боломж байхгүй. Өмнөх нэхэмжлэл дээр бид нар өөрсдийн машиндаа бензинээ хийгээд явсан боловч нөат-н баримтаар баталгаажихгүй гээд цуцалж байсан. Дараа нь такситайгаа ярилцаад явтал дахин батлагдахгүй гэж хэлсэн. Өөрийнх нь дансаар таксины төлбөрийг хийгээд баталгаажуулаад гарч ирэхээр болохгүй гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ямар ч сэтгэл гаргадаггүй. Хохирогч хүүхэд 18 насандаа ийм гэмтэлтэй болсон. Гэтэл одоо 23 настай болсон. Их Засаг Их Сургуулийн 3-р курсийн оюутан. Цахимаар зургийг нь авч явуулсан байгаа. Сэтгэлийн асуудал маш их дутдаг. Нэг хөл дээрээ хазганаж явсаар байгаад нурууны суулт үүссэн. Анхан шатны шүүхээс гаргасан 2,495,470 төгрөгийн нотлох баримтыг зөв үнэлсэн. Гомдлыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл юу вэ гэхээр хууль хэрэглээний асуудал байгаа. 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг хүлээж авсан. Аваад шүүгчийн туслах маш их хариуцлагатай ажилласан. Нэхэмжлэлийн хувийг гардуулж өгөөд, эрх үүргийг тайлбарлаж гарын үсэг зуруулчихсан. Нэхэмжлэлийг гардаж авсан учир хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан байгаа. Тийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр гүн худгийн 51 тоотод оршин суух Д.******* нь мөн аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Эрдэнэтолгойн 802, 803 тоотод оршин суух Т.*******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол хор уршиг 2.495.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс ..Нэхэмжлэгч Д. *******гийн нэхэмжилсэн 2.495.470 төгрөгийн баримтыг нэг бүрчилэн түүвэрлэхэд эм тариа эмнэлгийн үйлчилгээнд 649,470 төгрөгийг,хоол хүнсэнд 153,600 төгрөгийг, таксийн үйлчилгээнд 1,472,450 төгрөгийг нийт 2,275,520 төгрөгийн баримт байгаа , баримтнаас 219,950 төгрөг илүү нэхэмжилсэн гэж тооцож хоол хүнсэнд зарцуулсан 153,600 төгрөг, илүү нэхэмжилсэн 219,950 төгрөг, таксийн үйлчилгээнд төлсөн 1,472,450 төгрөг нийт 1,846,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.*******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлогдсон хариуцагч Т.*******ыг гэм буруутай болохыг тогтоож, гэм буруугийн талаар мараагүй тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11 тоот тогтоолоор түүнд холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж, Т.******* гэм буруугийн талаар маргаангүй байна.

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн өөрт нь учирсан хүнд хохирол, хохирол хор уршгийг арилгах буюу эм, тариа худалдан авсан баримтууд, зайлшгүй зардал буюу хичээл сургуульдаа такси хөлсөн явсан, хоол хүнс худалдан авсан талаарх холбогдох баримтуудыг ирүүлснийг анхан шатны шүүхээс дүгнэн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

505.2-д Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж,

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж,

228.2-д Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно гэж,

228.3-д Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчид учирсан хүнд хохирлын улмаас гарсан тээврийн зардал, хоол хүнсний зардал зэргийг нөхөн төлөхгүй гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 451 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 149/ШШ2024/00451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 54,877 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Б.ЭРДЭНЭХИШИГ