Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 119/2023/0028/З |
Дугаар | 001/ХТ2024/0064 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2024/0064
“Э д ц с” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын
хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 119/ШШ2023/0035 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/123 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ШХТ2024/0149 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч Д.Э (цахимаар), гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.С нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “... хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дүгээр актыг хүчингүй болгуулах”
2.Хэргийн нөхцөл байдал: “Э д ц с” ТӨХК нь дулаан цахилгаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байна. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э, Ж.Б нар нь “Э д ц с” ТӨХК-ийн Ү э-ийн хорооны А/74 дүгээр албан бичгээр ирүүлсэн “... захиргаа шөнийн цагаар болон илүү цагаар ажилладаг 222 ажилтны цалин хөлсийг дутуу тооцож олгож байна ...” гэх гомдлоор, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 25/01 дүгээр удирдамжийн дагуу “Э д ц с” ТӨХК-д Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулжээ.
2.1.Улмаар “ ... нэр бүхий 243 ажилтнуудын 2022 оны 06 дугаар сарын 01-нээс 2023 оны 02 дугаар сарын дуусах хүртэлх хугацааны шөнийн цагаар ажилласан ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдэл хөлс 950,504,271 төгрөгийг дутуу олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.2, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, нэр бүхий 243 ажилтнуудад 950,504,271 төгрөгийг дутуу олгосон шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дүгээр актыг гаргасан байна.
2.2.Нэхэмжлэгч “Э д ц с” ТӨХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... улсын байцаагч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь заалтаар заавал олгохоор заасан шөнийн цагийн нэмэгдлийг мөн хуулийн 109.8, 109.9 дэх заалтад заавал олгохоор заагаагүй асуудлыг нэгтгэн хууль буруу тайлбарласан, манай компанийн 8 цехэд ажилладаг нийт 326 ажилтнаас 213 ажилтнууд нь нөхөн амарсан байтал нөхөн амраагаагүй гэж тооцож, улмаар шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, уг актыг гаргахдаа хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн улсын байцаагчид хяналт тавих эрхийг хуулиар олгоогүй ...” гэж тодорхойлон маргасан.
2.3.Хариуцагч Ж.Б, Д.Э нараас “... Ажлын ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгохоор заасан. Шөнийн цагийн хуваарийн дагуу 243 ажилтан ажилласан гэж үзээд акт тавигдсан, бид улсын байцаагчийн тамга, тэмдэгтэй учраас хяналт шалгалт хэрэгжүүлэх эрхтэй, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн хамтын гэрээ, хэлэлцээрт хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн. Тухайн хүн шөнийн цагаар ажилласан бол өөрийнхөө авсан цалин дээр нэмэгдүүлж авч байгаа 1 хувь нь тухайн ажилтны үндсэн цалинд орох биш хавсран гүйцэтгэсэн, нэмэлт ажил үүрэг гүйцэтгэснийг тухайн хүний цалин дээр нэмэгдүүлж олгож байгаа мөн шөнийн цагийн нэмэгдлийг адил ойлгоно гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын 1.4.3-т заасан ...” гэж;
2.4.Гуравдагч этгээд “Э д ц с” ТӨХК-ийн Ү э-ийн хорооноос “... Хөдөлмөрийн улсын байцаагч нар тус актыг гаргахдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлсийг тогтоох, хуваарилах журам”-ын 1.4.3-т заасныг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д заасны дагуу ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амраагаагүй эсэхээс үл хамааран уг актыг гаргасан нь хуульд нийцэж байна. Мөн хуулийн 109.2, 109.4-т шөнийн цагаар ажилласан ажилтныг амраагаагүй, ээлжийн хуваарийн дагуу 7 хоногийн амралт, нийтээр амрах баярын өдрөөр ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор заасан боловч энэ заалт нь ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажилласан тохиолдолд заагаагүй байх тул хуулийн 109.3 дахь хэсэгт заасан нэмэгдэл хөлсийг 109.8-д зааснаар нэмж олгуулахаар заасан нь үндэслэлтэй, шөнийн цагийн нэмэгдэл хөлс бол хүн байгалийн цагаар амрах ёстой үед амраагүйн хөлс, гэтэл нэхэмжлэгч байгууллага 1.2 дахин гэдэг бол 20 хувь гэж ойлгоод өгөөд байгаа ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.
3.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2.5, 162.3.1, 162.3.4, 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2.5, 162.3.4-т заасан эрх, үүргийн дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн байна, ... Өөрөөр хэлбэл, “Э д ц с” ТӨХК-ийн ажилтнууд нь ээлжийн хуваарийн дагуу ажиллахдаа шөнийн цагаар ажилладаг, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлснээр олгодоггүй буюу дутуу олгодог болох нь хяналт шалгалтын явцад ажилчдын цалин хөлсний мэдээллийг цахимаар авч шалгасан баримт, нэхэмжлэгч нарын ... шөнийн цагийн нэмэгдлийг цалинг 20 хувиар нэмж олгоход ойролцоогоор 1.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэж байгаа ... тайлбараар тус тус тогтоогдож байна. Нэгэнт Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3.5-д “Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд ээлжээр ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлж олгоно” гэж тогтоосон байхад байгууллагын эдийн засагт ноцтой нөлөөлнө гэдэг шалтгаанаар ажилтны авбал зохих шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг хасч тооцох үндэслэлгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ... гэж Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ба тус компанид ээлжийн хуваариар шөнийн цагаар ажилладаг ажилчид шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг журамд заасны дагуу бүрэн авах эрхтэй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.В, С.Ү нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ШХТ2024/0149 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6.2.Нэгдүгээрт, хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд: Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 2 дугаар зүйлийн хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд ямар тохиолдолд ямар эрэмбээр үйлчлэхийг хуульчилсан ба хариуцагч улсын байцаагч нарын гаргасан захиргааны актаар хяналт шалгалтын явцад нийт ажилтнуудын юм уу, эсхүл хэсэг бүлэг ажилтнуудын эрх ашиг хөндөгдсөн эсэх, субьектив эрхийн зөрчил яаж, хэрхэн үүссэнийг үндэслэлтэй тогтоогоогүйн улмаас хариуцагч нар нь үндэслэлгүй хэм хэмжээний актын эрэмбэ, дарааллыг буруу тогтоож, сонгон хэрэглэж, тооцооллын хувьд илт үндэслэлгүй, ойлгомжгүй уг маргаан бүхий актыг гаргасан. Тодруулбал, хамтын хэлэлцээрийг аль тохиолдолд хамтын гэрээнээс дээгүүр эрэмбэ тогтоож хэрэглэх талаарх хуулийн зохицуулалтыг хариуцагч нар ойлгоогүй бөгөөд үүнийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс ойлгож хэрэглээгүй нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгож байна.
6.3.Хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Хариуцагч нарын гаргасан захиргааны актын хавсралт нь манай байгууллагад ирээгүй бөгөөд уг нотлох баримтыг шалгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ... нотлох баримт шалгуулах ..., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 30 дугаар зүйлийн 30.3.2-т заасан эрхийнхээ дагуу хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой хязгаарласан үйл ажиллагаа болсон ба үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалын 2.8-д дүгнэхдээ “... нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тооцооллын алдаатай гэж маргасан боловч түүнийгээ зөвтгөсөн болон нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх, тайлбарлах үүргээ хангалттай биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй ...” гэж буруутгасан нь илт үндэслэлгүй байна. Уг хүсэлтийг анхан шатны шүүхээс оролцогчийн эрхийг хязгаарлаж хүлээн аваагүй байхад давж заалдах шатны шүүхээс ийнхүү буруутгаж байгаа нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн ноцтой зөрчил болсон.
6.4.Хариуцагч нар нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ямар тооцооллоор уг акт болон түүний хавсралтыг гаргасныг, актыг бүрэн эхээр нь хэрхэн тооцож гаргаснаа, акт гаргахдаа хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээний актыг хэрхэн тооцож бодсоноо ч тайлбарлаагүй байхад ийнхүү нэхэмжлэгчийн буруутгах замаар хэргийг бүрэн дүүрэн ойлгож хянахгүйгээр хоёр шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь илт үндэслэлгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.
6.5.Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй тухайд: Уг хэрэгт нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж давж заалдах шатны шүүхээс буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал, анхан шатны шүүхэд хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж, шууд шүүх хурлыг явуулсан байх ба давж заалдах шатны шүүх өөрсдөө нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэр, магадлал гарахад хүргэсэн байна.
6.6.Гуравдугаарт, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 001/ХТ2023/00145 дугаар тогтоолд хөдөлмөрийн эрх зүйн хууль тогтоомж, хэм хэмжээ тогтоосон актыг ямар дараалал, эрэмбээр ямар тохиолдолд хэрэглэхийг маш тодорхой заасан. Тодруулбал, ажилтны субьектив эрхийн зөрчлийн асуудлыг ажил олгогч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шүүх, бусад эрх бүхий байгууллагаас шийдвэрлэхдээ манай компанид хүчин төгөлдөр мөрдөж буй нийт ажилтнуудын төлөөлөл болох Ү э-тэй байгуулсан хамтын гэрээг мөрдөнө гэж ойлгохоор тайлбарласан байтал, энэ тохиолдолд дээрх тогтоолоос өөрөөр хамтын хэлэлцээр гэх салбарын эрх хэм хэмжээний актыг хэрэглэж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
6.7.Дөрөвдүгээрт, эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын ач холбогдолтой гэх үндэслэлийн тухайд: Хөдөлмөрийн тухай хууль нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ тутам дагаж мөрдөж эхэлсэн ба 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээ нэг мөр тогтсон байсан. Гэтэл уг шинээр батлагдсан хуулийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болон анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэснээрээ өдрийн ажлын цагаар ажиллах ажилтан олдохгүй, шөнийн цагаар ээлжээр ажиллах ажилтнууд нь ердийн ажлын цагаар ажилладаг ажилтнуудаас 2-3 дахин их нэмэгдэл хөлс авч эхэлбэл ажил олгогчийн хүний нөөцийн бодлого алдагдаж, хууль хэрэглээний буруу жишиг тогтооход хүрээд байна.
6.8.Тодруулбал, шөнийн цагаар ажилладаг ажилтнуудад нэмэгдэл хөлс олгох нь зүйтэй ч ердийн ажилтнуудаас хэд дахин давсан хэмжээгээр шөнийн нэмэгдлийг нэмж олгох цаашдаа далд эдийн засгийг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ердийн ажлын цагаар ажиллах хүчний хомсдол бий болгох эрсдэлийг бий болгохоор байна. Мөн улсын байцаагчийн шаардлагын гол хэсэг болоод буй шөнийн цагаар ажиллаад амарсан ажилтанд амраагүй ажилтантай адил хэмжээний нэмэгдэл олгохыг шаардаж буй хууль бус шаардлагыг биелүүлэхийг шүүх шаардаад байгаад гомдолтой. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8 дахь заалт болон хамтын гэрээг хэрэглэхгүйгээр хамтын хэлэлцээрийг баримтлахыг шаардаж буй нь буруу юм.
6.9.Тавдугаарт, давж заалдах шатны шүүх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тухайд: Хууль бус анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулаагүй, давж заалдах гомдолд бүрэн дүүрэн үнэлэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт болох 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг хэрэгжүүлээгүй, өмнөх практик буюу хэд хэдэн оролцогч гомдол гаргавал хэргийг бүхэлд нь хянах мэтээр ойлгосныг харуулж байна. Жишээ нь, бид бүхэн тооцооллын алдааны талаар эхнээсээ маргасан, мөн давж заалдах шатны шүүхэд маргасан байхад давж заалдах шатны шүүх тухайн үндэслэлд ямар ч дүгнэлт хийгээгүй, ... тайлбарлах үүргээ хангалтгүй биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж буй нь хуулийн 118.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй болохыг харуулж байна.
6.10.Мөн хариуцагч субъект буюу улсын байцаагчид хамтын гэрээ, хэлэлцээрт хяналт тавих эрх байгаа эсэх талаар давж заалдах шатны шүүх огт дүгнээгүй, бага сага дүгнэсэн боловч асуудлын гол хэсгээс зугтаасан дүгнэлт хийжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу манай байгууллагын хамтын гэрээний хэрэгжилт, биелэлтэд Орхон аймгийн Засаг дарга хяналт тавих ёстой. Хэрвээ улсын байцаагч хяналт тавих ёстой гэж дүгнэвэл Засаг дарга хяналт тавих эрхгүй болох юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт харилцан өөр бөгөөд дээрх 2 үйл баримтын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээний талаар хуулийг өөрөөр ойлгож хэрэглэсэн болох нь харагдаж байна. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
8.Нэхэмжлэгч “Э д ц с” ТӨХК-аас хэд хэдэн үндэслэлээр хяналтын гомдол гаргасны дотор “... улсын байцаагчид хамтын гэрээ, хэлэлцээрт хяналт тавих эрх байгаа эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт харилцан адилгүй, хуулийг өөрөөр ойлгож хэрэглэсэн, ... хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх үндэслэлээр маргасан бөгөөд шүүхүүд энэхүү асуудалд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, эрх зүйн дүгнэлт хангалттай хийгээгүй тул гомдлын шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ““хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалттай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог” , 4.8-д ““хамтын хэлэлцээр” гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог” тус тус ойлгоно гэж;
10.Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Цалин хөлсний асуудлаар байгуулах хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг нэг жилээс доошгүй хугацаагаар байгуулна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгана. Хамтын хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийн биелэлтэд тухайн шатны Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд Үндэсний хороо тус тус хяналт тавина”, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно:” гээд 37.1.1-д “үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:” гээд 49.1.3-т “цалин хөлсний хэмжээ”, 107 дугаар зүйлийн 107.2-т “Ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж, байгууллагын болон салбар, салбар дундын түвшинд тус тус хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр зохицуулж болно” гэж тус тус заажээ.
11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “цалин хөлс” нь ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулагдах хөдөлмөрийн гэрээний нэг нөхцөл буюу талуудын зарчимд үндэслэж хийгдэх тохиролцоо болох; мөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөрлөх, түүнтэй холбоотой нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах зорилгоор хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж цалин хөлсийг тогтоож болох; уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгах, хамтын хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийн биелэлтэд тухайн шатны Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд Үндэсний хороо тус тус хяналт тавих талаар буюу хамтын гэрээ, хэлэлцээрт ямар этгээд хяналт тавих талаар хууль тогтоогч тусгайлан зохицуулжээ.
12.Эрчим хүчний яам, Монголын эрчим хүчний ассоциаци, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Ү э-ийн холбооноос “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын /тариф/-ын хэлэлцээр”-ийг байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд салбарын хэмжээнд байгуулагдсан хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудлыг зохицуулж, тус хэлэлцээрийн биелэлтэд хэлэлцээрт оролцогч талууд хяналт тавихаар “Найм.Хэлэлцээрийг биелүүлэх талаар” хэсэгт тусгайлан заажээ.
13.Тодруулбал, ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж, байгууллагын болон салбар, салбар дундын түвшинд тус тус хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулж болохоор хууль тогтоомжид заасны дагуу эрчим хүчний салбарт хамтын хэлэлцээр байгуулагдаж, уг хэлэлцээрээр цалин хөлсний асуудлыг зохицуулж, хяналт тавих эрх бүхий этгээдийг тусгайлан журамласан энэ тохиолдолд тус хэлэлцээрийн 3.5-д “Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд ээлжээр ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан цалин хөлсний маргаанд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт тавих эрхтэй эсэх, нөхөн төлбөрийн буюу хохирол нөхөн төлүүлэх талаарх зохицуулалт нь энэхүү эрх зүйн харилцаанд үйлчилж, улсын байцаагчид хяналт тавих эрхийг олгох эсэх, талуудын гэрээ, хэлэлцээрээр тохирсон зүйл нь нийтийн эрх зүйн маргаанд хамаарах эсэх асуудлыг бүрэн тодруулаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
14.Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэж заасан буюу улсын байцаагч гагцхүү нарийвчлан зохицуулсан хуульд тусгайлан заасан асуудлаар хяналт шалгалт явуулах эрхтэй байхаар зохицуулсан байхад анхан шатны шатны шүүхээс “... улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 162 дугаар зүйлийн 162.1-д “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлнэ”, 162.2.5-д “иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ авах”, 162.3.4-т “Ажилтан, Ү э-ээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх” гэж тус тус заасан эрх, үүргийн дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн байна ...” гэж хуулийн зохицуулалтыг ерөнхий байдлаар маргаанд тайлбарлан хэрэглэсэн байна.
15.Давж заалдах шатны шүүхээс “... Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол ...хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.9.1-д Улсын байцаагч хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна ажилтны цалин хөлстэй холбоотой асуудал хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүрэг бүхий этгээд байна ...” гэх байдлаар дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай болжээ.
16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлэх нь шүүхийн үүрэг бөгөөд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт хяналт тавих эрх хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид байгаа эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулж, хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимд нийцнэ.
17.Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 119/ШШ2023/0035 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/123 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
М.БАТСУУРЬ