Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2025/00007

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2025/00007

 

 

М.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дүгээрсарын 08-ны өдрийн 155/ШШ2024/01070 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШХХК-нд холбогдох

Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаар багт байрлах 0 дүгээр байрны 0 дүгээр давхрын 0 тоотод байрлах 72.35 метр квадрат 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г/цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мын Б миний бие 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр ШХХК-ны захирал З.Гтэй 2022/11 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаарбаг. 0-р байрны 0 давхар 0 тоотод байрлах 72,35 кв.м 3 өрөө орон сууцыг худалдан авахаар ШХХК-д захиалга өгч Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Орон сууц захиалан байгуулах гэрээнд 1 мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохиролцож орон сууцыг 2017 оны 04-дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаандаа орон сууц ашиглалтад оролгүй 5 жилийн дараа 2022 оны 10 дүгээрсарын 15-ны өдрөөс орон сууц захиалсан айлуудаа оруулсан. 2017 онд байгуулсан гэрээг шинэчлэн 2022 оны 05-р сарын 31-ны өдөр байгуулж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсан.

...Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаарбаг, 0-р байрыг улсын комисс одоог хүртэл хүлээн аваагүй. Би гэрээний дагуу байрыг 2022 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч одоо тус байрандаа амьдарч байгаа болно.

...Иймд нэхэмжлэгч М.Б би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учир Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаарбаг, 0-р байрны 1 давхар 0 тоотод байрлах 72,35 квадрат 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь М.Б мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа. Гэрээний дагуу 100 хувь төлсөн гэж байна. Надад мэйлээр явуулсан баримтуудад 2017 оны гэрээ, 2022 оны гэрээ байсан. Гэрээнд барилгыг 75 хувийн гүйцэтгэлтэйгээр Шкомпанийн өмчлөл болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Одоогоор банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа. ...Ийм учраас өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй гэж үзэж байгаа.

...Гэрээнд зааснаар байрыг улсын комисс хүлээж авсны дараа өмчлөлдөө авна. Байрыг хүлээлцэх хүртэл гүйцэтгэгч талын эзэмшил, өмчлөлд байна гэж гэрээнд заасан. Манайх огт байрыг хүлээлгэн өгч акт үйлдээгүй. Төлбөрөө бүрэн төлсөн нэг ч албан хаагч байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дүгээрсарын 08-ны өдрийн 155/ШШ2024/01070 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Шарнууд Мын Быг Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 дүгээрдавхрын 0 тоотод байрлах 72.35 метр квадрат 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжпэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,290 (дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 476,290 (дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг хариуцагч Шхязгарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж, нэхэмжлэгч М.Бт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гдавж заалдах гомдолдоо: ...дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой эсэх:

Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлсон атлаа шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2017, 2022 онд тус тус байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээг үндэслэжээ.

...гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг шаардах ёстой болохоос бус өмчлөгчийн эрхийг шаардаж болохгүй. Учир нь гэрээний эрх зүйн маргаанд гэрээний оролцогч талууд гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх асуудлыг хөндөхөөс гадна төлбөр тооцоо нийлсэн эсэх асуудал зайлшгүй хөндөгддөг. Тэр тусмаа анхан шатны шүүхийн дүгнэснээр талуудын хооронд Худалдах, худалдден авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа энэ тохиолдолд зайлшгүй гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг шалгах ёстой байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай төлбөр тооцооны хувьд зөрүүтэй буюу гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй атлаа гэрээний үүрэг бус өмчлөгчийн шаардах эрхийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Анхнаасаа ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч бүрэн гүйцэт тодруулах ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэж буй нь Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн шийдвзр заавал биелэгдэх шинжийг алдагдуулахын зэрэгцээ гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой атал хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмаа зөрчсөн гэж үзэж байна.

2.Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн эсэх тухайд:

Анхан шатны шүүгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэжээ. Хэргийн бодит нөхцөл байдлыг харвал нэхэмжлэгч нь талуудын хооронд 2017 онд гэрээ байгуулсан гэдгийг дурдахаас гадна 7 жил гэдэг хугацааг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бичсэнээс үзвэл талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ бус Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр. Түүнчлэн төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарласныг шүүх хянахдаа Хас банкны 000 тоот данснаас байрны урьдчилгаа Долгор Цацрал гэсэн гүйлгээний утгатай баримт байхад үүнийг оруулан тооцсон байна. Дээрх байдлаас үзвэл Худалдах, худалдан авах гэрээ бүрэн биелэгдсэн гэж үзэх боломжгүй байх атал хийсвэрээр дүгнэлт хийж, төлбөрийг бүрэн төлсөн гэж үзсэн нь шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмаа зөрчсөн.

...талуудын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх эрх зүйн харилцаа үүссэн, мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасны дагуу ажил гүйцэтгэхэд гарсан зардпыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй. Нэмэлт зардлыг төлөхийн тулд талуудын хооронд зайлшгүй өртөг, зардлын тооцоо болон тооцоо нийлсэн актыг үйлдсэнээр гэрээний харилцаа дуусгавар болж, нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч болох боломжтой юм.

3.Гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн эсэх:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан. Маргаан бүхий орон сууц нь бүхэлдээ Хган ББСБ ХХК-д барьцаалагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн, биелэгдэх боломжгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

4.Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцандаа Иргэний хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхдээ хууль зөрчин бүртгэлийг хийлгэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор хариуцагч ШХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлтийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гарган маргаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг үүссэн захирамжийг цахимаар явуулсан байдаг. Учир нь хариуцагч ШХХК-ийн төлөөлөгч буюу захирал, итгэмжпэгдсэн төлөөлөгч нар нь бүгд Улаанбаатар хотод оршин суудаг тул шүүгчийн туслахаас Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг цахим хэлбэрээр л авах боломжгой байсан. Ингээд захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслахаас авсан захирамжийг тэр чигээр нь цахимаар Иргэний шүүхэд хүргүүлэхэд шүүх өөрөө хараар хэвлэж хэрэгт хавсаргасан атлаа нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж тайлбарлаж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн зүгээс шүүхэд өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахын сацуу нотлох баримтыг цахимаар, эх хувиар нь хүргүүлсээр атал нотлох баримт гэж үнэлэхгүй байгаа нь нэг шүүх нөгөө шүүхийн үйл баримтыг үгүйсгэсэн үйлдэл юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дүгээрсарын 08-ны өдрийн 01070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч М.Б нь Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаарбаг, 0 дүгээрбайрны 1 давхар 0 тоотод байрлах 72.35 метр квадрат 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ш Мын Быг Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 дүгээрдавхрын 0 тоотод байрлах 72.35 метр квадрат 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар Хөвсгөл аймаг дахь Шгазрын албан хаагчдын 35 айлын орон сууцыг барих барилгын ерөнхий гүйцэтгэгч ШХХК, иргэн М.Б нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаарбаг, 0 дүгээрбайрны 0 дүгээрдавхрын 0 тоотод байрлах 72.35 кв.м орон сууцыг 1 м.кв талбайг 880,000 төгрөгөөр тооцон 2022 оны 2 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагч гэрээний үнийн дүнгийн 30 хувь хүртэлх төлбөрийг байр ашиглалтад орохын өмнө, үлдсэн төлбөрийг барилга улсын комисст өгсний дараа төлж барагдуулахаар тохиролцсон болох нь тогтоогдсон.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ авагдсан байх ба уг гэрээнд Худалдан авагч нь орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө урьдчилгаа 5,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. гэж тусгаснаас үзэхэд гэрээг анх 2017 онд буюу орон сууцны барилгын ажил эхлэхээс өмнө байгуулжээ.

Гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхлээгүй байсан, орон сууцыг хариуцагч тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсны дагуу нэхэмжлэгч захиалсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ШХХК, З.Гнарын данс руу 0,230,400 төгрөг, Д.Ганболдын данс руу 13,500,000 төгрөг шилжүүлж, бохирын шугам сүлжээний засварт 437,500 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Гэгээнтэн овогт Долгорын Цацрал нь нэхэмжлэгчийн эхнэр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар, байрны төлбөрийг ШХХК-ны болон хариуцагчийн зөвшөөрсөн эрх бүхий этгээдийн дансанд шилжүүлсэн нь орлогын маягт, шилжүүлгийн мэдээлэл, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зохигчийн тайлбараар нотлогдож байх тул Долгор Цацрал нэрээр шилжүүлсэн төлбөрийг байрны төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх ...байрны төлбөрт 63,667,400 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

3.Гэрээний талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ээр орон сууцны барилгыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон байх боловч хариуцагч гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх ба орон сууцыг өөр этгээд барьцаалсан гэх байдал нь уг орон сууц өмчлөх нэхэмжлэгчийн эрх, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх хариуцагчийн үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь  болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж зохицуулсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах эсэхийг тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зохигчийн хүсэлтийг хүлээн авах эсэх, хэрхэн шийдвэрлэх нь тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал бөгөөд хариуцагч талын хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй.

5.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж, хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дүгээрсарын 08-ны өдрийн 155/ШШ2024/01070 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Д.АЗЖАРГАЛ

Б.СОСОРБАРАМ