| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 994 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ариунжаргал,
Гэрч Н.Саранцэцэг, П.Оюунтуяа,
Шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Р.Бадмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Т д холбогдох эрүүгийн 1805 05278 1169 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, охин, зээ нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Т.Т .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн орчимд Д.Ариунаагийн араас татаж унагасаны улмаас талийгаачийн гавал тархины битүү гэмтэл учруулж, болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Баялаг Ундраа” худалдааны төвийн урд “Нарантуул” захын хуучин савхи будаж зардаг ажлаа хийгээд байж байтал П.Оюунтуяа, Н.Саранцэцэг, талийгаач гурав ирсэн. Тэгээд архи ууцгаасан. Эхлээд нэг шил архи уусан. Дараагийн нэг шил архиа уусаныхаа дараа тасарчихсан байсан. Өөр зүйл мэдэхгүй, санахгүй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ариунжаргал мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар 8-ны өдөр хорооллын “И март” дотор явж байтал манай хүү залгаад “эмээ их сонин байна” гэсэн. Тэгээд би гэртээ ирээд хүүгийнхээ утсаар түргэн дуудсан. Тухайн үедээ нас барсан гэж бодоогүй. Тийм зүйл бодогдохгүй байсан. Нэгэнт болоод өнгөрсөн учраас бид нар гэр бүлээрээ яриад Т.Т аас нэхэмжлэх зүйлгүй гэж тохиролцсон. Би гомдол саналгүй. Юм нэхээд миний ээж босоод ирэх биш. Гомдол саналгүй гэж хэлж байгаа нь зөвхөн шүүгдэгчийг бодож хэлж байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Саранцэцэг мэдүүлэхдээ: “....Бид нар архи уучихаад талийгаачийг хүргэж өгнө гээд явсан. Туул араас “би Ариунааг хүргэж өгнө” гээд татах шиг болоход талийгаач унасан. Би утсаар яриад “Баялаг-Ундраа”-гийн хажууд байна шүү” гээд яриад явж байсан. Тэгэхэд П.Оюунтуяа “тэнэг юм уу, хаашаа юм бэ, чи хүн татаад унагаачихлаа ш дээ зайлаач” гээд явсан. Туул яваад байсан. П.Оюунтуул бид хоёр босгох гээд дийлээгүй. Тэгээд цаг зардаг залууг дуудаад машиндаа аваачиж суулгасан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Оюунтуяа мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би нилээн согтуу байсан. Бид нарыг юмаа хурааж байхад Туул алга болсон. “Баялаг –Ундраа”-гийн урд явж байсан чинь Туул амь хохирогчийг араас татах шиг болсон. Тэгээд талйгаач унасан. Талийгаачийн малгай унаад хойшоо унасан, би суулгасан.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ариунжаргалын өгсөн мэдүүлэг /хх-22-25/, гэрч С.Сэлэнгээгийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч П.Оюунтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-49-53/, гэрч Н.Саранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-40-46/, гэрч Л.Балжиннямын өгсөн мэдүүлэг /хх-36/, гэрч Т.Үүрийнтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-33/, гэрч Ш.Мөнхдоржийн өгсөн мэдүүлэг /хх-31-32/, гэрч Х.Гансүхийн өгсөн мэдүүлэг /хх-64/, гэрч Б.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-56-57/, гэрч С.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх-58-59/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2235 дугаартай дүгнэлт /хх-68/, шүүгдэгч Т.Т ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн орчимд Д.Ариунаагийн араас татаж унагасны улмаас талийгаачийн гавал тархины битүү гэмтэл учруулж, болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
С.Ариунжаргалын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүү Анандаас дуудлага ирээд “эмээгийн бие нь хөдлөхгүй сонин байна, та хурдан ирээч” гэсэний дагуу би хорооллоос гэр рүүгээ шууд иртэл ээж Д.Ариунаа үүдний хэсэгт хөдөлгөөнгүй байдалтай хэвтэж байсан. Би хөл гарыг нь барьж үзэхэд өмдөндөө хүндэрсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би хүүгийхээ 99264843 дугаараас 103-т 21 цагийн үед дуудлага өгсөн. Тэгээд би түргэн ирэхээс өмнө хувцас хунарыг нь цэвэрлээд сольсон. Тэгтэл түргэний эмч ирэээд амьсгал, нүдний хараа, судасны цохилтыг нь үзээд “нас барсан байна” гэж хэлээд цагдаа дуудсан. Бид нар Т.Т эгчийг таньдаг бөгөөд Т.Т эгч ээжтэй хамт олон жил “Нарантуул” зах дээр савхи будаж зардаг байсан. Энэ хүнийг сайн мэднэ. Манай гэрээр хааяа нэг баяр ёслолоор орж ирдэг байсан. Тийм учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-22-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сэлэнгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 13 цагийн үед бага охиныхоо зээ хүүг сургуулиас аваад хүргэж өгөөд ажил руугаа явсан. Тэтэл 19 цагийн үед Сараа гэх хамт ажилладаг эмэгтэй над руу залгаад “бид Нарантуул дээр архи уусан юм” Ариунааа тасарсан байна” вокзал дээрээс тосоод аваадах” гэж хэлэхээр нь би зээ хүүтэйгээ хамт таксигаар вокзал дээр очиж хүлээж байтал Сараа, Бажгаа нар саарал өнгийн жижиг тэрэгтэй ирсэн. Би эхнэрээ авах гээд очиход ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Сараа, Бажгаа хоёр нь таксины ар талын суудал дээр хэвтүүлж өгөөд авчирч өгсөн машиндаа суугаад яваад өгсөн. Тэгэхээр нь би гэр рүүгээ хариад урд талын түцний залуу жижүүр хийдэг хажуу байрны залуу хоёроор өргүүлээд гэр рүүгээ оруулсан. Би анхандаа талийгаачийг тасраад унасан гэж ойлгож байсан. Тэгээд бие нь хөдлөхгүй байхаар охиныг дуудсан. Талийгаачийн өтгөн шингэн нь гарсан байдалтай байсан. Охин маань эмч ирэх гэж байна ийм байдалтай харуулмааргүй байна гээд өтгөн шингэнийг цэвэрлээд хувцсыг нь сольсон.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Мөнхдоржийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Нарантуул” захаас Сонгинохайрхан дүүрэг дэх Ханийн материалд байдаг гэр рүүгээ явах замдаа хуучин савхи зардаг хүмүүсийг авч явахаар “Нарантуул” захын Баялаг-Ундраа төвийн урд автомашиныг зогсоол дээр 19 цагийн орчми хүлээж байхад Цэцэгмаа, Одонгоо, Сараа нар машинд суусан. Талийгаач хоёр залуугаар дамжлуулан машинд суусан. Машинд суусан хойно нь өндөр хүүхэн нь талийгаачийн нөхөр рүү залгаад “вокзал дээрээс ирээд аваарай” гэж утсаар ярьсан.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Саранцэцэгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12-13 цагийн үед ажил дээрээ хүүхдээ сургуулиас нь аваад ирлээ гээд ирээд бараагаа дэлгэсэн. Тэгээд ажлаа хийгээд байж байтал Бямба ах бид нар дээр ирээд “Нарантуул” захын 25 жилийн ойн байр гээд нэг шил архи авч өгсөн. Тэгээд Т.Т , П.Оюунтуяа, талийгаач, Бямба бид 5 тэр архийг хувааж уусан. Тэгээд архи дуусах үед Бямба ах явсан. Бид 4 гуанзангаас хоол авчирч хувааж идээд дахиад дөрвүүлээ мөнгөө нийлүүлээд нэг шил архи авч уусан. Ууж байх хугацаанд Бажгаа, Одонгоо нарыг дуудаж архи өгсөн. Би 00 орж бие засаж ирээд бид 5 дахин 1 шил архи авч уусан. Тэгтэл шинэ савхи зардаг ах маань Ханийн материалын зүгт явдаг байсан учир хамт явахаар болсон. Энэ үед Ариунаа гуйваад согтуурхаад байхаар нь Бажгаа барааг нь хураагаад авдрыг нь цоожлоод машин руугаа талийгаачийг дагуулаад талийгаач болон Оюунтуяатай хамт 3-уулаа явсан. Тэгээд утсаар яриад явж байтал Т.Т бид гурвыг явж байгааг хараад “хөөе” гэж орилоод татах шиг болсон. Энэ үед талийгаач арагшаа савж унасан. Тэгтэл П.Оюунтуяа “чи солиотой юм шиг хүн татаад унагаачихлаа ш дээ зайлаач” гэж хэлээд талийгаачийг босгох өргөх гэтэл дийлээгүй. Энэ үед “чи зүгээр үү” гэж асуухад “аан” гэх дуу гаргасан. Тэгээд бид хоёр талийгаачийн толгойг нь өргөөд түшиж суулгаад цаг зардаг Аагийг хараад дуудаад “өргөөд өг” гэж хэлээд машин руу өргөж авч очсон. “Нарантуул” захаас гарахдаа түүний нөхөр Сэлэнгээ руу залгаад уучихсан байна, вокзал дээрээс аваарай хө” гэж хэлсэн. Талийгаачийг Т.Т яг ХААН банкны урд хэсэгт татаж унагаасан.” /хх-40-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Оюунтуяагийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13 цагийн үед Ариунаа нь “Нарантуул” зах дээр ирээд бараагаа дэлгээд ажлаа эхлүүлсэн. Тэгээд байж байхад Бямба ах ирж архи авч өгсөн. Тэгээд 4 шил архи уусан, архи ууж байх хугацаанд Бажгаа, Сараа хоёр ажлаа хийгээд банк руу нэг нь яваад л ирээд байсан учир бага уусан. Бажгаа бол бараг уугаагүй. Талийгаач “өнөөдөр уумаар байна” гээд архи бариад аяглаад бас тэрүүгээр явж байсан хүнээс нэхэж авч уусан. Сүүлийн нэг шил архийг Т.Т д өгөөгүй. Тухайн үед нилээн согтолттой байсан учраас дахиж өгөөгүй. Тэгээд юмаа хураагаад байж байхад би Одонгоо болон талийгаачтай сүүлийн архийг хувааж уусан. Бид нар гэр рүүгээ харихаар явж байсан ба тухайн үед талийгаачийг машинд суулгах гээд явж байсан. Тэгтэл гэнэт талийгаач унасан. Би эргээд хартал Т.Т талийгаачийг “би Сэлэнгээд Ариунааг хүргэж өгнө” гээд араас нь татаад унагасан. Тухайн үед талийгаачийн хар өнгийн саравчтай малгай газарт унасан байсан. Талийгаач доошоо унасан. Тэгээд унасан байхад нь би малгайг нь аваад өөрийг нь хөлийг түшүүлж суулгасан. Аагий гэх залуу ойрхон байхаар нь дуудаад машин ойрхон байгаа өгөөд хүргээд өгөөч гэж хэлээд өргүүлсэн.” /хх-49-53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Балжиннямын өгсөн: “...Талийгаач, Сараа, Оюунтуяа, Туул нар үлдсэн. 10 гаруй минутын дараа Оюунтуяа, Сараа эгч хоёр талийгаачийг цаг зардаг 2 эрэгтэй хүнээр өргүүлж ирсэн. Машинд тавуулаа суусан. Баруун гар талаас Сараа, талийгаач, би, миний өвөр дээр Одонгоо тэгээд Цэцэгмаа нар суусан байсан. Тэгтэл талийгаач сандал налж суугаагүй. Одонгоог налж байсан болохоор урагш унах гэхээрээ хөлөөрөө жийгээд хойшлоод байсан.” /хх-36/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Үүрийнтуяагийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 8-ны 17 цагийн үед манай эгч нар ууж байсан. Би сүүлийн 2 шил архи ууж байх үед очиж уусан. Сараа эгч, Ариунаа эгч, Туул эгч, Ооко эгч нар архи ууж байсан. Тэр үед талийгаач намайг дуудсан. Би бараагаа хураагаад очоод талийгаачийн өгсөн архийг уусан. Тухайн үед талийгаач өөрөө сөн түшиж байсан. Тэгээд сүүлийн 2 шил архийг уусан. Талийгаач надад “Туулыг алгасаж байгаа, хүн цөөдөөд байна дөрвүүлээ ууя” нээд надад нэлээд шахсан. Би тэр үед нэлээд уусан байсан учир тасарчихсан байсан. Бажгаа Цэцэгмаа эгчтэй хамт түшилцээд захаас авч гарсан гэсэн. Тэгээд намайг савхины эгч нарын машинд суулгаад би машин дотор их бөөлжсөн гэсэн.” /хх-33/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Гансүхийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны орой 19 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 28 дугаар байрны гражид байж байтал Сэлэнгэ урд талын түцний залуутай ирж “манай эхнэр согтуу байна, туслаад өргөлцөөд өгөөч ээ” гэж хэлсэн. Байрны урд талын сандал дээр хэвтүүлчихсэн байсан. Би өргөж яваад замдаа машины хамар дээр түр амарч байгаад цааш явах гэсэн даагдахгүй байтал Сэлэнгэ үүрч би хөлнөөс нь өргөөд гэрийнхээ хаалгаар оруулаад шалан дээр буулгасан. Ямар ч мэдрэл байхгүй байсан. Өргөх болгонд амнаас нь бөөлжис юм шиг шингэн зүйл гарч байсан. Машины хамар дээр амрах үед, шатны хажууд амрах үед амнаас нь гарч байсан.” /хх-64/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны 18-19 цагийн үед дүү Ариукатай цаг зараад зогсож байтал савхины эгч нар “энэ хүнийг машинд суулгаад өг” гээд байхаар нь бид 2 өргөөд суулгаж өгсөн. Тэгээд захын үүдэнд байсан цайвар өнгийн машинд суулгаад Сараа эгчтэй хамт зах руу буцаж ороод салсан. Хаалгаар бөөндөө гарч ирэхэд талийгаачийг Сараа эгч нэг эмэгтэй хамт суганаас нь өргөөд 2 талаас нь дамжилж гарч ирээд газар суулгаж байгаад “бид хоёрыг машинд суулгаад өг” гэхээр нь бид хоёр 2 талаас нь өргөсөн. Талийгаач өөрийн тэнхэлгүй байсан ба юу ч дуугараагүй. Амьсгалж байгаа нь мэдэгдэж байсан.” /хх-56-57/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цэцэгмаагийн өгсөн: “...Тэгээд нээх удаагүй араас талийгаач Ариунааг Сараагийн хажуугийн лангууны эмэгтэй болон талийгаач Ариунааг 2 залуугийн хамт аваад ирсэн. Тэгээд Бажгаа талийгаач Ариунаагийн нөхөр рүү ярьсан гэж хоорондоо ярьж байсан. Тэгээд вокзал дээр ирэхэд нөхөр нь ирсэн байсан. Тэгээд нөхөрт нь талийгаачийг өгөөд сууж явсан машинтайгаа бүгд гэр гэртээ харьсан. Талийгаач унтаж байх шиг байсан. Би тасарчихсан байсан гэж бодсон.” /хх-58-59/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2235 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дагз ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, дагзны хуйх, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой..
3. Талийгаач нь гавар тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач 2018 оны 10 дугаар сарын 8-9-нд шилжих шөнийн 00 цаг 45 минутын үзлэгээр нас бараад 4-5 цаг болсон байх боломжтой байна.
6. Талийгаачийн цусанд 3.0 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна.” /хх-66-68/
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн: “...Д.Ариунаагийн гавлын дагз ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, дагзны хуйх, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн биед тогтоогдсон гавал тархины гэмтэл нь ар дагзаараа унах үед үүснэ. Талийгаач уг гэмтлийг авсанаас хойш богино хугацаанд амьд явах боломжтой.” /хх-70-71/ гэх мэдүүлэг,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 624 дугаартай дүгнэлтэд:
2. Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Т нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Т.Т нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Т.Т нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Т.Т нь тухайн хэрэг болдог цаг хугацаанд эмгэг согтолттой байсан гэх шинж тэмдэг үгүй байна.” /хх-75-76/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-20, 98-99/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-21/,
Шүүгдэгч Т.Т ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “…Эргэлзээ бүхий байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү, мөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч шүүхээс эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой гэж үзсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Т.Т нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн орчимд Д.Ариунаагийн араас татаж унагасаны улмаас талийгаачийн гавал тархины битүү гэмтэл учруулж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон байна.
Иймд шүүгдэгч Т.Т ыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйльд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Т ыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага
хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Т.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын хамгийн бага хэмжээ болох 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т д оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Т.Т д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,
хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС