Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 97

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Х.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М д холбогдох эрүүгийн 1915001450093 дугаартай, 163/2019/0099/э индэкстэй хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, М овогт Х.М  ,

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Х.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутагт иргэн Б.Н тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол сантаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М  өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1915000340043 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Х.М ийн өгсөн: 2018.11.08-ны өдөр Булган аймгийн Могод сумын төвд Г  гэх айлын байшингийн найранд уригдаж очсон. Найранд зөндөө олон хүн байсан ба манай нэг адуу Б.Н  ахын адуунд нийлчихсэн байж байгаад алга болчихсон учраас тэр асуудлаас болж би Х.Н  ахтай гадаа ярилцаж байгаад үүдний довжоон дээр сууж байхад нь түүний зүүн гараас нь татаад газар унагаачихсан. Тэгээд хамар луу нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд айлын эзэн Г  намайг салгаж авсан. Би Б.Н г зодож, татаж унагаан биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч хохирлын 3.5 сая төгрөгийг бэлнээр аваачиж өгч хохирлыг нь бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг /хх-55-56 тал/ 

Хохирогч Б.Н гийн өгсөн: 2019.11.08-ны өдөр хамаатан Г  гэх айлын байшингийн найранд эхнэр Д гийн хамт явсан...М  миний хамар руу гараараа 2 удаа цохисон миний хамарнаас цус гарсан. Би чамтай зодоо хийхгүй гээд байшингийн гадаа шат нь дээр сууж байхад миний зүүн гараас гуд татсан. Тэгээд шатнаас унаад хөлдүү газар мөргөөд байж байтал Г  ирээд салгасан... Мөр орчимд өвдөөд байхаар нь дахиад 2018.12.12-ны өдөр хот явж үзүүлэхэд далны ард байрлах шөрмөс тасарсан байна гэж онош гарчсан. хагалгаанд орох болж 2019.01.24-ний өдөр хот орж 25-ны өдөр гар сарвууны тасагт хэвтсэн. 2019.01.28-ны өдөр хагалгаанд орсон... Х.М  өөрөө манай гэрт очиж гурван сая таван зуун мянган төгрөг өгч хохирлыг маань бүрэн барагдуулсан. Мөнгөө бэлнээр аваачиж өгсөн. Одоо бол надад хохирол бүрэн барагдсан учир нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй байхгүй гэх мэдүүлэг /хх-11-15 тал/,

Гэрч С.Д  өгсөн: “...Г намайг гараад ирээч гэхэээр нь гартал гадаа манай нөхөр Н г М  зодсон байсан... тэгээд Г ийн эхнэртэй хамт цагдаад хэлсэн.... сумын эмнэлэг ороод Баасанжав сувилагчаар ил харагдах шарх сорви гэмтэл цус гэх зүйлүүдийг нь цэвэрлүүлсэн...намайг гарахад цус гарсан, толгой нүүр хэсэгт халцарсан, зулгарсан байдалтай байсан. Тухайн үед зүүн гар мөртэй хөдөлж болохгүй байна гэж байсан... дараа нь эмнэлэгт үзүүлэхэд далны арын шөрмөс тасарсан гэж байсан. Намайг байшингаас гарахад Н  доор нь дээшээ хараад хэвтчихсэн, М  дээр нь гараад суучихсан нүүр толгой бие рүү нь гараараа цохиж байсан. Тэгэхэд Г  салгасан...” гэх мэдүүлэг /хх-16-18 тал/

Гэрч Л.Г ийн өгсөн: “...Н  больё гээд байшингийн урд талын шатан дээр суусан тэгээд би Мөнгөөг бариад байж байтал Н  ах наадхаа тавьчих учраа ольё гэсэн тэгээд Мөнгөөг бүрэн тавиагүй нэг гарын бүстэй хамт барьчихсан зогсож байсан. Тэгтэл Мөнгөө Н  ахыг зүүн мөрнөөс нь угз татаад тэгээд тэр 2 хамт газар унасан.... унагаахад Н  ахын хамарнаас цус гарсан, нүүр хэсэг урагдаж зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч Б.М ын өгсөн: “...гэртээ байж байтал Д  эгч орж ирээд Н , Мөнгөө 2 зодолдоод байна цагдаа дуудаад өг гэсэн. Тэгээд цагдаа дээр ирээд дуудлага өгөөд цагдаа нарыг аваад гэрт очсон...манайд ирэхдээ ямар нэгэн ил харагдах гэмтэл байхгүй байсан. Н гийн гар зүгээр хөдөлж байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/

Гэрч Б.А ын өгсөн: “...Д  ирж Г  гэх айлд манай нөхөр Н г М  зодоод байна гэсэн дуудлага авсан...очиход байшингийн гадаа Н  зодуулсан байдалтай хамарнаас цус гарсан, нүүр хэсэгт нь хавдсан, зарим газартаа шалбарсан байдалтай байсан... сумын эмнэлэг явж үзүүлээрэй гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/

Гэрч Ц.П гийн өгсөн: “...Н  гэдэг хүнийг үзсэн. Яг аль мөрийг санахгүй байна. Гар нь хөдөлж болохгүй мөр хэсгээрээ эмзэглэлтэй хамаагүй хөдөлж болохгүй байсан...харахад хөхөрсөн, хугарсан зүйл анзаарагдаагүй. Зүүн хацар, дух, хамар хэсэгт хавдсан байдалтай хүрэхэд хөндүүр байсан. Уг гэмтлүүд нь шинэ үүссэн гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/

Гэрч Х.Х гийн өгсөн: “...маргааш нь Д  эгчтэй утсаар ярьсан чинь гар нь хөдөлж болохгүй байна гараа дээшээ өргөж болохгүй байна мөр өвчтэй байх шиг байна гэсэн. Тэгээд би нөхөр М ийг чи явж уучлалт гуй гээд Н  ахын гэрлүү явуулсан... тэгээд сураггүй байж байгаад цагаан сарын өмнө манай гэрт ирж хагалгаанд орох гэж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай

1. Б.Н гийн биед далны доорхи булчин шөрмөс атгаалын толгойд бэхлэгдэх хэсэгтээ бүрэн тасарсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Хуучин гэмтэл тул цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.

4. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна.

5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.   

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 33-34 тал/,  

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 5 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн оношлогоо /хх-36-39 тал/, өвчний түүх /хх-43-51 тал/ багийн засаг даргын тодорхойлолт /хх 58 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутагт иргэн Б.Н тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол сантаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.  

Энэ үйл баримтаас дүгнэлт хийхэд  мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Х.М ийн  мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Н гийн өгсөн Би чамтай зодоо хийхгүй гээд байшингийн гадаа шат нь дээр сууж байхад миний зүүн гараас гуд татсан. Тэгээд шатнаас унаад хөлдүү газар мөргөөд байж байтал Г  ирээд салгасан гэх мэдүүлэг,

гэрч Л.Г ийн өгсөн ... Тэгтэл Мөнгөө Н  ахыг зүүн мөрнөөс нь угз татаад тэгээд тэр 2 хамт газар унасан гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан, гэмтлийг “хүндэвтэр” зэргийн гэмтэл болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.  

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн шүүгдэгч Х.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.М  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Х.М ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй боловч хохирогч Б.Н д эрүүл мэндэд учирсан хохирол 3500000 төгрөгийг бэлнээр төлжээ.

 Шүүгдэгч Х.М  хохирогч Б.Н тай хохирол, хор уршгийн талаар харилцан тохиролцсон нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож  байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй  гэж үзлээ.   

 Шүүгдэгч Х.М д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол хор уршигийг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Х.М  хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Х.М  нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч М овогт Х.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Мөнгэрэлийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М  нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгуулийг хэсэгчлэн сар бүр 300000 төгрөг төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 сарын хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Х.М  нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ