Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 5483

 

 

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2016/05483

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч З.Баярмаа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгий 7 дугаар гудамж, 143 тоот хаягт оршин суух Боржигон овогт Сүхбаатарын Байгалмаа /рд:ЧТ75040100/, Боржигон овогт Бархасын Болорчулуун /рд:НЮ70062979/ нарын гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз, 6а гудамж, 276 тоот хаягт оршин суух Боржигон овогт Мөнхбаатарын Мөнхзул /рд:ГЮ79122860/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Байгалмаа, Б.Болорчулуун, хариуцагч М.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Тунгалаг, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Байгалмаа, Б.Болорчулуун нар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э.Есүхэй нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бидний хүүхэд Б.Баатархүүг зодож, хөнгөн гэмтэл учруулсан боловч 16 нас хүрээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийн субьект биш гэсэн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Хэдий Э.Есүхэй нь насанд хүрээгүй боловч тэрээр Б.Баатархүүг зодсон нь шалгагдаж, тогтоогдсон нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4969 тоот дугаартай тогтоолд тодорхой дурьдсан.

Энэ хэргийн улмаас хүүгийн маань хамрын ясны баруун хана цөмөрсөн, хамрын таславч мурийсан, одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай боловч мөнгө төгрөгний бололцоогүйн улмаас мэс засалд оруулж чадахгүй байна.

Мэс заслын зардал нь 1,150,000.00 төгрөг, ор, хоногийн мөнгө 48,000.00 төгрөг, толгойн зураг авахуулахад гарсан зардал 120,000.00 төгрөг, шинжилгээний төлбөр 40,000.00 төгрөг, нотариатын зардал 2,500.00 төгрөг, одоо хүртэл эм, тариа хийлгэж байгаа болон автобус, таксины зардалд 679,500.00 төгрөгийн зардал гаргаад байна.

 

Одоо Б.Баатархүүгийн маань хамар байнга битүүрэх, толгой өвдөх, цус гарах зэргээр зовиур илэрч байна.

Бид, хүүгийн хамт “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийлгэсэн эмчилгээ нь хугарсан хамар, мурийсан таславч зэргийг эмчлээгүй, энэ мэс заслыг гоо сайхны гэж шууд ойлгож болохгүй.

Нэгэнт хугарсан, мурийсан таславчийг мэс заслын аргаар эмчлэхгүй бол хүүхдийн хамар муруй, дотогш суусан, байнга битүүрдэг өвчтэй болно.

Энэхүү үйл явдлаас болж миний хүүхэд сургуулиасаа гарсан, харьяа сургууль буцаан авахгүй гэж шийдсэн, цаашдын сургалт, хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн гэх үр дагаврууд бий боллоо. Иймд, Э.Есүхэйн ээж М.Мөнхзулаас 2,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч М.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М.Мөнхзулын хүү Э.Есүхэй болон Б.Баатархүү нар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр сургууль дээрээ байхад зодолдсон.

Эх М.Мөнхзул нь энэ үед хүү Э.Есүхэйг өөрийн бүрэн хяналтандаа байлгах бололцоо байхгүй байсан.

Иймд, сургуулийн захиргаа тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой, бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцээгүй, баримтаар гарцаагүй нотлогдсон зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Баатархүүд энэхүү зодооны улмаас зайлшгүй мэс засалд орох шаардлагатай эсэх, ямар эмчилгээ хийлгэх талаар баримтууд алга байна.

            “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн гэх баримтад уг мэс заслыг хийх талаар хэн зөвшөөрөл олгосон бэ гэдгийг нэхэмжлэгч тал нотлохгүй байна, нотлох баримтаар өгч болох зардалд толгойн зураг авахуулсан 120,000.00 төгрөгийн зардал л тус зодооны улмаас учирсан хохирол байна.

            Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хохирлыг тодорхойлсон баримтууд тамга тэмдэггүй, хаанаас хэн гэж этгээд олгосон эсэх нь тодорхой бус цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх, тэр тусмаа эм, тариа хийлгэж байгаа болон автобус, таксины зардал бодитоор гарсан эсэх нь нотлогдохгүй байна.

            Э.Есүхэй нь 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тэрээр 15 нас хүрээгүй байсныг шүүхээс анхаарахыг хүсье. Энэ нь, тус хэргийн хариуцагчаар М.Мөнхзул бус харин харьяа сургуулийн захиргаа хариуцаж, хохирлыг барагдуулах ёстой юм.

            Одоо Э.Есүхэй нь сургуулиасаа гарсан, коллейж юм уу өөр сургуульд орох эсэхээ шийдвэрлээгүй байгаа бөгөөд өөрөө ажил хийдэггүй, өөрийн гэсэн орлого байхгүй. 

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Байгалмаа, Б.Болорчулуун нар нь хариуцагч М.Мөнхзулд холбогдуулан гэм хорын хохиролд 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Мөнхзулын зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, зайлшгүй гарсан зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гээд Э.Есүхэй нь сургуулийн хяналтын дор байхдаа бусдад хохирол учруулсан тул уг гэм хорын  хохирлыг сургууль мөн хариуцах ёстой гэж мэтгэлцэж байна.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх эрхтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Г-05/21 тоот төрсний гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч Б.Болорчулуун, С.Байгалмаа нар Б.Баатархүүгийн эцэг, эх мөн бөгөөд тэд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийн хүүгийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа ажээ. /хавтас хэргийн 18 дугаар хуудас/.

 

Хэрэгт авагдсан баримтаар Эрдэнэбатын Есүхэй нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Болорчулууны Баатархүүгийн толгой тус газарт цохиж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрээгүй байсан учраас Баянзүрх дүүргийн Прокурорын газраас түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна /хавтас хэргийн 12 дугаар хуудас/.

 

Э.Есүхэйн энэхүү буруутай үйлдлийн улмаас Б.Баатархүүгийн хамрын хэлбэр алдагдан муруйсан, хамрын яс хугарсан, таславч муруйсан, нуруу доош суусан гэсэн гэмтлүүд учирсан нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн өвчний түүхээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 42 дугаар хуудас/.

 

Э.Есүхэйн энэхүү буруутай үйлдлийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх зорилгоор Б.Баатархүү нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дээрх эмнэлэгт 15 өдөр эмчлүүлэхэд түүний хамрын нурууны доош суусан хэсгийг өргөх эмчилгээг хийжээ.

 

Өөрөөр хэлбэл, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэг нь Б.Баатархүүгийн хамрын хэлбэр алдагдан муруйсан, хамрын яс хугарсан, таславч муруйсан, нуруу доош суусан гэсэн онош тогтоож, харин түүний зөвхөн хамрын нурууны доош суусан хэсгийг өргөх эмчилгээ хийсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан 0221449-584 тоот гэрчилгээгээр Э.Есүхэй нь 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хэрэг явдал болох өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тэрээр 14 нас, 329 хоногтой байсан байна /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/.

 

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д “насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заажээ.

 

Э.Есүхэйн эцэг Баярын Эрдэнэбат, эх Мөнхбаатарын Мөнхзул нар болох нь дээр дурьдсан түүний төрсний гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба эцэг Б.Эрдэнэбат нь 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нас барсан ба түүний эх М.Мөнхзул хүү Э.Есүхэйн бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх нь зүйтэй юм.

 

Хэдийгээр Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдийн бусдад учруулсан хохирлыг түүний эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөх байдлаар хариуцах боловч Э.Есүхэй нь өөрийн өмчлөлдөө захиран зарцуулах хөрөнгөгүй, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогогүй учраас эх М.Мөнхзул бүрэн хэмжээгээр хариуцах үүрэг хүлээнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.

 

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4-т зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т хуульд зааснаас бусад тохиолдолд чөлөөлж болох тухай заалтын хүрээнд гэм хор учруулагчийн эцэг, эх нь хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөж болох зохицуулалттай боловч тэд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх, тэдгээрийн буруугаас болоогүй гэдгээ нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх юм.

 

Гэвч, хариуцагч М.Мөнхзул нь хүү Э.Есүхэйг ийнхүү бусдын эрүүл мэндэд гэм хор учруулах үйлдэл хийхэд зохих ёсны хяналт тавьсан эсэх нь нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 503 дугаар зүйлийн 503.4-т заасан гэм буруугүй, хяналт тавих үүргээ биелүүлсэн гэдгийг нотлох нь гэм хор учруулагч этгээд болон түүний хууль ёсны төлөөлөгчийн үүрэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзалыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч М.Мөнхзул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд зохих ёсны хяналт тавьсан эсэхээ баримтаар нотлохгүй байна.

 

Хариуцагч М.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Есүхэй нь сургууль дээрээ байхдаа Б.Баатархүүд гэм хор учруулсан тул сургууль хариуцах ёстой гэж мэтгэлцэж байна.

 

Гэвч Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжгүй буюу 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгах юм.

 

Нэгэнт Э.Есүхэй нь хэрэг явдал болох өдөр 14 нас, 329 хоногтой байсан, сургуулийн захиргааны байнгын хяналт дор байх, өдөр тутам хянаж, харгалзах насны хязгаарт хамаарагдахгүй байгаа тул түүний бусдад учруулсан гэм хорын хохирлыг харьяа сургууль хариуцах үүрэг хүлээхгүй.

 

Иймд, дээр дурьдснаас тус тус дүгнэвэл Б.Баатархүүд учруулсан Э.Есүхэйн гэм хорын хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эх М.Мөнхзул хариуцан арилгах үүрэг хүлээх болно.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, гэм хор учруулснаас улбаалан хохирсон этгээд өөрт учирсан хохирлоо арилгахад зайлшгүй гарах зардлыг хариуцагчаас гаргуулах эрхтэй бөгөөд энэ нь холбогдох баримтаар нотлогдсон байх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Баатархүүд хамрын хэлбэр алдагдаж, муруйсан, хамрын яс хугарсан, таславч муруйсан гэмтэл буюу эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн сэргээхэд гарах мэс заслын төлбөрт 1,150,000.00 төгрөг, мэс заслын дараах эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор, хоногийн төлбөр 48,000.00 төгрөг, комьютер томографийн оношлогоо хийлгэсэн 120,000.00 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор нотлох баримтыг хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлэхэд 2,500.00 төгрөгийн зардлыг тус тус бодитоор гаргасан байна.

 

Харин шинжилгээ хийлгэсэн, эм, тариа хийлгэсэн болон автобус, таксины зардалд 679,500.00 төгрөгийн зардал гарсан зэрэг нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд, хариуцагч М.Мөнхзулаас 1,320,500.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Байгалмаа, Б.Болорчулуун нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 679,500.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Гэвч Э.Есүхэйд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 175 дугаар зүйлд заасан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх тул энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч С.Байгалмаа, Б.Болорчулуун нараас 46,950.00 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, улсын орлого болгохыг үүгээр дурьдав.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                         

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч М.Мөнхзулаас 1,320,500.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Байгалмаа, Б.Болорчулуун нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 679,500.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 болон 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Байгалмаа, Б.Болорчулуун нараас улсын тэмдэгтийн хураамжид 46,950.00 төгрөгийг гаргуулж, улсын орлогод төлүүлж, хариуцагч М.Мөнхзулаас 36,078.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Байгалмаа, Б.Болорчулуун нарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                     З.БАЯРМАА

 

                                                                                                Н.САРАНГҮН