Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 96

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ернхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Ш.Т , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш.Т д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915001040068 дугаартай, 163/2019/0098/Э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, М овогт Ш.Т  ,  

Холбогдсон хэргийн талаар:  

     Яллагдагч Ш.Т  нь 2018 оны 10 дугаар сард Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Хар морьтын урд энгэрт Нам даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж “kia Frontier “ маркийн **-** Бул улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Ш.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1915001040068 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Ш.Т гийн өгсөн: Би 2018.10.20-ны хавьцаа шовгорын 10 ширхэг шинэс мод, өвөлжөөний дээврийн 110 гаран тооны шургааг шинэс модыг Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Хар морьтын урд энгэр гэх газраас бэлтгэсэн. Уг газар нь тухайн үед тусгаарлалт хийгдсэн байсан газар. Би яаж мэдээд байгаа гэхээр миний хамаарагддаг Гүн чулуу нөхөрлөлийн тусгаарлалт хийсэн газар байсан. Уг Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Хар морьтын урд энгэр гэх газраас мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэдэг дээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэх мэдүүлэг /хх-70-71 тал/

Хохирогч Б.П гийн өгсөн: “...Ш.Т  нь 2018 онд ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн талаар Бугат суманд гомдол мэдээлэл ирсэн байсан. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 2018 онд Г  нөхөрлөл мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийсэн байгаа...Би сумыг төлөөлж хохирогчоор оролцож байгаа тул сумын байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-26 тал/

Гэрч Л.Д ын өгсөн: 2018 оны 09 дүгээр сард сум дундын ойн ангиар Нам даваанд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэсэн. Би нөхөрлөлийн гишүүдэд ойн цэвэрлэгээний зориулалтаар өвөлжөө болон шовгорын мод бэлтгэх хэрэгцээнд ойд тусгаарлалт хийсэн талбайн захад гаргаж ирээд надад үзүүлээд хэмжүүлж шалгуулаад мөнгө төгрөгөө тушаагаад эрхийн бичгээ аваад тээвэрлэлт хийх ёстой. Би Т д болон нөхөрлөлийн гишүүдэд би ажлаа өгөх гэж байна он дуусах гэж байна гоожингоо аваарай гэж хэлж байсан. Т  намайг дэлгүүр дээр сууж байхад хүрч ирээд та гоожин нөхөөд бичээд өгөөч, та гоожин бичээд өгчихвөл болох гээд байна гэж гуйж ирсэн. Би болохгүй тухайн үедээ авахгүй яасан юм бэ гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг /хх-27-28 тал/

            Гэрч Ц.Д гийн өгсөн: “...Шарилийн хөндийгөөс гэрийнхээ хойноос өөрийнхөө цагаан өнгөтэй ачааны машинаар газар унасан мод хөрөөдөж зөөгөөд байсан. Сарыг нь санахгүй байна. Өвөлжөөнийхөө хажууд хураачихсан байсан. Сүүлд тэр модоороо шовгор барьсан байсан. Ноднин манай гэрийн хажууд өвсний хашаа барьсан шургааг буулгачихсан байж байгаад өнгөрсөн намар манай гэрийн гаднаас авсан... шовгороо өнгөрсөн өвөл идэшнээс хойш барьсан. Өвөлжөөг намар барьж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/

            гэрч Б.Г ын өгсөн: 2017 оны 08 дугаар сарын үеэр хадлангийн үеэр Шарилын хөндий гэх газраас бид нар тусгаарлалт хийсэн газраас өвөлжөөний сургаар мод бэлтгэж байсан. Хэдэн куб мод авсаныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-36 тал/

            гэрч С.Э ын өгсөн: “Манай нутгийн хүн болох Ш.Т г булгийн тархин дээр зөвшөөрөлгүй өвөлжөө, шовгор бариад байхаар нь гомдол гаргасан юм. Өвөлжөөний гоожин зөвшөөрлийн тал гоожинг нь авсан. Тал сургааг шургаагны гоожинг аваагүй. 2018 оны намар 10 сарын үед гэрийнхээ хойноос болон тусгаарлалт хийгээгүй газраас Ш.Т  гэрийнхээ гадаа байгаа цагаан өнгийн ачааны портер машинаар татаж авсан...шарилын хөндий болон гэрийнхээ ойролцоо модноос хийсэн. Ойгоос авсан сургаагаа Д гийн гэрийн гадна хураасан байсан. Энэ хураасан сургааг 2018 оны 05 дугаар сар гэхэд байж л байсан. Дутуу сургаагаа өнгөрсөн намар гүйцээж татсан гэх мэдүүлэг /хх-31-32 тал/

гэрч Ш.Э гийн: 2018 оны намар Бугат сумын Шарилын хөндий гэх газраас бэлтгэсэн гэж бодож байна. Бэлтгэсэн мод нь шинэс төрлийн, хуурай, 10 гаран метр куб жижиг хэрэглээний мод бэлтгээд өвөлжөөний сургааг болон шовгорын торх Ш.Т  гэрийнхээ гадаа өрсөн байсан...Ш.Т  нь 2018 оны намар шовгорын торх болон өвөлжөөний сургааг мод зөвшөөрөлгүй ойгоос бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/

гэрч М.Ш.kia Frontier маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...би хүүгээ гэр орноо нүүлгэхэд хэрэглэ гээд оны өмнө өгсөн. Одоо хавар нүүдэл суудал хийхдээ буцаагаад өөрийнхөө машиныг авна  гэх мэдүүлэг /хх-39-40 тал/

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эзэлхүүн нь 16.244м3 түлээний хуурай модны үнэлгээ 1402752 төгрөг болохыг тогтоож,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 4208256 төгрөг болж байна гэх дүгнэлт  /хх-47 тал/,   

 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ш.Т гийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 16.244м3 модонд Булган сум дахь ойн ангийн инженер, шинжээч Б.Ж гийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 1402752 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 4208256 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт  /хх-43-44 тал/,

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай /хх-01 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-06 тал/, Мод бэлтгэсэн гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-11 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 519/033 дугаартай А  ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-51-53, 57-60 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77 ийн тал/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №119 дугаар шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Т  нь 2018 оны 10 дугаар сард Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Хар морьтын урд энгэрт Нам даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж kia Frontier маркийн **-** Бул улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.        

Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр  тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Б.П, гэрч Л.Д , Ц.Д , С.Э , Б.Г , Ш.Э , М.Ш  нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-06 тал/, Мод бэлтгэсэн гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-11 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 519/033 дугаартай А  ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-51-53, 57-60 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77 ийн тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.  

 Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.   

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ш.Т гийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1402752 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 4208256 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй боловч шүүгдэгч Ш.Т  хохирлыг нөхөн төлж,  Булган аймгийн Бугат сумын Тамгын газрын дансанд шилжүүлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.    

 2019 оны 02 дүгээр сарын 27-ны мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Ш.Т гийн зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн 261 ширхэг шинэс мод битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож Солонгос улсад 2001 онд үйлдэвэрлэсэн цагаан өнгийн ачааны Пронтер маркийн тээврийн хэрэгсэл **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшигч  М.Ш  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.    

        Шүүгдэгч Ш.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Ш.Т д эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлого, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт Ш.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Т г 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 / дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Т г 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Т  нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2019 оны 02 дүгээр сарын 27-ны мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, 261 ширхэг шинэс мод, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, модон иштэй сүх 1 ширхэгийг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож Солонгос улсад 2001 онд үйлдэвэрлэсэн цагаан өнгийн ачааны Пронтер маркийн тээврийн хэрэгсэл **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшигч М.Ш т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ