Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00144

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/05294 дугаар шийдвэртэй

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, *******  ******* гудамж *******байрны ******* тоотод орших ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг 840,360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хөрөнгийн өмчлөгч нараас үнийн санал аваагүй, үнийн санал ирүүлэхийг зөвхөн төлбөр төлөгч *******д мэдэгдэл хүргүүлж төлбөр авагч *******д мэдэгдэл өгөөгүй гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа төлбөр төлөгч ******* нь орон сууцаа 840,360,000 төгрөгөөр үнэлсэн тухай үнийн саналаа бичгээр ирүүлснийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, өнөөдрийн байдлаар тус орон сууцны өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 07-ны өдрийн ******* дугаар магадлалаар *******гаас 187,960,000 төгрөг гаргуулан*******д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг үндэслэн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ. Уг ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлд бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж ******* байрны *******тоотод орших ******* м.кв талбайтай орон сууцны үнэлгээг төлбөр төлөгч 840,360,000 төгрөг гэж санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрснийг үндэслэн хариуцагч барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэлтэй болох нь *******дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны ******* тоот албан бичгээр тогтоогдсон, төлбөр төлөгч нь дээрх орон сууцны өмчлөгчөөр *******, *******, *******, ******* нар шүүхийн шийдвэрээр тогтоогдсоныг хариуцагч байгууллагад мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул барьцаа хөрөнгийн үнийн саналыг хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон *******, *******, *******, ******* нараас аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй, энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцсэн байна.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгийн талаар маргах эрх бүхий этгээд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч *******г ийнхүү шаардах эрхтэй, түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн *******дугаар шийдвэрээр иргэн *******, *******, *******, ******* нарыг дээрх *******тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон иргэдээс үнийн санал аваагүй гэж тодорхойлсон ч *******, *******, *******, ******* нарыг нэхэмжлэгч ******* төлөөлөх эрхтэй нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг гэж залруулна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/05294 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...44 дүгээр зүйлийн 44.4... гэснийг 122 дугаар зүйлийн 122.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ