Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01287

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00834 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1341 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Ш-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1 629 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л.Ш-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг, хариуцагч Л.Ш-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг, нарийн бичгийн даргаар С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай байрны дээд давхарт оршин суугч Я.Цэрэндорж, түүний эхнэр Л.Ш- нарын дундын өмчлөлийн байранд удаа дараа цэвэр бохир ус алдагдаж, миний өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан. Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба шүүх хариуцагч Я.Цэрэндоржоос 1 629 000 төгрөг гаргуулан надад олгож, шаардлагаас үлдэх 26 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч Я.Цэрэндорж нь Монгол Улсын дээд шүүхэд хандаж гомдол гаргасан бөгөөд түүнийг нас барсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Миний бие одоо орон сууцны хууль ёсны өмчлөгч Л.Ш-гаас дээрх гэм хорын хохирол 1 629 000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохирол нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ус алдсаны улмаас манай орон сууцанд учирсан хохирол бөгөөд урьд өмнө ус алдсаны улмаас учирсан хохирлыг тооцоогүй. Хохиролд тооцогдсон 1 629 000 төгрөгийг “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байрнаас удаа дараа цэвэр, бохир ус алдаж доод давхрын 109 тоот байранд хохирол учруулж байгаагүй. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай байрны гал тогооны өрөөний шугамны труба гэнэт задарч ус алдсан гэсэн. Тэр үед би гэртээ байгаагүй. Энэ труба нь өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хэвийн байсан юм. Тэр өдөр гэнэт труба задарсан нь хэт өндөр даралттай ус ирснээс, эсвэл ус шахалтын хэвийн бус ажиллагаанаас шалтгаалан ус алдсан гэж үздэг.

Дээрх гал тогооны труба гэнэт задарч ус алдсан нь миний буруутай ажиллагаанаас үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00834 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Ш-гаас гэм хорын хохирол төлбөрт 1 320 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-ад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 308 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ш-гаас 36 079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1341 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Ш- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Манай байрны гал тогооны өрөөний ус холигчийн уян хоолой өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан атлаа 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэнэт гэмтэл гарч ус алдсан нь миний буруутай үйлдэл буюу эс үйлдлээс болоогүй би тэр үед гэртээ байгаагүй. Мөн “Орон сууцанд гарсан задрал гэмтлийн шалтгааныг тогтоосон” 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт хууль зүйн хүчинтэй акт мөн эсэх. Учир нь эвдрэл гэмтэл гарсан шалтгааныг тогтоосон дүгнэлт гэсэн атлаа юунаас болж эвдрэл гэмтэл гарсан шалтгааныг тогтоогоогүй, дүгнэлтийг ямар албан тушаалтай хэн гэгч хүн гаргасан нь тодорхойгүй, ерөнхий инженөр С.Чимгээ ашиглалтын байцаагч Туул нарын гарын үсгийг таталсан нэг хүний гарын үсгээр зурсан, ус алдсан гэх 113 тоот байрны эзэмшигчдэд уг дүгнэлтийг танилцуулаагүй зэргээс үндэслэлтэй зөв дүгнэлт гарсан гэхэд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг үндэслэн миний буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэн гэм хорын хохирлыг надаар бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Д.Б-ын өмчлөлийн орон сууцанд ус алдсанаас үүссэн хохирлын хэмжээг тогтоосон “Ашид билгүүн” ХХК, “Итгэлт эстимейт” ХХК-иас гаргасан үнэлгээ нь уг байрны бодит байдалд үндэслэн хийгдээгүй, нэхэмжлэгч Д.Б-ын үгээр хийгдсэн нэг талыг барьсан үнэлгээ болсон юм. Учир нь тэр өдөр ус алдахдаа тийм бүх өрөөг гэмтээтлээ алдагдаагүй, тэр айл байрны засвараа ердөө хийгээгүй байж байгаад ус алдсаныг дапимдуулан хийчихээд түүнийхээ төлбөрийг бусдаар төлүүлж байгаа болно. Үнэлгээ хийх үед аль хэдийн засвар хийсэн байсан тул үнэн гарах үндэслэлгүй юм. Тэгээд ч 2014 оны 08 дугаар сарын 01-нд байранд нь ус орж гэмтэл авч хохирсондоо “Ард даатгал” ХХК-иас 136 400 төгрөг гаргуулан авсан нь хохирлыг тогтоосон үнэн баримт болох нь харагдаж байна. Энэ хийсвэр үнэлгээг үндэслэн гэм хорыг арилгахад ажлын хөлс гэх 1 059 295 төгрөгийг хэнээр ямар ажлыг хийлгэсэн, түүндээ байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон хэд хоног ажилласны хөлс гэж хэнд хичнээн төгрөгийг шилжүүлсэн эсвэл хүлээлгэн өгсөн талаар ямар нэгэн нотлох баримтгүй байхад надаас ажлын хөлс 1 059 295 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Би өөрөө тэтгэврийн 280 000 төгрөгнөөс өөр ямар ч орлогогүй, эд хөрөнгөгүй, гэрийн дотор ам бүл 2, насанд хүрээгүй сургуулийн хүүхэдтэй амьдардаг. Тэтгэврийн дээрх мөнгө маань амьдралд хаана нь ч хүрэлцэхгүй тул төлбөр төлөх ямар ч боломжгүй юм. Шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн хариуцагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан хохирлын хэмжээг тогтоох боломжтой байтал өндөр настай миний аргагүй байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Шүүхийн байгууллагыг аливаа хэрэг маргааны үнэн бодит байдлыг тогтоогоод өгнө гэж найдаж байтал арга зальтай хүмүүсийн орон сууцны конторынхонтой хуйвалдан хууль мэдэхгүй настай хүмүүсийг элэг барин буруу дүгнэлт гаргуулсаныг үндэслэн шийдвэр гаргасанд маш их гомдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б-ад гэм хорын хохирол 1 320 600 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гаргасан шийдвэр, магадлалыг хянаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг гэм хор учруулсанаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Л.Ш-д холбогдуулан ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.Ш- тухайн гэм хор учрахад гэм буруугүй гэж маргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ажээ.

Гэм хор, түүний шалтгаан, хэмжээ зэрэг маргааны үйл баримтын талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн байх ба хяналтын шатны шүүх уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 497.2.-т заажээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлдөг байна.

Хариуцагч Л.Ш- нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо нотлоогүй, нэхэмжлэгч талын гаргасан нотолгоог баримтаар үгүйсгэж чадаагүй, хариуцагчийн орон сууцнаас нэхэмжлэгчийн орон сууцанд ус алдсан үйл баримт тогтоогдсон нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00834 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1341 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН