| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/03461/И |
| Дугаар | 210/МА2025/00145 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00145
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/04450 дугаар шийдвэртэй
*******ийн нэхэмжлэлтэй, ******* ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 28,098,502 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэр хэрэгжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХК-ийн Төвийн бүсийн зээлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл "*******" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 03-ны өдрийн ******* тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг тус тус үндэслэн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас халсан. Ийнхүү чөлөөлөхдөө тус банкнаас 2022 оны 05 сарын 03-ны өдөр авто автомашины зээлийг зориулалтын бусаар зарцуулсан" ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Ноцтой зөрчил гаргаагүй тухайд: Хариуцагч дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн гэрээний 11.2.1, 11.2.2, 11.2.6-д заасныг үндэслэл болгосон. ******* 2022 оны 04 сарын 18-ны өдөр банкнаасаа цалингийн зээл авах хүсэлт гаргаж цалингийн зээл гарна гэж тооцоолж өөрийн дүүгээс 23,000,000 төгрөгийг зээлсэн. Тус мөнгөөр миний нөхөр ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг худалдан авсан. Гэтэл цалингийн зээл гарах боломжгүй болж дүүгээс зээлсэн мөнгөө өгч чадахгүй болсон тул уг автомашиныг хүргэн дүүд 2024 оны 04 сарын 28-ны өдөр шилжүүлсэн. Банкнаас автомашины зээл гарах боломжтой гэсэн тул 22,500,000 төгрөгийн зээл авч хүргэн дүүгээс тухайн автомашинаа буцаан худалдан авсан. Мөн зээлийн эргэн төлөлтийг сар бүр хэвийн төлж ирсэн бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаагүй тул Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд: *******наас миний 2022 оны 05 сарын 03-ны өдөр авсан зээлийн тухай тайлбарыг 2024 оны 03 сарын 21-ний өдөр авч, 2024 оны 05 сарын 03-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна. 2022 онд гаргасан гэж үзсэн сахилгын ноцтой зөрчилд 2024 оны 04 дүгээр сард байгуулсан хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг үндэслэл болгож байгаа нь дээрх шийдвэрийг ямар нэгэн үндэслэлгүй гэдгийг баталж байна. Мөн үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаас үүдэн миний хувьд амьжиргааны зардлаа төлж чадахгүй болон улмаар зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болоод зогсохгүй банкнаас судлах зөвшөөрөл нь гарсан байсан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсон.
Иймээс ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан 2024 оны 05 сарын 03-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 28,098,502 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ******* ХК-аас гаргасан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2022 оны 04 сарын 28-ны өдөр *******аас тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан 32,800,000 төгрөгөөр *******улсын дугаартай, ******* маркийн автомашиныг худалдан авч урьдчилгаанд 10,300,000 төгрөгийг төлж, үлдэгдлийг банкны зээлээр төлөхөөр тохиролцжээ. Улмаар ******* нь ******* ХК-тай 2022 оны 05 сарын 03-ны өдөр Автомашины зээлийн гэрээ байгуулж 22,500,000 төгрөгийн зээл авсан ба банк зээлийг олгосон. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр урьдчилгаанд төлсөн 10,300,000 төгрөгийг машины худалдагч *******ын эхнэр *******ээс шилжүүлэн авч түүнийгээ *******ын ******* тоот дансанд "******* гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Мөн банк 22,500,000 төгрөгийг шилжүүлсний дараа уг мөнгийг ******* нь буцаан нэхэмжлэгч *******ийн нөхөр *******д 2022 оны 05 сарын 05-ны өдөр шилжүүлсэн байдаг. *******аас худалдан авсан гэх ******* улсын дугаартай, ******* маркийн машиныг судлан үзэхэд 2022 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч *******ийн нөхөр *******ийн өмчлөлд байсан ба 2022 оны 04 сарын 28-ны өдөр ******* луу шилжүүлж, ******* нь *******тэй гэрээг байгуулж шилжүүлсэн.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь өөрийн нөхөр *******ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өөрийн эгчийн нөхөр ******* луу шилжүүлж, ******* нь *******тэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар 22,500,000 төгрөгийг банкнаас зээлийн гэрээ байгуулан авсан байна. *******ийн гаргасан энэ үйлдэл нь автомашиныг худалдан авч байгаа мэтээр зохиомол байдал бий болгож, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж үзнэ.
2.2. Ажлаас үндэслэлгүй халагдсан эсэх: Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 03-ны өдрийн ******* тоот тушаалаар нэхэмжлэгч *******ийг үүрэгт ажлаас нь халсан нь түүнтэй 2024 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан 24/783 тоот хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлд заасан ноцтой зөрчил болох 11.2.1, 11.2.2, 11.2.6-д заасныг тус тус үндэслэсэн. ******* нь дээрх зөрчлийн үйлдлээрээ Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.13.13, 6.2.1 болон Худалдаа, хөгжлийн банкны Ёс зүйн дүрмийн 3.1.1, 5.15.1-д заасныг тус тус зөрчжээ. Нэхэмжлэгч *******ийн гаргасан зөрчлийг Дотоод аудитын газрын 2024 оны 04 сарын 29-ний өдрийн ******* дугаартай аудитын тайлангаар тогтоож, Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 03-ны өдрийн ******* тоот тушаалаар үүрэгт ажлаас нь халсан. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.6-д заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн, нөхцөл байдал бий болоход Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй гэж үзсэн. Учир нь автомашины зээлийг хүлээн авсан худалдагч ******* тухайн төлбөрийг *******ийн нөхөр ******* лүү шилжүүлсэн нь өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон буюу ажил олгогчийн ашиг сонирхолтой зөрчилдөх үйлдэл хийсэн нь хөдөлмөрийн гэрээний 11.2.6-д хамаарна.
2.3. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдроөс хойш зургаан сар ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж хуульчилжээ. ТУЗ-йн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 10 дугаар тогтоолд зааснаар Дотоод аудитын газар нь ТУЗ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг. Дотоод аудитын газрын журмын 8.1-д Дотоод аудитын газар нь гүйцэтгэсэн аудитын үр дүнгээ ТУЗ, Аудитын хороонд тайлагнах, Гүйцэтгэх удирдлагад мэдээлэх зарчмаар ажиллана гэж заажээ. Дотоод аудитын газар 2024 оны 04 сарын 29-ний өдөр ******* дугаартай аудитын тайланг баталгаажуулж, Хүний нөөцийн газарт мэдээлснээр ажил олгогч *******ийн зөрчлийг мэдсэн тул зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл, ******* нь Дотоод аудитын газрын тайлан гарах хүртэл өөрийн гаргасан зөрчлийн талаар Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй, сахилгын зөрчил нь үргэлжилсэн шинжтэй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар *******ийг ******* ХК-д төвийн бүсийн зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, олговорт 24,095,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,002,872 төгрөг болон банкнаас гаргасан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278,428 төгрөг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн сахилгын шийтгэл ногдуулах тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн.
Тодруулбал, шийдвэрт "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд "хөөн хэлэлцэх хугацаа тоолох" журам нь процессын эрх зүйн хэм хэмжээнд хамаарна. Хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох "зөрчил гаргасан", зөрчлийг илрүүлсэн" гэсэн хоёр нөхцөл өөр, өөр хууль зүйн агуулга, үр дагавартай бөгөөд зөрчил гаргасан нь тухайн үйл явдал болсон хугацаагаар, зөрчлийг илрүүлсэн нь зөрчилд хариуцлага оногдуулах эрх бүхий этгээд мэдсэн эсхүл өөр бусад байдлаар зөрчил гаргасан нь илэрхий болсон цаг хугацаагаар тус тус тодорхойлогддог. Хуульд заасан "зөрчил гаргаснаас хойш 6 сар" гэсэн нөхцөл нь зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 6 сар" гэсэн нөхцөл нь зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 6 сар үргэлжилсэн хугацаа хамаарна. Энэ хугацааны дотор сахилгын зөрчилд холбогдуулж зөрчлийг илрүүлээгүй хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. Харин зөрчил үйлдсэнээс хойш 6 сар хугацааны дотор зөрчлийг илрүүлсэн бол "илрүүлснээс хойш 1 сар" гэсэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Дээрх хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалт нь хуулиар тусгайлан тогтоосон, заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт тул уг хугацаа хуульд заасан тохиолдолд тасалдана, харин түүнийг дахин эхлүүлж шинээр тоолох боломжгүй. Өөрөөр хэлбэл материаллаг хуулийн буюу Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасан "хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тохиолдолд шинээр тоолох" зохицуулалт Хөдөлмөрийн эрх зүйн энэ тохиолдолд /процессын/ хамаарахгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоов" гэжээ
Шүүхээс ******* ХК нь сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсний дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж үзсэн ба гомдол гаргагчийн зүгээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасанг буруугаар хэрэглэсэн. Банк дээрх заалтад заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаанд *******т сахилгын шийтгэл ногдуулсан тухай дэлгэрүүлэн тайлбарлавал:
1. Ажилтан ашиг сонирхлын зөрчил үүссэн эсхүл үүсэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд Хүний нөөцийн газарт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол ноцтой зөрчил болохыг *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.6-д заасан байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий этгээдээс машин худалдан авсан байгаа үйлдэл нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүссэн гэж үзэх ба энэ талаар Хүний нөөцийн газарт мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл ******* нь Дотоод аудитын газрын 2024 оны 04 сарын 29-ний өдрийн ******* дугаартай тайлан гарах хүртэл өөрийн гаргасан зөрчлийн талаар мэдэгдээгүй ба сахилгын зөрчил нь үргэлжилсэн шинжтэй гэж үзсэн. Банк нь нэхэмжлэгч *******тэй 2022 оны 05 сарын 03-ны өдрийн *******дугаартай "Автомашины зээлийн гэрээ"-г байгуулсан ба энэхүү гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч ******* нь ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдээс машин худалдаж авч байгаагаа Хүний нөөцийн газарт мэдэгдэх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгчийн үүсгэж буй ашиг сонирхлын зөрчил нь нэг удаагийн шинжтэй бус байнгын давтагдах шинжтэй буюу зээлийн гэрээний харилцааны бүхий л шатанд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэх буюу 2022 оны 05 сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь "ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэх нөхцөл байдал бий болоход Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй" гэх зөрчил үйлджээ. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дутаар зүйлийн 123.4-т зааснаар нэхэмжлэгч *******ийн сахилгын үргэлжилсэн зөрчлийг зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, түүнийг ажлаас халсан.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар банк нь *******ийн зөрчлийн үйлдлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Дотоод аудитын газрын 2024 оны 04 сарын 29-ний өдрийн ******* дугаартай аудитын тайлангаар тогтоосныг *******ийн гаргасан зөрчил илэрсэн гэж үзэх ба түүнд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 05 сарын 29-ний өдөр дуусах юм. Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 03-ны өдрийн "*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" ******* тоот тушаалаар *******ийг үүрэгт ажлаас нь халсан тул *******ийн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацаанд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч *******ийг хүний нөөцийн газарт ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдээгүй учраас зөрчил гаргасан гэж тайлбарладаг. Гэвч хэргийн баримтаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын 1-т нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан гэдгийг тодорхой дурдсан. Уг тушаалд тус банкны зээлийн мэргэжилтэн ******* нь банкнаас авсан автомашины зээлийг зориулалтын бусаар ашигласан. ******* ХК-ийн зүгээс *******ийг банкнаас зориулалтын бусаар зээл авсан гэж үзэж байна. 2022 онд сахилгын шийтгэл оногдуулахаас 2 жилийн өмнө зориулалтын бус аргаар зээл авсан болох нь тогтоогддог.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, ******* ХК-аас 2 жилийн өмнө гаргасан үйлдэлд 24 сарын дараа сахилгын шийтгэл оногдуулсныг үндэслэлтэй гэснийг гайхаж байна. Хүний нөөцийн хэлтэст ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлээгүй үйлдлийг *******ийг зөрчил гаргасан гэж үзсэн. ******* ХК-ийн ёс зүйн дүрмийн 2.2.5-д ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголтыг тодорхой тайлбарласан. Ашиг сонирхлын зөрчлийг тайлбарлахдаа ажилтан өөрийн ажил үүргээ гүйцэтгэж, ******* ХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад үзүүлж байхдаа давуу тал олгосон тохиолдолд уг үйлдлээ хүний нөөцийн газарт мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* нь ******* ХК-ийн зүгээс бусдад ямар нэгэн байдлаар илт давуу нөхцөл байдал үүсгээгүй.
Мөн нэхэмжлэгч нь өөрөө банкнаас зээл авах зорилгоор өөр зээлийн эдийн засагчаар зээлээ судлуулж, автомашины зээл авсан. Энэ нь ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил болохгүй тул хүний нөөцийн газарт мэдэгдэх үүрэггүй. Мөн уг зөрчилд 24 сарын дараа сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. ******* ХК нь хууль бус үйл ажиллагаа явуулж, *******ийг 2024 оны 03 сард дуудаж, аудитын газраас мэдүүлэг авсан. 2024 оны 03 сарын 21-ний өдөр мэдүүлэг авсан атлаа 2024 оны 04 сарын 02-ны өдөр шинэ хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Уг гэрээний заалтыг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 28,098,502 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэр хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч сахилгын ноцтой зөрчил гаргасныг дотоод аудитын тайлан гарснаар олж мэдсэн, зөрчил үргэлжилсэн шинжтэй байсан тул хугацаа хэтрүүлээгүй гэж тайлбарлан маргажээ.
3. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 03-ны өдрийн Б-24/1081 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3 дахь заалт, банкны дүрмийн 11.6.11, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, 7.3 дах заалт болон Хөдөлмөрийн гэрээний 8.1.5-д заасныг баримтлан Төвийн бүсийн зээлийн мэргэжилтэн ******* банкнаас авсан автомашины зээлийг зориулалтын бусаар ашигласан, уг үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.13.13, 6.2.1, *******ны Ёс зүйн дүрмийн 3.1.1, 5.15.1, Ажлын байрны тодорхойлолтын 3.2.1, Хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 11.2.1, 11.2.2, 11.2.6-д заасан ноцтой зөрчилд хамаарна гэсэн үндэслэлээр ажилтан *******тэй байгуулсан гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг дүгнэхдээ ажилтан ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлын талаар ажил олгогчид мэдэгдээгүй нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзнэ хэмээн ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрт заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан болон сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна. Улмаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажлаас чөлөөлөгдөх ноцтой зөрчил гаргаагүй, мөн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг ажил олгогч хэтрүүлсэн гэж тодорхойлон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж маргасан бол хариуцагч нь нэхэмжлэгчийг банкнаас авсан зээлийг зориулатын бусаар зарцуулсан, зээл авахын тул автомашин худалдан авч байгаа мэт байдлыг зориуд бий болгосон гэж маргасан бөгөөд хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.
4.1. а. ******* нь иргэн *******тай 2022 оны 04 сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ******* улсын дугаартай *******маркийн тээврийн хэрэгслийг 32,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
4.1. б. Тэрээр худалдан авч буй тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөр 10,300,000 төгрөгийг нөхөр *******ийн эгч *******ээс өөрийн *******ин дахь ******* тоот дансаар дамжуулан авч, мөн нөхрийн хүргэн дүү гэх *******ын мөн банкин дахь ******* тоот дансанд 2022 оны 04 сарын 29-ний өдөр шилжүүлсэн.
4.1. в. Мөн ******* нь тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор ******* ХК-тай 2022 оны 05 сарын 03-ны өдөр Автомашины зээлийн гэрээ байгуулж 22,500,000 төгрөгийн зээл авсан, банк зээлийн мөнгийг тээврийн хэрэгслийн худалдагч *******т шилжүүлснээр нэхэмжлэгч ******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан.
4.1. г. Тус ******* улсын дугаартай *******маркийн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн нөхөр *******ийн нэр дээр бүртгэлтэй байсныг 2022 оны 04 сарын 18-ны өдөр *******ийн нэр дээр шилжүүлсэн болон ******* нь дээрх 22,500,000 төгрөгийг хүлээн авч 2022 оны 05 сарын 05-ны өдөр 22,500,000 төгрөгийг *******ийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн байна.
4.2. Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
4.3. Нэхэмжлэгч ийнхүү 22,500,000 төгрөгийн зээлийг банкнаас авахдаа автомашин зээлээр худалдан авч буй үйл баримтыг зохиомлоор бий болгосон гэх хариуцагч талын тайлбар дээрх үйл баримтаар тогтоогдсон байна. Зохигчийн хооронд 2024 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан ******* тоот хөдөлмөрийн гэрээний 11.2.1, 11.2.2-т тус тус зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан сахилгын ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь банкны зээлийн мэргэжилтний хувьд банкнаас иргэдэд зээл олгох журам, түүнд тавигдах шаардлагын дагуу өөрт нь зээл олгогдох боломжгүй байдлыг боломжтой мэт нөхцөл байдлыг бүрдүүлэн зээл авсан байдал нь банкны дотоод хэм хэмжээ болон банкны ажилтны баримтлах ёс зүйн дүрэмд харшилсан гэж ажил олгогч үзсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн гэрээний 11.2.1, 11.2.2-т заасан сахилгын нотцой зөрчил гаргасан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон хариуцагч ******* ХК-ийн шийдвэр хуульд нийцсэн байна.
Иймээс энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заажээ.
Зохигчийн хооронд байгуулсан 2022 оны 05 сарын 03-ны өдрийн ******* тоот Автомашины зээлийн гэрээ 30 сарын хугацаатай буюу зээлдэгч зээлийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр төлж дуусгахаар талууд тохиролцжээ. Тус зээлийг 2024 оны 11 сарын 03-ны өдөр төлж дуусгасан талаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласныг хариуцагч маргаагүй. Нэхэмжлэгч банкнаас зээл олгоход тавигдах шаардлагын дагуу тус зээлийг аваагүй нь сахилгын ноцтой зөрчилд хамаарах талаар өмнө дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч зохих журмын дагуу өөрт нь олгогдоогүй зээлийг банкинд буцаан төлж дуусгасан 2024 оны 11 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг үргэлжилсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг тогтоосон ******* тоот дүгнэлтийг хариуцагч банкны Дотоод аудитын газар 2024 оны 04 сарын 29-ны өдөр гаргаж, банкны Хүний нөөцийн газарт мэдэгдсэнээр хариуцагч 2024 оны 05 сарын 03-ны өдрийн ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь зөрчил үргэлжилсэн болон зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацаанд нийцсэн байна.
Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаар хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэсэн хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлын талаар ажил олгогчид мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн гэрээний 11.2.6-д заасан зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь зохигчийн хооронд байгуулсан автомашины зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 22,500,000 төгрөгийн зээлийг өөртөө авсан, уг зээлээ гэрээнд заасан хуваарийн дагуу өөрөө төлж дууссан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд талууд тайлбарласан. Нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий этгээдийн зээл хүссэн материалыг судалж зээл олгосон болон тусалсан эсхүл өөрийн ажил, албан тушаалыг ашиглан бусдад давуу байдал олгоогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг ийнхүү залруулна.
7. Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулах, 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэр хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/04450 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХК-ийн******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 28,098,502 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэр хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,429 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ