| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0144/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 141
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Эт холбогдох эрүүгийн 1914002900200 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 303-13 тоотод оршин суудаг, У.Э
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч У.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-19-37 тоотод 2019 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Уийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч У.Эын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эхнэр гэртээ ирэхгүй утас нь холбогдох байж байгаад шөнө 03 цагийн үед ирэхээр нь худлаа яриад бид 2 уурлаад хэрүүл маргаан хийж би утас авч шидэж хагалсан. Тэгтэл манай эхнэр намайг элдвээр хэлж доромжилж намайг самардах гэж дайрахаар нь эрүүнээс нь шахаж түлхээд орилох гэхээр нь амыг нь дарсан. Тэгж байгаад унтаад өглөө сэртэл эхнэр алга байхаар нь залгатал эмнэлэг дээр байна гэхээр нь эмнэлэг дээр ирэхэд цагдаа ирж намайг авч явсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 43-48 /
Хохирогч Б.Уийн мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор сумын 1 дүгээр баг 19-37 тоотод байх гэртээ У.Э бид хоёр орсон. Тэр үед Э намайг хэл амаар доромжлоод миний эрүүнээс барьж аваад ална гэж амьсгал боож ам дарсан тухайн үед миний дотор bуухайрч бөөлжих гэсэн боловч намайг бөөлжүүлэхгүй гар дээр бөөлжүүлсэн шөнийн турш ална гэж хэлээд сүрдүүлсэн. Тэгээд миний хувцсыг тайлж өмсүүлэхгүй намайг хэнтэй унтсан чи гэж хэлээд хардаж зовоосон тэгж байгаад 05 цагийн үед унтсан байх тэгж уурлах үедээ миний утас болон өөрийнхөө утсыг эвдэж хэмхэлсэн. Өглөө нь 08 цагийн орчим гэрээсээ гарч шууд цагдаа ирж гомдол гаргасан ... Намайг цохиж зодоогүй боловч У.Э зовоон тарчлаасан гэж болно миний хацарнаас шахсан мөн ам дарж амьсгал боож би ухаан алдах гэж байхад зүгээр болоод байсан гараараа эсэргүүцэл үзүүлэх гэхэд миний гарыг болиулж гар хана болон тавилганд цохигдоод намайг эрүүнээс шахаж хойш буйдан дээр унагаасан ... Намайг хардаад байдаг. Намайг ажил төрөл хийгээд гадуур явахад гэртээ оройтож ирэх болгонд байнга харддаг. Хардаж хэл амаар доромжилдог янхан гэж дууддаг.... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29, 50-51 /
Гэрч Я.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн
... У.Э бид хоёр хоёулаа гэртээ байхад миний хоолой багалзуурыг шахсан багтарч ухаан алдах шахсан. Бид хоёр хоёулаа муудалцсан гэж хэлсэн. Охин Б.Уийн зүүн талын хацар халцарч хоёр хацар нь улайж хавдсан байдалтай байсан. Тэр хоёр хүн харахад зүгээр юм шиг харагдаж байсан хэрнээ хоорондоо таарамж муутай байх шиг байсан У.Э нь эхнэрээ хардаж их уурладаг байсан гэж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /
Гэрч Г.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн
... манай найз Б.Уийн төрсөн өдөр болоод бид хэдэн найзууд кароакед ороод Б.Уийн найзынд очиж тоглоом тоглож байгаад гэртээ хүргүүлж харьсан. Манай найз Б.У надтай хамт байж байгаад гэртээ харих гэж явсан. Тэр өдөр кароакед орохдоо нэг дарс уусан тэрнээс хойш юу хэрэглэсэн талаараа санахгүй байна. Тэр дарсаа бүтнээр нь уугаагүй авч гараад найзындаа очиж би ганцаараа уусан. Б.У гэртээ харих гэж надаас салаад явсан харанхуй шөнө байсан. Одоо яг хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна. Маргааш өглөө нь зодуулсныг мэдсэн. Би тэр өдөр талбай дээр Б.Утэй таарахад царай төрх нь уйлчихсан эрүүний хэсэгт хөхөрчихсөн байсан. Манай нөхөр У.Э зодсон гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой гэртээ харих гэж явахдаа зүгээр явсан, оройтчихлоо гэж хэлээд нөхрөөсөө айж байгаагаа хэлж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар шинжээчийн
1. Б.Уийн биед тархи доргилт, завьжны язрал, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, шууд зулгаралт, бугалга, хүзүүнд цус хуралт, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 39-40/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 52-56/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 83 /, шүүгдэгч У.Эын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны 28 тоот тодорхойлолт /хх-ийн 71/, депозит дансны хуулгууд /хх-ийн 61-65/, иргэний үнэмэлхний лавлагаа /хх-ийн 68/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 69/, шүүгдэгч У.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, хохирогч Б.Уийн хүсэлт /хх-ийн 77/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч У.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-19-37 тоотод 2019 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Уийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч У.Эын ... намайг элдвээр хэлж доромжилж намайг самардах гэж дайрахаар нь эрүүнээс нь шахаж түлхээд орилох гэхээр нь амыг нь дарсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 43-48 /
хохирогч Б.Уийн … Э намайг хэл амаар доромжлоод миний эрүүнээс барьж аваад ална гэж амьсгал боож ам дарсан.Тухайн үед миний дотор муухайрч бөөлжих гэсэн боловч намайг бөөлжүүлэхгүй гар дээр бөөлжүүлсэн шөнийн турш ална гэж хэлээд сүрдүүлсэн тэгээд миний хувцсыг тайлж өмсүүлэхгүй намайг хэнтэй унтсан чи гэж хэлээд хардаж зовоосон ,...гараараа эсэргүүцэл үзүүлэх гэхэд миний гарыг болиулж гарыг хана болон тавилганд цохигдоод байсан, эрүүнээс шахаж хойш буйдан дээр унагаасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29, 50-51 /
гэрч Я.Нгийн ... У.Э бид хоёр хоёулаа гэртээ байхад миний хоолой багалзуурыг шахсан гэж хэлсэн, ...охин Б.Уийн зүүн талын хацар халцарч хоёр хацар нь улайж хавдсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /
гэрч Г.Мгийн ... Би талбай дээр Б.Утэй таарахад царай төрх нь уйлчихсан эрүүний хэсэгт хөхөрчихсөн байсан, манай нөхөр У.Э зодсон гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаартай шинжээчийн ... Б.Уийн биед тархи доргилт, завьжны язрал, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, шууд зулгаралт, бугалга, хүзүүнд цус хуралт, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо,..гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч У.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч У.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.У нь У.Эын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч У.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч У.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч У.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийх ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.У ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 27-29, 77/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У.Эыг 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч У.Эын эзэмшлийн “... iphone маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу У.Эт буцаан олгож , шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч У.Эыг хоёр зуун тавин / 250 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Э нь хоёр зуун тавин / 250 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Эт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч У.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.Эын эзэмшлийн “... Iphone маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч У.Эт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Эт хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.