| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2024/00419/и |
| Дугаар | 224/МА2025/00003 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 224/МА2025/00003
2025 01 15 224/МА2025/00003
Ш.Н-ын нэхэмжлэлтэй,
УААХ-д холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэртэй,
Ш.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч УААХ-д холбогдох, УААХ-ны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,420,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Я.Ч, түүний өмгөөлөгч Б.Л нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагч Я.Ч, түүний өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлийн шаардлага: УААХ-ны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,420,607 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би 40 гаруй жил нягтлан бодогчоор ажилласан ба УААХ-д нягтлан бодогчоор 2017 оноос одоо хүртэл ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа санхүүгийн сахилга батыг зөрчиж, тайлан баланс таслах, хугацаа хожимдуулах, буруу ташаа мэдээлэх, байгууллагын орлого болох төсвийн дэмжлэг болон аймгийн ХХҮГазартай байгуулсан гэрээний заалтыг зөрчиж, зориулалтын бус зүйлд зарцуулсан тохиолдол гарч байгаагүй болно. Манай байгууллагын хувьд үндсэн ажилтнууд хөдөлмөрийн гэрээг байгууллагын даргатай 2019 оноос хугацаагүй гэсэн заалтаар байгуулсан байдаг. Нягтлан бодогч, зохион байгуулагч нар үндсэн ажилтан тул хугацаагүй байгуулсан. Миний хувьд дарга Ё.Б-гийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар өдрийн үйлчилгээний тогоочоор, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс даргын үүрэг гүйцэтгэгч В.Т-ийн тушаалаар зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Урьд жилүүдэд ХХҮГазартай гэрээ хийж, өдрийн үйлчилгээ явагдах үед мөн тогоочоор давхар ажиллаж, 2018 оноос хойш 2-3 давхар ажлыг гүйцэтгэж ажилладаг байсан.
Би тухайн байгууллагын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот тушаалаар энэ байгууллагад аймгийн төрийн сан, Засаг даргын тамгын газраас зөвшөөрсний үндсэн дээр нягтлан бодогчоор ажилласан. Манай байгууллагын хөрөнгө, эд хогшил бүр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд балансаар тусгагдсан байдаг.
2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн АХ-ныXI бага хурал хуралдаж, 108 төлөөлөгч оролцож хуралдсан боловч, тэргүүлэгчдийн хэмжээнд маргааш нь хуралдаж 9 тэргүүлэгчдээс 5 тэргүүлэгчийн саналаар Я-ийн Ч гэх хүнийг аймгийн АХ-ныдаргаар сонгож ажиллуулсан. Энэ хүн манай байгууллагад ажилласнаар эерэг давуу талууд гарсан боловч харьцаа хандлага нь хамтран ажиллахад амаргүй байсан ч би шинэ хүнийг дэмжиж, 6 сар хамтран ажилласан. Энэ оны 1-3 дугаар сарын хугацаанд Монголын Ахмадын холбоонд явуулах мэдээ тайлангуудыг бүрэн гүйцэд 19 сум болон 12 багийн зөвлөлөөр гаргуулан хүргүүлсэн ба санхүүгийн тайлан болон нийгмийн даатгал, татварын тайлангууд программ шинэчлэгдсэнтэй холбогдуулан шинээр гаргаж, тус тусын байгууллагуудад нь цахимаар хугацаанд нь илгээсэн болно.
Аймгийн Засаг даргатай өнгөрсөн 2023 оны 10 дугаар сараас гэрээ хийснээр манай байгууллагын ажил жигдэрч, мөн ХҮЕГазарт өдрийн үйлчилгээ болон ахмад настнуудын гэрийн үйлчилгээний эрхийн бичиг баримтыг нь би өөрийн биеэр шаардлагын хэмжээнд бүрдүүлж явуулснаар энэ байгууллага тус бүрд нь 2 жилийн хугацааны эрх авсан байгаа. Харин энэ оны орон тоо, даргын цалин зэргийг тэргүүлэгчдийн хурлаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэн батлуулсан боловч нягтлан бодогчийг гэрээгээр ажиллуулна гэж Я.Ч дарга өөрөө санаачлан ярьсан ба надад албан ёсны шийдвэр гардуулж өгөөгүй, надтай 2024 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр надад мэдэгдэл өгч, 4 дүгээр сарын 02-ны өдрөөс орон тооны бус болгож, ажлаас чөлөөлсөн ба улмаар У сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах З талт хорооны хуралдаанаас ажлаас халах үндэслэлгүй байсан гэж шийдвэр гарснаар дарга өөрөө ажлаас чөлөөлсөн 05 тоот тушаалаа хүчингүй болгож, 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 тоот тушаал гаргасан ба 4 дүгээр сарын 29-ний өдөр надад сахилгын шийтгэл ногдуулж 13 тоот тушаал гаргаж, сануулах арга хэмжээ авсан боловч надад сонсох ажиллагаа явагдаагүй. Хэрэв бичгээр сахилгын шийтгэл ногдуулах бол заавал тайлбар авна гэж хуульд заагдсан байдаг. Мөн намайг 3 дугаар сарын 14-ний өдрөөс ажил тасалсан гэж сахилгын арга хэмжээ авсан байсан. Би З дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр байгууллагын даргын тушаалаар хөрөнгийн тооллого хийх, мөн тухайн сарын цалин хөлс гаргах, нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайлан илгээх зэрэг ажлууд хийж гүйцэтгэсэн ба 3 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд намайг манаач Б.А өрөөнд орж болохгүй, урьд шөнө дарга надаар лац бэлдүүлж, чиний сейфийг лацдуулсан байгаа. Өөрийг чинь байгууллага руу оруулж болохгүй гэсэн гээд гадна хаалга онгойлгож өгөөгүй тул би буцаад явсан.
Мөн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 тоот мэдэгдэлдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож байна гэж мэдэгдсэн. Миний хувьд, тухайн үед даргаас “та яагаад надыг ажиллуулахгүй гэсэн шийдвэр удаа дараа гаргаад байна вэ, та тийм байсан бол ажилдаа оронгуут юм уу, эсвэл оны эхнээс чөлөөлөхгүй яав аа” гэж асуухад чамайг аймгийн Засаг дарга Ч.Ч ажиллуулж болохгүй, танай байгууллагад нягтлан бодогчийн шаардлага байхгүй гэж надад зөвлөсөн гэж хэлсэн. Өөрөө бол надыг та манай байгууллагын тэргүүлэгчдийн нэг, таныг гэрээт нягтлан бодогчоор ажиллуулна гэж хэлж байсан нь тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлд байгаа.
Дарга Я.Ч нь муйхар аргаар хүч түрэмгийлэн намайг янз бүрээр гүтгэж, дарамталж, доромжилж миний ажлын байрыг орон тоогүй болгож, намайг ажилгүй болгож байгаа ба манай байгууллагад ямар ч байсан ня-бо ажиллах шаардлагатай байдаг. Өөрөө саяхан хуралдсан хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдаан дээр нябогоор ажиллах хүн надад олдохгүй байна гэж хэлж байсан. Намайг ажиллуулахгүйгээр, ганцаараа эрх мэдлээ ашиглан 2 сар ажиллачхаад, дараа нь 2 хүнийг нябогоор авч ажиллуулсан боловч тэдгээр хүмүүс нь хамтран ажиллахгүй гээд явчихсан байсан.
Намайг ажлаас халсан тушаалдаа санхүүгийн ажлыг хэнд хэзээ хүлээлгэж өгөх нь тодорхой заагаагүй, ажил хүлээлцэх комисс томилоогүй зэрэг үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна. Надад хэлэхдээ энэ хүмүүст өгөөрэй гэж манаач, зохион байгуулагч нарыг зааж байсан. Би санхүүгийн ажлыг албан ёсоор томилогдсон мэргэжлийн санхүүчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг. Өөрийнх нь харьцаа хандлагаас шалтгаалдаг гэж би үзэж байна. Энэ дарга надад 01 дүгээр сарын сүүлчээр миний машинд өдөр бүр ажилдаа ирж, очих бензиний үнэ гэж сар бүр 50-60 литр бензиний үнэ олгож бай гэдэг шаардлага тавьсан. Би түүнийг зөвшөөрөөгүй, тэр цагаас эхлэн намайг зайлуулах бодлого барьж ажилласан. Орон тоогүй болгочхоод, гэрээгээр ажиллуулна гэж өөрөө хурал дээр хэлсэн байгаа.
Би ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй гэж бодож байна. Урьд нь ажилласан З жилийн хугацааны цалин хөлсөө тухайн байгууллагаас авах, мөн энэ онд ажиллах эрхээ хязгаарлуулсан хугацааны цалин хөлсөө болон нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн шийдвэрлүүлж, үндсэн ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн хүсэлтээ шүүхэд гаргаж байна.
Намайг энэ оны 3 дугаар сараас хойш ажиллуулаагүй, үндэслэлгүйгээр ажлаас 2-3 удаа халах, удирдлагын хувьд янз бүрээр дарамталж, гүтгэх, тэргүүлэгчдийн хурал дээр хэл амаар доромжилж ёс зүйгүй хандсан зэрэг нь зүйд нийцэхгүй байгаад би гомдолтой байгаа ба иргэн намайг эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтад учруулж хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, У сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй, 3-8 дугаар сарыг дуустал ажилгүй байлгасан хугацааны учирсан хохирол цалин хөлсийг олгуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Я.Ч-ын татгалзлын үндэслэл: УААХ нь гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-д зааснаар төрөөс санхүүгийн дэмжлэг авч, үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.
Миний бие нь аймгийн АХ-ны2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Бага хурлаас хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Аймгийн АХ-ны шинээр сонгогдсон тэргүүлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хорооны ажлын албаны бүтцийг дарга, зохион байгуулагч, сахиул, жолооч, үйлчлэгч гэсэн дөрвөн орон тоотойгоор ажиллахаар шийдвэрлэсэн. Дараа нь аймгийн АХ-ны тэргүүлэгчдийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар АХ-ны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, гэрээт ажлын хөлсийг олгох тухай шийдвэрийг гаргаж өгсөн. Энэ үед дарга, зохион байгуулагч, сахиул, жолооч гэсэн 3 орон тоотой ажиллахаар шийдвэрлэсэн. Аймгийн АХ-ны тэргүүлэгчдийн 2023, 2024 оны 2 удаагийн хурлын шийдвэрт нягтлан бодогч гэдэг орон тоог баталж өгөөгүй, орон тооны бусаар ч баталж өгөөгүй. АХ-ны -дарга миний бие тэр шийдвэрийг дагаж мөрдөн ажилладаг.
Иргэн Ш.Н нь намайг сонгогдохоос өмнө 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар аймгийн АХ-д зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байсан. Тэр үед ч нягтлан бодогчоор хавсран ажиллах тушаал шийдвэр байхгүй байсан. Ш.Н нь 2024 оны цагаан сар дууссанаас хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаанаа дандаа янз бүрийн шалтаг хэлж ажлаа тасалж байсан. Ажилд ирэхгүй байснаа гэнэт 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн биеэр орж ирээд зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх үед, дараагийн зохион байгуулагч шинээр томилогдох хүртэл хамтарч ажиллахыг хэлсэн. Гэвч тэр өдрөөс хойш ажилдаа дахин ирэхгүй болохоор нь зохион байгуулагчийн ажлыг нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Л-г зохион байгуулагчаар томилсон. 2024 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагчийн дотоод бичиг баримт хүлээлцэх, байгууллагын өмч хөрөнгийн тооллого хийх болоход Ш.Н-ыг хүчээр шахуу дуудаж ирүүлсэн. Энэ үед өөрийгөө орон тооны бус нягтлан бодогчоор ажиллана гэж шахалт үзүүлсэн. Үүний хариуд нь, миний бие цаашид чамтай хамтарч ажиллаж чадахгүй, боломжгүй гэдэг хариуг өгсөн.
Дараа нь албан бичгээр мэдэгдлээ өгсөн. Иргэн Ш.Н нь ажил хүлээлцсэн акт, өмч хөрөнгийн тооллогын баримт бичиг дээр өнөөдрийг хүртэл гарын үсэг зурахгүйгээр алга болсон хэвээр байгаа. Ш.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 6 сар гаруй хугацаанд хамт ажиллах хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, цаасан дээр тодорхой бичээд өгсөн үүрэг чиглэлийг ч огт хэрэгжүүлдэггүй, албаны бичиг баримтыг дур мэдэн устгаж шатаасан, удаа дараа ажлаа тасалж, ажилдаа ирдэггүй байсан.
2023 оны 12 дугаар сард, 2024 оны 1, 2 дугаар сард ажлын байрнаас их хэмжээний, олон тооны бичиг цаас гаргаж удаа дараа шатааж байсныг сахиул, жолооч Б.А анзаарч хараад, надад танилцуулж байсан.
Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудит алба нь хяналт шалгалтаа 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусгаад, мөн өдөр манай байгууллагад албан бичгээр хариуг ирүүлсэн. Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудит албанаас байгууллагын 2021-2023 оны санхүүгийн баримт бичиг авах гээд очиход Ш.Н-д өгсөн гэдэг. Түүнийг байгууллагын 2021-2023 оны санхүүгийн баримт бичгээ авчирч өгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ав гэж хэд хэд хэлүүлсэн. Гэрт нь аваачиж өгөх гэхээр би гэртээ байхгүй байна, айлын жимс ногоо хурааж байна, та нар намайг хэзээ ч олохгүй гэж удаа дараа даапаалж доромжилж, зугтааж ажилд саад болж байсан. Дараа нь миний бие өөрийнхөө автомашинаар зохион байгуулагч Д.Л, сахиул, жолооч Б.А нарыг гэрийнх нь гадаа буулгаж байж, бичиг баримтыг хүргэж өгсөн. Мөн байгууллагын 2021-2023 оны санхүүгийн баримт бичиг авахаар удаа дараа шаардахад аймгийн Засаг даргын Тамгын газрын архивд хадгалуулсан гэдэг. Аймгийн засаг даргын Тамгын газрын архивын эрхлэгчээс асууж лавлахад, албан бичгээр манайд хадгалуулаагүй гэсэн хариу өгсөн. Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс лавлахад бас л албан бичгээр манайд хадгалуулаагүй гэсэн хариуг өгсөн. Иймд Ш.Н нь байгууллагын албаны санхүүгийн баримт бичгийг зөвшөөрөлгүй гадагш гаргасан, хувьдаа ашигласан байж болзошгүй үйлдлийг одоо хүртэл хийж байна.
Ш.Н-ын удаа дараа гаргасан дээрх зөрчил дутагдлын улмаас цаашид хамтран ажиллах боломжгүй тул 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай 05 тоот тушаал гаргаж хүргүүлсэн.
У сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар дээрх тушаалын үндэслэл хэсэгт хуулийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна гэж зөвлөснийг хүлээн аваад, зарим бусад хуульчдын хэлж зөвлөгөө өгсний дагуу урьд гаргасан 05 тоот тушаалаа хүчингүй болгосон. Дээрх тушаалаа хүчингүй болгоод дараа нь иргэн Ш.Н-д урьд гаргасан зөрчил дутагдалд нь сахилгын арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Хуулийг зөв хэрэгжүүлэхийн тулд хуулийн зүйл заалтыг нэлээд уншиж судалсны үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 тоот албан бичгээр мэдэгдлээ дахин хүргүүлсэн. Мэдэгдлийн хуулийн хугацаа дууссаны дараа 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ажлаас чөлөөлөх тухай 18 тоот тушаал гаргасан. Тушаал гаргасан өдрийн өглөө өөрт нь мэдэгдээд, хүргүүлэх гэхэд “та нар намайг олж чадахгүй, хохь чинь тэр” гэсэн хариу өгсөн.
2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ш.Н цалин хөлс нэхэмжилж нэхэмжлэл гаргаж өгснөөс хойш байгууллагын үйл ажиллагаанд оролцох идэвх нь багасаж, аль болох ажилдаа ирэхгүй байх, ажлаа таслах, ажилдаа хандах хандлага нь суларч, санхүүгийн үйл ажиллагаа, ажил арга хэмжээг хойш татах, удаашруулах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, цаг хугацааны хувьд 2-3 хоногоор хойшлуулж шахалт дарамт үзүүлэх болсон.
Миний бие 2023 оны 10 дугаар сард аймгийн Засаг дарга Ч.Ч-тэй уулзаж АХ-ны даргаар сонгогдсон тухайгаа танилцуулсан. Засаг даргын зүгээс надад хандаж, 2023 оны сүүлийн улирлын ажлын төлөвлөгөөгөө боловсруулж танилцуул, хамтарч ажиллах гэрээний төсөл боловсруулаад Нийгмийн бодлогын хэлтсийнхэнд танилцуулж, дамжуулж оруулж ирэх үүрэг чиглэл өгсөн.
Мөн Аймгийн АХ-ны бүтэц, орон тоог асууж танилцаад, зохион байгуулагч, сувилагч, үйлчлэгч, нягтлан бодогч, сахиул, жолооч гэсэн олон орон тоо байх ямар шаардлага байна. Бүгдийг нь үйл ажиллагаа явуулах тухай бүрт нь гэрээгээр ажиллуулах арга хэмжээ ав. Гаднаа камер тавь, сахиул, жолоочийн хэрэг юу байна. Бид хүн цалинжуулахгүй. Үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа гэдэг үг хэлсэн. Ингээд би энэ тухай асуудлыг аймгийн АХ-ны тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. Тус аймгийн АХ-ны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн, мөн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрээр АХ-ны бүтэц, орон тоон дээр сувилагч, үйлчлэгч, нягтлан бодогч гэсэн орон тоог хасаад бусад орон тоог баталж, гэрээт ажлын хөлсийг тогтоож шийдвэр гаргаж өгсөн.
Аймгийн АХ-ны дарга миний бие нь иргэн Ш.Н-тай зохион байгуулагчийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн хүн гэдэг үүднээс бид өөр хоорондоо ойлголцон тогтмол биш ганц нэг санхүүгийн гүйлгээ хийх зэрэг ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Албан ёсны бүтэц, орон тоо байхгүй, баталж өгөөгүй тул албан ёсны хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй тул 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоо хүртэлх цалин хөлс олгох боломжгүй. Манай байгууллагад цалин хөлс гэх ойлголт ч байхгүй, бид хөдөлмөрийн гэрээ хийж, гэрээт ажлын хөлс гэж олгодог.
АХ-ны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2 удаагийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрт нягтлан бодогч гэсэн орон тоо байхгүй, батлагдаагүй бүтэц, орон тооны асуудлаар маргаан үүсгэж нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн шаардлага хангахгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийн талаар маргаан үүсгэх хугацааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон /өөрөө мэдэж байсан/ тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш.Н-ыг УААХ-ны нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахыг хариуцагч УААХ-д даалгаж,
- Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,648,486 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,772,121 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УААХ-д даалгаж,
- Ш.Н-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч УААХ-ноос улсын тэмдэгтийн хураамж 73,326 (далан гурван мянга гурван зуун хорин зургаа) төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Я.Ч, түүний өмгөөлөгч Б.Л нар давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ш.Н-ыг УААХ-ны нягтлан бодогчоор томилсон гэх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тушаал нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд үндсэн баримт биш хувилсан баримтыг нотариатаар баталгаажуулж анхан шатны шүүхэд өгснийг шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс АХ-ны дарга нь байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр Ш.Н-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлсэн гэх асуудал нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн. Гэтэл АХ-ны дарга Я.Ч нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай мэдэгдлийг Ш.Н-д өгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан байгаа.
УААХ-ны тэргүүлэгчийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай ажлын албаны бүтэц орон тоо, гэрээт ажлын хөлс тогтоох тухай тогтоол байгаа. Аймгийн АХ-ны тэргүүлэгчдийн 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай аймгийн АХ-ны бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж гэрээт ажлын хөлс олгох тухай тогтоолууд гарсан. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-ын өртэй байсан бол тэргүүлэгчдийн саналаар тухайн байгууллагын санхүүжилт хүрэлцэхгүйтэй холбоотойгоор орон тооны бүтцэд өөрчлөлт оруулж сувилагч нягтлан бодогч, үйлчлэгч гэсэн 3 орон тоог хасаж шийдвэрлэсэн. Ш.Н нь энэхүү шийдвэрийн дагуу байгууллагын даргатайгаа зохицож ажиллаж байсан. Ш.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4 дугаар тогтоол, 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай тогтоолуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа. Тэргүүлэгчдийн тогтоолыг дарга боловсруулж тэргүүлэгч гарын үсэг зурж баталгаажуулдаг. Харин хурлын тэмдэглэлийг зохион байгуулагч Ш.Н хөтөлж, тогтоолд аймгийн АХ-ны даргын гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой хүн байтал хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байдаг.
Анхан шатны шүүхийн хувьд Ш.Н-аас гаргаж өгсөн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад хангасан гэж үзэж шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Ш.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4 дугаартай тогтоол, 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай тогтоолуудыг гарсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон эсвэл өөр ажилд сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, мөн уг хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар “энэ хуулийн 2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор шийдвэрлүүлнэ” гэж заасныг баримтлан шүүхэд маргаан үүсгэх боломжтой байсан. Дээрх хуулийн хугацаа дууссаны дараа шүүхэд хандсан учир үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 483 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Тушаалыг өөр иргэний хэргийн анхан шатны шүүхийн материалаас авч хуулбарлаж нотариатаар баталгаажуулсан гэх тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэж байгаа явцад тухайн баримтыг хуулбар үнэн гэж тэмдэг дараад өгч болох байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтыг хуулбарлаж аваад нотариатаар баталгаажуулсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримт өгсний үндсэн дээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй юм. Уг нотлох баримтуудыг үндэслэлтэй эсэхэд үзлэг хийлгэж нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шалгах шаардлагатай.
Ш.Н нь дээрх маргаан бүхий тогтоолууд гарч байх үед хурлын тэмдэглэл хөтөлж зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд нягтлан бодогчийн орон тооны болон орон тооны бус нөхцлөөр цалин авч ажиллаж байгаагүй. Ш.Н нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулагчийн орон тоонд зохион байгуулагчаар ажиллаж байсан гэж цалин олгогдож ажиллаж байсан. Ш.Н-ын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь аймгийн АХ-ны архивд байдаггүй. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хаанаас ямар баримт нотариатаар баталгаажуулж гаргаж өгсөн нь тодорхойгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Хариуцагч Я.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдсан 50 гаруй хуудас материал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. О нотариат нь ямар эрхтэй байгаа болоод эх хувь байхгүй баримтад баталгаажуулалт хийснийг мэдэхгүй байна. Нотариатч Т, П гэх нотариатчид заавал эх хувь баримтын харж албан ёсны тамга тэмдэгтэй баримтад үндэслэн баталгаажуулалт хийдэг байсан бөгөөд хуулбар хувь авдаггүй байсан. Оюун нотариат нь манай АХ-ны 2023 оны хурал дээр шүүмжлэл хэлж аймгийн АХ-д ашиг сонирхлыг зөрчилтэй байдаг учир энэ хүнд ингэж үйлчилсэн гэж үзэж байна. Ш.Н-аас гаргаж өгсөн нотлох баримтуудад нотариат хийсэн боловч шаардлага хангахгүй байна, мөн зарим баримтуудад санхүүгийн болон тушаал шийдвэрийн баримт байхгүй.
АХ-ны 2017 оноос хойших удирдлагын бичиг баримтыг би ажил авсан өдрөөс хойш Ш.Н-аас асууж лавлаж гуйсан боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй. Сүүлдээ хардах үндэслэл бий болсон. Тэр нь юу байсан бэ гэхээр манай байгууллагын харуул надад хандаж “зохион байгуулагч Ш.Н нь олон цаас бичиг баримт устгаж шатааж байна, юу шатааж байгааг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Удирдлагын бичиг баримтууд шатсан байж магадгүй гэсэн хардлага төрж байгаа. Түүнийг шүүх хуралдаанд санхүүгийн баримтууд байсан гэж ярьсан бөгөөд санхүүгийн баримтуудыг шатаахгүй л байх. Бид гурвуулаа байсан учир би хурлын тэргүүлэгчээр өөрөө сууж Ш.Н тэмдэглэл хөтлөхөөс өөр арга байгаагүй. Байгууллагын дотоод журамд зааснаар хурлын тэмдэглэлтэй дарга нь танилцаж гарын үсэг зурснаар баталгааждаг. Гэтэл хурлын тэмдэглэл нь бичиг хэргийн стандарт хангахгүй байна, найруулга үг үсгийн стандарт хангахгүй байна гэж буцааж байхад өөрөө гарын үсэг зураад шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа юм. Ингэж болдог эсэхийг шүүх хянаж, анхаарал хандуулж өгнө үү. Орон тооны асуудал нь санхүүжилттэй холбоотой бөгөөд намайг аймгийн АХ-ны даргын ажлыг авах үед Ш.Н нь нягтлан, зохион байгуулагчийн ажлыг хавсраад хийж байсан. Харин зохион байгуулагчаар цалингаа авч байсан. Нийгмийн даатгалын өр, ХАОАТ-ын өр гээд 4,000,000-5,000,000 төгрөгийн өртэй байгууллага байсан. Би орон тооны асуудлыг тэргүүлэгчидтэйгээ уулзаж, ярилцаж, энэ асуудлыг ингэж зохицуулахаар болсон.
Хамтын шийдвэр гаргасан. Энэ нь байгууллагын дотоод журам, дүрэмд байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаар тогтоол, 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолууд гарч байх үед Ш.Н өөрийн хөндөгдөж байгаа асуудлаар шүүхэд хандах боломжтой байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 2.2-д заасны дагуу хуулийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
8. Нэхэмжлэгч Ш.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оноос хойш энэ байгууллагад ажилласан. 2013 оны 10 дугаар сараас Я.Ч даргатай хамт ажиллаж эхэлсэн. 2021-2023 онд манай байгууллага санхүүжилтгүйн улмаас цалин мөнгөгүй ажиллаж байсан учир цалин мөнгө аваагүй. Я.Ч ажил хүлээн аваад аймгийн Засаг даргатай гэрээ хийж санхүүжилт олгож эхэлсэн.
2024 оны 1 дүгээр сар хүртэл зохион байгуулагч, нягтлангийн тушаалтай байсан учир энэ ажлаа хийгээд 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Я.Ч даргад хандаж “өмнөх 3 жилийн цалингаа нэхэмжилж авахаар шүүхэд хандах” гэж байгаа талаараа хэлэхэд зөвшөөрсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж, УААХ-ноос13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Тэр цагаас хойш Я.Ч дарга надад хандаж “өмнө нь ажиллаж байсан дарга нарт хандаж нэхэмжлэл гаргаж мөнгөө олж аваарай, би хариуцахгүй” гэж уурласан. Би хариуд нь “би танаас биш байгууллагаас нэхэмжилж байгаа тул та надад уурлах шаардлагагүй” гэж хэлсэн. Би 10 дугаар сард аймгийн АХ-ны тэргүүлэгчээр сонгогдож байсан. Гэхдээ би аймгийн АХ-д нягтлан, зохион байгуулагчийн ажлыг хавсраад хийж байсан учир хурлын тэмдэглэл хөтөлдөг байсан. Тэргүүлэгчид гэдэг нь тухайн байгууллагын эрх баригч дээд байгуулагч юм. Тэргүүлэгчдийн шийдвэр нь хамтын шийдвэр учир өөрөө тэргүүлэгч хүн учраас байдлыг ойлгож тэргүүлэгчийн тогтоол дээр гарын үсэг зураад тэмдэглэл хөтөлсөн нь үнэн. Тухайн үед би тэмдэглэл хөтлөхдөө даргад 1 хувийн өгөөд өөрөө нэг хувийн авч бичиг хэрэгтэй хавсаргаж байсан учир бичиг хэрэгт хавсаргасан хурын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн.
2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр надтай хөдөлмөрийн гэрээ хийж ,нягтлан бодогч зохион байгуулагч гэх албан тушаалд ажиллуулж байсан. 2024 оны 3 дугаар сард Я.Ч дарга “надад хандаж тантай хамтарч ажиллахгүй” гэж хэлээд 2024 оны 4 дүгээр сард 18 дугаар тушаалыг өгсөн. Тэгэхээр нь би даргад хандаж “та ийм байсан бол орон тоо цомхотгож байхдаа тушаал шийдвэрээ өгчихгүй яасан юм” гэж хэлээд аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах комисст хандсан. Би өрх толгойлсон ядарсан хүн байгаа. Өнгөрсөн оноос энэ он дуустал нэг ч төгрөгийн орлогогүй амьдарч байгаа. Өөрөө тэтгэвэртэй ч гэсэн тэтгэврийн зээлтэй амьдарч байгаа. Саяхан хамт амьдардаг байсан эгч минь нас барсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна. 2017 оны 12 дугаар тушаалын эх хувь баримтыг нотариат баталгаажуулаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Тухай баримтын эх хувь нь 13,000,0000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүхийн баримтад байгаа. Тэр хэргээс эх хувийн авч очиж байгаад нотариатаар батлуулсан” гэв.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагч талаас гаргасан гомдол тодорхойгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан 7 үндэслэлээс аль үндэслэлийг баримталж байгаа вэ гэдгийг тайлбарлах болов уу гэж бодож байсан боловч дээрх 7 үндэслэлийн аль нэг үндэслэлийг гаргаж ирж гомдлоо тайлбарлаж чадаагүй. Ш.Н-ыг анх 2017 онд нягтлан бодогчийн ажилд томилсон тушаал нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан байгаа. Уг тушаалын эх хувь баримтыг өөр хэрэгт өгсөн байгаа учир эх хувийг үндэслэн уг хуулбарыг нотариатаар батлуулсан гэх нотариатын тэмдэгтэй хуулбар хувь нотлох баримтыг өгсөн.
2017 онд анх нягтлан бодогчийн ажилд томилсон тушаал нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргааны зүйл биш юм. Талууд 2017 оны ажилд томилсон шийдвэртэй маргахгүй байгаа учир энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох боломжгүй юм. АХ-ны тэргүүлэгчийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоол, 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолуудаар Ш.Н-ын эрх ашиг хөндөгдсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар 30 хоногийн хугацааг тухайн цаг хугацаанаас эхлэн тооцож шүүхэд хандах ёстой гэдэг зүйлийг ярьж байна.
30 хоногийн хугацааг хэзээнээс эхлэн тооцох вэ гэхээр нэхэмжлэгчийг ажил ологчийн зүгээс ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэр гарсан үеэс эхлэн тоолохоор заасан байдаг. АХ-ны тэргүүлэгчийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоол, 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолууд нь байгууллагын бүтэц орон тоо баталсан болохоос, Ш.Н-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж дуусгавар болгож байгаа шийдвэр биш юм. Тиймээс энэ үеэс эхлэн нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой гэж үзэж байгаа нь боломжгүй юм. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тус газрын нягтлан бодогч, тогоочийн ажилд томилсон байдаг. Үүний дараа 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр АХ-ны нягтлан бодогч, зохион байгуулагчийн ажилд томилсон шийдвэрүүдийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж авагдсан байгаа.
2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ш.Н-ыг зохион байгуулагчийн ажлаас чөлөөлж байгаа болохоос биш нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлөөгүй юм. 2024 оны 4, 6 дугаар сард нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлсөн шийдвэр гарсан байтлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 тоот тушаалаар дээрх ажлаас чөлөөлсөн шийдвэрүүдийг өөрөө хүчингүй болгосон байдаг.
Нэхэмжлэгч Ш.Н-ыг УААХ-ны нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлсөн эрх зүйн акт гараагүй байгаа юм. Ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад АХ-ны бүтэц орон тоо байхгүй гэдэг байдлаар ярих боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн эрх зүйн акт гараагүй. Ш.Н-ыг ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн баримтууд хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүхээс мэдэгдэл өгөөгүй гэж тайлбарлаж байна гэж хариуцагч тал хэлсэн. Агуулгаа ойлгоогүй юм болов уу гэж харж байна. Тухайн хариуцагч талын хэлээд байгаа мэдэгдлүүд нь Ш.Н-ыг санхүүгийн зөрчил гаргасан, мөн байгууллагын эд хөрөнгөөс завшсан болох нь хяналт шалгалтын актаар тогтоогдсон гэдэг байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д зааснаар мэргэжил ур чадварын хувьд ажлын байранд тэнцэхгүй гэх мэдэгдэл өгч байсан. Тэрнээс биш бүтэц орон тооноос нягтлан бодогчийн ажлын байр харагдсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр мэдэгдэл өгч байсан зүйл байдаггүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэл өгөөгүй гэж үзэж байх тул ажлыг нь хийлгэхгүй байгаа нь үндэслэлгүй байна гэх ажилд эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шүүхийн шийдвэрийг хангаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Я.Ч, түүний өмгөөлөгч Б.Л нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Ш.Н нь УААХ-д холбогдуулан урьд эрхэлж байсан УААХ-ны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.420.607 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч УААХ-ны дарга Я.Ч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “УААХ-ны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хорооны бүтэц, орон тоог өөрчлөн баталсан бөгөөд нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан тул Ш.Н-ыг ажиллуулах боломжгүй” гэж тайлбарлан, маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Н-ыг УААХ-ны нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахыг хариуцагч УААХ-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,648,486 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,772,121 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
6. Нэхэмжлэгч Ш.Н нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр УААХ-д нягтлан бодогчийн ажилд орж, улмаар тогооч, зохион байгуулагч зэрэг ажлыг хавсран гүйцэтгэж байгаад өөрийн хүсэлтээр 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тушаалаар тус хорооны зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагч УААХ-ны дарга Я.Ч нь нэхэмжлэгч Ш.Н-ыг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус хорооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж, уг хуралдаанаас ажил олгогчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай тушаалыг хүчингүй болгохоор талууд тохиролцсон шийдвэр гарч, улмаар хариуцагч нь уг тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай тушаалаар хүчингүй болгосон байна.
Мөн хариуцагч Я.Ч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай тушаалаар дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр тушаалаар уг тушаалаа хүчингүй болгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагч нь дээрх байдлаар нэхэмжлэгч Ш.Н-ыг ажлаас чөлөөлсөн удаа дараагийн тушаалуудаа өөрөө хүчингүй болгосон тушаалууд гаргаж байсан боловч түүнийг урьд эрхэлж байсан УААХ-ны нягтлан бодогчийн ажилд ажиллуулаагүй, цалин хөлс олгоогүй болох нь хэргийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт тогтоогдсон үйл баримтад нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “ажил олгогчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан боловч ажил олгогч уг тушаалаа хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаан дээр “18 дугаартай тушаалыг ажил олгогч хүчингүй болгосон боловч ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж, шаардлагаа тодруулсан байна.
УААХ-ны нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н-ыг ажлаас чөлөөлсөн хүчинтэй тушаал байхгүй, тодруулбал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай тушаал, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай тушаалаа ажил олгогч өөрөө тус тус хүчингүй болгосон атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа нь ажлаас хууль зүйн үндэслэлгүй халсантай адилтгаж үзэх үндэслэл болж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Н-ыг УААХ-ны нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахыг хариуцагч УААХ-д даалгаж шийдвэрлэснийг үндэслэлтэй, зөв гэж дүгнэлээ.
8. Хариуцагч УААХ-ны дарга Я.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: “УААХ-ны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хорооны бүтэц, орон тоог өөрчлөн баталсан бөгөөд нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан тул байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй ажлын байранд ажиллуулах боломжгүй. Мөн Ш.Н нь удаа дараа ажлын цаг тасалж байсан, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй” гэж тайлбарлан мэтгэлцсэн байх боловч тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй байна.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.4-т тус тус нэрлэн заасан байна.
Хариуцагч тал нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан тул нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хуульд заасан үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн хүчин төгөлдөр эрхийн акт байхгүй тул шүүх зөвхөн хариуцагчийн гаргаж буй тайлбарыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж дүгнэх үндэслэлгүй болно.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Н-ын ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч Ш.Н-ыг шүүхийн шийдвэрээр УААХ-ны нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахыг хариуцагч УААХ-д даалгаж шийдвэрлэсэн байх тул тэрээр өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний дундажтай тэнцэх олговрыг гаргуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг нэг сарын дундаж цалин хөлсийг 573,333 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,648,486 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
10. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд: “Ш.Н нь хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тушаал нь хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх Ш.Н-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд мэдэгдэж мэдэгдэл хүргүүлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл Я.Ч нь Ш.Н-д 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай мэдэгдлүүдээр тус тус түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
УААХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолуудаар тус тус “ажлын албаны бүтэц, орон тоо, гэрээт ажлын хөлс” зэргийг тогтоосон ба энэ тогтоолуудаар сувилагч, нягтлан бодогч, үйлчлэгч гэсэн 3 орон тоог хасаж шийдвэрлэсэн. Ш.Н нь тухайн үед тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл өөрөө хөтөлж биеэр оролцож байсан. Нягтлан бодогчийн орон тооны болон орон тооны бус цалин хөлс нэхэж байгаагүй, зөвхөн зохион байгуулагчийн орон тоон дээр цалинжиж ажиллаж байсан. Тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг дарга боловсруулж, тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад шүүхэд нотлох баримтаар өгсөн нь хуулийн шаардлага хангахгүй байна” гэх агуулга бүхий гомдол, тайлбарыг гаргасан ба уг гомдол тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
10.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасан нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т: “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан ба хэрэгт авагдсан, УААХ-ны даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 134-135-р тал/ нь нотариатчаар гэрчлэгдсэн байх тул дээрх хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэв.
10.2. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж нь зорилгодоо нийцүүлэн, төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр цуцалсан шийдвэр гаргах эрхтэй боловч нэхэмжлэгчийг бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр Ш.Н-ыг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн хүчинтэй шийдвэр хэрэгт байхгүй, хариуцагч нь өмнө гаргасан шийдвэрүүдээ өөрөө хүчингүй болгосноор уг эрхийн актууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсон байх тул уг тушаалууд хуульд нийцсэн эсэх, ажлаас чөлөөлөх талаар ажилтанд мэдэгдсэн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй болно. Харин ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлсөн шийдвэрүүдээ хүчингүй болгосон боловч ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа нь ажлаас хууль бусаар халсантай адил үр дагавар үүсгэсэн байх тул нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахыг хариуцагч УААХ-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.Ч, түүний өмгөөлөгч Б.Л нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
13. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,326 (далан гурван мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч УААХ-ны дарга Я.Ч түүний өмгөөлөгч Б.Л нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,326 (далан гурван мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
.