| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 152/2024/00461/и |
| Дугаар | 224/МА2025/00001 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 224/МА2025/00001
2025 01 15 224/МА2025/00001
С аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Ц.А-т холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00504 дүгээр шийдвэртэй,
С аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А-т холбогдох, батлан даалтын гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С аймгийн прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлага: Батлан даалтын гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С аймгийн У сумын 0 дүгээр багийн иргэн Э.Г нь 2020 онд ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 3,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан боловч Э.Г нь гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөгийг төлөхгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас С аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. С аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газраас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад, хариуцагч Э.Г нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон. С аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэн Э.Г-тэй ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, улмаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг бүрэн хариуцахаар иргэн Ц овогтой А-тай мөн өдөр батлан даалтын гэрээ байгуулжээ. Э.Г нь ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Батлан даагч Ц.А батлан даалтын гэрээний 1.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, алданги, шүүхийн зардал, учруулсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч талд нөхөн төлж, бүрэн хариуцлага хүлээхээр зөвшөөрсөн байна.
Иймд иргэн Э.Г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, улмаар нас барсан байх тул ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгээс авсан 3,000,000 төгрөгийг батлан даалтын гэрээний 1.1-т заасны дагуу батлан даагч Ц.А-аас гаргуулж С аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1 дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргасан болно” гэжээ.
3. Хариуцагч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С аймгийн У суманд амьдардаг, ам бүл . Миний бие хүргэн ах Э.Г-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл авахад гарын үсэг зурсан, Э.Г 2024 оны 6 дугаар сард зуурдаар нас барсан. Э.Г-ийн Хаан банкнаас авсан зээл нь сар бүр нэхэгдэж, эхнэр 3 хүүхэд нь эрхэлсэн ажилгүй орлогогүй тул миний бие сар бүр төлдөг. Иймд хөдөлмөр эрхлэлтийн сангаас авсан зээлийг төлөх чадваргүй. Би энэ зээлийн мөнгөнөөс өөрт авч хэрэглээгүй тэр үед хүргэн ахыг нас барна гэж бодолгүй, гарын үсэг зурсан, ахыг зээлээ төлөөд дууссан л гэж бодсон, төлөөгүй гэж хүргэн ах надад хэлж байгаагүй, мөн С аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас огт мэдэгдэж байгаагүй” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00504 дүгээр шийдвэрээр:
- Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 462 дугаар зүйлийн 462.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С аймгийн прокурорын газрын, хариуцагч Ц.А-т холбогдох батлан даалтын гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч С аймгийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч С аймгийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдол, тайлбартаа: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд шүүгч Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зээл төлөх талаар холбогдож байсан уу?, энэ талаар баримт хэрэгт байгаа эсэх талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч надаас болон батлан даагч нараас асуухад батлан даагч “надад огт зээл төлөх талаар мэдэгдэж байгаагүй, Э.Г зээлээ төлөөгүй байсныг мэдээгүй” гэх хариултыг өгсөн, харин миний бие Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ирүүлсэн баримтад өмнө нь мэдэгдэж байсан талаарх баримтыг ирүүлээгүй гэсэн тайлбарыг гаргасан ба Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас огт мэдэгдээгүй гэдэг тайлбарыг гаргаагүй.
Анхан шатны шүүх Э.Г-т зээлийн хугацаа дууссан талаар мэдэгдэж байсан эсэх, түүнчлэн батлан даагч Ц.А-т мэдэгдэж байсан эсэхийг зайлшгүй тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх ёстой.
Гэрээний үүрэг биелүүлэх тухай шаардлагыг Э.Г болон Ц.А нарт мэдэгдэж байсан эсэх баримт аль аль талд байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс мэдэгдээгүй байсан гэх хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Энэ гомдлоо дэмжиж оролцож байна.
Иймд шүүх дутуу баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00504 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч С аймгийн прокурорын газар нь С аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хүсэлтийг үндэслэн, хариуцагч Ц.А-т холбогдуулан, батлан даалтын гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулан С аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “ ..Миний бие хүргэн ах Э.Г-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл авахад батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан ба хүргэн ах Э.Г 2024 оны 6 дугаар сард нас барсан. Би энэ зээлийн мөнгөнөөс өөрт авч хэрэглээгүй, ахыг энэ зээлээ төлөөд дууссан гэж бодсон, зээлийг төлөөгүй талаар надад ах хэлж байгаагүй, мөн С аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зээл төлөгдөөгүй талаар надад огт мэдэгдэж байгаагүй” гэх агуулга бүхий тайлбар гаргаж, маргасан байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 462 дугаар зүйлийн 462.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С аймгийн прокурорын газрын хариуцагч Ц.А-т холбогдох, батлан даалтын гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
4.1. С аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хариуцагч Ц.А нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т нийцсэн байна.
Хэрэгт, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр С аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар иргэн Э.Г нарын хооронд ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулагдсан байна.
Уг гэрээний дагуу Э.Г-т 3,000,000 төгрөгийг олгож, уг мөнгийг Э.Г нь 3 жилийн хугацаанд 3 хувааж буюу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус хүүгүйгээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан байна.
Гэрээний нэг тал буюу зээлдэгч Э.Г төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ огт биелүүлээгүй байхдаа 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.
4.2. Мөн дээрх гэрээг үндэслэн, С аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хариуцагч Ц.А нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр батлан даагч Ц.А нь С аймгийн Хөдөлмөр үйлчилгээний газар Э.Г нарын хооронд байгуулагдсан 3,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч Э.Г нь бүрэн биелүүлж чадна, хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Ц.А нь түүний өмнөөс төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ гэж харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т заасан батлан даалтын гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй, харин “С аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь үүрэг гүйцэтгэгч Э.Г-рийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар батлан даагч надад мэдэгдэж байгаагүй, төлбөрөө төлөөгүй талаар би мэдээгүй, төлбөрөө төлж дууссан гэж бодож байсан” гэж маргасан байна.
Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-т: “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж, мөн зүйлийн 462.2-т: “батлан даагч шаардсан бол үүрэг гүйцэтгүүлэгч үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар түүнд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.
Мөн С аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хариуцагч Ц.А нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т: “үүрэг гүйцэтгүүлэгч нь олгогдсон санхүүгийн дэмжлэгийн төлөх хуваарь зөрчигдсөн тохиолдолд даруй буюу ажлын 2 хоногийн дотор батлан даагчид бичгээр мэдэгдэж төлөгдөөгүй төлбөр бусад үүргийг шаардах, нэхэмжлэх үүрэгтэй” гэж заасан байна.
Зээлдэгч Э.Г нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж үүргээ биелүүлээгүй атал Увс аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас батлан даагч Ц.А-т үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байгаа талаар мэдэгдээгүй, түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд үүрэг гүйцэтгүүлэгч С аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь хууль болон гэрээнд заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
4.3. Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.3-т: “үүрэг гүйцэтгүүлэгч, энэ хуулийн 462.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тэрээр үүрэг гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирлын хэмжээгээр батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан “...иргэн Э.Г-т зээл олгосон байгууллага болох С аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь зээлийн хугацаа дууссан талаар зээл авсан иргэн Э.Г, батлан даагч Ц.А нарт мэдэгдэж байсан эсэхийг шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас гэрээний тал болох С аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас батлан даагч Ц.А-т “Э.Г нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тухай” мэдэгдэж байсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй буюу нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.
6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.
7. Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч С аймгийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ