| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0131/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 130
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн 1914002530192 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Б.Д
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянмонгол караокед Б.Шыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би хот руу буцах гэж автобусанд суучихаад буцаж буугаад Б.Дгийн ажил дээр нь очсон. Тэгэхэд би өдөр уусан архи бүрэн гараагүй байсан. Баянмонгол караокед Б.Дтэй уулзаж байгаад утас булаалцалдаж маргасан. Тэгэхэд хамт ажилладаг Б.Х, Б.Ш хоёр Б.Дг өмөөрсөн. Би текний араар оролгүй Б.Дгээс утсыг нь авах гэхэд Б.Ш, Б.Х хоёр текний араар оруулахгүй гээд холдуулах гэж түлхсэн тэгэхэд нь би гараа татаж байгаад Б.Шын нүд рүү нь гараараа 1 удаа цохисон. Б.Ш уйлаад суучихсан. Б.Х намайг караокеноос гаргахаар нь би гадаа гарчихаад хойшоо тойрчихоод эргээд ороод ирэхэд цагдаа ирсэн байна. ... мэдүүлэг /хх-ийн 54-55/
Хохирогч Б.Шын мөрдөн байцаалтад өгсөн
… Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байхад өдөр нь манай ажлын Б.Дгийн найз залуу болох Б.Д нь согтуу орж ирсэн ... Тухайн үе Б.Дгээс утсыг нь Б.Д авах гээд байсан. Тэгээд утсыг нь өгөх гээд текний ард Б.Д орж ирэх гээд байсан. Б.Х бид хоёр Б.Дыг текний ард оруулах гээд хориглож байтал Б.Д миний зүүн нүдний орчимд шанаан хэсэгт гараа зангидаад 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Оргилболд гэдэг дарга руугаа утсаар хэлсэн чинь дарга цагдаад дуудлага өгөөд цагдаа ирж Б.Дыг аваад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Гэрч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн
... Үүдний өрөөнд Б.Д, Б.Д эгч бид гурав байсан. Б.Д Б.Дтэй хэрэлдээд байхаар нь би Б.Дыг гаргах гээд түүний цүнхтэй хувцасыг аваад гаргах гэсэн чинь Б.Д надаас цүнхтэй хувцасаа авах гээд булаацалдсан. Би цүнхнээс нь татаж байсан чинь Б.Д цүнхээ тавьчихсан. Тэгтэл би хойшоо саваад унахдаа гараа хананд цохиод гэмтээсэн. Б.Д намайг цохиогүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б.Дыг би хот руу явуулах гээд автобусанд суулгасан байсан чинь автобуснаасаа бууж хоцроод архи уучихсан манай ажил дээр ирсэн ... Б.Ш, Б.Х нар Б.Дыг текний ард руу оруулахгүй гээд байсан чинь Б.Д Б.Хын зүүн нүдний орчим нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Б.Ш уйлаад Хишигням Б.Дыг түлхээд цааш нь аваад явсан. Б.Ш дарга руу яриад дарга цагдаад дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай шинжээчийн
1.Б.Шын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн зовхи, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 40-41/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 58-62/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 95/, шүүүгдэгч Б.Дын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 91/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 100-101/, 2014.07.08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянмонгол караокед Б.Шыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Б.Дын ... би гараа татаж байгаад Б.Шын нүд рүү нь гараараа 1 удаа цохисон.. ... мэдүүлэг /хх-ийн 54-55/
хохирогч Б.Шын … Б.Д миний зүүн нүдний орчимд шанаан хэсэгт гараа зангидаад 1 удаа цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 20/
гэрч Б.Хын ... Б.Д намайг цохиогүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /
гэрч Б.Дгийн ... Б.Д Б.Хын зүүн нүдний орчим нь гараараа 1 удаа цохисон.... гэх мэдүүлэг /хх-ийн 27 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай ... Б.Шын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн зовхи, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 30-31/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Дыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.Ш нь Б.Дын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Д бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Шинэбаяр ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 19-21, 101/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Дын эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Дт буцаан олгож , шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Дыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Дын эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Дт буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.