| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/05045/И |
| Дугаар | 210/МА2025/00143 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00143
|
|
|
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/05125 дугаар шийдвэртэй
******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компанийн Авто тээврийн хэрэгслийн *******тоот даатгалын гэрээний даатгуулагч *******ХХК-ийн ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг ******* дүүргийн ******* үйлчилгээний төвийн зүүн талын зам дээр ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 34,811,000 төгрөгийн хохирол учруулсан. Уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон. Хохирлыг ******* ХК төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар хохирол нэхэмжлэх эрх шилжсэн тул мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд 34,811,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2024 оны 02 сарын 18-ны өдөр ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад нь ******* үйлчилгээний төвийн зүүн талын замд ******* улсын дугаартай Toyota ******* маркийн автомашин араас нь мөргөснийг ******* дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан. Зөрчлийг шалгахдаа ямар нэг тогтоолгүйгээр үнэлгээ хийлгэж ******* улсын дугаартай Toyota ******* маркийн автомашинд эвдрэл гэмтэл үүсээгүй эд ангид эвдрэл үүссэн мэтээр үнэлж, бодит байдлыг мушгин гуйвуулж үнэлгээ хийсэн. Энэ талаар тус цагдаагийн ажилтанд миний машиныг мөргөсөн талын гэрэл хагарсан байхад мөргөөгүй зүүн гар талын их гэрэл хагарсныг хэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйг ******* ХК-д бичгээр өгсөн ч хариу мэдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Үнэлгээ нь тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй эвдрээгүй эд анги дээр зах зээлийн үнэлгээнээс өндрөөр үнэлсэн үнэлгээ хийж түүнийг *******аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Баруун талыг мөргөсөн бөгөөд зүүн талыг мөргөөгүй тул зүүн талын эвдрэлийг хасаад хохирлыг төлөх ёстой гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 26,963,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,848,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,005 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 292,765 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ******* нь 2024 оны 02 сарын 18-ны өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь ******* үйлчилгээний төвийн зүүн талын замд ******* улсын дугаартай ******* маркын автомашин араас нь ирж мөргөсөн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хийхдээ ямар нэгэн хууль сануулсан тогтоолгүйгээр Итгэлт эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. ******* улсын дуугаартай автомашинд эвдрэл гэмтэл үүсээгүй эд ангийг эвдэрч гэмтсэн мэтээр үнэлгээ хийсэн. Үүнийг цагдаагийн ажилтан болон ******* ХК-д миний машиныг мөргөсөн талын их гэрлийн суурь хагарсан байхад бүтэн гэрлийн үнэлгээ тогтоосон, мөргөөгүй талын их гэрэлд эвдрэл гэмтэл учраагүй байхад засварлах боломжгүй эвдрсэн мэтээр үнэлсэн талаар бичгээр гомдол өгсөн боловч ямар нэгэн хариу өгөлгүй байсаар байгаад шүүхээр хэргийг хянан хэлэлцүүлсэн. Засварлах болон засварлах боломжгүй эд ангиудын үнэлгээг бүгдийг зах зээлд байхгүй өндөр үнээр үнэлсэн зэрэг зөрчлүүд гарсан.
Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө удаа дараа дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор үнэлгээг дахин хийлгэх, тухайн осол болсон үед хийгдсэн гар утасны бичлэг, зөрчлийн хэргийн материалд авагдсан дүрсний бичлэг, зурагт үзлэг хийлгэх, Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ******* дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтэс эсхүл Прокурорын байгууллагаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авч хэрэгт хавсаргах гэсэн хүсэлтийг гаргасан ч хүсэлтийг хангахгүйгээр, мөн *******ХХК-ийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөрөөр үнэлсэн зэрэг асуудлуудыг шийдвэрлээгүй нь хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Үүнээс гадна шүүхийн шийдвэрт, хариуцагч зам тээврийн ослын улмаас гэрээний зүйл болох Toyota ******* маркын автомашины зүүн талд ямар нэгэн гэмтэл учраагүй ... зам тээврийн осолтой холбоотойгоор автомашины аль эд ангид хохирол учирсан талаар техникийн шинжээч томилоогүй гэж талбарлаж байна гэж дүгнэсэн атлаа засварлах боломжтой эд ангид шинэ сэлбэгийн хэт өндөр үнээр үнэлснийг хэлсээр байхад үндэслэл бүхий байдлаар шийдвэрлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4-т заасан баримтыг үндэслээд даатгалын нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээ хийсэн ******* ХХК нь тусгай зөвшөөрөлтэй хохирол үнэлгээ гаргадаг мэргэжлийн хуулийн этгээд юм. Уг компанийн гаргасан хохирол үнэлгээний тайланг үндэслээд шүүх даатгагчид нөхөн төлбөрийг олгосон. Энэхүү маргаан нь зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагаар шалгагдаж хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад талуудыг байлцуулан хөрөнгийн үнэлгээ хийж, хохирол үнэлгээний тайланг гаргасан. Хариуцагч тухайн үед үнэлгээний тайлантай маргаагүй. Хариуцагч талын гомдолд тайлбарласан эвдрээгүй зүйлүүдийн төлбөрөөс тодорхой хувийг хасаж шүүх шийдвэрээ гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролд 34,811,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн осолд өртсөн даатгуулагчийн тээврийн хэрэгслийн эвдрээгүй эд ангийг хохиролд тооцож үнэлсэн, үнэлгээ зах зээлийн үнээс өндрөөр тогтоогдсон гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. ******* ХК нь *******ХХК-тай 2023 оны 09 сарын 05-ны өдөр байгуулсан *******тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр 247,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай Toyota *******маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 09 сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар даатгажээ.
Гэрээний хугацаанд даатгал тохиолдол бий болж, даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээ 34,937,000 төгрөг болсон, уг хохирлыг хариуцагч ******* нь ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас учруулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
Даатгагч ******* ХК нь даатгуулагч *******ХХК-тай байгуулсан гэрээний дагуу даатгалын зүйлд учирсан хохиролд 31,837,000 төгрөгийн нөхөн төлбөрийг эрсдлийн даатгалын хүрээнд нөхөн төлснөөр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч *******аас гэм хорын хохиролд 26,963,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэхдээ ******* ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаас хохиролд үл хамаарах 4,874,000 төгрөгийн эд ангийн үнэлгээ болон даатгуулагчийн хариуцах хэсэг 2,974,000 төгрөгийг тус тус хассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагчийн татгалзлыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит үнэнд нийцсэн гэж үзсэн байна.
Иймээс хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч нь зам тээврийн ослын улмаас Toyota *******маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бодитой тогтоож чадаагүй, хохирлыг илт өндрөөр тогтоосон гэсэн агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Энэ асуудлын талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох эрх бүхий албан тушаалтанд дурдсан асуудлаар гомдол гаргаж байсан, гомдлоо шийдвэрлүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээ зах зээлийн үнээс хэт өндрөөр тогтоогдсон гэх гомдлыг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6. Мөн иргэдийн төлөөлөгч зүүн талд хохирол учраагүй байх тул энэ хэсэгт холбогдох хохирлыг хасаж үлдэх хэсгийг төлөх ёстой гэх дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн нь үндэслэлтэй байна.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагч талын хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн талаарх гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч талаас 2024 оны 11 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд, хохирлын үнэлгээг дахин тогтоолгох, зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтад үзлэг хийлгэх, уг хэргээс баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээд тээврийн хэрэгсэл засварлагдсан учир шинжээч томилох боломжгүй, үзлэг хийлгэх болон нотлох баримт гаргуулах хүсэлт тодорхойгүй гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хариуцагч талын эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Хариуцагч ******* нь зөрчлийн хэргийн оролцогчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Toyota ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирлын үнэлгээний талаархи гомдлоо тухайн ажиллагааг явуулж буй эрх бүхий цагдаагийн албан тушаалтан, тус хэрэгт хяналт тавьж буй прокурорт хандан гаргаагүй, эрхээ хэрэгжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх уг асуудлыг авч хэлэлцэхгүй гэснийг буруутгахгүй. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтыг тухайн хэргийн оролцогчийн хувьд зохих этгээдэд хүсэлт гаргах замаар өөрт хамаарал бүхий баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй явдалд шүүхийг буруутгахгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/05125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,415 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ