Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 127

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн 1914002180159 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт                                                                                                                   

Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 20- 24 тоотод оршин суудаг, Г.А,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 16-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ахмадын ордон дотор  Ю.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 02 дугаар сарын 16-ний орой 21 цагийн орчимд Баянхонгор сумын 3 дугаар багт байх Ахмадын ордонд эгч Г.М, түүний нөхөр Л.Мөнх-Очир нарын хамт ороод бүжиглэж байхад манай ах Л.Мөнх-Очирыг  Ю.Э /Б/ гэдэг хүүхэн согтуу орж ирчихээд дахин дахин авч гараад байсан. Тэр үед хүргэн ах Л.Мөнх-Очир архи үнэртүүлчихсэн байсан. Тэгээд  Ю.Эд /Бд/ айлын нөхрийг орж ирсэн цагаасаа хойш дагуулаад гэж хэлэхэд  Ю.Э /Б/ гэх хүүхэн чамд ямар хамаатай юм гэж миний байгаа газар хүрч ирээд намайг үснээс зулгаасан мөн нүүрэнд гар хүрсэн тэр үед хүмүүс салгаж явуулсан тэгээд би гэртээ харьсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 /,

Хохирогч  Ю.Эы мөрдөн байцаалтад өгсөн

… 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Баянхонгор сумын 3 дугаар багт байх Ахмадын ордонд бүжигэнд орсон...Ахмад өргөө ороход нэг хүүхэн чи манай ахтай явлаа гэж хэлээд хэл амаар доромжилсон. Тэгээд суухад намайг үсдэж дарсан мөн хүзүүнээс дарсан тэр үед хүмүүс салгасан тэгээд би тэр хүүхний урдаас хэрүүл хийж байгаад            үс царайгаа янзалж байгаад араас нь гарахад тэр хүмүүс байхгүй байсан ... Намайг бол цохиогүй үснээс зулгааж татсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 /,

Гэрч Г.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Баянхонгор сумын 3 дугаар багт байх Ахмадын ордонд бүжигэнд орород  Ю.Э /Б/ гэдэг хүүхэн нилээд согтуу хэдэн хүмүүстэй орж ирсэн манай нөхөр Мөнх-Очир тухайн үед эрүүл байсан юм. Тэр хүүхэн манай нөхрийг дагуулж гараад архи өгч согтоосон би  Ю.Эд /Бд/ чи яагаад манай нөхөр дагуулж гараад архи өгөөд байгаа гэж хэлээд  Ю.Э /Б / над руу дайрч би чиний найз чинь байгаа гэж хэлээд дайрч доромжилсон.Тэгтэл манай дүү Г.А  Ю.Эд /Бд/ хандаж чи яахаараа хүний нөхөр дагуулж гараад архи өгч согтоогоод байгаа гэж хэлээд нөгөө  Ю.Эг /Бг/ янхан минь гэсэн тэгтэл манай дүүгийн үснээс зулгаахад манай дүү ч мөн адил  Ю.Эы үснээс зулгаасан тийм зүйл болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /

Гэрч Л.М мөрдөн байцаалтад өгсөн

... би Бг дуудаж өгсөн тэгтэл Эрдэнэчулуун гурван лаазтай пиво авч өгч бид хамт уусан тэгээд бүжигэнд орж бүжиглэж байгаад Эрдэнэчулуун намайг  Ю.Эг /Бг/ дуудаадах гэж гурав удаа хэлж би бүжигэн дээрээс  Ю.Эыг /Бг/ гурван удаа авч гарсан тэгээд орж ирээд байж байхад Б манай эхнэр Г.М руу хэрүүл хийж дайрсан манай эхнэр Г.М тэр үед  Ю.Эд /Бд/ юм хэлээгүй тэгж байхад манай эхнэр дүү рүү дайрч үснээс зулгаасан тэр үед дүү Г.А мөн үснээс нь зулгаасан тэгээд салгаж бид гурав яваад өгсөн тийм зүйл болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн

1.  Ю.Эы биед тархи доргилт, хүзүүн зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтан тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 09-10 /, зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн /, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн /, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн /, шүүгдэгч Ж.Лхамхүүгийн хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019.04.12-ны өдрийн №3/2080 тоот тодорхойлолт / хх-ийн /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн / эвлэрлийн гэрээ /хх-ийн /,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 16-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ахмадын ордон дотор  Ю.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Г.Агийн ... намайг үснээс зулгаасан мөн нүүрэнд гар хүрсэн тэр үед хүмүүс салгасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 /,

хохирогч  Ю.Эы … намайг үсдэж дарсан мөн хүзүүнээс дарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 /

гэрч Г.Мгийн ...  Ю.Эг /Бг/ янхан минь гэсэн тэгтэл манай дүүгийн үснээс зулгаахад манай дүү ч мөн адил  Ю.Эы үснээс зулгаасан ....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,

гэрч Л.М ... манай эхнэр дүү рүү дайрч үснээс зулгаасан тэр үед дүү Г.А мөн үснээс нь зулгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай ...  Ю.Эы биед тархи доргилт, хүзүүн зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 09-10 / зэрэг нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдон тогтоодож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч  Ю.Э нь Г.Агийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т... нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц , жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй... гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.А нь эрхэлсэн тодорхой орлогогүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, бага насны 2 хүүхэд зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжгүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хйилгэх ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Ад буцаан олгож , шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Аг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.А нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Ад буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.