Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 149

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Шд холбогдох эрүүгийн 1914000990197 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, Баянхонгор аймгийн Баянхонгор оршин суудаг, С.Ш

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт засмал замын орчимд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 21 цагийн үед Д.Бхутгалж эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч С.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр архи уугаад гэртээ очоод ээж, дүү хоёртойгоо маргалдаж байгаад үхлээ гээд жижиг хутга авч гэрээсээ гарч явж байгаад нэг танихгүй хүн таарахаар нь тамхи байна уу гэж асуугаад байхгүй гэхэд нь яасан новш бэ гэхэд тэр ах намайг дэгээдэж унагаахаар нь би хутга гаргасан. Тэгээд зугтаатал тэр ах намайг барьж аваад цагдаа дуудаж өгсөн.. Би тэр ахтай ноцолдож байх үедээ хутгаар өөрийнхөө гэдсийг 2-3 удаа зүссэн. Тэгээд миний гэдсэнд шарх үүссэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 47-51 /      

Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн

… 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 21 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 5, 6 дугаар багийн нутагт байх засмал зам өгсөөд засмал дуусаад явж байхад нэг хүн гудамжнаас гарч ирээд надаас тамхи байна уу гэж асуухад нь би тамхи байхгүй гэж хэлээд цаашаа явж байхад араас хөөе уулзаадах уу гэж хэлээд дуудаад тамхи байна уу гэж хэлсэн би байхгүй гэж чамд тодорхой хэлсэн гээд цааш явах гэхэд тэр залуу баруун гараа куртикны халаасандаа хийж асаагуураа гаргах гэж байгаа юм гэж хэлсэн би тэр үед жоохон зай бариад зогссон тэр үед хутга гаргаж ирсэн. Тэр нь машины гэрэлд харагдсан тийм ч жижиг хутга байгаагүй тэр залуу тэр хутгаа шууд над руу далайж чиглүүлсэн би гараараа хаасан миний баруун гарыг зүссэн. Би тэр үед хоёр давхар ажлын бээлий өмсөж явж байсан тэр бээлийг нэвт хатгасан байсан. Тэр залуу гудамж руу зугтаасан би араас нь хөөгөөд надад гүйцэгдэхгүй байхаар нь би хөөж хажуу талд нь очих үед хөлийг нь дэгээдэхэд тэр залуу газар унасан. Би дээрээс нь дарсан зүүн гарыг нь дарсан тэр залуугийн баруун гарт нь хутга байсан би хоёулаа явъя гэж хэлээд босгоод ирэхэд баруун гартаа байсан хутгаараа өөрийгөө гурван удаа тэр хутгаараа дүрсэн тэр үед нь би хутгыг булааж авсан. Би тэр залууг автобусны буудал дээр авчирч цагдаа дуудсан... С.Ш гэх залуу миний баруун гарыг зүсэж гэмтээсэн. Мөн өөрийгөө хутгалж байхыг би харсан тэгээд болиулж хутгыг нь би аваагүй бол өөрийгөө алах байсан байх автобусны буудал дээр ирээд намайг алаад өгөөч гэж хэлээд гуйгаад байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 7-11 /

 Гэрч С.Аы мөрдөн байцаалтад өгсөн

... В.Даарийнд ороход Шг дандаа архи ууж хэрүүл маргаан хийгээд дуугүй унтахгүй юм цагдаа дуудсан чинь хойд энгэрт очиж үхнэ гээд гараад явлаа гээд байж байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /

Гэрч В.Даарийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 сарын 13-ны өдөр гэртээ байж байтал С.Ш гаднаас орж ирээд дүү охинтойгоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь би загнатал үхлээ гээд гараад явсан. Маргааш ах Агваа шөнө С.Шг эмнэлэгт харж хонолоо гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн

1.Д.Бгийн биед баруун гарын алганы ард шарх, зөөлөн эдийн няцрал, урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 43-44/, эд мөрийн баримтыг түр хураан авах тухай тогтоол /хх-ийн 55-57/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 58-62 /, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 90/, шүүүгдэгч С.Шгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 67/ шүүгдэгч С.Шгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлт /хх-ийн 79-80/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 83-84/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч С.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт  засмал замын орчимд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 21 цагийн үед Д.Бхутгалж эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч С.Шгийн ... тэр ах намайг дэгээдэж унагаахаар нь би хутга гаргасан. Тэгээд зугтаатал тэр ах намайг барьж аваад цагдаа дуудаж өгсөн.. Би тэр ахтай ноцолдож байх үедээ хутгаар өөрийнхөө гэдсийг 2-3 удаа зүссэн. Тэгээд миний гэдсэнд шарх үүссэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 47-51 /       

хохирогч Д.Бгийн … би тэр үед жоохон зай бариад зогссон тэр үед хутга гаргаж ирсэн,... жижиг хутга байгаагүй тэр залуу тэр хутгаа шууд над руу далайж чиглүүлсэн би гараараа хаасан тэр үед миний баруун гарыг зүссэн, хоёр давхар ажлын бээлий өмсөж явж байсан тэр бээлийг нэвт хатгасан байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 7-11 /

гэрч С.Аы ... В.Даарийнд ороход Шг дандаа архи ууж хэрүүл маргаан хийгээд хойд энгэрт очиж үхнэ гээд гараад явсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /

гэрч В.Даарийн ... ах Агваа шөнө С.Шг эмнэлэгт харж хонолоо гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаартай ... Д.Бгийн биед баруун гарын алганы ард шарх, зөөлийн эдийн няцрал, урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Шг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Ш нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Бд 200.000 төгрөгийг төлж барагдуулсан , хохирогч Д.Б нь  баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв

Шүүгдэгч С.Ш нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.Б ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 7-9, 83-84/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Шг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... бор иштэй хутга ...-ыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Шгийн эзэмшлийн “...угаалгын машин...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Шд буцаан олгож , шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч С.Ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Шг  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч С.Шд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,  1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... бор иштэй хутга ...-ыг устгуулахаар Шүүхийн тамгын газат шилжүүлэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар шүүгдэгч С.Шгийн эзэмшлийн “...угаалгын машин...”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Шд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Шд хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.