Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 136

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Жигжидсүрэнд холбогдох эрүүгийн 1914002570193 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  Б.Ж, регистрийн дугаар:

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ж нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-6-15 тоотод тоотод 2019 оны 03 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Оыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Д.Оынд орой аажуу архи уучихсан согтуу очсон. Тэднийд очсоноо би сайн мэдэхгүй байгаа юм. Би ямар ч байсан Д.Оын дал, мөр орчим нь гараараа цохисноо мэдэж байгаа. Би Д.Оынд хоноогүй өөрийнхөө хуучин эхнэрийндээ очиж хоносон байсан. Түүнээс хойш Д.Отай нилээн хэд хоногийн дараа уулзахад чи намайг цохиж авсан гэхээр нь би мэдэхгүй байна уучлаарай гэсэн. Д.О тэгэхэд намайг цагдаад өгсөн гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 41 -42 /

Хохирогч Д.Оын мөрдөн байцаалтад өгсөн

… 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой нь орондоо ороод унтаж байхад Б.Ж архи уучихсан согтуу ирээд намайг ална шүү гэхээр нь би Б.Жг хөөж гаргасан. Б.Ж гарчихаад эргэж орж ирээд зурагт аваад гарахаар нь би араас нь шалдан гараад зурагтаа булааж аваад гэр рүүгээ орсон. Тэгэхэд араас Б.Ж орж ирээд гартаа чулуу атгаж ирээд миний мөр рүү болон дал руу хэд хэдэн удаа цохиж, миний толгой руу 2-3 удаа алгадсан. Мөн миний баруун гуя руу өшиглөж зодсон. Мөн манай охин Мөнхзул биднийг салгах гэхэд Мөнхзулыг Б.Ж түлхээд газар унагаасан. Тэгээд би охиныхоо хамт гарч цагдаад дуудлага өгсөн юм. Намайг Б.Ж хамтран амьдарч байхдаа 2014 онд зодож гэмтээж байсан. Тухайн үед цагдаад мэдэгдэж байсан, миний тархи гэмтэж байсан. Би гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй,....Б.Ж бид 2 өмнө нь 7 жил хамтран амьдарч байсан. Тэгээд өнгөрсөн 2018 оны 08 дугаар сард салаад Б.Ж хуучин эхнэр дээрээ очиж амьдарч байгаа. Одоо бол тусдаа байгаа.... гэх мэдүүлэг / хх-ийн 10-12, 50-51 /

Насанд хүрээгүй гэрч Т.Мын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би ээжтэйгээ гэртээ байсан. Тэгсэн чинь хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь Б.Ж ах согтуу орж ирээд зурагт аваад гарахаар нь ээж араас нь гарч зурагтаа авч орж ирсэн. Тэгтэл Б.Ж ээжийг гараараа дал нуруу руу нь цохисон, бас ээжийн хөл рүү нь өшиглөж байсан. Би ээжийг салгахад намайг Б.Ж түлхэж унагаасан,... Б.Ж өмнө нь ээж бид 2-той хамт амьдардаг байсан. Одоо бол хамт байхгүй байгаа ... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар шинжээчийн

1. Д.Оын биед тархи доргилт, нуруу, цээж, баруун гуя, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 33-36/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 45-49/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 90/, шүүгдэгч Б.Жгийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын 2019.04.29-ний өдрийн 366 дугаартай тодорхойлолт /хх-ийн 66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 63/, депозит дансны хуулганууд /хх-ийн 80-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 168 дугаартай Прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 03 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-6-15 тоотод тоотод Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Оыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Жгийн ... Д.Оын дал, мөр орчим нь гараараа цохисноо мэдэж байгаа ... гэх мэдүүлэг / хх-ийн 41 -42 /

Хохирогч Д.Оын … Б.Ж орж ирээд гартаа чулуу атгаж ирээд миний мөр рүү болон дал руу хэд хэдэн удаа цохиж, миний толгой руу 2-3 удаа алгадсан, мөн миний баруун гуя руу өшиглөж зодсон.. ... гэх мэдүүлэг / хх-ийн 10-12, 50-51 /

Насанд хүрээгүй гэрч Т.Мын ... Б.Ж ээжийг гараараа дал нуруу руу нь цохисон, бас ээжийн хөл рүү нь өшиглөж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаартай шинжээчийн ... Д.Оын биед тархи доргилт, нуруу, цээж, баруун гуя, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Ж нь хамтран амьдрагч Д.Оын толгой, гуя руу нь цохих зодох, бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.

 Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Жг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Жг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч Д.О нь Б.Жгийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал / хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хорт хавдрын улмаас мэс ажилбарт орсон/ зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Жг 450 / дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Жгийн эзэмшлийн “...5 ханатай гэр...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Жд буцаан олгож , шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгин овогт  Б.Жг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Жг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ж нь дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Жд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Жгийн эзэмшлийн “... 5 ханатай гэр...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Жд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Жд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.