Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 033

 

Б.Сьезханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Жагалбай овогт Большойгийн Сьезханы нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт орших, Хотгор зам ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Б.Сьезхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай,хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хотгор зам ХХК-ийн төслийн удирдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин 11500000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Өлгий сумын 5 дугаар багт орших Хотгор зам ХХК-ийн захирал А.Хайратын санал болгосноор түүний 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр тушаалаар төслийн удирдагчийн албан тушаалд томилогдон 2015 оны 5 дугаар сар хүртэл ажилласан. 2014 оны 7 дугаар сараас хойш компанийн зүгээс ажлын санхүүжилт ирээгүй, ирвэл ажилчиддаа цалин өгье, та жаахан хүлээж байна уу гэсэн. Дараа нь танд цалинг тань явууллаа /500000 төгрөг/, таныг ажлаас чөлөөллөө гэсэн мессеж ирсэн. Би ажлаас халагдсан тушаал болон нийгмийн даатгалын дэвтрийг авах гэж захирал А.Хайрат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буджав нартай хэд хэдэн удаа утсаар холбогдсон боловч авч чадаагүй. Миний нийгмийн даатгалын дэвтрийг хүнээр өгч явуулсан байсан.

Миний нийгмийн даатгалын дэвтэрт ажилд орсон тушаалыг тэмдэглээд, ажлаас гарсан тушаалыг одоо хүртэл бичээгүй байна. Миний бие анх ажилд ороход 1200000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Иймд намайг Хотгор зам ХХК-ийн төслийн удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, миний ажилласан хугацааны цалин буюу 2014 оны 8 сараас 2015 оны 5 сар хүртэл 10 сарын цалин 12000000 төгрөгөөс авсан цалин 500000 төгрөгийг хасч 11500000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч Б.Сьезхан нь тус компанид төслийн удирдагч албан тушаалд 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тушаалын дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оны 7-р сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халагдсан. Тэрээр хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчиж согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан нь ажлаас халагдах үндэслэл болсон. Түүнийг ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээ зөрчсөнтэй холбоотойгоор албан ёсоор протокол хөтлөн, акт үйлдэгдсэн бөгөөд тэрээр өөрийн ажлаас халагдсаныг хүлээн зөвшөөрч, ажлаас халагдсан тушаалаа авч явсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана хэмээн хуульчилсан байх бөгөөд Б.Сьезхан нь хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сард намайг ажлаас халсан гэсэн хэдий ч тэрээр 2014 оны 7-р сараас эхлэн ажлаас албан ёсоор халагдсан болохоо мэдэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харагдаж байна. Тэрээр 2014 оноос эхлэн Авилгатай тэмцэх газарт шалгагдан улмаар ял шийтгэгдсэн бөгөөд энэ хугацаанд байнга Улаанбаатар хотод байсан. Түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул хөдөө орон нутгаар явах боломжгүй байсан.

Мөн түүнчлэн тэрээр захирал А.Хайратаас ядарч явна мөнгө төгрөг өгөөч хэмээн байнга гуйж байсан тул захирал нэг нутаг усны, хамтран ажилладаг байсан гэх үүднээс 500000 төгрөгийг өөрийн хувийн мөнгөнөөс шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн мөнгө нь Хотгор зам ХХК-д хамааралгүй бөгөөд өмнө нь найз нөхөд байсан, нэг нутаг усны гэх байдлаар харилцсан асуудал нь энэ хүнийг 2015 оны 5-р сар хүртэл ажилласан гэх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жагалбай овогт Большойгийн Сьезханыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших Хотгор зам ХХК-ийн төслийн удирдагчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Нэхэмжлэгч Б.Сьезханы ажиллаж байсан хугацааны цалин 11500000 төгрөг гаргуулахыг хүссэн-ийг нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Б.Сьезхан би өмгөөлөгч С.Алтайгийн хамт Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах тайлбартай гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хэргийг маш удаан хугацаанд /1 жил/ шийдвэрлэлгүй явуулсан нь энэ хэргийг буруу шийдэхэд хүргэсэн гэж үзэж байна. Анх миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахад харьяалал биш гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан боловч миний гомдол хангагдаж, иргэний хэрэг үүсгэсэн. Гэвч хариуцагч олдохгүй байна, Улаанбаатар хот руу даалгавар гүйцэтгүүлэхээр захирамж хүргүүлсэн боловч хариу ирүүлэхгүй байна гэх мэтээр тайлбар, чирэгдэл болж маш их хугацаа хожимдуулсан. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч илт ашиг сонирхлын зөрчил гаргаж, хариуцагчийн талд хэргийг шийдвэрлэх магадлал байж болохоор хардлага төрүүлсэн учир шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж байсан.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Б.Сьезханы авах ёстой цалин нь тодорхой бус тул цалин хөлсний маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн ганц өгүүлбэрээр хуулийг мушгин гуйвуулж, нотлох баримтыг зориуд үнэлэлгүй хууль зөрчсөнд гомдолтой байна. Хариуцагч тал хариу тайлбартаа Б.Сьезхан миний 1200000 төгрөгийн цалинтай огт маргаагүй бөгөөд зөвшөөрсөн болох нь тэдний гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтад тодорхой байгаа.

Намайг ажилд томилсон 01 дүгээр тушаал нь хууль ёсны эрх зүйн акт. Хариуцагч Хотгор зам ХХК нь миний авч байсан 1200000 төгрөгийн цалинтай маргаагүй, компанийн зүгээс цалингаа дутуу олгож байсан нь миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж, хангалттай нотлогдож байхад шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүйд тооцож, энэ заалттай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, Хотгор зам ХХК-аас миний нэхэмжилсэн ажилласан хугацааны цалин 11500000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүрэгт сөргөөр нөлөөлсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Сьезхан нь хариуцагч Хотгор зам ХХК-д холбогдуулан тус компанид урьд эрхэлж байсан төслийн удирдагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байх үеийн цалингийн үлдэгдэл 11500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, Б.Сьезхан нь хариуцагч Хотгор зам ХХК-д холбогдуулан ажиллаж байх үеийн цалингийн үлдэгдэл 11500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад ажилгүй байсан хугацааны цалин 11500000 төгрөг гаргуулахыг хүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. гэж заасныг ноцтой зөрчжээ.

 

Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг зөрчсөн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой шаардлагыг буруу тодорхойлж, улмаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Нэхэмжлэгч Б.Сьезханы ажиллаж байсан хугацааны цалин 11500000 төгрөг гаргуулахыг хүссэн-ийг нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журамд нийцээгүй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх замаар маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т анхан шатны шүүхээс хэргийн талаар гарах шийдвэрүүдийн гурван төрлийг хуульчилсан бөгөөд тэдгээрт жич нэхэмжлэх эрхтэй гэсэн агуулгатай шийдвэр багтаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч цалин хөлстэй холбоотой буюу ажиллаж байх үед дутуу авсан гэх 11500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн учраас Б.Сьезхан нь анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан хугацаанд гомдол гаргасан эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх байжээ. Энэ талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймээс дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос цалин хөлсний маргааныг эцэслэн шийдвэрлээгүй нь хуульд нийцээгүй гэсэн агуулгатай гомдлыг хүлээж авсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК