Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 224/МА2025/00002

 

2025       01           15                                       224/МА2025/00002

 

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,

А.М-д холбогдох иргэний хэргийн тухай

 

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/ШШ2024/00511 дүгээр шийдвэртэй,

   ТАЗ-ийн нэхэмжлэлтэй, А.М-д холбогдох, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,248,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,248,005 төгрөг гаргуулах тухай.

     2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “А.М нь Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус төвийн номын санч Л.Н-ыг төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Л.Н нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2023/00113 дугаар шийдвэрээр Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Н-ыг тус төвийн НЧ ажилд эгүүлэн тогтоож, мөн тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2023/00252 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Б аймгийн Н сумын Соёлын төвөөс нийт 5,448,005 төгрөгийг Л.Н-ад ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож олгожээ. ТАЗ-өөс иргэн А.М-д төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлэхэд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 0 тоот дансанд 200,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө сарын бүрийн 15-ны өдөр 749,715 төгрөгөөр хувааж төлөх тухай хүсэлт ирүүлсэн боловч 2024 оны 06, 07, 08 дугаар сарын төлбөрүүдээ хийгээгүй бөгөөд 88171548 дугаар утсаа авахгүй байна. Иймд А.М-гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5,248,005 төгрөгийг ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 0 тоот дансанд буруутай албан тушаалтан болох А.М-гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна”гэжээ.

     3. Хариуцагч А.М анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.М миний бие Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 21-нд өдөр уг ажлаа соёлын төвийн үндсэн дарга О.У-т хүлээлгэн өгсөн. О.У дарга миний гаргасан тушаалыг хүчингүй болгож Л.Н-ыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж мөнгөн дүн нэмэгдүүлэхгүй байх боломж, эрх мэдэл байсан. Иймд мөнгөн дүнг өсгөж цаг хугацаа алдсан хариуцагч хариуцах нь зүйн хэрэг. Мөн миний бие 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Энэ хугацаанаас хойших мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

    4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/ШШ2024/00511 дүгээр шийдвэрээр:

    - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.М-гаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,179,531 төгрөг гаргуулж, Б аймгийн Н сумын Соёлын төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,068,474 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.М-гаас 32,859 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 1 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

    5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...“Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

    Анхан шатны шүүхээс  “Л.Н 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан, үүний улмаас төрд 5,248,005 төгрөгийн хохирол учирсанд зөвхөн хариуцагч А.М-г буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, буруу гэж үзэж байна. Учир нь А.М Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус төвийн номын санч Л.Н-ыг төрийн албанаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ажлаас хууль бусаар чөлөөлсөн шийдвэр гаргасан этгээд нь А.М юм.   

    Шийдвэр гаргасан албан тушаалтан нь А.М айхад Б аймгийн Н сумын Соёлын төвийн дарга О.У нь Л.Н-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээх шийдвэр гаргах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Л.Н нь өмнөх даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу шүүхийн шийдвэрээр Л.Н-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон, мөн шүүхийн шийдвэрийн дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 5,448,005 төгрөгийг Соёлын төвөөс гаргуулж олгосон үйл баримт тогтоогдсон. 

     Мөн ТАЗ-өөс А.М-д төрд учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлэхэд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 0 тоот дансанд 200,000 төгрөг хийж, үлдэгдэл төлбөрөө сар бүрийн 15-ны өдөр 749,715 төгрөг хийж төлж дуусгах хүсэлт ирүүлсэн боловч 2024 оны 6,7,8 дугаар сарын төлбөрүүдээ хийгээгүй бөгөөд түүний 88171548 дугаар утас руу залгахад утсаа огт авахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

    Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

     6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М тухайн Соёлын төвийн дарга О.У-ийг түр орлон ажиллаж байхдаа Л.Н гэх албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтан. Гэтэл тэрээр зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байх хугацааны цалин хөлсийг би хариуцна, миний гаргасан шийдвэрийг шүүх дээр хянахад дараагийн дарга буюу О.У эвлэрээд төрд хохирол учруулахгүй байх боломжтой байсан гэж А.Манхан шатны шүүх дээр тайлбарладаг. Нэгэнт Л.Н тухайн шийдвэрийг эс зөвшөөрөөд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шүүх шийдвэрээ гаргасан бөгөөд шийдвэрийн дагуу Л.Н-ыг ажилд нь эгүүлэн томилоод, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон. А.М цаг хугацааны хувьд өөрт хамаарах цалинг нөхөн төлөхийг зөвшөөрч байна, харин гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу буюу гаргасан тушаалаас үүдэлтэй гарсан шүүхийн шийдвэрийн дагуу олгосон 5,400,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасныг Төрийн албаны зүгээс үндэслэлгүй гэж үзэж байгаа.

     Төрийн байгууллагын залгамж, халаа, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох О.У нь А.М-гийн шийдвэрийг хамгаалж шүүх хуралд оролцсон байгаа. А.М өөрийн гаргасан шийдвэрийнхээ эцсийн үр дагаврыг бүрэн хариуцах үүрэгтэй байтал зөвхөн ажилласан хугацааны цалинг хариуцна гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Нэгэнт төрд хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогддог. Түүний талаар маргадаггүй. А.М-гийн гаргасан, Л.Н-ыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, буцааж ажилд нь авах боломжтой байсан гэж тайлбарлаад байгаа боловч Л.Н тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан байхад О.У гэх дарга шүүхээс нэхэмжлэлээ татвал би таныг ажилд авъя гэдэг байдлаар заавал хандах үүрэггүй. А.М өрөөсгөл зүйл ярихаас гадна анхан шатны шүүх зөвхөн А.М-гийн ажиллаж байсан цаг хугацаатай холбоотой мөнгө болох 1,379,531 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. А.М-гийн хууль бус шийдвэрийн улмаас төрийн албан хаагч хохирсон, энэ хохирлоос болж төрд ажил хийгээгүй төрийн албан хаагч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс авсан. Цалин хөлс авсан болон авсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй. А.М гаргасан шийдвэрийнхээ эрх зүйн үр дагавар буюу 09 дүгээр тушаалаас үүдэлтэй учирсан хохирлыг бүхэлд нь хариуцах ёстой гэж үзэж ТАЗ давж заалдах гомдол гаргасан. 

     Дараагийн дарга буюу О.У-ээс нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг нэхэмжлэх боломжтой гэж ярилаа. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн болон төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсонтой холбоотой шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан буюу буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэхээр зохицуулсан заалт байгаа. О.У гэх даргын хувьд Л.Н-ыг төрийн албанаас чөлөөлөөгүй. Ямар нэгэн шийдвэр тушаал гаргаагүй учир түүнээс таны тушаал шийдвэртэй холбоотой гэх байдлаар юм уу А.М-гийн тушаалыг цаг алдалгүй хүчингүй болгоод Л.Н-ыг эгүүлэн томилох үүрэгтэй байсан гэж үзэж төрд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжгүй. Нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Иймд буруутай шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан А.М-гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

   7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагч А.М-гийн хувьд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд түр томилогдож, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ажиллах явцдаа номын санч Л.Н-ын хөдөлмөрийг харилцааг дуусгавар болгох шийдвэрийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан. Тухайн шийдвэрийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоогдож, төрд хохирол учруулсан асуудал яригддаг.

    2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А.М өөрөө Соёлын төвийн эрхлэгчийн албан үүргийг хүлээлгэн өгч, чөлөөлөгдсөн. Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх нь ажил олгогчид байгаа. Харин 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш энэ нь боломжгүй болсон. Учир нь эрхлэгч О.У өөрийн үүрэгт ажлыг хүлээн авсан. Ажлаа хүлээж аваад А.М-г хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн бол энэ шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан. О.У нь А.М-гийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй байгаа. Үүнд хамтран хариуцагчийн асуудал яригдах ёстой. О.У нь хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйгээрээ А.М-гийн шийдвэрийг дэмжиж байгаа. Тийм учраас Соёлын төвийн эрхлэгч О.У анхан шатны шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар тайлбар гаргаж, маргасан байдаг. А.М-гийн Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацааны төрд хохирол учруулсан асуудал буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцна, бусад цалинг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

   Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ТАЗ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойших төрд учирсан хохирлыг үндсэн эрхлэгч О.У-ээс гаргуулж авах эрх нь нээлттэй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/ШШ2024/00511 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

    2. Нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ нь хариуцагч А.М-д холбогдуулан, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,248,005 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа  хууль бус шийдвэр гаргаж, уг шийдвэрийн улмаас төрд 5,715,120 төгрөгийн хохирол учруулсан” гэж тайлбарлажээ.

    3. Хариуцагч А.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ: “..миний бие Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уг ажлаа соёлын төвийн үндсэн дарга О.У-т хүлээлгэн өгсөн. О.У дарга миний гаргасан тушаалыг хүчингүй болгож Л.Н-ыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, хохирлын мөнгөн дүнг нэмэгдүүлэхгүй байх боломж, эрх мэдэл байсан. Ийм учир мөнгөн дүнг өсгөж, цаг хугацаа алдсан хариуцагч хариуцах нь зүйн хэрэг. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хохирлын мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Энэ хугацаанаас хойших мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.

     4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.М-гаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,179,531 төгрөг гаргуулж, Увс аймгийн Н сумын Соёлын төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,068,474 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

     5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.      

     5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

     Хэргийн баримтаар, А.М нь Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар тус төвийн номын санч Л.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас нь чөлөөлсөн байна.

      Л.Н нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2023/00113 дугаар шийдвэрээр Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Н-ыг тус төвийн НЧ ажилд эгүүлэн тогтоож, мөн шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2023/00252 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 4,761,660 төгрөг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

    Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Б аймгийн Н сумын Соёлын төвөөс нийт 5,448,005 төгрөгийг Л.Н-ад ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож олгосон, Л.Н-ыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон зэрэг үйл баримт тус тус тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

     5.2. Хариуцагч А.М нь Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа номын санч Л.Н-ыг ажлаас халсан нь буруу болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны олговорт төрийн байгууллагаас нийт 5,448,005 төгрөгийг олгосноор төрд хохирол учирсан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг үндэслэн төрийг төлөөлж Монгол Улсын ТАЗ хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд албан тушаалтан бусдад гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-т заасныг хэрэглэх үндэслэл болно.

    5.3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт, хохирлыг албан тушаалтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамааруулаагүй бөгөөд зөвхөн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан тохиолдолд гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байхаар хуульчилсан байна. Тодруулбал, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол  тус хуульд зааснаар учирсан гэм хорыг хариуцахаар байна. Харин гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо гэм буруутай этгээдийн гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг харгалзан үзнэ.

     5.4. Хариуцагч А.М нь өөрийн хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

     Харин хариуцагч нь өөрийн хариуцан арилгах гэм хорын хохирлын хэмжээний талаар маргаж, “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны хохирлыг хариуцан төлөхийг зөвшөөрч байна. Энэ хугацаанаас хойших хугацааны нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

       Анхан шатны шүүх шийдвэртээ, хариуцагч А.М нь Б аймгийн Н сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэн ажиллаж байхдаа, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар  номын санчаар ажиллаж байсан Л.Н-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан  шийдвэр гаргасан ба 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус соёлын төвийн даргын хувьд хэрэгжүүлэх эрх, үүрэг дуусгавар болсон байх тул дээрх хугацааны гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлтэй гэх дүгнэлт хийж, А.М-гаас 1,179,531 төгрөг гаргуулж, Б аймгийн Н сумын төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,068,474 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

      Учир нь, хариуцагч А.М нь ажилтан Л.Н-ыг ажлаас үндэслэлгүй халсан гэм буруутай үйлдлийн улмаас төрийн байгууллагаас уг ажилтанд ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлснөөр төрд хохирол учирсан, өөрөөр хэлбэл, хариуцагчийн буруутай үйлдэл нь төрд хохирол учрах нөхцөл болсон байх боловч уг гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн шууд санаатай, буруутай үйлдэл нөлөөлөөгүй гэж үзэх зарим нөхцөл байдал тогтоогдож байна.  

     Тодруулбал, хариуцагч А.М нь Б аймгийн Н сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар тус  сумын төвийн соёлын төвийн дарга О.У-ийг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа дээрх хууль бус шийдвэрийг гаргасан ба тэрээр Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар тухайн албан үүргээс чөлөөлөгдсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон.

      Хариуцагчийн түр орлон гүйцэтгэж байсан Н сумын Соёлын төвийн даргын албан үүрэг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байх тул тэрээр өмнө гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх, улмаар Л.Н-ын нэхэмжлэлийн дагуу шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох /нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэргээр хохирлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх/ боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Хэдийгээр хариуцагч А.М-гийн гаргасан шийдвэр хуульд нийцээгүй боловч уг шийдвэрийн улмаас учрах хохирлын хэмжээ нэмэгдэхэд түүний буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлөөгүй байх тул тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Л.Н-ыг ажилд нь эгүүлэн томилсон 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлгүй, энэ хугацаанд учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

   6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

     7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.   

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

    1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/ШШ2024/00511 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                      ДАРГАЛАГЧ,

                                                     ШҮҮГЧ                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                     ШҮҮГЧ                                                     Ж.ОТГОНХИШИГ  

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН