Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 12

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох 

“Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тогтоож хууль ёсны дуудлага худалдаагаар худалдан авсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий цогцолбор барилгын газрыг миний нэр дээр бүртгэж газар эзэмших гэрчилгээг олгохыг даалгах”  тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баяржаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Саранцэцэг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Бадамханд

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Л.Доржпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Энхцэцэг нар оролцов.

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч Б.Чинзориг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.Чинзориг миний бие 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд нээлттэй зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад байрлалтай “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хөрөнгөнд бүртгэлтэй худалдаа үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийг 93.752.532 төгрөг бүрэн төлж худалдан авсаны дагуу Төрийн өмчийн хорооны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолоор өмчлөгч болж, өмчлөх эрхийн 00545 дугаар гэрчилгээ авсан.

            Тус дуудлага худалдаагаар худалдан авсан барилга байгууламжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамал Г.Саранцэцэгт гаргасан боловч 00545 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнд харъяалагдах эзэмшлийн газар нь Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Тэнүүн солонго” ХХК, иргэн Ц.Эрдэнэчимэг нарын эзэмшилд байгаа учир газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байна гэх хариу өгсөн.

            Үүний дагуу дээд шатны байгууллага болох Сэлэнгэ аймаг дахь газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хууль ёсны дуудлага худалдаагаар худалдан авсан барилга байгууламжийн газар эзэмших гэрчилгээг иргэн миний нэр дээр гаргаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан боловч 2016 оны 12 дугаар сарын сарын 14-ний №01/668 тоот албан бичгээр “Баянгол сумын засаг дарга Б.Энхбатад Төрийн өмчийн хорооны 2015 оны 698 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Б.Чинзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан нь хууль ёсны дуудлага худалдаагаар авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар манайд хүсэлт гаргасан байна. Иймд тус иргэний гаргасан өргөдлийг харьяаллын дагуу шилжүүлж байгаа учир холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж дээрх иргэнд хариу өгөхийг мэдэгдье” гэх хариу ирүүлсэн байна.

            Иргэн миний бие дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгөө Сэлэнгэ аймгийн ЗДТГазар болгон хоорондын ажлын уялдаа холбоо, хариуцлагагүй байдлаас үүдэн өнөөдрийг хүртэл эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй эрх ашгаараа хохирч байгаагаас гадна худалдан авах үнийг төлөхөд бусдаас авсан зээлийн зардал буюу хүү, алданги төлж эд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохирсоор байна.

            Иймд хэргийг тал бүрээс нь судлан үзэж аймгийн газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын үйлдэлш, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу баруунхараад байрлалтай худалдаа, үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийн газар эзэмших гэрчилгээг иргэн миний нэр дээр олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа: Тус шүүхэд иргэн Б.Чинзориг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга мөн тус сумын газрын даамал нарыг хариуцагчаар татаж захиргааны хэргийн гомдол нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Баянгол сумын газрын даамалаас татгалзаж байгаа бөгөөд харин Баянгол сумын Засаг дарга хариуцагчаар татсаныг дэмжиж байна. Мөн нэхэмжлэлийн төгсгөлд “...аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын...” гэж бичсэнийг техникийн алдаа гэж үзэж “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга” гэж залруулан тодотгож байна.

Иргэн Б.Чинзориг дуудлага худалдаагаар худалдаж авсан эд хөрөнгөө эзэмших эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх мөн тус шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/227 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан байна. Уг захирамжаар иргэн Б.Чинзоригийн худалдан авсан нийт 2349 мкв газраас 1333 мкв газрыг 15 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн байна.

Иймд тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Чинзоригийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг тогтоож, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/118 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, “Тэнүүн-Солонго” ХХК-ний эзэмшилд байсан 1047.5 мкв газрыг иргэн Б.Чинзоригийн нэр дээр бүртгэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Б.Чинзориг  нь өмчлөх эрхийн гэрчилгээ авсан боловч тухайн өмчлөх эрхийн гэрчилгээнд хэдэн м2, ямар ямар объект гэдэг нь тодорхойгүй тус иргэний нэхэмжлэлд дурьдсан худалдаа үйлчилгээний цогцолбор барилга байгууламж нь иргэн Д.Нэргүй, П.Баасандагва, Ц.Эрдэнэчимэг нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000324482, 000324484, 000324483 тоот гэрчилгээтэй байгаа бөгөөд тухайн нэгж талбарт харьяалагдах газар нь “Тэнүүн-Солонго” ХХК, иргэн Ц.Эрдэнэчимэгийн эзэмшилд байсан учир газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариуг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгч байсан.

Баянгол суманд 2016 оны 12 дугаар сарын 23-нд ирсэн иргэн П.Баасандагва, Д.Нэргүй нарын нэхэмжлэлтэй Сангийн сайдад холбогдох Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 332 тоот магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 2/9330 тоот тодорхойлолт, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоол, өмчлөх эрхийн 00545 тоот гэрчилгээ зэргийг үндэслэн сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны А/227 тоот захирамжаар иргэн Баасансүрэн овогтой Чинзоригт Баянгол сумын Гонир 3 дугаар баг 3 дугаар хэсэг төв замын зүүн тал 1А хаягт байрлах нэгж талбарын 18579420703261 дугаартай “Тэнүүн-Солонго” ХХК-ний эзэмшилд байсан 1333м2 газрыг эзэмшүүлсэн тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзлээ гэжээ.

            Гуравдагч этгээд Ц.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Б.Чинзоригийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

            1.Иргэн Ц.Эрдэнэчимэг миний өмч болох Сэлэнгэ аймаг Баянгол суманд байрлах Ү-1303000151 улсын дугаартай үл хөдлөх хөрөнгө 6 автомашины граж, 117.5 м урт бетонон хашаа, цахилгаан түгээх АТП /380 вольт/ зэрэг нь 1995 оноос хойш өдийг хүртэл өмчлөлд минь хэвээр байгаа болно. Тиймээс Газрын тухай хуулийн дагуу миний өмчлөлийн объект, байгууламж байрлаж буй 1047м2 талбай бүхий газар эзэмших эрх нь 2000 оны 03 дугаар сараас хойш надад хадгалагдаж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний хувьд би хууль ёсны эзэмшигч болно.

            2.Миний хувийн өмч болох 6 автомашины граж, бетонон хашаа, АТП нь “Тэнүүн-Солонго” ХХК-тай хамааралгүй тусдаа байршилтай бөгөөд 2014 оны 12 дугаар сард “Тэнүүн-Солонго” ХХК буюу захирал Д.Нэргүй нь Төрийн өмчийн хороонд буюу “Баянчандмань АЗЗА” төрийн өмчит ХК-ний шахалт, дарамтаас болж өөрийн өмчлөх хэсгээ суллан өгөхдөө надад: “Баасандагва, та хоёрын өмчийг бас “Эрдэнэт хүнс” ХК-ний татварын өрөнд авчихсан байна” гэхэд нь Баасандагва бид хоёр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасанаар Баасандагвын нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хүлээн авч маргаан үүсгэж, миний нэхэмжлэлийг хүлээн аваагүй буцаасан, тухайлбал миний эрхийг зөрчигдөөгүй гэж үзсэн.

            3.”Тэнүүн-Солонго” ХХК болон иргэн П.Баасандагва нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь хөндөгдөж байх тул гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан боловч тухайн шүүхийн шүүгч нар “Тэнүүн-Солонго” ХХК-тай хамааралгүй гэж үзэж гаргасан хүсэлтийг нь хангаагүй бөгөөд намайг гуравдагч этгээдээр оролцуулаагүй болно. Энэ нь тус шүүхүүд нь миний өмчлөх эрх хэвээр буйг тухайлбал “Тэнүүн-Солонго” ХХК-тай хамааралгүй болохыг нотолж өгсөн байна.

            4.Төрийн өмчийн хороотой би өөрийн өмч болох 6 автомашины граж, бетонон хашаагаа түрээслэх гэрээг 2000  оноос хойш хэзээ ч, хэдийд ч байгуулаагүй ба бусдад өөрийн өмчөө захиран зарцуулах эрх олгоогүй, төлөөлөх эрх болон хэнд ч итгэмжлэл өгөөгүй болно. Ялангуяа “Эрдэнэт хүнс” ХХК-д худалдаагүй мөн тус байгууллагын татварын өрөнд ч өгөөгүй болно.

            5.1994-1998 оны хооронд “Тэнүүн-Солонго” ХХК-ний захирал Д.Нэргүй, түүний эхнэр Д.Пүрэвсүрэн, манай нөхөр Д.Пүрэвдорж, П.Баасандагва нар өөрсдийн хөрөнгө, барилгын материал, хүч хөдөлмөрөө зарцуулан 3 давхар объект /үйлдвэр үйлчилгээний/ манай нөхөр бид 2 дангаараа бетон хашааны материал болох хашааны хавтан, тоосго зэргийг гаргаж дундаасаа мөнгө нийлүүлэн бусад барилгын материалыг авч өөрсдөө барьж босгоцгоосон. 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 хүний өмчлөлтэйгээр бүртгэл хийлгэн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэн улмаар 2000 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өөрсдийн оруулсан хувь нэмэрийн хэмжээгээр өмчлөх хэсгээ тус тусдаа авч:

            1. “Тэнүүн-Солонго” ХХК үйлдвэр үйлчилгээний барилга, харуулын байр, гадна бетонон зам, гэрэлтүүлэг, зоорь, уурын зуухыг өмчлөх 1303001746 дугаарын улсын бүртгэлд бүртгүүлж,

            2. Иргэн П.Баасандагва дэлгүүр, диско баарын барилга өмчлөх 1303001747 дугаарын улсын бүртгэлд бүртгүүлж,

            3. Иргэн Ц.Эрдэнэчимэг би 6 автомашины граж, төмөр бетонон хашаа, АТП зэргийг өмчлөх 1303001748 дугаарын улсын бүртгэлд бүртгүүлж тус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ авцгаасан болно.

Улмаар 2015 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хайгаад олдохгүй байхаар нь үрэгдүүлсэнээр бүртгүүлж дахин шинээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг гаргуулан авсан болно.

6. Иргэн Б.Чинзориг нь 2015 оны 12 дугаар сард “Баянчандмань АЗЗА” төрийн өмчит компаниас “Тэнүүн-Солонго” ХХК-ний өмч болох диско баар нь бусдын өмчлөлд тухайлбал бид 2-ын өмч гэдгийг мэдэж байсан байдаг бөгөөд энэ талаар объект хүлээлцсан актанд /нэмэлт хэсэгт/ нь бичиж хүлээлцсэн байдаг. Уг акт нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд цугларсан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

Тиймээс иргэн Б.Чинзориг миний өмч болох Үл хөдлөх хөрөнгө болон тэдгээрийн байрлаж буй миний хууль ёсоор эзэмшиж буй газрыг нэхэмжлэх эрхгүй тул зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж иргэн Б.Чинзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

            Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 02 дугаар хороо 19 дүгээр хороолол 08а байр 06 тоотод оршин суух иргэн Б.Чинзориг нь хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тогтоож хууль ёсны дуудлага худалдаагаар худалдан авсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий цогцолбор барилгын газрыг миний нэр дээр бүртгэж газар эзэмших гэрчилгээг олгохыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж  хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг тогтоож, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/118 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, “Тэнүүн-Солонго” ХХК-ний эзэмшилд байсан 1047.5 мкв газрыг иргэн Б.Чинзоригийн нэр дээр бүртгэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Учир нь:

            Нэхэмжлэгч Б.Чинзоригийн эзэмшихийг хүссэн Сэлэнгэ аймаг Баянгол сум Гонир 3 дугаар баг 3 дугаар хэсэг төв замын зүүн талд байрлах газарт 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Тэнүүн-Солонго” ХХК-д худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газар нийлээд 4472 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус сумын Засаг дарга олгожээ.

            Баянгол сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/244 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамжаар “Тэнүүн-Солонго” ХХК-ний эзэмшлийн 2349 мкв /үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ ороогүй/ газрын эзэмших эрхийн хугацааг 2030 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгажээ.

            Баянгол сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/118 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай” захирамжаар “Тэнүүн-Солонго” ХХК болон иргэн Ц.Эрдэнэчимэг нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн “Тэнүүн-Солонго” ХХК-ний эзэмшлийн 2349 мкв газраас 1047.5 мкв газрыг иргэн Ц.Эрдэнэчимэгт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шилжүүлж, үлдэх 1333 мкв газрыг тус компанийн эзэмшилд үлдээжээ.

            Баянгол сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаартай магадлал, төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаартай тогтоол, өмчлөх эрхийн 00545 дугаартай гэрчилгээ зэргийг үндэслэн Баянгол сум Гонир 3 дугаар баг 3 дугаар хэсэг төв замын зүүн талд байрлах нэгж талбарын 18579420703261 дугаартай “Тэнүүн-Солонго” ХХК-ний  /Д.Нэргүй, П.Баасандагва/ эзэмшилд байсан 1333 мкв худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг иргэн Б.Чинзоригт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус сумын Засаг даргын А/118 дугаартай захирамжийн “Тэнүүн-Солонго” ХХК-ний газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг гэрээ гэрчилгээний хамт хүчингүйд тооцжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар 1994-1998 оны хооронд “Тэнүүн-Солонго” ХХК-ний захирал Д.Нэргүй, П.Баасандагва, Ц.Эрдэнэчимэг, Д.Пүрэвсайхан нар нь нэхэмжлэгч Б.Чинзоригийн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодрон өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэх 9 /ес/ нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг дундаасаа хувь нийлүүлэн барьж байгуулсан байх бөгөөд 1999 онд “Тэнүүн-Солонго” ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ хувь оруулсан хэмжээгээр салгахаар шийдвэрлэж Ц.Эрдэнэчимэгт 2000 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 6 автомашины граж, бетонон хашаа зэрэг 18.943.000 /арван найман сая есөн зуун дөчин гурван мянга/ төгрөгийн үл хөдөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр  бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

            2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Эрдэнэчимэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчилж 60мкв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

            Үүнээс дүгнэж үзэхэд гуравдагч этгээд Ц.Эрдэнэчимэгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон 1047.5 мкв газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байна .

            Өөрөөр хэлбэл Ц.Эрдэнэчимэгийн өмчлөлийн 6 автомашины граж, бетонон хашаа гэх мэт үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгоогүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Ц.Эрдэнэчимэгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар баталгаажсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Чинзоригийн хувьд Төрийн өмчийн хорооны 698 дугаартай тогтоолоор өмчлөгчөөр тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хэдий ч дээрх хуулийн 4.1-д зааснаар өмчлөх эрх нь баталгаажаагүй, 4.2-т зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хуульд зааснаар гуравдагч этгээд Ц.Эрдэнэчимэгээс нэхэмжлэгч Б.Чинзоригт шилжээгүй учраас уг өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч Б.Чинзоригт шилжсэн гэж үзэх боломжгүй, гуравдагч этгээд Ц.Эрдэнэчимэгийн өмчлөх эрх дуусгавар болоогүй гэж дүгнэхээр байна.

            Мөн Баянгол сумын Засаг даргын А/118 дугаартай захирамжаар гуравдагч этгээд Ц.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 1047.5 мкв газрын эзэмших эрх нь хүчинтэй хэвээр байх бөгөөд нэхэмжлэгч Б.Чинзоригийн хүсэлт гаргасан газар нь Ц.Эрдэнэчимэгийн дээрх эзэмшлийн газартай давхцаж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлагыг зөрчиж байх тул хариуцагчийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

             Гуравдагч этгээд Ц.Эрдэнэчимэг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэн Д.Нэргүй, П.Баасандагва нарын нэхэмжлэлтэй Сангийн сайд, Төрийн өмчийн хороонд холбогдох захиргааны хэрэг болон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэн Д.Нэргүй, П.Баасандагва нарын нэхэмжлэлтэй, “Эрдэнэт хүнс” ХХК-д холбогдох иргэний хэрэгт тус тус хэргийн оролцогч болон гуравдагч этгээдээр оролцоогүй бөгөөд түүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх мөн газар эзэмших эрх хөндөгдсөн эсэх талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чинзоригийн хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг тогтоож, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/118 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, “Тэнүүн-Солонго” ХХК-ний эзэмшилд байсан 1047.5 мкв газрыг иргэн Б.Чинзоригийн нэр дээр бүртгэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдусгай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.ОДБААТАР